Төсвийн тухай хуультай хамт мэдүүлсэн ХУУЛИЙН ТӨСЛИЙГ хэлэлцэж эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.22) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй хуралдлаа. 

Хуралдааны эхэнд Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн бол үргэлжлүүлэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

Засгийн газраас  2020 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. 

Тэрбээр танилцуулгадаа, Коронавируст халдварын цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд үргэлжлэн нөлөөлөх шинжтэй байгааг харгалзан  2021 онд буцаад 22 хувь болж  нэмэгдэх байсан НДШ-ийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 01-ийг хүртэл өдрийг хүртэлх хугацаанд 17 хувиар буюу   ажилгүйдлийн даатгал, тэтгэмжийн даатгал болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг нийт дүнгээр нь  3-5 нэгжээр бууруулахаар тооцсонтой холбогдуулах Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа гэж байлаа. 

Түүнчлэн, манай улсын мал сүргийн тоо сүүлийн 30 жилд 45.1 сая толгойгоор нэмэгдэж 70.9 саяд хүрээд байгаа нь хүн амын хүнсний хэрэглээ, малчдын амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй  хэдий ч өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгой нь бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол зэрэг олон асуудлыг үүсгэж байна. Иймд орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломж олгож, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг ирэх оноос олгохоор төлөвлөж байгаатай холбогдуулан Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар малын тоо толгойн татварын орлогыг тухайн сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэд, олон нийтийн саналыг үндэслэн  тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулах боломж бүрдэх болно. Энэхүү хуулийн төсөлтэй уялдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан гэдгийг онцлов.  
 


Мөн Эрүүл мэнд, нийтийн биеийн тамир спорт, соёлын салбарт хэрэгжүүлж байгаа санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл болон орон нутгийн төсвийн эрх мэдлийг  нэмэгдүүлж байгаатай холбогдуулан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор нэмэлт төсвийн зарцуулалтын эрхийг эрүүл мэндийн даатгалын санд олгох,  сумын эрүүл мэндийн төвийг 2021 оноос эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2020 оны 7 дугаар сард орсон өөрчлөлтөөр нийтийн биеийн тамир, спортын хөгжлийн асуудал Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах болсон, орон нутаг дахь соёлын үйлчилгээ орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүрэгт шилжсэн,  түүнчлэн малын тоо толгойн татвар нь сум, дүүргийн татварын орлогын бүрэлдэхүүнд хамрах болсон зэргээс шалтгаалан холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. 

Концессын үр дүнд  төрийн болон  орон нутгийн өмчийн хөрөнгөөр төрийн эсхүл орон нутгийн өмчлөлд ирээдүйд тодорхой эд хөрөнгө бий болох ба энэхүү хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,  ажил, үйлчилгээ худалдан авах  ажиллагаанд хамаарч байна. Иймд үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах зорилгоор концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг төрийн худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх, үүнтэй холбогдуулан  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлаас “концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг хасаж, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудалд  хамруулахаар Засгийн газрын тухай хуулийн тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж танилцуулгад дурдлаа. 

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2020 оны аравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Байнгын хорооны санал, дүгнэлтдээ онцолсон. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдон Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, С.Чинзориг, Т.Доржханд, Х.Болорчулуун, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, Ц.Мөнх-Оргил, Л.Энх-Амгалан, Н.Наранбаатар, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Н.Ганибал, Н.Алтанхуяг, Ч.Ундрам, Ц.Цэрэнпунцаг, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

Засгийн газраас малын тоо толгойн албан татварын хуулийн төсөлд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас татварын хувь хэмжээг тогтоож, бүрдүүлсэн төсвөө  зарцуулах асуудлыг шийдвэрлэх зарчмыг баримталсан. Өөрөөр хэлбэл, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж, малын үүлдэр угсааг сайжруулах, малын эрүүл мэндийн асуудал  зэргээр зарцуулалтыг нь тодорхой заалгүй, сум орон нутгийн онцлогийг харгалзаж, төвлөрлийг сааруулж, иргэд өөрсдөө асуудлаа шийдвэрлэх эрхийг нээж өгөхөд чиглэсэн. Мөн албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өмчилсөн малаа хаана бүртгүүлсэн тэрхүү сум, дүүргийн төсөвтөө татвараа төлнө гэдгийг Сангийн сайд хариултдаа онцолсон.  Мөн Боловсролын зээлийн сангийн  хөрөнгийг хамгийн оновчтой, үр ашигтай ашиглах ёстой. Гадаадын их дээд сургуульд суралцах нэг оюутны төлбөр нэлээдгүй хөрөнгө болдог. Засгийн газрын зүгээс Монголын төр, хувийн хэвшлийн гэлгүй Топ-10 их дээд, сургуулийг дэмжинэ гэсэн бодлогыг баримталж байна. Иймд Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг эдгээр сургуулиудад зарцуулна. Төсвийн нэг төгрөгийг ч  оновчтой зарцуулах ёстой. Чанартай, чанаргүй 100 гаруй  их дээд сургуулиуд олон айлын хөрөнгийг барж байна. Эцэг эхийн цалингийн зээл, мал хөрөнгийг зараад их, дээд сургуульд суралцсан хүүхдүүд чанаргүй боловсрол эзэмшиж, ажлын байрны шаардлага хангахгүй байгаа нь эдийн засгийн хувьд асар их хөрөнгийн буруу зарцуулалт болж байна гэдгийг Сангийн сайд хариултдаа онцлон тэмдэглэсэн. 

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиудыг дагасан хуулийн төслүүдийн талаарх УИХ-ын гишүүдийн асуулт хариултаар чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top