Энэ сарын 15-16-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу хулгайн замаар нэвтэрсэн хоёр иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад коронавирусний халдвар илэрсэн. Иймд, Хэнтий аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, хурлын шийдвэрийг Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ц.Идэрбат танилцуулсан юм. Тэрбээр "Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос ирсэн хүмүүсээс коронавирусний халдварын түргэвчилсэн шинжилгээ авахад хоёр хүнээс эерэг хариу гарлаа. Энэ хүмүүс нь энэ сарын 15-16-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар ирсэн. Тодруулбал, Цэнхэрмандалын постон дээрээс буцаагдсан боловч Хэрлэн голын урдуур Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Баянхутаг сумын нутгийг хөндлөн гарч, аймгийн урт талын ШТС-аар үйлчлүүлж, Хэнтий аймгийн төвөөс 70-аад км зайтай “Заан ширээ” гэдэг газар гэртээ байгаа гэсэн эхний өгүүлэмж байна. Аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаад зарим шийдвэрийг гаргалаа. Нэгдүгээрт, Хэнтий аймгийн орох, гарах хөдөлгөөнийг хааж байна. Зах, худалдааны төв гээд бүх үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг түр зогсоолоо. Аймгийн төвд явган хүн, тээврийн хэрэгсэл зорчихгүй. Аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг биелүүлж, гэртээ байхыг иргэдээс хүсэж байна. Шаардлагатай бол эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг 103 төвөөр дамжуулж авах боломжтой. Хоёрдугаарт, Улаанбаатар хотоос ирсэн хүмүүсийн хавьтал, маршрутыг тодорхойлох ажлыг яаралтай зохион байгуулж эхэлсэн. Эхний ээлжид аймгийн төв дээр хоёр газар шинжилгээний баг ажиллуулж байна. Баянхутаг сум болон аймгийн төвд хавьтал байх магадлалтай газруудаар шинжилгээнүүд хийж байна” гэлээ. Улаанбаатар хотоос Хэнтий аймагт хулгайн замаар зорчин ирсэн иргэдээс шинжилгээнүүдийг авч Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв рүү явуулсан аж. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн PCR шинжилгээний хариу 24 цагийн дотор гарах юм. Энэ хугацаанд иргэдийг тайван байж, гэрээс гарахгүй байхыг Хэнтий аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа. Хэнтий аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ц.Идэрбат дараах асуултад хариулт өглөө.
-Хэнтий аймагт халдварын тохиолдол түргэвчилсэн оношлуураар илэрлээ. Тусгаарлах байр, ор, оношлуур, эм, тарианы хүрэлцээ хэр байна вэ?
-Коронавирусний цар тахлын асуудал жилийн хугацаанд яригдаж байгаа учраас халдвар гарвал яах вэ гэдэгт бэлэн байдлаа урьдчилан хангасан байсан. Тиймээс иргэд айж тэвдэх зүйлгүй. Асуудал хяналтад байна. Хэнтий аймгийн төвд тусгаарлан эмчлэх болон тусгаарлан ажиглах байранд 100 гаруй ор бэлтгэсэн. Халдвар хамгаалалтад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын аюулгүй байдлыг хангах нэг удаагийн хэрэгсэл хангалттай нөөцөлсөн. Яаралтай оношилгоо хийх түргэвчилсэн тест хангалттай байгаа. Коронавирусний тохиолдол гарсан үед хэрэглэх эм, тарианы нөөц хангалттай бий. Халдвар, хамгааллын дэглэмээ бариад шаардлагатай үед тусгаарлан эмчлэх хүмүүсээ аймгийн нэгдсэн эмнэлэгт ойрхон байлгахыг зорьж байгаа. Эхний ээлжид халдвартын эмнэлгийн 50 ор бэлэн байна.
-Одоо мэдэгдэж байгаагаар коронавирус илэрсэн хүмүүс яг хаагуур явсан бэ?
-Гурван голомт байж магадгүй. Коронавирус илэрсэн хүмүүсийн гэрийг хамгаалалтад авсан. “Хангарьд” ШТС-ын түгээгчийг гэрт нь тусгаарласан. Тус ШТС-аар энэ сарын 16-ны өглөөний 09:00 цаг хүртэл үйлчлүүлсэн иргэд байвал 70562906 дугаарт залгаж, өөрсдийн хаяг, үйлчлүүлсэн мэдээллээ өгөөрэй. Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийг зорихоосоо урьтаж энэ дугаарт мэдээлэл өгвөл бидний ажилд дэмжлэг болно.
-Хулгайн зам эрсдэлтэй байна. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?
-Онцгой комиссын хуралдаан дээр бүх пост дээр ямар нэг байдлаар зөвшөөрөл аваагүй ирээд, тэнд ажиллаж байгаа албан хаагчид хүндрэл учруулах юм бол торгох арга хэмжээг яаралтай ав гэсэн асуудал яригдсан. Хуулиараа 500 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Хэнтий аймгийн хэмжээнд 80 пост ажиллаж 200 албан хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Хулгайн замын асуудал дээр хуулийн байгууллагаас арга хэмжээнүүд авч эхэлж байгаа.
-Түргэвчилсэн оношилгоог ямар зохион байгуулалтаар явуулах уу?
-Аймгийн хэмжээнд таван бүс болгоод бүсүүд дээр түргэвчилсэн оношлуурууд хүргүүлж байна. Аймгийн төв дээр аймгийн нэгдсэн эмнэлэг, аймгийн халдвартын эмнэлэг, эрүүл мэндийн газруудаас хамтарсан ажлын хэсэг явуулын түргэвчилсэн оношлуураар үйлчилгээ үзүүлнэ.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Хэнтий аймгийн Онцгой комисс өнгөрсөн шөнө хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН