Хууль батлагдвал 10 мянган ААН 30 тэрбумын торгуулиас чөлөөлөгдөнө

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 10


Засгийн газрын өчигдрийн (2020.12.09) ээлжит хуралдаанаас цар тахал дотоодод гарсантай холбоотойгоор эдийн засгийн хямралд өртөж буй аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс дараах арга хэмжээг авах шийдвэр гаргасан юм. 

Юуны түрүүнд Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт, хот, суурины усан хангамж зэрэг 18 байгууллагаас бусад байгууллагын ажлыг зогсоосон. Үүнээс болж зарим аж ахуйн нэгж, байгууллага болон бизнес эрхлэгчийн үйл ажиллагаа доголдож, орлого буурснаар Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл үүсээд байна.

2020 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд шимтгэлээ ногдуулж тайлагнасан ч хуульд заасан хугацаанд төлөөгүй ажил олгогч, даатгуулагчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.  Төсөл батлагдсанаар 10 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага 30 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөгдөнө гэсэн тооцоо гаргажээ.

Түүнчлэн “Ковид-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох тул хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгахтай холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top