У.Хүрэлсүх: Хэвлэн нийтлэх эрх чөлөө, сэтгүүлчдээ хамгаалж ажиллах болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 12 сарын 13

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэдийн мэдэх эрхэд ноцтой халдсан, хэвлэлийн эрх чөлөөг боомилсон, тэр дундаа сэтгүүлчдийг "яллах" заалтыг тусгасан нь олны анхаарлыг татаад байгаа билээ. Уг хуулийн заалтыг хэвлэл мэдээллийнхэн эсэргүүцэж, дуу хоолойгоо нэгтгэж эхлээд байгаа юм. Түүнчлэн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөл хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд шаардлага хүргүүлсэн билээ.

Хуулийн төслийн 13.14 дүгээр зүйлд дараах байдлаар тусгасан нь асуудал дагуулж байгаа юм. Үүнд 

1. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж гутаах, эсхүл олон нийтийг төөрөгдүүлэх, эсхүл айдаст автуулах зорилгоор хортой, илтэд худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн мэдээллийн сүлжээний хэрэгсэл ашиглан тараасан, эсхүл илтэд худал мэдээлэл болохыг мэдсээр байж түгээсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэжээ. 

2.1. Захиалгаар; 

2.2. Хүүхдийн эрхийг зөрчиж; 

2.3. Үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж; 

2.4. Гамшиг, цар тахлын үед үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдолыг бий болгож; 

2.5. Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг, эсхүл Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалт тооцогдож байна. 

Тэгвэл эл асуудалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр (2020.12.13) тайлбар өглөө.

Тэрбээр "Сэтгүүлчтэй холбоотой асуудал Засгийн газрын хуралдаанаар ороогүй. Маргааш Х.Нямбаатар сайд хэвлэлийнхэнтэй уулзаж, дэлгэрэнгүй сайн ярилцана гэж хэлсэн. Ерөнхий сайдын хувьд сэтгүүлчийг торгохоос илүүтэй тэдний өөрсдийн төрийн бус байгууллага, олон улсын жишигт нийцсэн арга хэмжээг авсан заалтаар нь шийдэж явах хэрэгтэй л гэж бодож байна. Тэр сэтгүүлчдийнх нь хороо ёс зүйн асуудлыг ярилцдаг байх нь зүйтэй байх гэж хувь хүнийхээ талаас бодож байна. Хэвлэл нийтлэх эрх чөлөө, сэтгүүлчдээ хамгаалж ажиллах болно. Энэ бол дөрөв дэх засаглал, хүндэтгэлтэй хандана. Та бүхэн ч хариуцлагатай байх ёстой" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баатар (109.89.151.254) 2020 оны 12 сарын 15

Монголынхоо сэтгуулчдийн ур чадварт нэг их эргэлзээд байдаггуй ээ. Ялангуяа эрэн сурвалжлахынхан сайн байдаг. Олон дотор захиалгат бичээч нар байдаг. Тэд нийгэмд хортой мэдээллийг тарааж байгаагаа мэддэг боловч менгений хомсдолоосоо болж бусдын шар хел болж явдаг. Энэ тал дээр анхаармаар бгаа юм. Улс терч нар шуумжлуулмээргуй байгаа бол терийн ажилд оролцолгуй хол явж хун шиг байх хэрэгтэй. Нямбаатар хурэлбаатар менхсайхан содбаатар нар хурэлсухийн ЗГ ын хамгийн эмзэг цэг. Эднээсээ болж хурэлсух унана даа удахгуй.

0  |  0
яг үнэн.(64.119.26.3) 2020 оны 12 сарын 14

Сэтгүүлчдын хувь мэргэжлийн зөлөгчтэйн ачаар боломжийн хариултыг хэлчихлээ.

0  |  0
zochin(220.195.72.203) 2020 оны 12 сарын 14

zov oo, setguulchid setgelgeenii hurd, bodit bdald dugnelt hiih chadvaraaraa yalgarah l yostoi doo

0  |  0
Top