Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, зохиолч, судлаач Ж.Дашдаваатай ярилцлаа.
-Таныг Хүннүгийн нийслэл Луут хотын сурвалж бичгүүдэд багагүй хугацаанд судалгаа хийсэн талаар дуулсан. Мэргэжлийн судлаачид Луут хотын туурийг нээсэн нь таны судалж мэдсэнээс хол зөрөв үү, эсвэл ойр буув уу. Луут хотын талаар түүхийн эх сурвалжуудад ямар байдлаар дурдсан байдаг вэ?
-Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг олж нээсэн явдал түүх, археологийн шинжлэх ухааны гайхамшигт ололт мөн. Өнөө жил манай улсын шинжлэх ухааны салбарт ялангуяа түүх, археологийн шинжилгээ судалгааны хувьд арвин бүтээлтэй байгаагийн дотор төрийн өмчит Улаанбаатарын их сургуулийн багш, судлаач багийнхан олон жилийн уйгагүй эрэл хайгуулынхаа үр дүнд эртний Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг олж нээсэн нь онцгой үйл явдал болж байна.
Би эх орныхоо түүхийг сонирхогчийн хувьд Анандын Амар сайд, Билгүүн их номч Бямбын Ринчен, анхны археологич эрдэмтэн Хөдөөгийн Пэрлээ, түүхч доктор Гүнжийн Сүхбаатар нар болон эрдэмтэд, судлаачдын бүтээлүүдээс эртний түүхтэй холбогдох баримтуудыг багахан судалж, өөрийн туурвиж буй “Он цагийн дуртгал” цуврал бүтээлийнхээ 14 дэх ботийг бүхэлд нь эх нутгийнхаа суурин, хот балгадын судлалд зориулж, “Монгол Улсын үе үеийн нийслэлийн түүхийн мөрөөр бэдрэхүй” гэдэг түүхэн баримт эмхэтгэсэн. Тэр эмхэтгэлд Хүннү гүрний нийслэл Луут хотын тухай дурдсан хэсэгт ...Төрт ёсны анхны улс Хүннү гүрнийг үндэслэгч Модун Шаньюй хаан, хэд хэдэн орд харш бариулж, тэдгээртээ нүүдэллэн суудаг байснаас Нийтийн тооллын өмнөх (НТӨ) 209 дүгээр онд Хүннү улсын нийслэл Луут хотыг Орхон голын хавь газар байгуулсан тухай түүхийн эх сурвалжуудад баттай тэмдэглэн үлдээжээ”. Эртний Хятадын түүхчдийн бичсэн “Ши цжи” буюу “Түүхэн тэмдэглэл” зэрэг сурвалж бичгүүдэд баруун хойд зүгийн нүүдэлчин аймаг цөмөөр лууг шүтдэг учир тахилга хийдэг газрыг луугаар нэрлэж Луут хот гэсэн юм... Луут буюу Лун чэн хотын нэр НТӨ 85 он хүртэл түүхийн бичигт байдаг боловч түүний туурь ор үлдэц нь чухам хаана байгааг өнөө хүртэл хараахан олж тогтоож чадаагүй байна. Дээр дурдсан сурвалжийн “Олон монгол аймгийн газрын ойллого бичиг” мөн "Хүннү нарын шастир" зэрэг мэдээнд Лун чэн хотыг хуучин Цэцэрлэгийн чуулганы газарт (Одоогийн Архангай аймгийн нутагт) байсан гэж дурджээ” хэмээн одоогоос найман жилийн өмнө бичиж онцлон цохож тэмдэглэж байв. Үүнээс хойш эх түүхээ сонирхогчийн хувьд хоёр мянга хоёр зуу гаруй жилийн түүхтэй Хүннү гүрний нийслэл Луут буюу Лун Чэн хотын туурийг ойрын үед олж илрүүлж судлаасай билээ хэмээн хүсэн хүлээж бодолдоо мөрөөдөж, төр засаг, түүх археологийн хүрээлэн, мэргэжлийн их дээд сургуулиудын эрдэм шинжилгээ судалгааны газруудад найдлага тавьсаар л явлаа.
-Эх сурвалж сайтай байжээ?
