Бэлчих малтай ч бэлчээргүй болох вий! (Цуврал 1)

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 03

Өнгөрөгч сард Төсвийн тухай хуулийг дагалдаж орж ирсэн “Малын тоо толгойн албан татварын тухай хууль”-ийн төсөл Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээд байгаа. Олон удаа УИХ-ын чуулганы босгон дээр бүдэрч байсан энэ хууль эцэслэн шийдэгдэх эсэх нь одоогоор тодорхойгүй л байна. Харин тус хуулийг хэлэлцэх үеэр зарим гишүүд бэлчээрийн хувьчлалын талаар хөндөж байв. Бэлчээр хувьчлах нь аанай л олон жил яригдаж байгаа зүйл. Хөндөх ч ёстой асуудал. Гагцхүү хэрхэн яаж гэдгээ тун нарийвчлалтай тогтоож өгөхгүй бол Монгол Улсын газар нутаг хэдхэн хүний гарт орчих аюул байгааг юуны түрүүн дуулгая. 

Бидэнд гашуун туршлага ч бий. Ерээд он гарсаар эрх мэдэлтэй бүхэн үйлдвэр объект хувьчлан авч, орд газар эзэмшсэн. Үүнээс гадна хөдөө орон нутагт байгалийн аль үзэсгэлэнтэй газар, уулын амыг хашиж, нийслэлд аль ашигтай газар гээд өнгөтэй өөдтэй бүхнийг авсан. Тодотгож хэлбэл баялгийн тэгш бус хуваарилалт явагдсан. Энэ хэрээр бэлчээр хувьчлах тухай асуудал үе үе хөндөгдөх болсны цаана ямар нэгэн бүлэглэлийн ашиг сонирхол нуугдаж байхыг үгүйсгэхгүй.

 

Тун хянуур хандах хэрэгтэйг ч сануулж буй. Бэлчээр хувьчлах санаархал нь эртнээс эхтэй ч чухам ямар зохион байгуулалтаар, ямар журмаар гэдгээ ч тодорхойлж чадалгүй өнөөдөртэй золгожээ.

Бэлчээрийг зөв зохистой ашиглах шаардлага бий гэхдээ зөв зохистой хувьчлахад анхаарах шаардлагатайг мэргэжилтнүүд сануулах болжээ. Учир нь мал сүргийн өсөлт, хариуцлагагүй уул уурхайгаас үүдсэн сүйрэл, хүмүүсийн буруутай ажиллагаа, байгаль экологийн жам ёсны насжилт гээд олон хүчин зүйл үүнд хамаарна. Уламжлалт мал аж ахуйн орны иргэд хэдэн мянган жилээр өвсний соргог, усны цэнгэгийг даган дураараа нүүдэллэж ирсэн учраас хувьчилна гэдэг асуудал хөндлөнгийн санагдаж магадгүй.

Бэлчээр хувьчлан авах сонирхолтой ч төв суурин газарт ажиллаж амьдардаг олон малтнууд ч цөөнгүй байгааг бидэнд дуулгаж байсан. Мал аж ахуй тойрсон, түүнд холбогдох хуулийг сүүлийн олон жил, олон удаа оруулж ирэхдээ бэлчээр хувьчлалын талаар шууд бус утгаараа дагалдуулан дурдах болжээ. Тэгэхээр өнөөдөр биш юм гэхэд хэзээ нэгэн цагт бэлчээр хувьчилж таарна. Гагцхүү бэлчээр хувьчлах нэрийн дор өнөөх л үйлдвэр объект, орд газар авчихсан нөхөд Монгол Улсын газар нутгийг бүхэлд нь авчих юм биш биз гэсэн эмзэглэл төрнө. Хөрсөн дороо баялаг агуулсан бэлчээр, уул ус, ургамал амьтан гээд юу эс мундах билээ. Энэ бүгд рүү өнгөлзсөн бэлчээрийн наймаа галзуурах юм биш биз гэсэн бодол ч төрнө.

Уул уурхай хүрээ хаяагаа тэлсэн энэ үед компаниуд стратегийн болон стратегийн бус орд газарт олборлолт явуулахын тулд малчдаас үеийн үед нутаглаж ирсэн бэлчээрийг нь авсан жишээ цөөнгүй бий. Тэд өвөлжөө хаваржаагаа хэдхэн төгрөгөөр зарсан байдаг. Гэтэл олборлолт явуулж байгаа компани хүрээ хаяагаа тэлээд эхлэхээр бэлчээрээ зарсан айл бүү хэл саахалтаараа бэлчээргүй болсон түүх ч гарсан. Энэ тал дээр бодлоготой хандахгүй бол малчид маань эргээд олигархиудаас бэлчээр түрээслэх цаг ч ирж болох юм.

Өнгөрөгч 2018 онд ҮАБЗ-өөс зөвлөмж гарч иргэдийн гар дээр байгаа 400 гаруй лицензийг төр хураан авахаар болсон. Энэ тухай дуулгахдаа “Үндсэн хуульд улсын өмч гэж заасан учраас хувийн өмчид халдахгүйгээр газар доорх улсын өмчөө л авч байгаа юм” гэх тайлбарыг өгсөн. Энэ 400 гаруй лицензэд олны анхаарлын төвд байдаг Асгат, Цагаан суварга гэх мэт стратегийн ач холбогдол бүхий орд газруудын нэр бий гэдэг. Зөвлөмжийн дагуу 2019 онд Салхитын мөнгөний ордыг төр авчихлаа, өдгөө Цагаан суваргыг авах тухай  ярьж байна. Нийслэлийн хэмжээнд Улсын цирк, “Ард” кино театрын хувьчлалын асуудлыг эргэн харж, улсад буцаан авах тухай ч яригдаж эхэллээ. Эмх замбараагүй олгогдсон үйлдвэр объект, орд газрын асуудал ийнхүү олон жилийн дараа мандахтай давхцаад бэлчээр хувьчлах сонирхол хаанаас ч юм цухалзаж байна. Энэ нь сайн хэрэг ч нэг талдаа аюул. Анхаарах л асуудал. Төрөөс гаргаж байгаа энэхүү шийдвэр нь "төр хувийн хэвшилдээ халдаж байна" гэх шүүмжлэлийг дагуулж байгаа ч нөгөө талаас цөөн хүний гарт хэтэрхий их баялаг, эд хөрөнгө хуримтлагдсан учраас баялгийн дахин хуваарилалт явуулах нь зөв гэж үзэх хэсэг ч бий.

