Ч.Хүрэлбаатар: У.Хүрэлсүхийн Засгийн газрын авсан бүх зээл УИХ-аар батлагдаж гарсан

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 21

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дэлхий дахинд КОВИД-19 цар тахал дэгдсэнээс хойш Монгол Улсын Засгийн газар гадаад улс орнууд болон донор байгууллагуудаас авсан зээл, тусламжийн талаар тайлбар өглөө.

Монгол Улс өнгөрсөн 10 сарын хугацаанд гадаадаас төсвийн дэмжлэг, төслийн санхүүжилт болгон нийт 418.9 сая ам.долларын гэрээ хэлцэл байгуулжээ. Үүнээс төсвийн дэмжлэг хэлбэрээр 199.5 сая ам.доллар, төслийн санхүүжилт хэлбэрээр 32.8 сая ам.долларыг аваад байгаа аж. Төсвийн дэмжлэгт зарцуулах үлдэгдэл 100 сая ам.долларыг энэ ондоо багтаан, төслийн санхүүжилтийн үлдэгдэл 86.8 сая ам.долларын зээл, буцалтгүй тусламжийг хуваарийн дагуу авна гэдгийг онцолсон.

Тэрбээр энэхүү мэдээллээрээ Ерөнхийлөгчийн зүгээс гаргасан цар тахалтай холбогдуулан гадаадаас Засгийн газарт 562.4 сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар тооцож үзэхэд 1.6 их наяд төгрөгийн хандив тусламж, хөнгөлөлттэй зээл олгосон хэмээн андуу ташаа мэдэгдэл хийсний залрууллаа. Засгийн газраас энэ асуудлыг УИХ-д нээлттэй тайлагнахыг хүссэн Н.Алтанхуяг гишүүн хаалттай байдлаар хэлэлцэх хүсэлт гаргаж байжээ. Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын авсан бүх зээл УИХ-аар батлагдаж гарсан. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 9.3 их наяд төгрөгийн өр дарсан гэдгийг ч хэлсэн юм. Ингээд Засгийн газар КОВИД-19-т зориулах ёстой гадаадын зээл, тусламжийг хэрхэн зарцуулсныг тоймлон хүргэе. 

Азийн хөгжлийн банк 160.1 сая ам.доллароор хүүхдийн мөнгө олгожээ

Монголын хамгийн том доноруудын нэг Азийн хөгжлийн банк Засгийн газарт  КОВИД-19-ийн  үед  дэмжлэг болгон 160.1 сая ам.долларын зээл олгох гэрээ байгуулсан. Одоогийн байдлаар 128.1 сая ам.долларыг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр авчээ. Гэрээний нийт дүнгийн 100 сая ам.долларыг  төсвийн дэмжлэг буюу төсвийн цоорхой нөхөн зориулалтаар авч байгаа. Төсвийн орлого буурсан өнгөрсөн хугацаанд энэ хөрөнгөөр хүүхдийн бүрт 100 мянган төгрөг олгох, Нийгмийн даатгалын шимтгэл тэглэх зэрэг арга хэмжээ авсан байна. Мөн Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-5 төслийн хүрээнд яаралтай үеийн санхүүжилт болгон 30 сая ам.доллар байгаа авах аж. Одоогоор нэг ч цент нь орж ирээгүй энэ санхүүжилтээр КОВИД-19 болон амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн өвчнийг оношлох, эмчлэх зорилгоор 2,923 ширхэг тоног төхөөрөмж,  68,128 ширхэг хувийн хамгаалах хэрэгсэл, долоон аймгийн нэгдсэн эмнэлгийн ариутгалын тасгийг шинэчлэх, 21 аймагт түргэн тусламжийн машин авч өгөх гэнэ. Эрүүл мэндийн яам худалдан авалт, төслийн хэрэгжилтийг хариуцжээ. Өмнө нь Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-5 төслийн хүрээнд 572 нэр төрлийн тоног төхөөрөмжийг худалдан авч, нийслэл, орон нутагт тараасан байна. Үүнээс гадна Азийн хөгжлийн банкнаас Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл дөрвөн сая ам.доллар авч, хүүхдийн мөнгө, хүнсний талоны таван сарын санхүүжилтэд ашигласан. Буцалтгүй тусламжаар 2.5 сая ам.доллар, ХӨСҮТ-д сити томографын төхөөрөмж, эмнэлгийн ажилчдын илүү цагийн цалин зэрэгт нэг сая ам.доллар зарцуулсан. Нэн шаардлагатай байгаа PCR шинжилгээний лабораторид шаардлагатай 19 ширхэг тоног төхөөрөмж авахад таван сая ам.доллар зарцуулах гэнэ.