-Хүннүгийн Луут хотын туурь мөн болох нээлт нь дараах баримтуудаар нотлогддог. Нэгдүгээрт, Орхон, Тамир, Хүнүй, Хануйн голуудын их ай сав газар бол нэн эртнээс нааш угаасаа л нүүдэлчин монголчууд бидний дээдэс хүннүчүүд түүний дараах залгамж үеийн улсуудын аж төрж амьдрахуйн төвлөрөл, ханьлиг овог аймгийнхны бөөгнөрөл болсон уугуул өлгий нутаг. Энэ бүс нутагт одоогоор Монголд илрээд байгаа Хүннү оршуулгын нийт булшны гуравны нэг нь, үүний дотор дээдэс язгууртны булшны бараг тал хувь нь, эдүгээ Ази, Европ тивд илрүүлэн судалж буй Хүннүгийн гучаад хотын арав гаруй нь төвлөрч байгаа нь том нотолгоо. Хоёрдугаарт, одоогоор мэдэгдээд байгаа судалгаанаас үзвэл, Луут хотын орд харш, хүрээ хэрэм, барилга байгууламжууд нь өвөрмөц загвар уран хийцтэй, хэмжээний хувьд том, гоёл чимэглэл нь гойд урлагтай байгаа нь Их хааны тансаг ордны шинж байдал дээд зиндааг илтгэнэ. Археологийн тандалтын малтлагаар Луут хотын туурийн нуранги дотроос Хүн нар буюу хүннүчүүд их хаанаа хүндэтгэж, "Тэнгэрийн хүү Шань юй Тэнгэр шиг өнө мөнх мянга түм насал" хэмээн унаган эх хэлээрээ шүтэн биширч хэлэлцдэг ерөөлийн үгсийг эртний үсгээр бичиж хэвлэсэн бичээстэй дурсгалын “гохтой буюу хараа” гэж нэрлэгддэг ваар олноор олдож байгаа нь өнөөгийн хэллэгээр бол Их хааны нэрийн хуудас болж түүний төрийн ордон энд баригдсаныг давхар нотолдог. Гуравдугаарт, Луут хотын төв хэсгийг 550х 550 метрийн хэмжээст газарт буюу тухайн үеийн Хүннүгийн орд балгадаас хамгийн том талбайд барьсан давхар хэрэмтэй ордны анхных нь болж байгаагаараа онцлог юм. Энэ нь Их хааны ордны сүрлэг дорвилог байдлыг илтгэнэ. Одоогийн нээлт нь энэ мэт баримтуудтай таардаг.
-Луут хот буюу Лун Чэн нэр их сонин санагддаг. Тухайн үеийн хүн нар лууг шүдтэг байсан гэж байна. Одоо бол өөр үндэстний бэлэг тэмдэг болж үлдсэн шүү дээ. Ер нь луу гэх амьтныг түүхийн сурвалжуудад хэрхэн дүрсэлсэн байдаг вэ?
-Луу гэдэг нь монгол нэр болох тухайд баримт дурдая. Эртний Хятадад НТӨ 145-86 онд амьдарсан Хан улсын түүхч, одон оронч Сыма Цянь гэдэг эрдэмтэн Тан ордны түүхч эцгийнхээ эхлүүлсэн “Ши цжи” буюу “Түүхэн тэмдэглэл” гэдэг номыг үргэлжлүүлэн НТӨ 109-91 онд бичиж гүйцээжээ. Тэрбээр олон улс орон ханьлигаар хэсүүчилж, түүгээр ч үл барам Хүннү нартай байлдсан Хятадын цэргийн жанжныг дагалдаж, түүхийн баримт цуглуулж явсан гэдэг. Эцэг, хүү хоёр хятад түүхчдийн нийтдээ 130 бүлэг, 526 мянган ханз дүрс үсгээр эмхлэн бичсэн энэ “Түүхэн тэмдэглэл” гэдэг бүтээлд Хүннү гүрний тухай “Намтрын ойллого” гэсэн 110 хуйлмал сурвалж бичгийн дотор Хүннүчүүд лууг билгэдэл болгон шүтдэг, жил бүрийн тавдугаар сард Луут хотдоо Их хуралдайг хуралдуулж, тэнгэрийн тахилга тайллага үйлддэг тухай, Хүннү гүрэн байгуулагдахын өмнөх болон хүчирхэг улс болсон мөн эвдрэл бутралын дараах үеийн тухай дурдсан байдаг.
