"Эрдэнэт"-ээс 100 тэрбумыг авч, модон жорлонгуудыг шинэчилнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 06

Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр чих сортойлгосон нэгэн үйл явдал болов.

УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилгаар сургууль, цэцэрлэг, дотуур байрны модон жорлонг шинэчлэхээр болж, энэ ажлыг хийхийн тулд “Эрдэнэт” үйлдвэрээс 100 тэрбум төгрөг авахаар тохиролцжээ. Гэхдээ энэ зардлыг төсөвт суулгаагүй, тогтоол хэлбэрээр УИХ-аар батлуулахаар оруулж ирсэн юм. 

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбоотой авах арга хэмжээний тухай тогтоолын төсөлд жорлон шинэчлэх 100 тэрбум төгрөгийг тусгажээ. Энэ хүрээнд УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилгаар 819 сургууль цэцэцэрлэг, дотуур байрны модон жорлонг янзлах ба нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэт” үйлдвэр санхүүжилтыг шийдэж, 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажээ. 

Гэтэл зарим сум дэд бүтэцтэй холбогдоогүй байдаг учир боловсон жорлон байгуулж өгөөд ч ажил болдоггүй талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тайлбарлаж байлаа. Тэрбээр таван жилийн өмнө Дэлхийн зөн, Мобиком, “Одтой сан”-тай хамтарч боловсон жорлонтой болох ажилд анхаарсан ч тухайн сум нь дэд бүтэцгүй учир барьж босгосон боловсон жорлон нь балгас болоод үлджээ. Иймд 100 тэрбумыг жорлонд зарцуулж байхаар КОВИД-19-ийн эсрэг вакцин авахад зориулах хэрэгтэй гэдэг санал ч гарч байсан юм.

“Эрдэнэт” үйлдвэр бол улсын өмчит үйлдвэр. Энгийнээр бодоход энэ үйлдвэрийн олсон ашиг 100 хувь улсын төсөвт төвлөрч байж эргэн хуваарилагдах ёстой. Гэтэл тус үйлдвэрийг албадаж 100 тэрбум төгрөг гаргуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг шүүмжилсэн бол Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан "Хууль зөрчөөгүй, зөрчсөн бол хариуцлагыг би хүлээнэ" гэж хамгаалсан. Мөн санаачлагч гишүүдийн нэг болох Б.Баярсайхан ч дуугүй өнгөрсөнгүй.
 


УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Ирээдүй болсон хүүхдүүдээ хаврын хавсарга, өвлийн хүйтэн, намрын сэрүүнд модон жорлонд бие засуулж байна. “Эрдэнэт” үйлдвэр бол төрийн өмчит үйлдвэрийн газар. Өнгөрсөн жилүүдэд нийгмийн хариуцлагын хүрээнд ийм оновчтой, үр дүнтэй ажил хийж байсныг мэдэхгүй. Ялангуяа орон нутагт амьдарч байгаа эцэг, эхчүүд хүүхдийнхээ мордон жорлонг шийдэх түүхэн жил, үе ирсэн гэж маш их баярлаж байгаа. Үүнийг төсвийн хууль хэлэлцэж байгаа үед эсэргүүцэх ямар ч шаардлагагүй гэж бодож байна. Н.Алтанхуяг гишүүн өөрөө олон нялх хүүхэдтэй. Өнөөдөр хотын бид хүүхдүүдээ хөдөө зуны дулаанд ч модон жорлон хэрэглүүлдэггүй. Хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд сургах гэдэг зорилготой байтал модон жорлон хэрэглүүлж байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлэм асуудал. Нийт 819 сургууль, цэцэрлэгийн дотуур байрны модон жорлонг шинэчлэх асуудалд битгий саад тавьж, улстөржүүлээч гэж хүсэж байна. Малчид зургаан настай хүүхдээ сургуульд оруулах дургүй байдаг учир нь дотуур байрнаас 200 метр зайтай модон жорлонд шөнө орой бие засахад маш хэцүү байдагтай холбоотой. Халдварт өвчин, ханиад томууг ярих юмгүй. Хүүхдүүд модон жорлонд очихоос бэрхшээгээд уух шингэний хэмжээгээ багасгаж байна гэсэн судалгаа ч гарсан байдаг. Бид өөрсдөө модон жорлон хэрэглээд үзэхэд ямар байх вэ гэдгийг бодоорой. Энэ ажил 2021, 2022 он дамжин хэрэгжинэ. Дараагийн ээлжинд сумдын эмнэлгийн модон жорлонг шинэчилнэ. Дөнгөж төрсөн ээжүүд модон жорлон хэрэглэж байгаад гам алдаж байна. Цаашид арга хэмжээ авч, модон жорлонгийн асуудлыг шийдээд явах ёстой. “Эрдэнэт” үйлдвэрээр энэ ажлыг хийлгэх нь зүйтэй" гэсэн тайлбар хэлж байв. 
 