Үүнээс харахад уул уурхайн лиценз авах улам хэцүү болсоор. Авах бүү хэл өөрт байгаагаа улсад алдаж байгаагаас харахад уул уурхайн чиглэлд лиценз эзэмших ч амаргүй болжээ. Зөвхөн Дорноговь аймаг 2019 онд 192 лицензийг хүчингүй болгосон байдаг. Тус аймагт 500 гаруй хайгуулын болон ашигт малтмалын лиценз бий. Болж буй нөхцөл байдлаас харахад уул уурхай, лицензийн наймаа газар авахаа больсон энэ цагт бэлчээр хувьчлах тухай ярьж байгаа нь хардлага дагуулна. Тэгэхээр бэлчээр хувьчлах халхавчаар өнөөх л уул уурхайн асуудал өрнөхгүй гэх газар алга.

Бэлчээр хувьчиллаа гэж бодоход 1000 малтай нь ч 100 малтай нь ч адилхан хэмжээний бэлчээр авч таарна. Өөр аргагүй. Иргэдийг энэ нь их хөрөнгөтэй, энэ нь бага хөрөнгөтэй гэж ялгалгүй 0.7 га газар өмчлүүлж байгаа шиг л өгч таарна. Түүнээс 5000 малтай Доржийн малын тоонд нь тохируулж олон га бэлчээр өгөхгүй байх. Хууль, хувьчлал хамаагүй цор ганцхан зүйл бол байгалийн давагдашгүй хүчин зүйл. Ган, зуд нүүрлэхэд хөр цасан дунд хувьчилж авсан газартаа хэдэн малаа барахгүй нь лавтай. Нөмөр нөөлөг, цасны нимгэн даган нүүдэллэхээс өөр яах билээ. Малчид бүхэн өөрийн гэсэн бэлчээртээ зуднаас дайжиж ирсэн болгонд найр тавихыг хэзээ ч хүсэхгүй. Нэгэнт л Монгол Улс хуулиараа хувьчлаад өгчихсөн, тэр таны өмч учраас тэр.

Нөгөө талд амьдрал, хүний хэрэгцээ хойно бэлчээрээ хэсэгчлэн зарахаас эхлээд наймаа явагдах нь тодорхой. Зүдүүхэн нэг нь хамжлага шахам болчихсон олон мянгатууддаа газраа алдаад дуусна гэсэн үг. Хамгийн том аюул нь төв суурин газарт суух олон мянган малтай нөхөд ахиухан бэлчээр эзэмшихийг бодож байгаа нь ойлгомжтой. Өөрийнх нь үл хөдлөх хөрөнгөөс гадна хөдлөх хөрөнгө болох олон мянган малыг бэлчээргүйгээр агуулах аргагүй. Олон мянган малтай УИХ-ын гишүүн ч бий. Улаанбаатар хотын газрыг наймаалаад дууссан шигээ эх нутгийн бэлчээрийг гол устай нь худалдаад авчихна. Тэр үед амаа баривч хожимдсон байх вий.

Бид сүүлийн 20 гаруй жил уул уурхайн хөлд дарагдаж ус нутгаа алдсан, ухуулсан. Гадна дотны хөрөнгө оруулалтай компаниудын хөлд бэлчээр усаа талхиулж, тэдний өгсөн хэдхэн төгрөгөөр өөрсдийгөө хуурч суугаа баримт ч цөөнгүй.

Тэгэхээр бидэнд хууль эрх зүйн сайн зохицуулалт хэрэгтэй. Бэлчээрийн хууль, бэлчээр ашиглалтыг зохицуулах эрх зүйн орчин байдаггүй нь малчдад тулгамдсан асуудал болоод байна.

Газрын хуульд “Өвөл, хаврын бэлчээрийн асуудлыг малчид сайн дурын үндсэн дээр зохион байгуулалттайгаар ороод гэрээгээр ашиглаж болно” гэсэн ганцхан заалт байдаг аж. Тиймээс ган, зуд болоход нэг аймгаас нөгөө аймгийн нутаг руу нутаглах асуудал хаа сайгүй гарч, тэр хэрээр маргаан дэгдэж, нэгнийхээ аминд хүртэл хүрч байна. Энэ талаас нь харахад бэлчээрийг яах аргагүй эзэнтэй болгох ёстой. Гэтэл гарцаагүй тулгарах аюул бас байна. Тиймээс энэ тал дээр салбарын мэргэжилтэн, судлаачид, хуульчид, малчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж байж сая шийдэх асуудал болжээ. 

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.14) 2020 оны 11 сарын 03

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37

0  |  0
Зочин(64.119.19.44) 2020 оны 11 сарын 03

Монгол малгуй болвол амьдрал угуй хэдхэн газрын баялагтай улсын хараат болно доо одооноос монгол монголын тал нутгаа бодлоготой ухуулах хэрэгтэй

0  |  0
Etf(103.229.121.30) 2020 оны 11 сарын 03

Boltsiin bishuu

0  |  0
Top