Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Христеаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд тэр дундаа хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл солилцлоо.
Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Траян Христеа: “Юуны өмнө бидний хамтын ажиллагаа Байгаль орчны салбарт үргэлжлэхээр болсонд бид маш их баяртай байна. Европын холбоо Монгол улсын байгаль орчны салбарт хэд хэдэн томоохон үйл ажиллагааг явуулж байна. Тухайлбал, барилгын хог хаягдлыг дахин боловсруулах, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах, гэр хорооллын дулаалгын системийг шийдэх, ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зэрэг олон төрлийн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд хамтын ажиллагааг улам бэхжүүлж, цаашид байгаль орчны салбарт нэн тэргүүний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, засаж сайжруулахад бид хамтран ажиллахад бэлэн байгааг танд дуулгамаар байна. Түүнчлэн сайд таныг Монгол улсын Их хурлын эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар ажиллаж байгаагийн хувьд 11 сарын 10,11-нд бидний зохион байгуулагдах “Хүүхдийн эрхийг хамгаалах” зөвлөгөөнд оролцож дэмжихийг хүсэж байна.” гэлээ.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр нь Байгаль орчны эрх зүй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулж ирсэнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам талархалтай байдгаа хэлмээр байна. Манай улсын хувьд өнөөдрийг хүртэл хог хаягдлын менежментийг цогцоор нь бус тал бүрд жижиг хэсгээр нь салган ярилцаж, шийдэл хайж ирсэн. Үүнээс үүдэн бид өнөөдрийг хүртэл ОУ-ын чанар стандартад нийцсэн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэргүй сууж байна. Хөрсний бохирдлыг үүсгэж байгаа гол хүчин зүйлсийн нэг хог хаягдлыг бууруулах, энэ чиглэлийн менежментийг сайжруулахад та бүхний дэмжлэг, туслалцаа чухал. Бид энэ уулзалтын дараа ойрын хугацаанд байгаль орчны салбарт хамтран ажиллах нарийн төлөвлөгөөг боловсруулахаар дахин уулзана гэж итгэж байна. Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалах зөвлөгөөнд дэмжлэг үзүүлээд зогсохгүй хамтран ажиллахад бэлэн байна. Зохион байгуулалтын ажлыг бид хариуцаж, холбогдох албан тушаалтан, Их хурлын гишүүдийг ч оролцуулахаар зохицуулалтыг хийе.” гэсэн юм.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Сэтгэгдэл ( 0 )