Коронавирусийн халдварын тархалтыг хумихын тулд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хатуу хөл хориотой зэрэгцэн эдийн засгийн тогтвортой байдал, иргэдийн амьжиргааг хэрхэн яаж хамгаалах вэ.
Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох хувийн хэвшлээ, бизнес эрхлэгчдээ цар тахлын шуурганд алдахгүйн тулд төрөөс ямар шийдвэрүүд гаргах хэрэгтэй вэ гэхчлэн анхаарал татсан асуултууд хариулт нэхэж байгаа билээ.
Хууль батлагчид Төсвийн тухай хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 15-ны өдөрт амжиж ирэх оны төсвийг баталсан. Харин Ерөнхийлөгч арваннэгдүгээр сарын 25-ны өдөр 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавих шийдвэрийг гаргаад байна.
Нийгмийн бүхий л салбарт эрсдэл үүсгэсэн цар тахлыг хумих үйл явцтай зэрэгцэн эдийн засагт үүсээд буй асуудлуудад шийдэл, гарц чухал байгаа энэ үед улс төрийн түвшинд үйл явц ийнхүү үргэлжилж байна.
Цар тахлын аюулаас нийгмийн эрүүл мэнд болон эдийн засгаа хамтад нь хохирол багатай авч гарахын тулд анхаарах асуудлууд юу вэ гэдгийг эрэлхийлэх үүднээс эдийн засгийн доктор, профессоруудын байрь суурийг тодруулснаа хүргэе.
МУИС-ийн Эдийн засгийн тэнхмийн Профессор, Доктор С.Даваасүрэн:
ХАТУУ ХӨЛ ХОРИОГ ЦААШИД ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЭДИЙН ЗАСГИЙН ОРОН ЗАЙ ТУН ХҮНД
-Ерөнхийлөгч коронавирусний эрсдэлээс иргэдийн амьжиргааг хамгаалахын тулд өрх бүрд 1 сая төгрөгтэй дүйх дэмжлэг үзүүлэх санал гаргасан. Ийм хэлбэрийн дэмжлэг үзүүлэх орон зай эдийн засагт байгаа юу. Ийм арга хэмжээ авах нь эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Тоон мэдээнээс улсын төсвийн алдагдал 3.2 их наяд болж, төсвийн орлого тасалдалтай байна. Сүүлийн улиралд ДНБ 7.3 хувиар буурсан, тэр дундаа эдийн засгийн тулгуур хүч болсон уул уурхайн салбар 20 хувийн уналттай байна. Төсвийн зардал цаашид ч улам нэмэгдэхээр байгаа нь, дээр нь ковидтой холбоотойгоор хилийн боомтуудын үйл ажиллагаанд тасалдал үүсвэл нөхцөл байдал амаргүй болох эрсдэл байна. Цар тахлын үед дэлхийн улс орнууд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын сацуу эдийн засгаа хэт агшиж унахаас сэргийлсэн төсөв мөнгөний зөөлөн, тэлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа нь үнэн. Гэхдээ манай улсын хүн амын 70 хувь нь ямар нэг нийгмийн халамжийн үйлчилгээ хүртдэг, түүгээрээ Ази тивдээ тэргүүлж байна. Цар тахлын нөлөөгөөр энэ оны дөрөвдүгээр сараас Засгийн газар халамжийн хэт тэлсэн арга хэмжээг хэрэгжүүлсэн. Нөхцөл байдал амаргүй боллоо, төсөвтөө тодотгол хийх бодит нөхцөл, шаардлага бий болсныг хэлсэн ч арга хэмжээ аваагүй, сонгуулийн дараа 4.8 их наядын алдагдалтай төсвийн тодотголыг баталсан. Тодотгол хийх үед оны эхний хагас жилийн төсвийн алдагдал аль хэдийнээ 2.2 их наядад хүрсэн байсан.
Энэ онд төдийгүй, ирэх 2021 онд ч эдийн засаг, санхүүгийн байдал хүндрэхээр байна. Цар тахлыг дотооддоо алдсан, хатуу хөл хорио тогтоосон өнөөгийн нөхцөл байдлаас ирэх оны төсвийг эргэн харах, төсвийн зарцуулалтаа ач холбогдлоор нь эрэмбэлэх шаардлага дахиад бий боллоо гэж үзэж байна.