БНХАУ-аас 700 мянган ам.долларын хамгаалах хэрэгсэл, оношлуур авсан

Цар тахлын үед  Монгол Улс БНХАУ-аас 114 сая ам.долларын зээл авсан талаар мэдээлэл гарсан.Тэгвэл тус улсын зүгээс 114 сая ам.доллар биш 700 мянган ам.долларын хамгаалах хэрэгсэл, оношлуур бэлэглэсэн байна. Тухайлбал, 5,000 оношлуур, 5,000 ширхэг эмнэлгийн зориулалттай N95 маск, 5,000 ширхэг мэс заслын зориулалттай амны хаалт, мянган ширхэг хамгаалалтын хувцас Улсын онцгой комисст хүлээлгэн өгчээ. Тусламжийн II ээлжинд 8,000 ширхэг оношлуур, 490 мянган ширхэг мэс заслын амны хаалт, III ээлжинд 100 мянган ширхэг KN95 маск авсан байна.

КОВИД-19 цар тахлын аюул нүүрлэхтэй зэрэгцэн Монгол Улс ОУВС-аас яаралтай санхүүжилтийн нөхцөлөөр авсан 99 сая ам.доллар авах гэрээтэй байгаа. Цар тахлын үед төсвийн хүндрэлийг нөхөх энэ санхүүжилтийн 99.5 сая ам.доллар нь Сангийн яаманд дансанд оржээ. Түүнчлэн Монгол Улс Дэлхийн банкнаас 70 сая ам.долларын гэрээний дүн бүхий тусламж авч байгаа. Өнөөдөр 19.3 сая ам.доллар нь орж ирсэн. Энэ санхүүжилтээр төв болон орон нутгийн эрүүл мэндийн салбарт байгууллагуудад 67 төрлийн тоног төхөөрөмж нийлүүлжээ.

Европын холбооноос 50.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулжээ. Уг зээл КОВИД-19 цар тахлын зориулалттай дэмжлэг биш бөгөөд 7.8 сая еврог техникийн туслалцаа, 43 сая еврог төсвийн дэмжлэг хэлбэрээр авах гэнэ.  Одоогоор энэ санхүүжилтээс 16 сая ам.доллар нь орж ирсэн. Үлдсэн 27 сая евро нь 2021-2023 онуудад хуваагдсан орж ирэх хуваарьтай байгаа аж. 

Ерөнхийдөө энэ мэт гадаадын зээл, тусламжийг төсөвт дутагдсан зарлагыг нөхөхөд болон нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн салбарт оруулж буйг Сангийн сайдын зүгээс танилцууллаа. Санхүүжилт  Сангийн яамны дансанд орж ирээд, гарсан бүх мэдээлэл нь ил тод аж. Харин гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авч буй байдал л эргэлзээ төрүүлж мэдэхээр юм. Сангийн яам үүнийг хариуцдаггүй гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Долдой хотгор шанага(192.82.78.58) 2020 оны 11 сарын 21

Монгол улсын ЗГ-аас гадна хурэлсухийн зг гэж бас байгаа юм уу

0  |  0
It en(70.181.124.42) 2020 оны 11 сарын 21

Ene uh hural Zasgiin gazriin dohiogoor garda urgudug hyyheldeigeer dyyrsen shyydee.Hyrelsyh you helne garda urgunu.iim chadamjgyi in hurling taraah heregtei

0  |  0
ЗАЙЛЖ ҮЗ(139.5.217.193) 2020 оны 11 сарын 21

Зайл

0  |  0
иргэн(202.9.46.14) 2020 оны 11 сарын 21

АЗИ ТИВД ЯДУУ УЛСЫН ТООНД МОНГОЛ Л ҮЛДЭЖ БАЙХ ШИГ БАЙНА ДАА

2  |  0
Top