“Агаарын бохирдол алга болжээ”, “Үгүй ээ, хот руу орж ирэхэд битүү утаа л харагддаг”, “Шахмал түлшинд шилжсэнээс хойш утаагүй болсон”, “Үнэндээ шахмал түлш нүдэнд харагдахгүй ямар бохирдол үүсгэдгийг хэн мэдэх вэ дээ” гэх мэтээр агаарын бохирдолтой холбоотой хардлага, таамаг, эргэлзээ бидний дунд үргэлж маргааны сэдэв байсаар ирсэн.
Үүнтэй зэрэгцээд Улаанбаатарын аль хэсэгт байр авбал агаар нь цэнгэг байдаг бол, хүүхдээ хэдэн цагт салхилуулах хэрэгтэй бол гэх мэт асуултууд ч өдөр тутамд бидэнд тулгардаг.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ бүх асуултад хариулт өгөх аппликейшнийг хийлээ. Та O2 аппликейшнийг гар утсандаа татаж суулгаснаар хүссэн цагтаа агаарын бохирдол хаана, ямар хэмжээтэй байгааг харах боломж бүрдэж байна.
Аппликейшнийг нээмэгц Агаарын чанарын хяналт шинжилгээний багаж бүхий харуулуудаас нэгтгэгдэж ирсэн мэдээлэл таны ойр байгаа бүсэд агаар бохирдолтой байна уу, таны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц байна уу зэрэг мэдээлэл цогцоороо гарч ирэх юм.
Мөн агаар дахь PM, CO, SO2, NO2 зэрэг бодисуудын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их, бага байгаа эсэхийг мэдэхийн тулд та элдэв сайт ухаж, эрж хайх шаардлагагүй. Харин энэ аппликейшнээс эдгээр мэдээллийг нэг дор хүлээн авах юм.
Магадгүй та эдгээр бодисуудын талаар болон сөрөг үр дагаврын талаар төдийлөн мэдлэггүй бол санаа зовох хэрэггүй. Та энэ талаарх мэдээллийг ч тус апплейкшнээс нэгдсэн байдлаар авах боломжтой.
Хэрэв агаарын чанар муу байвал өөрийн санал хүсэлтээ Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо руу гар утсаараа шууд илгээж болно.
Тус аппликейшний “Мэдээ мэдээлэл” цонхноос Улаанбаатар хотын агаарын чанарын долоо хоног тутмын мэдээллийг цаг алдалгүй авч болох бол харин “Зөвлөгөө” цонхноос агаарын чанартай холбоотой төрөл бүрийн зөвлөгөө мэдээлэлтэй танилцаж болох юм.
“Тайлбар” гэсэн цонхонд иргэдэд өгөөжтэй мэдээллүүд буюу агаар бохирдуулагч бодисууд, агаарын чанарын индексийн тайлбарууд гээд өдөр тутмын амьдрал, эрүүл мэндээ хамгаалахад тустай мэдээллийг энгийн, ойлгомжтойгоор байршуулсан юм.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл ( 1 )
Agaar vneheer tseverhen bolsoon ergelzeh yumgvi utaagvi bolson.Yu unen ene uneen