Манай кино сонирхогчдын жил бүр тэсэн ядан хүлээдэг уламжлалт “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ өдрүүдэд нийслэлийн “Тэнгис” кино театрт явагдаж байна. Цар тахлын улмаас олон кино наадмууд хойшилж, театрууд хаалттай байсан энэ жилийн үзэгчдийн цангааг “Улаанбаатар” наадам тайлж байна гэж хэлэхэд болно.
Өчигдөр /2020.10.21/ “Монгол кино” хөтөлбөрийг танилцуулж, тус наадмын тэргүүн дээд шагнал болох “Хангарьд” шагналыг гардуулах ёслол боллоо. Энэ жил шилдэг зохиол, найруулагч, продюсер, уран сайхны кино гэсэн дөрвөн төрлөөр шилдгүүдийг тодрууллаа.
ХII дахь удаагийн “Улаанбаатар” олон Улсын Кино Наадмын Монгол киноны уралдаант хэсэгт найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө”, Б.Отгонзоригийн “Эмэгтэй”, Ж.Сэнгэдоржийн “Гэргий”, Г.Даваазулын “Хэлгүй жим”, О.Бат-Өлзийгийн “Буруу өрөг”, Б.Эрдэнэцэцэгийн “Ээж хадны домог”, Т.Анарын “Сүүн замын сахиул” бүтээлүүд өрсөлдсөн юм. Харин шүүгчээр МУАЖ, УГЗ Г.Жигжидсүрэн, Кино судлаач Б.Түмэн-Өлзий, Утга зохиол судлаач П.Батхуяг, Монголын үндэсний кино хорооны тэргүүн Н.Оргил, Олон улсын кино наадмын хөтөлбөр боловсруулагч Тибу Брак, Канны кин наадмын зохион байгуулах хорооны гишүүн Энн Дэлсет нар ажиллалаа.
Шилдэг кино ЗОХИОЛ
“Гэргий”
Кино зохиолыг бичсэн М.Эрдэнэбат, Л.Нинжжамц, Ц.Гантуяа.
М.Эрдэнэбат: Улаанбаатар наадамдаа, энэ киног хийхэд оролцсон бүх хүмүүст баярласнаа илэрхийлье.
Шилдэг НАЙРУУЛАГЧ
“Хөхөө”
Найруулагч Ж.Жамьянсүрэн.
Ж.Жамьянсүрэн: Юуны өмнө Бурхандаа энэ шагналаа өргөн барья. Дараа нь төрүүлж өсгөсөн аав, ээждээ, зохиолч В.Г.Распутинд, продюсертоо, хамт олон, арын албаныхандаа баяр хүргэе.
Шилдэг ПРОДЮСЕР
“Эмэгтэй”
Продюсер Ч.Ундрал
Ч.Ундрал: Баг хамт олондоо баярлалаа. Хамтран ажилласан продюсерууддаа баярлалаа. Манай кино энэ жил тав дахь шагналаа авч байна. Өмнө нь БНСУ, Лондон, Варшав, Бангладешийн кино наадмаас шагнал авсан. Баярлалаа.
Шилдэг УРАН САЙХНЫ КИНО
“Хөхөө”
Найруулагч Ж.Жамьянсүрэн.
Ж.Жамьянсүрэн нь Гавьяат жүжигчин Л.Жанчивдоржийн хүү юм. Түүний дүү Ж.Сэнгэдорж өнгөрсөн жил "Би нар" хүүхдийн сэдэвт киногоороо “Хангарьд” шагнал хүртэж байлаа. Энэ жилийн наадамд Ж.Сэнгэдорж “Гэргий” киногоороо өрсөлдсөн юм. Ах дүү хоёр гурван жил дараалан энэ наадамд манлайлж байна.
Ж.Жамьянсүрэн тэргүүн киноны шагналаа гардаад “Дүү бид хоёрыг өдий зэрэгтээ хүмүүжүүлж, урлагийн замд хөтлөн оруулсан аав, ээж хоёртоо үнэхээр их баярлалаа. Энэ шагналыг дүү бид хоёрын хэн нь ч авсан ялгаагүй биднийг дээрээс харж, түшиж залж байдаг аавдаа барьсан хамгийн том бэлэг юм. Дүүдээ хайртай. Монголын кино урлагийн шилдгүүдийн нэг дүүтэйгээ энэ тайзан дээр өрсөлдсөндөө баяртай байна. Чи шүү. Киноныхондоо баярлалаа”
Сэтгэгдэл ( 0 )