Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.11.06) үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд "Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ"-ний талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийлээ
Монгол Улсын Засгийн газар 2017 оны 98 дугаар тогтоолоор 5 зорилт бүхий “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлснээр агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын уялдааг хангах, бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах боломжийг бүрдүүлсэн. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргаж, стандартын шаардлага хангасан сайжруулсан түлш хэрэглэж, гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлсэн нь бодит үр дүнд хүрсэн чухал алхам болсон билээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээс үзвэл, 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт буюу агаар дахь РМ2.5 тоосонцрын дундаж агууламж 2016-2017 оны үзүүлэлтээс 52 хувиар, 2017-2018 оны үзүүлэлтээс 48 хувиар, 2018-2019 оны үзүүлэлтээс 41 хувиар тус тус багассан байна.
Мөн Монгол Улсын Засгийн газар Агаарын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр болон эдгээртэй уялдан гарсан 30 гаруй дүрэм, журам, норм, аргачлал, 40 гаруй стандартын хэрэгжилтийг хангаж, хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн Засгийн газраас 2018 онд “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг гаргаж, улмаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн бүх хорооны нутаг дэвсгэрт түүхий нүүрсний хэрэглээг хориглосонтой холбогдуулан 2020 оны 10 дугаар сард “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ыг шинэчлэн баталсан. Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан гэр хорооллын айл өрх, орон байрны халаалтыг эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжөөр шийдэх, хэрэглээг дэмжих зорилгоор 4 төрлийн агаар цэвэршүүлэгч, 10 төрлийн эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, иргэдийн худалдан авах уян хатан нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгааг Шадар сайд мэдээлэлдээ дурдсан.
Монгол Улсын Засгийн газар жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийг 2018 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийтдээ 3000 ажилтантай ажиллаж байна. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын системийг хөгжүүлж, иргэдэд хүртээмжтэй, үнийн хөөрөгдөлгүй, түргэн шуурхай хүргэхийн тулд нийслэлийн хэмжээнд 1000 гаруй түлш борлуулагчтай хамтран ажиллаж, тайлант жилд 524 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлах гэр хорооллын айл өрх болон аж ахуйн нэгжүүдийг ханган ажиллалаа. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын нэг тонн тутамд 15 мянган төгрөгийн урамшуулал олгохын зэрэгцээ 1 тонн түлшний үнийг 150 мянган төгрөгөөр байхаар тогтоосон. Дээрх үнийг тогтвортой хадгалахын тулд “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр баталсан. 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 92117 тонн сайжруулсан түлшийг нөөцөлж, цаашид нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын зүүн бүсэд шинэ үйлдвэр барих бүтээн байгуулалтыг 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр эхлүүлж, мөн оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Энэхүү үйлдвэр баригдсанаар нийслэлийн төвийн зургаан дүүргээс гадна агаарын чанарыг сайжруулах бүсэд ороогүй алслагдсан зарим дүүргийн хороод, аймгийн төвүүдийн айл өрхийг сайжруулсан түлшээр хангах боломж бүрдэнэ. Мөн шинэ үйлдвэр ашиглалтад орсноор 1500 гаруй шууд ажлын байр шинээр бий болж, Налайх дүүргийн иргэдийг тогтвортой ажлын байраар хангах нөхцөл бүрдэх юм гэлээ.
Түүнчлэн тэрбээр, Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу гэр хорооллын айл өрхийн хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг нийслэлд 100 хувь, орон нутагт 50 хувь хөнгөлж, улмаар 2017-2019 онд 24.5 тэрбум төгрөгийн татаас олгоод байна. Харин 2020 онд 12.1 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлээд байсан бол 2020 оны төсвийн тодотголоор санхүүжилтийг 3.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 15.8 тэрбум болгон баталсан. Түүнчлэн Засгийн газрын 2020 оны 115 дугаар тогтоолоор орон нутгийн айл өрхийн хэрэглэсэн шөнийн цахилгааны тарифын 50 хувийн хөнгөлөлтийг 100 хувь болголоо. Тухайн айл өрхөд гэр, байшингийн дулаанаа цахилгаан халаагуураар шийдэх боломжийг бүрдүүллээ гэж байв.
Мөн “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 24 цагийн хяналт, шалгалтын ажлыг суурин харуулгүй зам дээр ажиллуулж, хяналтын явуулын постууд гарган зохион байгуулж байгааг Шадар сайд мэдээлэлдээ онцлохын зэрэгцээ Улаанбаатар хотын агаарын чанарын мониторинг хяналтын системийг үндсэнд нь шинэчилсэн ба одоогоор агаарын чанарыг хянах 15 автомат харуул ажиллаж, 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг тогтмол хэмжин агаарын чанарын индексийг иргэдэд тогтмол мэдээлж байгааг тодотгов.