Ерөнхийлөгчийн санал болгож буй өрх бүрд олгох 1 сая төгрөгийн дэмжлэгийн орон зай эдийн засагт байна уу гэж та асуулаа. ҮСХ-ны мэдээгээр манайх 898 мянган өрхтэй, өрх бүрд 1 сая төгрөгийн дэмжлэг өгвөл 898 тэрбум төгрөг зарцуулна. Энэ оны дөрөвдүгээр сараас хүүхэд бүрд сар бүр 100 мянган төгрөгийн дэмжлэг өгч байгаа. Тус дэмжлэгийг 1.2 сая орчим хүүхдэд 2021 оны долоодугаар сар хүртэл 15 сарын хугацаанд өгнө гэвэл 1.8 их наяд төгрөг болно. Зөвхөн хүүхдийн мөнгө гэлтгүй нийгмийн халамжийн бусад олон үйлчилгээг төсвөөс санхүүжүүлж байгаа ...
Төрийн хэрэгжүүлж буй аливаа бодлого нь тэгш, шударга байдлыг хангах эсвэл үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх гэсэн зарчимд суурилдаг. Хэрэгжүүлж буй арга хэмжээнээс ийм зарчим олж харахгүй байна, гал гарвал очиж унтраадаг, гал гарсан учраас унтраахаас өөр арга байхгүй гэдэг байдлаар, тийм тайлбартайгаар ажиллаад байна.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хавтгайрсан нийгмийн халамж гүнзгийрсээр байгаа нь санаа зовоох асуудал томоохон асуудал боллоо. Хавтгайрсан нийгмийн халамжийн үйлчилгээ гүнзгийрэхийн хэрээр иргэдийн ажил хийх сонирхол улам бүр багассан. Гэтэл эдийн засгаа аврахын тулд нэг талаас бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг нийлүүлж байдаг, нөгөө талаас цалин орлогоор иргэдийн амьжиргааг дэмждэг чухал зах зээл болох хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах хэрэгтэй.
Хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч маш чухал. Гэтэл ажиллах хүчний оролцооны түвшин сүүлийн жилүүдэд буурсаар байна. 1990 оны эхэнд 76 хувьтай байсан тус үзүүлэлт, 2000 оны эхэн үед 66 хувьд хүрч 10 пунктээр буурсан бол одоо 60 хүрэхгүй хувьтай байна. Өөрөөр хэлбэл 100 хүний 60 нь ажил хийгээд, үлдсэн 40 нь ажил хийх сонирхолгүй болсон гэсэн үг. Тэр дундаа эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин дөнгөж 50 гаруйхан хувьтай байна.
Дээр нь манай улсын хүн амын өсөлт харьцангуй жигд өсөлттэйг бид мэднэ. Үүнтэй холбоотой өрхийн тоо 10 жилд дунджаар 100 гаруй мянгаар нэмэгддэг байснаа 2005 онд 600 гаруй мянга байсан өрхийн тоо 2015 онд 860 мянгад хүрч даруй 250 мянгаар өрхөөр огцом нэмэгдсэн нь 2008 оноос өрх гэр рүү чиглэсэн нийгмийн халамж хавтгайрсантай холбоотой байна.
Хавтгайрсан нийгмийн халамжийн үйлчилгээ гүнзгийрэхийн хэрээр ажил хийх сонирхолтой иргэдийн тоо улам багасаж, нийгмийн халамжийн үйлчилгээг хүртэх гэсэн өрхийн тоо огцом өссөнийг тоо бэлхнээ хэлж байна.
-Цар тахлын энэ үед Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн арга хэмжээг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Засгийн газар хэрхэн ажиллаж байгааг УОК-ийн үйл ажиллагаанд иргэд үнэлэлт дүгнэлт өгч байгаа гэж бодож байна. Нэг л жишээ хэлье! Хоёрхон сарын өмнө “Алсын хараа -2050” –ийн эхлэл гээд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулахдаа цар тахлын үед ажиллах төлөвлөгөө байгаа хэмээн хэлж байсан. Цар тахлыг дотооддоо алдаж халдвар тархсаны дараа чухам ямар төлөвлөгөөний дагуу яаж ажиллаж байгаагаа хэлэхгүй, өдөр тутмын мэдээлэл хүргэж, түүнд хийсэн хариу үйлдэл, арга хэмжээг тайлагнах болсон. Цар тахалд өртсөн дэлхийн олон орнууд өнгөрсөн хугацаанд бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулан, түүнийхээ дагуу ажиллаж эхлээд байгаа. Тухайлбал, Англи, Герман зэрэг улсуудыг нэрлэж болно.
Манай улсын нийт ажиллагсдын тоо 1.2 сая орчим бөгөөд тэдний 680 орчим мянга нь үйлчилгээний салбарт ажилладаг. Нийт ажиллагсдын 58 хувь нь үйлчилгээний салбарт, үлдсэн 42 хувийн 22 нь ХАА, 20 хувь нь үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна. Хатуу хөл хорионы үед бизнесийн үйл ажиллагаа хумигдаж, энэ хэмжээгээр нийгмийн халамжийн үйлчилгээнээс ангид, цалин орлогоороо амьжиргаагаа авч явдаг иргэдийн амьдрал илүү нэрвэгдэж байна.