Мөн Монгол үлгэр домог, хэл ярианзүйн замнал, эртний хятад түүхчдийн түүхэн баримтын эх сурвалж ном бүтээлүүд болон монгол нутагт явуулсан үе үеийн археологийн малталт судалгаагаар илрүүлсэн олдвор хэрэглэгдэхүүн зэрэгт луу болбоос нүүдэлчдийн билгэдэл шүтээн болох нь тодорхой байдаг. Хүннүгийн хаан Шаньюйгийн титэм буюу сүлд нь луу. Түүний бүсний арал нь луу ороосон чимэглэлтэй байсан талаар сурвалжууд бий. Хүннүгийн үед амьтны нэртэй арван хоёр жил бүхий цаг тоолол үүссэн. Билгийн тооллын арван хоёр эрхтний тав дахь жилийг луугаар билгэ тэмдэг болгож нэрлэсэн гэх зэргээр тэмдэглэжээ. Түүнчлэн нанхиадын эртний түүхч эрдэмтэд, Хятадын төрийг анх нэгтгэсэн Цин Шихуанди-гийн үед тэдний титэм нь луу биш ирвэс байсан гэж бичиж үлдээжээ. Үүнээс гадна их эрдэмтэн Бямбаын Ринчен гуай “Энх мөнх Монгол нутаг” (1971 он) хэмээх алдарт нийтлэлдээ айлдахдаа, “Лууг Европод Герег латин хэлээр динозавр гэж “хүчтэй гүрвэл”, ихтиозавр гэж “загасан гүрвэл” гэж өнгөрсөн зууны Францын эрдэмтэн Кювьегийн судлалыг үндэслэн эрт сөнөсөн тэдгээр амьтныг нэрлэсэн байхад, монголчууд луу гэж аль хэдийн нэрлэсээр ирсэнд бас сонин учир буй... Монгол хэлнээ луу гэж нэр нь байж, лууны яс, лууны өндөг гэж, ардын эмнэлэгийн зүйлд хүртэл хэрэглэсээр ирсэн... Говь газар буй ясы нь нутгийн монголчууд мангасын яс гээгүй, луу гэдэг гүрвэлийн аймаг төрлийн яс гэж нэрлэсээр ирсэнд нь бас сонин учир бий” гэж онцолжээ. Домгийн аварга гүрвэл луу нь Хүннү гүрний шүтээнээр дээдлэгдэж, төрийн туганд нь сүлд болон залагдаж, нийслэлээ Луут хот хэмээн нэрлэж бүх нийтээрээ сүслэн тахиж ирсэн зэрэг уламжлал нь Хүннүгийн дараах Сүмбэ (Сяньби), Жужаан (Их Нирун), Уйгар, Хиргис, Хидаан (Хятан) зэрэг улсуудаар дамжиж, Их Эзэнт Монгол Улсын үед уугуул шүтэн бишрэгчид нүүдэлчин монголчуудын ахуй амьдралаас огтхон ч бүдгэрч арилаагүй нь түүхийн баримтуудаар нотлогддог. Тухайлбал, Юань улсын эзэн хаан Хубилайн байгуулсан Шанду буюу Дээд нийслэл дэх “Хэйвин” гэдэг ордны баганын суурь цагаан гантиг чулуун дээр духан дээрээ ганц эвэртэй, дөрвөн хөлтэй лууг дүрслэн сийлсэн байдаг. Түүнчлэн Хубилай хааны үеийн цэргүүдийн хувцас мөн дуулга зэрэг зэвсэглэл нь хөх лууны дүр бүхий зураг чимэглэлтэй байсан гэж түүхийн сурвалжуудад тэмдэглэжээ. Их эрдэмтэн Б.Ринчен гуай энэ бүхнээс үзвэл эвэртэй, тус бүр гурваас дөрвөн савар бүхий дөрвөн хөлтэй луун титэмүүд нь Хүннү гүрнээс эхлэн Хубилай цэцэн хааны үеэр дамжиж хөх монголчуудын шүтээн нь байсаар иржээ гэж тэмдэглэсэн байгаа юм.
-Эдгээрээс бидний өвөг дээдэс хүннүчүүд луу гэх амьтныг сүлд болгон дээдэлж ирсэн нь тэдний сүр хүчээр олон улсад түгсэн гэсэн үг үү?
