Виктор Цойн хүү “Цой” киног хаахыг шаардаж, шүүхэд ханджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

ОХУ-ын алдарт дуучин Виктор Цойн хүү, цорын ганц өв залгамжлагч болох 35 настай Александр “Цой” уран сайхны киног хаахыг шаардаж, найруулагч Алексей Учитель, киног бүтээсэн студийг шүүхэд өгчээ.

Александр тус кинонд аавынх нь дүрийг хууль бусаар, гажуудуулж гаргасан гэж киног дэлгэцэд гарахаас өмнө шүүхэд хандаж байсан юм. Гэвч кино студиэс “Цой” киног товлосон хугацаанаасаа өмнө гаргаснаар амжилт олоогүй.

"КП" сонинд ярилцлага өгөхдөө тэрээр “Бид киног гарахаас нь өмнө үзэж, буруу гажуу зүйлийг ярихаар төлөвлөж байлаа. Гэвч киног тэд яаран сандран, дэлгэцэд гаргасан. Би тэмцсээр байх болно. Тэд дуу хөгжмийг ашиглах гээд надад хамтран ажиллах санал тавьсан. Би эхлээд зохиолыг нь уншиж үзсэн. Аймшигтай зохиол байсан болохоор татгалзтал дахин холбоо барилгүй, дураараа кино хийсэн байсан” гэж ярьсан байна.

Александр Цой энэ талаар Ерөнхийлөгч Владимир Путинд хандахдаа “Энэ кино бол шившиг. Виктор Цой болон ар гэрийнхнийг нь доромжилсон” гэж бичиж байв.

Харин найруулагч Алексей Учитель “Киног төлөвлөсөн хугацаанаас өмнө гаргасан нь энэ маргаантай огт холбоогүй. Цар тахлаас л болсон хэрэг. Цойг доромжлон гутаасан гэдэг яриа бол утгагүй зүйл. Киног үзээгүй байж, шүүмжлэх хэрэггүй. Бид дуучны дүрийг ашиглах талаар хамаатан саднаас нь амаар зөвшөөрөл авсан” гэж хариу барьжээ.

Александр Цой бол Викторын цорын ганц хүү. Ээж нь Марианна Цой. 1987 онд Виктор түүнээс салж, Наталья Разлоговатай гэрлэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top