Харин үүнд "XXI дүгээр зуунд модон жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байр байгаа нь үнэхээр шийдэх ёстой асуудлыг нэг мөн. Гэхдээ төсөвт суулгахгүйгээр, нийгмийн хариуцлагын хүрээнд гэх нэр томьёоллоор “Эрдэнэт” үйлдвэрээс 100 тэрбум төгрөг шууд авч байгаа нь хууль бус үйлдэл гэж" Н.Алтанхуяг гишүүн тайлбар хийгээд “2021 оны төсвийн хууль батлагдчихлаа. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй учраас хууль хүчин төгөлдөр болж байгаа юм. Бид улайм цайм мөнгө байхгүй гэж уйлж уйлчихаад дараагийн тогтоол дээр “Эрдэнэт” үйлдвэрээс мөнгө авч, жорлон янзална гээд оруулаад ирлээ. Улс гэдэг чинь нэг л төсөвтэй. Улсын төсөв нэг л байдаг. “Эрдэнэт” үйлдвэрээс мөнгө гаргаж болно. Орлого, зарлагаас улсад төлдөг татвараа төлөөд, тэр 100 тэрбум төгрөг чинь улсын төсөвт орж байгаад түүнээсээ хуваах ёстой. Би ингэхгүй байгааг нь шүүмжилж байна. Б.Жавхлан дарга Х.Бадамсүрэнтэй гар бариад, 100 тэрбум төгрөг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулахаар боллоо гэсэн байсан. Ийм замбараагүй юм байдаггүй юм. Төсөв батлагдсаны дараа хойноос нь тогтоолоор орж ирж байна. Энэ улс хэдэн төсөвтэй байх юм бэ. “Эрдэнэт” нэг төсөвтэй, улс нэг төсөвтэй, уул уурхайн компаниуд бас төсөвтэй байдаг юм уу. Б.Жавхлан та Төсвийн байнгын хорооны дарга хүн байж ингэж хууль зөрчсөн үйлдэл хийж болохгүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд гэж шалтаглаж байгаад компаниас 100 тэрбум төгрөг гаргуулах гэж байна” гэж бухимдсан юм. 
 


