Монгол Улс, АНУ-ын Ерөнхийлөгчид хамтарсан мэдэгдэл хийв

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар Монгол Улс, АНУ хоёр нийтлэг сонирхолд суурилсан иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэхийн төлөө байгааг баталгаажуулан нотоллоо. Тэд даян дэлхийд эрх чөлөө, ардчилал, хүний эрхийг хамгаалан бататгах ижил сонирхолтойгоо илэрхийлэхийн хамт худалдаа, хөрөнгө оруулалт, иргэд хоорондын харилцаа холбоог улам бэхжүүлснээр эдийн засгийн өсөлтийг хангаж, хоёр ард түмний хооронд найрамдалт харилцаа улам бэхжинэ гэдгийг тэмдэглэв. Талууд Ази, Номхон далайн бүс нутагт энх амгалан, тогтвортой хөгжил дэвшилд хүрэх зорилгоо нотолж, түүнийг хэрэгжүүлэхийн тулд хоёр улс бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгджээ. 2005, 2007 онуудад хамтран гаргасан мэдэгдлүүддээ дурдагдсан хамтын ажиллагааны зарчмуудыг дахин нотолсон юм. Сүүлийн 22 жилийн турш залуу ардчиллынхаа үндэс суурийг бататгасаар буй Монголын ард түмний ололт амжилтад болон 2011 оны долдугаар сараас Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах гэж буйд АНУ баяр хүргэж, энэхүү хариуцлагатай үүргээ амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсад бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. АНУ Ази, Номхон далайн бүс нутгийн орны хувьд энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг тус бүс нутагт хангахад гол үүрэг гүйцэтгэж байгаад Монгол Улс талархаж, энэ чиглэлд байнга дэмжлэг үзүүлж байхаа илэрхийлэв. АНУ нь Монгол Улсын тогтвортой хөгжил, цэцэглэлтийг цаашид ч дэмжиж байхаа нотлоод Монгол Улс нь бүс нутгийн үйл явцад идэвхтэй үүрэг гүйцэтгэж, хөрш орнуудтайгаа бат бэх, найрсаг, нээлттэй харилцаа хөгжүүлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Монгол Улс ба АНУ нь эдийн засаг, аюулгүй байдал, хөгжлийн талаарх нэгдмэл байр сууриа Ази, Номхон далай, НҮБ болон олон талт хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах хэлбэрээр баталгаажуулах болно гэж тохирцгоосон байна.

Хоёр тал цаашдын хамтын ажиллагаагаа эдийн засгийн чиглэлд ч түлхүү хөгжүүлэх нь чухал гэдэгт санал нэгджээ. Монгол Улс эдийн засгаа бүс нутгийн болон олон улсын эдийн засаг, санхүүгийн байгууллагуудтай холбоход АНУ дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Түүнчлэн АНУ-ын зүгээс байнга дэмжиж, эдийн засгийн тусламж үзүүлсээр байгаад Монгол Улс талархал илэрхийлжээ. Монгол орны нүүрс болон бусад эрдэс баялаг, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд АНУ-ын компаниудын гүйцэтгэх үүрэг чухал бөгөөд тэдгээрийн олон улсад тэргүүлэх менежмент,  уул уурхайн салбар дахь техникийн аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй дадлага туршлагыг өндөр үнэлж байдгаа Монголын тал тэмдэглэсэн юм. Мөн МИАТ ХК нь Боинг компаниас нисэх онгоцууд худалдан авч, цаашид ч Боинг онгоц худалдан авч байх шийдвэр гаргасныг АНУ талархан хүлээж авав. Монгол Улс, АНУ аль алиныхаа компаниудад хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг бүрдүүлж өгөх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлсэн. Энэ зорилгоор хоёр тал нэг нэгнийхээ нөөц бололцоо, чадавх, хууль тогтоох журмыг сайтар харгалзан Ил тод байдлын хэлэлцээрийн талаарх яриа хэлэлцээг дуусгаж, 2011 онд багтаан уг хэлэлцээрт гарын үсэг зурахын чухлыг тэмдэглэсэн байна. Түүнчлэн эдийн засгийн цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилтын хүрээнд хоёр тал худалдааг дэмжих, агаарын тээврийн салбарт хамтран ажиллах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. АНУ Мянганы Сорилтын Корпорацийн шугамаар тусламж үзүүлж буйд Монгол Улс талархлаа илэрхийлсэн бөгөөд энэ хүрээнд амжилттай хэрэгжүүлж байгаа төслүүд нь Монгол Улсад ил тод байдлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ядуурлыг бууруулах чиглэлд чухал үүрэг гүйцэтгэж буйг цохон тэмдэглэсэн байна. Монголын тал МСК-аас үзүүлэх тусламжийн хүрээний хоёр дахь сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгаа бөгөөд үүнтэй уялдуулан шаардлагатай алхмуудыг хэрэгжүүлэхээ илэрхийлсэн. Монгол Улс нь олон улсын энхийг сахиулах үйл ажиллагааны хүрээнд Афганистан дахь эвслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, Иракт энхийг сахиулагчдыг дахин илгээх чиглэлээр ажиллаж, НҮБ-ын ивээл дор Африкт энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад АНУ талархаж буй аж. Монголын батлан хамгаалах салбарын шинэчлэлийн хөтөлбөрт АНУ-ын зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлсээр байгаад Монголын тал ч талархал илэрхийлсэн. Энэ хүрээнд энхийг сахиулах болон хүмүүнлэгийн тусламжийн ажиллагааг дэмжих зорилгоор агаарын хөдөлгөөнт хүчний чадварыг бүрдүүлэхээр талууд хамтран ажиллаж байна. Талууд энхийг сахиулах үйл ажиллагааны сургалт, хамтын ажиллагааны дадлагын хүрээнд

“Gobi Wolf”, “Khaan Quest”, “Pacific Angel” зэрэг хээрийн сургуулийг үргэлжлүүлж байхаар тогтсон юм. Монгол Улс ба АНУ нь хоёр улсын хооронд 2010 оны есдүгээр сард байгуулсан Санамж бичигт үндэслэн цөмийн эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлж, харилцан ашигтай байх боломжийг эрэлхийлэх нь зүйтэй гэж үзжээ. АНУ Монголын цөмийн санаачилгыг хүлээн зөвшөөрч дэмжихийн зэрэгцээ Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг сайшаасан юм. Ерөнхийлөгч Обамагийн “Олон улсын шинэ бүтэц” бий болгох тухай Прагад хийсэн уриаг Монгол Улс дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Монгол Улс ба АНУ нь иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх зорилт тавьж байгаагаа илэрхийлсэн төдийгүй өөрсдийн бүтээлч хүч, нөөцөд тулгуурлан боловсрол, соёлын солилцоог өргөтгөхийн чухлыг талууд онцлон тэмдэглэж, хоёр талын харилцааг бэхжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл шинэлэг үүрэг гүйцэтгэхийг онцолсон байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top