Өнөөдөр дэлхийн ДОХ өвчинтэй тэмцэх өдөр.
ДОХ өвчнийг өнгөрсөн зууны наяад онд нээсэн ч одоо хүртэл оньсого хэвээр байна. Энэ өвчнөөр жил бүр сая гаруй хүн амиа алдаж байгаагийн дотор алдартай хүн ч цөөнгүй бий.
Жиа Каранжи
Супермодель, 1960−1986
Жиа 18 настайдаа Нью-Йорк хотод ирсэн. Том хот, моделийн ажил түүний толгойг эргүүлж, бүсгүй эхлээд кокаин, дараа нь героин хэрэглэж эхэлсэн юм. 1983 онд түүний моделийн замнал өндөрлөсөн. Дэлгүүрт кассчин хийж байсан ч хар тамхи олохын тулд биеэ үнэлж байлаа. 1986 онд ДОХ туссан нь мэдэгдэж, 11 дүгээр сарын 18-нд нас барсан.
Либераче
Дуучин, төгөлдөр хуурч, 67 настайдаа нас барсан
Өнгөрсөн зууны дундуур хамгийн өндөр цалинтай байсан энэ хөгжимчин ижил хүйстэн гэдгээ эрс үгүйсгэдэг байлаа. 1980 онд эмнэлэгт хэвтэж, долоон жил ДОХ-той тэмцсэн юм.
Рок Хадсон
Жүжигчин, 1925−1985
Холливудын од Хадсон нэг хэсэг жүжигчин Филлис Гейтстэй гэрлэж байсан ч салсныхаа дараа ижил хүйстэн гэдгээ зарласан юм. Наяад оны эхээр буюу энэ өвчний талаар хүмүүс мэддэггүй байхад ДОХ туссан бөгөөд үхсэнийх нь дараа л эмч нар ДОХ өвчний улмаас нас барсныг нь тогтоосон билээ.
Артур Эш
Теннисчин, 1943−1993
Артур Эш бол анхны хар арьст теннисчин. Түүнд гэр бүл, үр хүүхэд, гялалзсан замнал бүгд байлаа. Зүрхний өвчнөөр эмнэлэгт хэвтэн, цус хийлгэж байхдаа ДОХ-ын халдвар авсан юм. Таван жил тэр огт гадарлахгүй явсан бөгөөд 1988 онд эмч нар түүнд үнэнийг хэлжээ. Эш ДОХ-ын эсрэг сан байгуулж, өвчнөө даван туулахын эсрэг тэмцэж эхэлсэн ч 5 жил л тэссэн билээ.
Eazy-E
Рэп дуучин, 1964−1995
Gangsta rap, G-funk-ийн загалмайлсан эцэг болох тэрбээр өөрийгөө багтраа өвчин туссан гэж бодож байсан гэдэг. Eazy-E бүрэн шинжилгээнд орж, ДОХ-той гэдгээ мэдсэн байна. Нас барах хүртэл үлдсэн хэдхэн сарын дотор тэр гэрлэж, Dr. Dre, Ice Cube-тэй эвлэрч амжсан.
Фредди Меркьюри
Дуучин, 1946−1991
1985 онд Уэмбли цэнгэлдэхэд болсон Queen хамтлагийн тоглолт түүхэнд үлдэх том концерт байлаа. Энэ үед Фредди ДОХ-той гэдгээ мэдсэн гэдэг. Хэвлэлээр түүнийг ДОХ туссан хэмээн бичиж эхлээд байхад ч тэр үгүйсгэсээр байв. 1989 онд хамтлаг аялан тоглолт хийхээ больсон юм. Учир нь Меркьюри турж, эцэн, түргэн ядардаг болоод байв. 1991 онд Фредди Меркьюри Лондон хот дахь гэртээ өөд болсон.
Рудольф Нуреев
Балет, 1938−1993
ЗХУ-ын Засгийн газар ижил хүйстэн алдарт балетчинийг байнга мөрдөн хавчдаг байсан тул тэр Парист болсон тоглолтын дараа гадаадад цагаачилсан юм. Европт тэрбээр жилд 300 тоглолт хийж, ихэд баяжсан билээ. Түүнийг Ив Сен-Лоран, Энтони Перкинс нартай амрагийн холбоотой хэмээн бичиж байсан. Нуреев 1984 онд өвчнөө мэдэж, 1993 онд 54 насандаа энэ ертөнцийг орхисон.
Мишель Фуко
Философ, 1926−1984
Мишель Фуко ДОХ-ын эсрэг ямар ч эм тан байгаагүй цагт туссан юм. 1984 онд тэр эмнэлэгт хэвтээд эргэн гарч ирээгүй.
Энтони Перкинс
Жүжигчин, 1932−1992
Триллерийн од Энтони бисексуал хүн байлаа. 1973 оноос өмнө тэр бүжигчин залуу Гроувер Дэйлтэй найзалж байсан ч дараа нь жүжигчин бүсгүй Берри Беренсонтой гэрлэсэн. ДОХ туссан гэдгээ тэр мэдэхгүй байсаар өнгөрсөн юм.
Роберт Рид
Жүжигчин, 1932−1992
Рид ижил хүйстэн гэдгээ амьдралынхаа турш нууж явсан. Эхнэр хүүхэдтэй ч болсон байлаа. Ижил хүйстэн гэдгээ мэдэгдвэл ажлаа алдана гэж айж байв. ДОХ туссанаа хэт оройтож мэдсэн юм.
Офра Хаза
Дуучин, жүжигчин, 1957−2000
Израилийн жүжигчин Хаза нөхрөөсөө ДОХ-ын халдвар авсан.
Айзек Азимов
Зохиолч, 1920−1992
1983 онд зүрхний хагалгаанд орох үеэрээ халдвар авчээ. 6 жилийн дараа ДОХ-той гэдгээ мэдсэн тэр эхнэрээсээ өөр хүнд хэлээгүй бөгөөд эхнэр нь ч нөхрөө нас барснаас 10 жилийн дараа нийтэд зарласан билээ.
Сэтгэгдэл ( 0 )