1980-аад оныхны давлагаа өдгөө 30-40 насныхны хүрээг тэлсэн. Энэ насныхан 1990-ээд оны зах зээлийн хүнд хэцүү үеийг давж, байх байхгүйн зовлонг мэдэрч өссөн гэхэд болно. Эцэг эхчүүд нь амьдрахын эрхэнд ганзагын наймаанд явж үр хүүхдүүд нь эрт бие дааж сурсан. Арай том нь хэдэн дүү нараа өсгөж амьдралыг илүү эрт таньсан ч байж мэдэх. Ихэнх эцэг, эхчүүд нь төрийн албанд зүтгэж төрсөн үрээ мартсан хэдий ч ахмадын дэргэд жаягтай, амьдралын замд жудагтай байхыг өөрөөрөө үлгэрлэсэн хүмүүс. Тэр үед нийгмийн давхарга ялгаа гэж байхгүй бүх л хүүхдүүд гудамжинд бөмбөгтэй хөөцөлдөж, шороотой хутгалдаж тоглож наадсаар хүн болсон. Олдсон ундаа, зайрмагаа хувааж идээд, хичээлээ хамтарч хийгээд, соёл хүмүүжлийн ажил, урлаг спортын наадамд бүгд эрвийх дэрвийхээрээ оролцож, роман боть уншиж оюун ухаан, бие бялдар өв тэгш өсөж хүмүүжсэн. Гэвч тэднийг өнөөгийн хүчирхийлэгчид болон өссөн гэсэн өрөөсгөл ойлголт нийгмийн дунд хүчтэй яригддаг.
Сүүлийн үед гарч буй гэмт хэргийн ихэнхийг залуус үйлдэж байгаа бол яг насаар нь ангилж үзвэл 1990-ээд оноос хойш төрсөн хүүхдүүд харин ч “доторгүй” өсөөд байна уу даа гэж санагдах. Ядаж л ахас ихсээ хүндлэх, айж эмээх гэдэг ухамсар үгүй мэт харагдах. Эрх чөлөө, хүний эрх ярьсан л хүмүүс. Эх хэлээрээ бүтэн ном уншиж үзсэн болов уу гэмээр хэлтгий мурий ярьж, хараал урсгах хоосон толгойтнуудын тоог залуу хүүхдүүд эзэлж байна. Ном уншихгүй бол тархи атаршиж, үг золбиншиж, үйлдэл зэрлэгшинэ гэдэг. Хэчнээн элбэг хангалуун өслөө гээд хүмүүжилтэй сайн хүн болчихгүй. Залуу хойч үеэ номтой нөхөрлүүлэхгүй бол хоосон толгойноос ямар ч аймшигт хэрэг гарч болох шүү.
Сэтгэгдэл ( 1 )
80-д оныхоноос эхлээд жудаг, нэр төр, зарчим, ёс суртахуун, хүн чанар, хүнийг хайрлах энэрэх асуудал огт байхгүй болсон доо. Хараад байхад ямар нэг дарга солигдоход шууд урд нь хамтран ажиллаж байсан хүнээ жийгээд шинэ даргыг дагаад л шуурна, өвөрт нь шургана, хор найруулна, хов зөөнө жинхэнэ шулмын зангуудыг ёстой утгаар нь гаргадаг хэсэг бүлэг хүмүүс харагддаг даа