-Цаашид хатуу хөл хориог энэ байдлаар сунгаж хэрэгжүүлбэл эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах боломж, орон зай байгаа вэ?
-Та эдийн засгийн орон зайн тухай асуусан. Хатуу хөл хориог цаашид үргэлжлүүлэх эдийн засгийн орон зай тун хүнд. Ирэх оны эхний улирлаас улсын сан хөмрөг төдийгүй, банк санхүүгийн салбар ч хүндэрнэ. Хавтгайруулсан нийгмийн халамж гүнзгийрүүлэхийн хэрээр бид мөддөө гарч чадахааргүй балчиг намагт шигдэхээр байна. Энэ нь бидний хувьд эрүүл мэндийн цар тахлаас дутахааргүй ахуй амьдралын тахалд унагахыг үгүйсгэхгүй...
МУИС-ийн Дэд профессор, Судлаач Б.Соёлмаа:
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРГАСАН ӨРХ БҮРД НЭГ САЯ ТӨГРӨГ ӨГӨХ САНАЛЫН ҮНДЭСЛЭЛ ТОДОРХОЙГҮЙ
-Ерөнхийлөгч коронавирусний эрсдэлээс иргэдийн амьжиргааг хамгаалахын тулд өрх бүрд 1 сая төгрөгтэй дүйх дэмжлэг үзүүлэх санал гаргасан. Ийм хэлбэрийн дэмжлэг үзүүлэх орон зай эдийн засагт байгаа юу. Ийм арга хэмжээ авах нь эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Энэ оны төсвийн алдагдал хэдийнээ маш их байгаа. Өнөөдөр Засгийн газрын хувьд зарлагаа маш сайн тооцоолж, нэг төгрөгийг ч үр ашигтай зарцуулах дээр анхаарах хэрэгтэй үе. Энэ оны төсвийн зарлагын нэг төгрөгний өгөөж урьд онуудаас өндөр өгөөжэй байх ёстой. Төсвөөс санхүүжиж буй аливаа төсөл, үйл ажиллагаа татвар төлөгч Монгол Улсын иргэдэд ойлгомжтой байх ёстой. Татвар төлөгч бид төлсөн татварын мөнгө маань хэр үр өгөөжтэй зарцуулагдаж буйг мэддэг, энэ мэдээлэл нь ил тод байх ёстой. Тухайлбал хүн ам цөөтэй сумуудад спорт цогцолбор, соёлын төвийн барилга барихыг би хувьдаа цар тахлын эрсдэл өндөртэй, төсвийн алдагдал ихтэй байгаа өнөөдрийн хувьд байтугай ердийн үед ч шаардлагагүй, үр ашиггүй ажил гэж дүгнэнэ. Эдгээр барилгад зориулж төсөв баталсан хүмүүс уг нь энэхүү ажил нь үнэхээр үр өгөөжэй бол тэр тухайгаа ойлгомжтой байдлаар ил тод тайлан судалгааг гаргах ёстой. Татвар төлөгчид үүнийг мэдэж байх эрхтэй. Төсвийг тодорхой, ойлгомжтой зардал үр ашгийн судалгаатай гаргаагүйгээс үүдэж ерөнхийлөгчийн зүгээс хориг тавих шалтгаан гарч байна шүү дээ.
Үүн дээр нэмээд цар тахлын улмаас эдийн засаг, эрүүл мэндийн асар их хохирол учруулах нөхцөл байдал бодитой нүүрлэсэн энэ үед үүнтэй холбоотой зардал тусгагдаагүй байгаа нь бас гайхаш төрүүлж байна. Хэрэв судалгаа шинжилгээтэй асуудалд ханддаг бол энэ цар тахлын эрсдэлтэй холбоотой зардлыг 2021 оны төсөвт суулгалгүйгээр өөр ямар эх үүсвэрээс хэрхэн яаж санхүүжүүлэх гэж буй талаар бид тодорхой мэдээлэлтэй сууж байх байсан биз.
