Өчигдөр буюу энэ сарын 3-наас эхлэн “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшний үнийг тавин хувиар бууруулан борлуулж эхэллээ. Бид энэ талаар тус компанийн Бодлого төлөвлөлт, борлуулалт хариуцсан захирал Г.Ундармаагаас тодрууллаа.
-Танай компанийн үйлдвэрлэдэг сайжруулсан түлшний үнэ тавин хувиар буурлаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Засгийн газраас тогтоол гаргаад манай түлшний зах зээлийн үнийг тавин хувиар бууруулахаар болсон. Тиймээс уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавиад өнөөдөр/өчигдөр/ нийт 685 борлуулалтын цэг дээр 150 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Эдгээр борлуулалтын цэгүүдэд хуучин буюу нэг тонныг нь 150 мянган төгрөгөөр худалдан авсан түлш хэд байгааг тоолоод дахин тэр тооны түлшийг нэмж олгохоор ажиллаж байна. Өнөөдөр/өчигдөр/ 14:00 цаг гэхэд энэ ажил бүрэн дуусаж, борлуулалт хэвийн явагдана.
-Хямдруулсан үнэ тонн тутамд уу, эсвэл ширхэгийн үнэд ч хамаатай юу?
-Ширхэгийн үнэд ч гэсэн хамаатай. Нэг үгээр сайжруулсан түлшний нэг тонныг 75 мянга, нэг шуудайг нь 1875 төгрөгөөр зарна. Харин аж ахуйн нэгжийн худалдан авалт хуучин үнээрээ, зөвхөн иргэд буюу долоо хоногт зургаан шуудайг авахад нь энэ хямдрал үйлчлэнэ. Энэ ажил дээр манай компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын ажилтнууд долоо хоногийн туршид борлуулалтын цэгүүдэд хяналт тавьж ажиллана.
-Хяналтын ажилчид хөл хорионы үеэр ажиллах боломжтой юу?
-Ямар ч байсан амны хаалт, бээлийгээ өмсөөд тухайн цэг дээрээ Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаар болсон. Нэг цэг дээр нэг хүн ажиллана. Хүмүүстэй зайнаас харьцах, халдвар, хамгаалалтын дэглэмийг чанд мөрдөх заавар зөвлөгөөгөөг өгч байгаа. Мөн карт уншилт дэр хяналт тавих юм.
-Иргэдийн худалдан авалтын тоог нэмэхгүй юу?
-Нэмэхгүй. Иргэд маань долоо хоногт зургаан шуудайг авч байснаараа авна гэсэн үг. Харин үнийг нь тавин хувиар бууруулж байгаа юм.
-Тавин хувиар үнийг бууруулчихаар танай компанид ашигтай ажиллах боломж бий юу?
-Манайх чинь төрийн өмчит компани учраас Засгийн газраас тодорхой хэмжээнд татаас хэлбэрээр манай орлогыг нөхөн төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах байх гэж бодож байна. Түүнээс биш компанийн хувьд хэвийн, ашигтай ажиллах боломжгүй.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ юун ундармаа вэ, арай нөгөө банкны нөхөр биш байгаа сая суллагддаг, шагналаар энд тэнд захирал тавьсан байж чадна шүү МАН ыхан