Н.Алтанхуяг гишүүний энэ тайлбарт УИХ-ын гишүүн Б.Жавхлан багагүй бухимдаж, “Бид энэ ажлыг эргэлт буцалтгүй хийнэ. Хууль зөрчсөн зүйл огт байхгүй. Таныг би Ерөнхий сайд байсан хүн, ахмад хүний хувь хүндэтгэлтэй харьцаж байгаа шүү. “Эрдэнэт” үйлдвэр сүүлийн хоёр жилийн хугацаанд маш сайн ажилладаг болсон. Тиймээс иймэрхүү ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд шийдэх боломжтой болж байгаа юм. Сургууль, цэцэрлэгийг модон жорлонгоос салгах санаачлагыг УИХ-аар хүлээж аваад, тэр дундаа Х.Бадамсүрэн захиралтай “Эрдэнэт” үйлдвэр энэ ажлыг хийх болсонд маш их талархаж байна. Энд хууль зөрчсөн зүйл байхгүй. Энэ бол тулгамдсан асуудал. Үүнийг төсөв дээр гаргах боломж байхгүй. “Эрдэнэт” үйлдвэр 100 тэрбум төгрөгийн нөөц гаргах боломжтой гэдгээ УИХ дээр илэрхийлсэн учраас харин ч богино хугацаанд хийх боломж гарч байгаа нь сайн хэрэг. Хэрэв хууль зөрчсөн асуудал бол би өөрийн биеэр хариуцна. Танд би хүндлэлтэй хандаж байна. Та иймэрхүү хэмжээний хүндэтгэл даах хэмжээний эрх хүн гэж найдаж байна” гэсэн үг дайсан. 

Чуулганы маргаантай сэдэв болсон энэ асуудлын араас “Эрдэнэт үйлдвэрийн шилэн дансаар илэрсэн баримт дээр шантааж хийж байгаад модон жорлонгийн ажлаа санхүүжүүлэхээр болжээ" гэдэг шүүмжлэл ч сөрөг хүчний зүгээс гарч байв. 

Ийнхүү гишүүдээс санал хураахад 54 гишүүнээс 43 нь дэмжиж, 79,6 хувийн саналаар уг тогтоолын төсөл батлагдсан юм. 

 

 

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(49.195.233.249) 2025 оны 03 сарын 13

Модон жорлон бол доромжлол! Даруй өөрчил. Эмэгтэй гишүүд браво!

1  |  0
зочин (139.5.217.93) 2025 оны 03 сарын 13

ямар муухай хүүхдэд ээлгүй хүмүүс вэ хийсэн хойно нь шүүмжлээч дээ

2  |  1
зочин (139.5.217.93) 2025 оны 03 сарын 13

хүүхдийн төлөө гаргаж байгаа мөнгө дээр Алтанхуяг гуай ямар их санаа тавина тэр байтугай цэвжэр сангийн мөнгийг та идсэн биз дээ

2  |  1
Имак(59.153.112.193) 2025 оны 03 сарын 13

Бадамсүрэн МАН-д сонгуулийн мөнгө гаргаж өгсөн учраас огцрохгүй дураараа туйлж байгаа асуудлыг ард түмэн шүүнэ

2  |  0
Modon jorlon(66.181.189.45) 2025 оны 03 сарын 13

Ehleed kovidoo darj avchihaad daraa ni horio tavigdahaar ajillah surguuli tsetserlegiin asuudlaa shiidej boldoggui Dulzenguud yumaa Yor ni bol jorlon yanzlah ni zov baih Ter Hentiid ovoolood bgaa tsementee tur zogsoogood jorlongoo yanzalj bolno doo Gadaadiin juulchid Mongoliin ongon baigali nuudelchdiin soyoliig uzeh gej irdeg bolohoos uchir ni oilgogdohgui hoshoo uzeh gej irdeggui yum

1  |  0
Irgen(70.181.124.42) 2025 оны 03 сарын 13

Uvchin zovlongoos ard tymnee avarya gehed modon jorlon yarij baidag ene ulsuud chine uhaan ne eryyl yimuu.nushuuhan taraah heregtei yum bishyy.

1  |  0
зочин(49.0.212.15) 2025 оны 03 сарын 13

Жавхлан гэж бас нэг дураараа дургигч гарчдээ гийгүүлж байгаа аятай Алтанхуягийг ахмад хүний хувьд хүндэтгэлтэй харьцаж байгаа шүү гэнэ үү кк тэгээд хүндлэлгүй харьцахаараа яадгийн яг ямар ёс зүй шалгуураар хүнтэй янз бүрээр харьцах ёстой юм????? Бас ковидын үед модон жорлонг хална гэнэ үү больж үз аймгууд өөр өөрсдийн төсвөөсөө гаргаад л шинэчлэнэ биз.