Нөгөө талаас Ерөнхийлөгчийн өөрийнх нь гаргасан өрх бүрд нэг сая төгрөг өгөх саналын үндэслэл бас тодорхойгүй. Энэ саналын хувьд Засгийн газар болон Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийг дэмжих бодлогууд дээр нэмээд ийм арга хэмжээ авах нь яагаад хэрэгтэй байгаа үндэслэл нь тодорхойгүй байна. Харин хөл хорио тавигдаад эдийн засгийн үйл ажиллагаа хэр хурдан эргэж сэргэх нь үү? Засгийн газар болон Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлогын нөлөө хэр байхыг харж байж ерөнхийлөгч өөрийн байр сууриа тооцоо судалгаан дээр үндэслэн илэрхийлэх нь илүү оновчтой болов уу.
Санал болгосон дэмжлэгийн хувьд эдийн засгийн талаасаа бүх өрхүүдэд гэж хэрэгжүүлэх нь үр ашиггүй. Хэрэгжлээ гэхэд зорилтот бүлэгт чиглэсэн байх нь илүү оновчтой. Гэхдээ энэ тал дээр Засгийн газар бодлогоо хэрэгжүүлж байгаа. Мөн өмнө нь хэрэгжсээр ирсэн халамжийн хөтөлбөрүүд явсаар байгаа. Тиймээс нэгэнтээ маш их алдагдалтай байгаа төсөвт ачаалал нэмэх нь одоохондоо шаардлагагүй байх.
-Засгийн газраас энэ цаг үед авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн арга хэмжээг та юу гэж дүгнэж байна вэ?
-Хүүхдийн мөнгийг нийтээр нь олгох нь үр ашиггүй. Зорилтот бүлэгт чиглэвэл зүгээр. Зорилтот бүлэг гэдэг нь яг өнөөдөр тэр мөнгөө аваад тэр дор нь эдийн засгийн эргэлтэнд оруулах тэр хүмүүс гэсэн үг. Тэгэхээр орлогогүй болон орлого багатай өрхүүд л энэ талаасаа тохиромжтой бүлэг. Нөгөө талаасаа энэ өрхүүдийн санхүү хөл хорионд хамгийн их муудаж байгаа учраас тохиромжтой зорилтот бүлэг. Харин хүүхдийн мөнгийг аваад хадгаламж болгодог орлого сайтай өрхүүдийн хувьд яг өнөөдрийн нөхцөл байдалд тохиромжгүй бүлэг бөгөөд бодлогын зорилгыг сулруулж байгаа юм.
Бусад төрлийн бизнесийг дэмжих үйл ажиллагаанууд бол хөл хорионы үед болон тавигдсаны дараа хэр нөлөөтэй байхыг харж байгаад аль болох бизнесийн үйл ажиллагааг хурдан сэргээх, хөдөлмөрийн зах зээлийг дэмжсэн арга хэмжээг авах хэрэгтэй болов уу.
-Цаашид хатуу хөл хориог энэ байдлаар сунгаж үргэлжлүүлвэл эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах боломж байгаа вэ?
-Хөл хориог хурдан сулруулах аргыг л шуурхай хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Маш олноор нь оношилгоог өргөн хүрээгээр хийж, тархварыг судалж, тусгаарлах (testing-contact tracing-isolation) гэсэн ажлыг хурдан үр дүнтэй хийснээр хөл хориог сулруулж болно гэдгийг эрүүл мэндийн салбарын эрдэмтэд зөвлөж байгаа юм билээ. Одоогоор амжилттай тархалтыг зогсоож эдийн засгаа хөдөлгөж чадсан улсуудын (Тайвань, Өмнөд Солонгос, Сингапур, Шинэ зеланд) хэрэгжүүлсэн гол стратеги нь энэ юм байна. “Оном” сангийн эрдэмтэд хэрхэн хурдан халдварын тархалтыг зогсоох талаарх дэлгэрэнгүй төлөвлөгөөг УОК-т хүргүүлсэн байсан. Уг санал болгосон төлөвлөгөөнд мөн энэ стратегийг хэрхэн хэрэгжүүлэх талаар маш дэлгэрэнгүй шат дараалалтай дурдсан байна. Хувийн лабораториуд оношлуур хийх зөвшөөрлыг олгож зах зээлийн системээр энэ асуудлыг шийдэх нь оновчтой байх. Оношилгооны зардал ч бага тусах боломжтой болно.
Хөл хорио удаан үргэлжилбэл бизнесийн байгууллагад хэрхэн нөлөөлөх судалгааг худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан байсан. Уг судалгаанд хамрагдсан байгууллагууд хатуу дэглэмийн хөл хорио он дуустал, улмаар 2021 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилбэл хэдий хэмжээний ажлын байр цөөлөх тухай тооцоо гарсан байна. Хөл хориог үргэлжлүүлэх тохиолдолд одоо үргэлжлүүлж буй бодлого дээрээ нэмээд аль болох ажлын байрыг хадгалах бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай болох байх.