-Манай археолгичдын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дахь “Гол мод II” гэдэг газарт явуулсан малтлагаар Хүннүгийн язгууртны булшнаас гарсан алтадмал хос лууны мөнгөн цутгамал олдсон нь дэлхийн археологийн 2019 оны шилдэг арван олдворын нэг болсон юм. Түүнчлэн тэндээс духан дээрээ ганц эвэртэй гөрөөсний дүртэй алт мөнгөн чимэглэлүүд зэрэг нэн ховор хэрэглэгдэхүүнүүд олдсон байдаг. Хүннүчүүдийн лууны шүтээн билгэдэл, зураг дүрслэл нь эртний үеэс дундад зуунаар дамжиж орчин үед хүртэл Ази болон бусад тивийн олон овог омог аймаг, улс оронд тархаж, тэр нь түүхийн хөшөө дурсгал, соёлын өвд хадгалагдан үлдэж, эдүгээ ч өргөн хэрэглэгдсээр байгаа. Нэг жишээ дурдахад, Орхон голын хөндий дэх Түрэгийн хаан Билгэ түүний дүү жанжин Куль-тегений дурсгалын хүндэтгэлд зориулж босгосон Орхоны бичээс бүхий хөшөөдийн дээд хэсэг нь лууны зургаар хүрээлэгдсэн байдаг. Тэгэхээр лууны домог шүтээн билгэдэл нь эдүгээ ганц нэг улсынх биш харин олон улсын шинж агуулгатай болж соёл урлаг, утга зохиолд түгэж, уран барилгын чимэглэлд болон төрөл бүрийн барааны тэмдэгт хүртэл өргөн хэрэглэгдэх болжээ. Сүүлийн үед лууны дүр дүрслэл нь төрөл бүрийн тоглоомууд болон цахим сүлжээнд хүүхэд залууст зориулсан киноны хөгжөөнт тоглоом мөн зургаар дүрслэн өгүүлэх комикийн нэгэн хүчтэй гол баатар болтлоо дэлгэрч хөгжиж байгаа. Монголчуудын лууг бишрэн шүтэх үзэл, ахуй амьдралдаа лууны дүрслэлийг өргөн хэрэглэх явдал түүхийн бүхий л үеийн нийгмийн амьдрал, соёлын орчинд дэлгэрснийг бүгдээр мэднэ. Хаадын орд харш, шашны сүм хийдийн гол тулгуур багана түүнчлэн монгол эсгий гэрийн багана зэргийг бат бөх энх тунх, өөдрөг байхын билгэдэл болгож луугаар ороолгон зүмбэрлэж, сийлж, зурж урладаг мөн авдар, шүүгээнийхээ нүүрэнд хөх луу зурдаг, цацалын халбага, айргийн хутгуурын ишинд луу сийлдэг түүнчлэн монгол эрийн бүсний толины алт мөнгөн чимэглэлд лууг товойлгон дархалж, үнэт чулуу, хув, шүрэн хөөрөгний бөөрөнд нь луу сийлбэрлэж, даалиндаа лууг зүү ороон урлаж гоёдог гэх зэрэг олон уламжлал тогтжээ. Монголчууд, луу жилд мэндэлсэн хүү бяр хүчтэй зоригтой дайчин эр болно, охин төрвөл ухаалаг, сэргэлэн, халамжтай бүсгүй болж өснө хэмээн билгэшээдэг. Монгол түмний үлгэр домог, ардын дуу мөн өдөр тутмын ердийн харилцаа хэл яриазүйд луутай холбогдол бүхий олон үг, зүйрлэл, өвөрмөц хэллэг бий болжээ. Жишээ нь: хөх усан луун хээ, луут багана, луу жил, луу сар, луу өдөр, луу цаг бас луун нүд, луун хүжин зэрэг жимс модлог ургамалын нэр түүнчлэн луу унжих, луу данстай гэх мэт хэллэг бий болж уламжлагдан ирсэн. Хожим нь Монголыг хоёр зуугаад жил эрхшээсэн Манж Чин улсын засаглал монголчуудын луу шүтэх эрхийг бүдэгрүүлэн боймлон хааж, түүгээр ч үл барам лууг дүрсэлсэн шашин, урлаг соёл, гэр ахуйн хэрэглээний эд өлгийн зүйлсийг хүртэл хураан авч хэрэглэхийг хорьж байсан тухай түүхийн сурвалжуудад дурдсан байдаг.
-Нэгэн цагт түүхийн бичээсээс уншдаг байсан Луут хотын туурийг өнөөдөр нээчихлээ. Тэгвэл цаашид хэрхэн авч явах ёстой бол. Та судлаачийн хувиар хэрхэн хардаг вэ?
-Цаашдаа Хүннү гүрний нийслэл Луут хотын нэгэнтээ олж нээсэн туурийн археологийн малталт, судалгаа шинжилгээний явцад Лун Чэн нь маш гоёмсог чимэглэл хийцтэй орд харш, лууны тахилгын сүм бүхий тансаг сайхан хот байсныг нотлох баримтын эд агуурс хэрэглэгдэхүүн олноор илрэх нь дамжиггүй. Тиймээс эхний ээлжид Хүннү гүрний нийслэл Луут хотын байршлыг олсон нээлтийг Улаанбаатарын Их сургуулийн эрдэм шинжилгээ судалгааны оюуны бүтээл болгон өмчлүүлэх эрхзүйн шийдвэр гаргаж баталгаажуулах хэрэгтэй. Мөн “Луут хот судлал”-ын эрдэм шинжилгээ, судалгааны төв байгуулж, түүний дэргэд археологийн нэн үнэт ховор олдвор хэрэглэгдэхүүнүүдийг найдвартай чандлан хадгалж хамгаалах агуулах, сэргээн засах зориулалтын байртай болгож, археологийн малталтын нүсэр ажлыг болон тус сургуулийн археологийн лабораторийг орчин үеийн дэвшилтэт техник технологи, багаж хэрэгсэл, аж ахуйн бусад шаардагдах зүйлсээр хангах арга хэмжээ авах ёстой.
