Н.Энхтайван: Дипломат албанд ямар нэгэн шахаа хийхгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 02

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ажлаа авснаас хойш ямар ажил хийсэн талаарх тайлангаа танилцууллаа. Хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариултыг өглөө. 


-Сайд нарын жолооч, туслах байсан хүмүүс гадаадад консулын ажилтан болдог. Үүнээс болж дипломат төлөөлөгчийн газар, консул, Элчин сайдын нэр хүнд унаж байгаа гэдэг асуудал хөндөгдсөөр ирсэн. Энэ тал дээр та ямар байр суурь баримталж байгаа вэ?

-Дипломат албанд ямар нэгэн шахаа огт байхгүй. Би хэн нэгэн хүний шахаа, барьцаагаар томилох нөхцөлөөр томилгоо хийхгүй. Гадаад харилцааны системд ажиллаж байгаа хүнээ дипломат албанд томилох бодлого баримтална.

-УИХ, орон нутгийн сонгууль дууслаа. Одоо улстөрчдийн биеэ авч явах соёлын асуудал яригдаж байна. Энэ чиглэлээр сургалт явуулах уу?

-Монгол Улсын гадаад бодлого, тэр дундаа нэг цонхоор гарах бодлогын хүрээнд хамгийн их оролцоотой байдаг хүмүүс бол орон нутгийн удирдлагууд болон гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүд байдаг. Тиймээс хамгийн түрүүнд төрийн гадаад бодлогын чиглэлээр ойлголт өгөх ёстой. Энэ оны арванхоёрдугаар сард багтаад аймгийн удирдлагуудыг хамарсан сургалт явуулна.

-Өнгөрсөн Засгийн газрын үед 10 гаруй Элчин сайдын томилгоог хийж чадаагүй. Яг одоогийн байдлаар хэдэн орны Элчин сайдын томилгоо хүлээгдэж байна вэ?

-Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд 10 орны Элчин сайдын асуудал хэлэлцсэн боловч Ерөнхийлөгчийн зүгээс тэдгээр нэрсийг татаж авсан. Тэгэхээр хуулиараа шинэ Элчин сайдын нэрийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ажил байгаа. Энэ онд хугацаа хэтэрсэн долоо, хугацаа дуусч байгаа 10 гаруй Элчин сайдын асуудлыг ярих ёстой. Үндсэндээ бол 20 орчим Элчин сайдын томилгоог УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид танилцуулах ёстой. Ирэх онд буюу 2021 онд хугацаа дуусах 10 гаруй Элчин сайд бий. Тэгэхээр энэ оны төгсгөл болон ирэх оны эхний хагас жилд  багтаад нийтдээ 30 орчим Элчин сайдын томилгооны асуудал яригдана. Аль ч томилгоо өндөр босго, даваатай байдаггүй. Харин Элчин сайдын томилгоо бол Гадаад харилцааны яамнаас эхлээд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн олон шат даваатай, шалгууртай байдаг. 

-Он дуусахаас өмнө төрийн гурван өндөрлөг айлчлал төлөвлөсөн үү. Манай улсад ирэх айлчлалтын төлөвлөгөө байгаа юу?

-Цар тахалтай холбоотойгоор төлөвлөгдсөн айлчлал энэ онд байхгүй. Ирэх онд хэдэн айлчлал төлөвлөгдсөн талаар Засгийн газарт танилцуулдаг. Өндөр дээд түвшний айлчлал нууцын зэрэглэлтэй байдаг. Тиймээс энэ талын мэдээллийг нээлттэй хэлэх боломж байдаггүй.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.14) 2025 оны 03 сарын 13

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37

1  |  0
Top