Мөн тэрбээр мэдээлэлдээ, халаалтын уурын зуухыг шат дараатай буулгах ажлын хүрээнд 2019 онд 21 сургууль, цэцэрлэг, 15 улсын байгууллагыг цахилгаан, байгалийн хий, газрын гүний дулаанд холбосноор нийт 6650 орчим тонн түүхий нүүрсний бодит хэрэглээг зогсоосон байна. Энэ ажлыг үргэлжлүүлэн 2020 онд 20 сургууль, цэцэрлэгийг цахилгаан болон хийн халаалтад шилжүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгааг дурдахын зэрэгцээ 2019 онд гэр хорооллын айл өрхөд цахилгаан халаагуур, байшин, сууцны дулаалга, эко жорлонгийн асуудлаа шийдэхэд нь дэмжлэг үзүүлэх хүрээнд арилжааны банкуудтай хамтран “Ногоон зээл”-ийг олгож эхэлсэн бол энэ онд нэр төрлийг нэмэгдүүлж, зээлийн нөхцөлийг илүү уян хатан болгосон. Монгол Улсын Засгийн газар нийслэлийн гэр хорооллын айл өрхийг угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөр нэг удаа үнэ төлбөргүй хангах шийдвэр гарган 205 мянган төхөөрөмж худалдан авч, 199 мянган төхөөрөмжийг гэр хорооллын айл өрхөд суурилуулаад нийтдээ гурван удаа угаарын хийн хордлогоос сэрэмжлүүлэх зөвлөмжийг өгч ажиллаж байна. Угаарын хийн хордлогын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг орон даяар зохион байгуулж, аяны хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш 7000 орчим айлын янданг хөөлж, зуухны бүрэн бүтэн байдлыг ханган дотоод орчны угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байгааг дурдав.
Монгол Улсын Засгийн газар Агаарын бохирдлыг бууруулах урт хугацааны бодлогын хүрээнд иргэдийг орон сууцжуулах талаар дараах зарим арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд нийт 27 байршилд 84 хэсэгчилсэн талбайн гэр хорооллыг орон сууц болгон хөгжүүлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 40 хэсэгчилсэн талбайд 31 төслийн хэрэгжүүлэгч шалгарсан байна. Үүнээс 26 төсөл хэрэгжүүлэгч 1899 нэгж талбарын газрыг чөлөөлж, 9229 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан бол таван төсөл хэрэгжүүлэгийн хувьд иргэдтэй гэрээ байгуулах, газар чөлөөлүүлэх бэлтгэл ажил хангагдаж байна. Өнөөдрийн байдлаар төслийн хүрээнд газар чөлөөлсөн өрхүүдээс 1443-ыг орон сууцанд хамруулж, 456 өрхийг түрээсийн орон сууцаар ханган ажиллаж байна. Түүнчлэн орон сууцны хөнгөлттэй зээлийн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 2020 оны 09 дүгээр сарын байдлаар Монголбанкнаас Засгийн газар, арилжааны банкуудтай хамтран нийт 5 их наяд төгрөгийн эх үүсвэр бүхий ипотекийн зээлийг холбогдох банкуудаар дамжуулан 110 мянган өрхөд олгосон бөгөөд нийт зээлдэгчдийн 30 орчим хувь нь гэр хорооллоос орон сууцан амьдарч байгаа иргэд байна. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орон сууцны хөнгөлөлттэй зээлийн жилийн хүүг 4-6 хувь болгон бууруулах зорилт тусгагдсан. Энэ хүрээнд уг зээлийн хөтөлбөрийг зорилтод бүлэгрүү чиглүүлж, хүүгийн түвшинг жилийн 8-6 хувь болгон буурууллаа. Ингэснээр 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 520 зээлдэгчид 37.1 тэрбум төгрөгийн эх үүсвэр олгоод байна. Агаарын бохирдлыг бууруулах цаашдын зорилт нь "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг эрчимжүүлж, бодит үзүүлэлтээр агаарын бохирдлыг 80 хувиар бууруулахад чиглэгдэж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 2020 онд 53 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадлыг 600 мянган тонноор нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний хэрэглээг дэмжих, нийтийн тээврийн агаарт ялгарах бохирдлыг багасгах, аймгуудын агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх, дулааны эх үүсвэрт нь утаа шүүх шүүлтүүр тавих, инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, агаарын чанарын хяналт, мониторингийн сүлжээг сайжруулах, мэдээлэл, сурталчилгааг нэмэгдүүлэх, төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ хэмээн Шадар сайд мэдээлэлдээ онцолсон.
Чуулганы хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүд болон холбогдох яам, агентлагийн удирдлагууд оролцсон. Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Д.Ганбат, Н.Ганибал, Ж.Батсуурь, Ц.Туваан, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
Гишүүдийн зүгээс сүүлийн 30 жилийн турш агаарын бохирдлыг бууруулах нь нийслэлийн тулгамдсан асуудал байж ирсэн ч, өнгөрсөн жилээс түүхий нүүрсний хэрэглээг хязгаарласантай холбогдуулан нааштай үр дүн гарсныг онцлохын зэрэгцээ Засгийн газраас цаашдаа энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг илүүтэй тодруулсан. Мөн сайжруулсан түлшний хангамж, түлшний угаарын хийн хордлогоор амь эрсэдсэн хүмүүсийн тоо, агаар дахь хорт бодисын хэмжээ буурсан эсэхийг лавласан.
