Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2020.12.30/ болж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Коронавирусний эсрэг авах арга хэмжээний талаар гурван шийдвэр гаргалаа. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нийслэл Улаанбаатараас бусад аймагт гуравдугаар сарын 31-нийг хүртэл сунгахаар боллоо.
Өнөөдрийн байдлаар зургаан аймгийн есөн суманд халдвар гарсан. Халдвар гараагүй хугацааг тооцож үзээд, халдварын голомтыг бүрэн тасалсан гэж үзэж байгаа. 14-43 хоногт халдвар гараагүй. Сэлэнгэ аймагт долоо хоногийн өмнө халдвар бүртгэгдсэн. Энэ нь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэр бүл юм.
Хоёрт, Хилийн боомтоор зорчих зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 28-наас түр хязгаарлаад, одоо бараг нэг жил болох гэж байна. Зорчигч тээврийн хөдөлгөөнийг ирэх ирэх оны гуравдугаар сарын 31 хүртэл сунгаж байгаа.
Гуравт, халдвар дотоодод бүртгэгдсэнээс хойш 20.2 тэрбум төгрөг гаргаж, шагнал урамшуулал, тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл авах зэрэг бусад ажилд зарцуулсан. Одоо нэмж 1,8 тэрбум төгрөг гаргахаар болсон" гэв.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрбээр "Хөл хорио сунгах эсэхийг одоогоор шийдэх нь эрт байна. Цаашид цар тахал өндөр хэмжээнд тархах эрсдэл их байна гэж үзвэл хөл хорионы дэглэмийг сунгах юм уу, өөрчлөөд явна" гэлээ.