2  |  0
Иргэн(64.119.25.254) 2025 оны 03 сарын 13

Зуун тэрбум төгрөг бол 35,1 сая доллар болно.үүнийг вакцин авахад эсвэл эрүүл мэндийн салбар,ард иргэдээ зарцуулаад.өнөөдрийн гол зорилт бол короновирүсийг дарж жирийн амьдрал орох.

3  |  0
Иргэн(64.119.25.254) 2025 оны 03 сарын 13

За өнөөдрийг хүртэл хөдөөгийн сургуулиуд модон жорлонтой байгаа шүү.санаа зөв боловч цагаа олоогүй,хөрөнгийн эх үүсвэр нь мөн асуудалтай байна.цар тахалтай тэмцэж байхад юун модон жорлон,үр хүүхдээ,хүн амаа сайн хамгаалах тэдэнд дэмжлэг үзүүлэх гээд хөрөнгө мөнгө хэрэгтэй байна.энэ хүнд үед үйлдвэрийн ажилчидынхаа эрүүл мэнд,амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.төсвөөс гадуур мөнгө зарж жорлон байгуулж болохгүй.эрдэнэтийн мөнгө уйлдаггүй гэсэн сэтгүүлчийн үгийг санах нь зүйтэй.

2  |  0
иргэн(192.82.76.72) 2025 оны 03 сарын 13

21-р зуунд амьдарч байж модон жорлонгоо устгах хэрэгтэй. Корона устахгүй, амьдрал үргэжлжилнэ.

2  |  1
Зочин(192.82.71.181) 2025 оны 03 сарын 13

Амныхаа зоргоор чалчихаа боль энэ нэг хүн ярих болгондоо хачин сонин юм ярихийн их хурлын гишүүний зангаргатай намбатай байж сур

1  |  0
Zochin(109.89.151.254) 2025 оны 03 сарын 13

50 terbumiig ni jorlondoo 50 terbumiig ni koronadaa zoriulj bolno oo doo kkkkk

1  |  0
Цагаа олоогүй төсөв(202.9.40.194) 2025 оны 03 сарын 13

Модон жорлон бол цагаа олоогүй төсөв байна. Алтанхуягийн зөв. Ер нь УИХ, ЗГ нэг л базаахгүй ажиллаад байна даа. Коронагаа дайн дажинтай зүйрлэх атлаа дайны хөлд үрэгдэж байгаа иргэд, тэдний орлогын эх үүсвэр болсон аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагааг огт бодохгүй. Ер нь бол аж ахуйн үйл ажиллагаа хэвийн явж байгаа цагт бид жорлонгоор ч үл барам зам, тайлбай өөр бусад баялагийг бүтээдэг гэдгийг Б.Жавхлан гишүүн ойлгохгүй байв л гэж. Эцэг эх нь ажилгүй, орлогогүй болчихвол тэр хүүхдүүд модон ч бай, палантай ч бай жорлонд орж бие засах боломжгүй, ходоод гэдэс нь хоосон болно...

7  |  0
Irgen(202.55.191.40) 2025 оны 03 сарын 13

Хийх гэж байгаа ажил нь их л гоё нэртэй сонсогдож байна. Төсвийн хяналтаас гадуур тул хийх гэж байгаа ажлынхаа нэр доор хяналтгүй баахан идэх гэж л ийм зам сонгоо байлгүй дээ. Харж л байхаас, ёстой жинхэнэ төсөл төлөвлөгөөгүй цацах мөнгөний нэг байна даа. Жавхлан гишүүн гүйцэтгэлд нь хяналт яаж тавьж, яаж тарааж хаяхыг нь харах хэрэгтэй болж дээ

3  |  0
Top