Шилэн дансанд өдөр тутам аудит хийдэг нэгж байгуулах хэрэгтэй гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 27

Үндэсний аудитын газрын “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайлан”-г Төсвийн байнгын хорооны хуралдаанаар сонссон байна. Тус аудитад улсын төсвийн 32 төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрт хамаарах 266 байгууллага, аймаг нийслэлийн 22 төслийн ерөнхийлөн захирагч, тэдгээрт хамаарах 4087 байгууллага буюу нийт 4352 байгууллагыг түүвэрлэн шилэн дансны нэгдсэн системд байршуулсан мэдээллийг төсөв, санхүүгийн холбогдох баримт, нотлох зүйлстэй тулган шалгах горимыг хэрэгжүүлжээ. Бусад 1458 байгууллага, аж ахуйн нэгжийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн дотоод хяналтын дүн мэдээ болон шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулсан мэдээлэлд үндэслэн гүйцэтгэжээ.

Шилэн дансны тухай хуулийн үйлчлэлд төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд; төрийн өмчит үйлдвэрийн газар; хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани; улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага; төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч иргэн, аж ахуйн нэгжүүд хамаардаг юм. Шилэн дансанд нийт 37 төрлийн мэдээлэл тавигддаг, үүнээс 8 төрлийн мэдээлэл нь жилд 1 удаа, гурван төрлийн мэдээллийг хагас жил тутам, 11 төрлийн мэдээлэл нь улирал, сар тутам тавигддаг байна. Харин 7 хоног тутам байршуулах ёстой 9 төрлийн мэдээлэл байдаг байна.

 Шилэн дансанд бүртгэлтэй 7944 байгууллага, хуулийн этгээд байдаг ба 5811 нь төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгаа гэв. Аудитад 6463-ыг нь хамруулжээ.

Хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ 54.5 хувьтай хэрэгжүүлсэн, баг, хороо, иргэдийн нийтийн хурлаас хяналтыг хэрэгжүүлэхгүй байна хэмээн аудитын дүгнэлтэд дурджээ. Төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод хяналтыг хэрэгжүүлэх нэгдсэн арга зүйн зохицуулалтгүйгээс дотоод хяналтын үр нөлөө төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр, өөр өөр, жигд бус, зарим тохиолдолд хангалтгүй ажиллаж байна гэж дүгнэжээ.

 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр улс, орон нутаг, төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил үйлчилгээ гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд шилэн дансны нэгдсэн цахим хуудаст бүрэн хамрагдаагүй, хуульд заасан мэдээллийг мэдээлээгүй нь санхүүжилт олгосон байгууллагаас хяналт тавих, хариуцлага хүлээлгэх зохицуулалтгүйтэй холбоотой гэв.

Байгууллагуудын цахим хуудас дахь мэдээлэл байршуулах цэс нь зөрүүтэй үүсгэгдсэн зөрчилтэйгөөс үүдэн мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх, ач холбогдолтой байх шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна гэж дүгнэсэн байна.

Шилэн дансны нэгдсэн цахим хуудасны мэдээлэл байршуулах хандалтын системийг санхүү, төрийн сан, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны болон хуулийн үйлчлэлд хамрагдаж буй байгууллагуудын санхүүгийн болон дотооддоо хөтөлж буй программ хангамжтай холбох замаар мэдээлэл байршуулах үйл ажиллагааг албан тушаалтнаас хамааралгүй байдлаар зохион байгуулах шаардлагатай гэлээ.

Иргэд олон нийт шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулсан мэдээлэлтэй танилцаж, мэдээлэл авч, төрийн байгууллага, албан тушаалтанд холбогдох мэдээллийн зөрчлийг засуулахаар шаардлага гаргадаг байдал өссөн байна. Энэ нь иргэний хяналт сайжирсан эерэг үзүүлэлт боловч нөгөө талаас иргэний зүгээс тавих хяналтыг Шилэн дансны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасантай нийцүүлж хэрэгжүүлэх, улмаар хэвшүүлэх шаардлагатай гэжээ.

2019 оны байдлаар улсын төсвийн төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрт хамаарах байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 91.5 хувьтай буюу өмнөх оноос 4.8 хувиар өссөн байна. Аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчид, тэдгээрт хамаарах байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 87.9 хувьтай буюу өмнөх оноос 1.7 хувиар өссөн байна.

Түүнчлэн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайдад тус бүр 3 зөвлөмжийг өгсөн гэв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 154 дүгээр захирамжаар байгуулсан Шилэн дансны тухай хууль болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх; Энэхүү  тайлангийн  хавсралт 2-т тусгасан  өмнөх  аудитуудаар  өгөгдсөн зөвлөмжийн дагуу холбогдох хууль, журмыг боловсронгуй болгох арга хэмжээ авах; төсвийн ерөнхийлөн захирагчдад холбогдох мэдээллийг шилэн дансны нэгдсэн цахим хуудаст хуульд заасан хугацаанд иж бүрэн мэдээлдэг байх чиглэл зөвлөмж хүргүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулах зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхий сайдад өгсөн байна. Харин Сангийн сайдад, Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2018 оны А/210 дугаар тушаалаар байгуулсан “Шилэн дансны  цахим  хуудсанд  тавих  мэдээллийн  агуулга,  нийтлэг  стандартыг тогтоох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах Дэд ажлын хэсэгт энэхүү тайлангийн 2 дугаар хавсралтад тусгасан зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэл өгч, биелэлтийг хангуулах; шилэн дансны нэгдсэн цахим хуудаст  мэдээлэл  ил  тод  байршуулах  хуулийн  хугацааг  хянах  боломжтой байдлаар системийн хөгжүүлэлтийг боловсронгуй болгох; шилэн дансны нэгдсэн цахим хуудас дахь татан буугдсан, давхар цэс үүсгэгдсэнбайгууллагуудын нэгдсэн судалгааг гарган  холбогдох цэс дэх мэдээллийг тухай бүр шинэчилж ажиллах гэсэн 3 зөвлөмжийг хүргүүлжээ. Түүнчлэн цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай 8 арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Аудитын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Ж.Батжаргал, Б.Жавхлан нар асуулт асууж, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт авав. Аудитын тайлан, зөвлөмжийн дагуу арга хэмжээ авах, хариуцлага тооцох асуудал хангалтгүй байгааг анхаарч, холбогдох хууль, тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Өнөөдрийн танилцуулж буй тайланд шилэн данс хөтлөлтийн үйл явцад аудит хийсэн, харин тэнд дурдагдсан зөрчил, түүнийг арилгах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэх зэргийн талаарх мэдээлэл байхгүй байгааг шүүмжиллээ. Цаашдаа шилэн дансанд жилд нэг удаа аудит хийх биш, өдөр тутам гүйцэтгэлийн аудит хийдэг нэгж байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа Байнгын хорооны дарга хэлэв. Батлагдсан төсөв, орон тооныхоо хүрээнд зохион байгуулалтын энэ ажлыг яаралтай хийх нь зүйтэй гэлээ. Шаардлагатай бол энэхүү тайлантай холбогдуулан Байнгын хорооны тогтоол гаргах бөгөөд холбогдох талууд төслийг хамтран боловсруулахыг хуралдааны тэмдэглэлээр үүрэг болгов. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top