Н.Алтанхуяг: Сайд нар "шинэков”-доод байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 27

УИХ-ын чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл (Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ төсөлд будаа, ургамлын тос, өвс, тэжээлийг гаалийн татвараас чөлөөлөх тухай тусгасан юм. Өмнө нь уг хуулийн төслийг  Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн билээ. Ингээд уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцээд, 64 хувь нь дэмжив. 

Энэ үеэр УИХ-ын гишүүдийн илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.


УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Бидний баталж байгаа хууль ард түмэнд хүрэх ёстой. Өөрөөр хэлбэл, гурил будаа, ургамлын тос ямар үнээр хүрэх вэ гэдэг нь чухал. Бид төсвийн орлогоос 39 тэрбум төгрөг хасаад, эдгээр компанид хөнгөлөлт өгч байгаа. Нийт 16,5 хувийн хөнгөлөлт эдэлж, нэг бараа хамгийн багадаа 16 хувиар бага үнээр хэрэглэгчид очих ёстой ч хөнгөлүүлж авчихаад үнээ буулгадаггүй. Шатахуун хүртэл дэлхийн зах зээл дээр буугаад байхад манайд буудаггүй. Та компаниудын төлөөллийг яаман дээр авчраад, ам өчиг аваад, тодорхой хэлцэл хий. Тэгэхгүй бол наад нөхдүүд чинь үнээ бууруулахгүй, наад нөхдүүдийн чинь халаасанд л орно гэсэн үг.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

-Хөнгөлөлтөд 80 орчим компани хамрагдах юм байна. Өмнө нь бодлогын гэрээ байгуулж байсан туршлага бий. Гол нэрийн барааны үнэ өсгөхгүй, хүнсний нөөц бүрдүүлэх тал дээр шахаж ажиллана.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяаг:

-Нийтдээ 70 мянган тонн улаанбуудайн хэрэгцээ үүссэн гэж сонслоо. Тэр утгаараа 150 мянган тонн улаанбуудайг Гааль, НӨАТ-аас чөлөөлж авахаар болж байгаа юм байна. Энэ жил улаанбуудайн ургац авч чадаагүй. Хүнд хэцүү цагт Гааль, НӨАТ-аас чөлөөлөөд явдаг ч КОВИД-19-ийн үед энэ нь үр ашигтай биш. Сая Ч.Хүрэлбаатар сайд ярьж байна. Нийтдээ 400 мянган тонн улаанбуудайн нөөц дотоодод байгаа, 150 мянган тонн улаанбуудай гаднаас орж ирнэ” гэж. Үүнийг НӨАТ-тайч, НӨАТ-гүй гэж ялгах боломж байхгүй. КОВИД-19-өөр далимдуулаад 80 компанид 50 сая төгрөгийн ашиг хийгээд өгчихлөө. Манай гишүүд буруу зүйл яриад байдаггүй. Гүйцэтгэл дээр асуудал байна. Хэн хэдэн тэрбум төгрөгийн тендерт ялж, ямар тоног төхөөрөмж оруулж ирэх вэ гэдэг дээр алаан болж байна. Нийтдээ 18 тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж ажиллахгүй байна гэхээр гол харлаж байна. КОВИД-оор далимдуулж хулгай хийдэг хэдэн компани ашиг олоод дуусах юм уу, сайд нар "шинэков”-доод байна. Цаагуур чинь аймаар сүлжээтэй хүмүүс аймаар юм аа хийгээд байна.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

-Таны саналыг дэмжиж байна. Дотоодод нөөцөлсөн улаанбуудай НӨАТ-гүй байгаа. Тиймээс гаднаас оруулж ирж байгаа улаанбуудайг НӨАТ-гүй оруулж ирэхгүй бол болохгүй. Өмнө нь бодлогын гэрээ байгуулж байсан туршлага бий. Энэ туршлага дээр үндэслээд гэрээ байгуулаад явна.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив. Үүгээр УИХ-ын чуулган өндөрлөв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top