“Хүүхдийн төлөө фонд"-ыг сэргээж, 10 тэрбумын эх үүсвэрийг шийдвэрлэлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 30

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд, “Хүүхдийн төлөө фонд"-ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн байгуулахаар болов.

Хүүхдийн номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолборууд зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгуууллагуудыг шинээр бүтээн байгуулахад зарцуулагдах санхүүжилтыг тус сан гаргах юм.

Тус фондод 10 тэрбум төгрөгийн эх үүсвэр олгохоор мөн өдрийн хурлаар шийдвэрлэлээ. 
 


ХЭЛЭЛЦСЭН БУСАД АСУУДЛУУД
 

21 аймгийг халдваргүй бүс болголоо

Мэргэжлийн байгууллагууд коронавируст халдварын салбар дундын 18 дахь шатны эрсдлийн үнэлгээг хийж, коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахал хүн амын дунд тархах эрсдэл “өндөр” гэж үнэлжээ. Иймд хүн амыг халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр гамшгаас хамгаалах дараах дэглэмийг хэрэгжүүлэх саналыг УОК-оос гаргасныг Засгийн газраас дэмжин шийдвэрлэлээ.

Аймгуудын хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа. Орон нутагт Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ гэсэн 6 аймгийн 7 суманд халдвар бүртэгдсэнээс хойш 7-43 хүртэл хоногийн хугацаанд дахин халдвар гараагүй. Иймд ДЭМБ-ийн зөвлөмжийн дагуу дээрхи аймгуудыг халдваргүй, эрүүл ногоон бүсэд тооцож, хатуу хөл хорионы дэглэмүүдийг сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж байна. Ингэснээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум,  Дорноговь аймгийн Замын-үүд сумаас бусад орон нутагт иргэд, аж ахуй нэгжүүдийг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд хэвийн амьдралын горим руу шилжүүлэх боломж бүрдэж байна. 

Монгол Улс гамшгаас хамгаалах арга хэмжээ авсан хугацаанд дэлхийн 93 улсаас 27,763 иргэнээ зохион байгуулалттайгаар татан аваад байгаагийн 21,126 нь тусгай үүргийн нислэгээр 6637 нь автозамын боомтоор нэвтрүүлжээ. Цаашид хилийн боомтуудын хорио цээрийн дэглэмийг хэвээр мөрдөж, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, ачаа тээвэр, тусгай үүргийн нислэгүүдийг үйлдэнэ.

Мөн өдөр коронавируст халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаатай холбогдон гарсан нэмэлт зардалд шаардагдах 1,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Уг төсөв  нийтийг хамарсан түргэвчилсэн болон PCR шинжилгээний зардал, тусгаарлах байранд ажиллаж байгаа ажилчид, халдвар хамгааллын хувцас хэрэглэл, ариутгал халдваргүйтгэл, 11 сар тасралтгүй идэвхи зүтгэл гарган ажилласан салбар бүрийн төлөөлөл албан хаагчид, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авч эмчлүүлж байгаа эмнэлгийн эмч, сувилагч ажилтнууд, илүү цагаар үүрэг гүйцэтгэн ажилласан албан хаагчид, нийтийн хэв журам сахиулах цагдаа, дотоодын цэргийн урамшуулал, дэмжлэгт  зарцуулагдана. 

Хармагтайн ордод 53,1 тонн алтны нөөц илрүүллээ

“Геологийн судалгааны төв” ТӨҮГ, Төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Хармагтайн” бүлэг ордын “Овоот хяр” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Хойд бүргэдэй” хүдрийн биетэд 53,1 тн алтны нөөц буйг тогтоосон байна. Нарийвчилсан хайгуулын хээрийн ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгаж, тогтоогдсон алтны нөөцийг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн улсын нөөцөд бүртгүүлээд байна.

Үлдсэн хүдрийн биетүүдэд шаардлагатай судалгааг үргэлжлүүлэн хийснээр нөөц  60% хүртэл нэмэгдэх төсөөлөл гарчээ. Тус орд газарт хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж, алт болон бусад ашигт эрдсийг бүрэн гүйцэд тогтоох ажлыг Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Томилгоо
 

  • Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ханджавын Батжаргалыг, дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Баясгалантын Булганчимэг, Баасандаваагийн Дөлгөөн нарыг тус тус томилов.
     
  • Эрчим хүчний яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Насантогтох, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ууганбаяр, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон  Т.Гантулга нарыг тухайн албан тушаалд нь тус тус жинхэлж, даргаар  томилов.


Товчоор
 

  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн гуравдугаар үе шатны төслийн хүрээнд байгуулах зээлийн хэлэлцээрүүдийн төслийг хэлэлцээд, Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгов. Гуравдугаар үе шатны төслийн санхүүжилт нийт 43,6 сая ам.доллар бөгөөд 2020-2023 онд хэрэгжих юм.
     
  • Тусгай зориулалтаар 2021 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоолоо. Тус онд угалз 100, халиун буга 60, бор гөрөөс 40, цагаан зээр 160, агнуурын шувуу 250, саарал чоно 35 хүртэл толгойг тус тус агнуулахаар, тул загас 540 хүртэл толгойг барьж буцаан тавих, бусад загас 5000 хүртэл толгойг барихаар тогтоов.
     
  • “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай” монреалын протоколын нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
O(202.179.24.125) 2020 оны 12 сарын 30

Oo

0  |  0
Top