У.Хүрэлсүх: Бидэнд үхэх үү, сэхэх үү гэдэг хоёр сонголт байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.11.18/ боллоо. Хуралдааны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Богино хугацаанд цар тахлыг хумиж, барьж авах нь чухал байна. Тиймдээ ч хөл хориог 14 хоног сунгасан. Монгол Улс өнгөрсөн 10 сарын хугацаанд цар тахлын бүслэлтэд байсан. Хориглон хамгаалах тулалдааныг хийсэн ч халдварыг дотооддоо алдлаа. Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт голомт илэрсэн. Мөн Дархан-Уул аймагт илэрч байна. Өнөөдрийн байдлаар 30 тохиолдол батлагдлаа. Говьсүмбэр аймагт тогтоогдлоо. Эдгэрч гарсан 341 иргэн байна. Тэднээс дахин шинжилгээ авч байна. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал хэвийн, хүнд хүн алга. Улаанбаатарт 51, Сэлэнгэ 21, Дархан-уул аймагт 10 цэг нээж халдварын шинжилгээг авч байна. Энэ цэгийг нэмэгдүүлнэ. Төмөр зам дагуух аймгуудад тандалт, судалгаа хийж байна. Төмөр замын ажилчдыг бүгдийг нь шинжилгээнд хамруулна. Эм, тарианы хангамж сайн байгаа. Бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэж болохгүй. Нөөц бий гэдгийг анхаарах хэрэгтэй. Хамгийн чухал вакцин бол сахилга, хариуцлага. Сахилга, хариуцлагын вакцин чухал байна. Гаргасан хууль, тогтоомжийг ягштал мөрдөж, цар тахлыг хумих боломж байна гэж бид харж байна. Энэ ажлыг 14 хоногт хийж хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар ажиллаж байна. Улсын эдийн засаг хүнд байна. Байгаа бүх боломжоо гаргаж байна. Бидний боломж, нөхцөл хязгаарлагдмал гэдгийг ард иргэд мэдэж байгаа. Бид үхэх үү, сэхэх үү гэдэг хоёр сонголтийн өмнө байна. Бид үхэхгүй гэдэг сонголтыг хийж байгаа. Сахилга, хариуцлагатай байж чадахгүй л бол, хичээхгүй л бол олон хүнийхээ амь насыг энэ дайнд алдана. Энэ бол дайн. Бид дайтаж байна. Аль болох хамгийн бага хохиролтойгоор бид энэ хүнд үеийг давж гарахын төлөө зүтгэж байна. Тиймээс та бүхэн дор бүрнээ үүнийг ойлгож, хариуцлагатай байгаа ч гэж хүсч байна" хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байна. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно 

Top