Археологийн шинжлэх ухааны нарийн дүрэм дэг журам, төлөвлөгөө горимын дагуу Луут хотын туурийн малталт, судалгаа дууссаны дараа тэнд нь “Луут хот”-ын музей байгуулах байх. Түүгээр дамжин Олон улсын түүхэн аялал, жуулчлалын “Хүннү гүрний нийслэл Луут хот-Уйгарын Хар балгас-Их Эзэнт гүрний нийслэл Хар Хүрэм-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот” гэсэн нэгэн шинэ чиглэлийг бий болгож, Орхон голын бүс нутгийн түүхийн дурсгалт газруудыг бүхэлд нь хамарсан иж бүрэн цогцолбор бүтээн байгуулалт өрнүүлэх боломж нөхцөл байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 8 )
Хятад ханз бгаа бол хятад, хятадын түүхэн сурвалжид бичсэнийг харахаар хятад уу монголуу.
Өнгөрсөн түүхийг өнөөдрөрөөр сэтгэн төсөөлж бичиж,тайлварлж таарахгүй ээ гэдгийг хэлэх байна.Бид чинл 1000 жилийн түүхтэй босоо бичигтэй тэнгэр зайтай ч гэх шиг бичдэгч 800 гаруйхан жилийн өмнө байуллуулсан гэхих монгол улс ын төр яагаад босоо бигээрээ албан хэргээ явуулж байсан бичиж үлдээсэн түүхэн баримт бий юу?сонгодог утгаараа төр байж чандсан уу? гэж эргэлзэхэд өөрийн эрхгйү хүргэдэг. Үнэхээр босоо монгол бичиг 1000 жил хэргэлж байсан бол дор хаяж 200-д жилийг туулсан бичиг үсэг тэр хэрээр л боловсорч хэлвэржсэн бичиг байна биздээ?
Хятадын түүхчидийг бичиж үлдээсэн түүхэн баримтын бодит баталгаа болох ”Луут хот”-ын туйрыг олдсон нь цааш хийх судалгаа шинжилгээний суурь үнэт зүйл мөн.Гэхдээ бид түүхийг өөрийн бодол, төсөөлөл, өнөөдрийн улс төр нийгмийн үзэгдэлд нийцүүлэх гэх мэт, мөрөөдөлд хавтаж түүхийг гуйвуулж тайлбарлаж болохгүй.Архилогийн олдвор түүх шашдарт тэмдэглэн үлдсан баримтад тулгуурлж цааш судлах нь чухал. Их монголын импер гэх үед сонгодог төрт улс байсан уу? төрийн хэргээ ямар бичгээр явуулж байв гээд бүхэг. ”луут хот” гэж яагаад ханзаар бичсэн...???
Манжийн дарлалаас өмнө луу шүтдэг байсан нь маргаангүй юм билээ, хятадууд монголын бас манжийн дарлалд байх үеэс эхэлж луу шүтлэгийг зээлж авсан, мөн эрдэнэбаатар археологичийн хэлсэнээр луу бар хоёрын тулааныг дүхсэлсэн хятадын нэг бүжиг байдаг даа хэрвээ санаж байгаа бол барс нь лууг дийлж байгаагаар төгсдөг юм билээ шүү. Луу болон барыг дүрсэлсэн бөмбөр нүдсэн багтай жүжиг байдаг шүү дээ. Түүнийг сайн харөарай
Хятадууд лууг шүтдэг, Луут хот гэдгийг хятад ханзаар бичсэн эд өлгийн баримтыг үндэслэн тогтоогоод байдаг. Харин энэ чинь л маргааны эх үүсвэр олон тайлбарыг шаардах байхдаа.
Mongolchuud khukh tengeree\n, uul usaa l shutej amidarch irsen. Khudal ikh medekh khereggui. Bur khyatadiin neg kheseg baisan gee.
Монголчууд лууг хэзээ ч шүтэж байгаагүй ээ