Агаарын бохирдлыг бууруулж, цаашид олон улсын жишигт хүрэхийн тулд гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх, цахилгаан болон хийн халаагуурын хэрэглээг дэмжих чиглэлийг Засгийн газар мөрийн хөтөлбөртөө оруулж, энэ хүрээнд олон арван арга хэмжээ авч ажиллаж байгааг Шадар сайд хариултдаа дурдаад 2010 оноос хойш угаарын хийн хордлогоор нийт 180 гаруй хүний амь эрсэдсэн бол он гарсаар 9 дуудлага ирсэн гэж байлаа.
Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, есдүгээр сараас эхлэн гэр хорооллын 11789 айлын яндан болон ханан пийшинг хөөлж, 4086 айлын ханан пийшин болон зуух, яндангийн битүүмжлэлийг шалгаж, сайжруулж иргэдийн эрүүл мэнд, амь насны эрсдэлээс хамгаалсан гэдгийг тодотгов. Мөн тэрбээр, “Таван толгой түлш” ХХК германы яндан хөөлөх сургалтаар 100 гаруй залуус бэлтгэж эхэлсний хүрээг өргөжүүлж 400 залуусыг яндан хөөлөгчийн нарийн мэргэшил эзэмшүүлэхийн зэрэгцээ 500 залууг ажлын байртай болгоод байна гэв. Мөн сайжруулсан түлшний нөлөө эрүүл мэндийн салбарт эерэг нөлөө авчирсныг Д.Сарангэрэл сайд тодотгоод түүхий нүүрс, утаанаас болж жилд 2500 иргэний эрүүл мэндэд эрсдэл үүсэж байсан бол өнгөрсөн жилүүдэд энэ тоо эрс буурсан. Сайжруулсан түлшний цэг 400 байсныг 260-аар нэмэгдүүлж, оны эцэс гэхэд 800 болгож, хүртээмжийг сайжруулна. Түүнчлэн дулааны цахилгаан станц болон шугам, сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлснээр 42 мянган өрхөд шөнийн цагаар цахилгаан халаагуур хэрэглэх боломжийг бүрдүүлэх, орон сууцжуулах зэрэг арга хэмжээнүүдийг авч агаарын бохирдлыг бууруулан ажиллаж байна гэсэн нэмэлт хариултыг өгсөн.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцлаа
Үргэлжлүүлэн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгатай танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах нэр дэвшигчийг танилцууллаа.
Нэр дэвшигч Цэндийн Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, ам бүл хоёр. 1983-1993 онд Архангай аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, 2007 онд АНУ-ын хууль зүйн Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн. 2017 онд Япон Улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой. Тэрбээр 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслахаар, 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр, 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр, 2013 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Нэр дэвшигч Ц.Цогт нь шүүгчээр 16 жил, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 9 жил ажилласан. Мөн 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд тавин хувийн багш, 2018-2019 онд цагийн багш, 2019 оны 09 дүгээр сараас Нийтийн эрх зүйн тэнхимийн гэрээт дэд профессороор тус тус ажиллаж байгаа гэв. Нэр дэвшигч Ц.Цогт нь Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэжлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 88.64 оноо авчээ.
Уг асуудлыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч Ц.Цогтын танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөл 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлсэн. Дээрх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Монгол Улсын шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хэрхэн үнэлж байгаа талаар нэр дэвшигчээс, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт шударга явагдсан эсэх талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаас, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр шүүхийн байгууллагад цахимаар хэрэг хуваарилах явдлыг анхлан санаачлагчийн хувьд цаашид тус цахим системийг боловсронгуй болгох чиглэлд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар нэр дэвшигчээс тус тус асуулт асууж, хариулт авсан болно. Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн мэргэшсэн байдал, шүүн таслах ажиллагааны туршлагыг харгалзан үзэлгүй шүүгчид нэр дэвшүүлж байгаа нь шүүхийн мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг алдагдуулж байгаа төдийгүй энэ нь шүүгчийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсгэж байгаа талаар, мөн нэр дэвшигчид хандаж үйл ажиллагаандаа шударга ёсыг дээдлэх, мэргэжилдээ үнэнч байх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн гэдгийг Л.Мөнхбаатар гишүүн танилцуулгадаа дурдсан.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Улсын дээд шүүхийн шүүгчид хуулийн салбарт нэр төртэй, шударга ажиллаж ирсэн, мэргэшсэн боловсон хүчин төдийгүй хуульд заасан холбогдох шалгуурыг хангасан хүнийг нэр дэвшүүлэн танилцуулж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн нэр дэвшигчид шударга ёсны үйлчилгээг шүүхээр хэрэгжүүлж байгаа учир ёс зүйн алдаа гаргасан шүүгчид хариуцлага тооцох, шүүхийн хараат бус байдлыг эрхэмлэж, үйл ажиллагаандаа шударга ёсыг дээдлэх, мэргэжилдээ үнэнч байх тал дээр анхаарч ажиллахыг захиж байлаа.
Ингээд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгатай танилцсанаар чуулганы хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )