МЭНДЧИЛГЭЭ I Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 31

Эх орныхоо өргөн уудам нутагт амьдран суугаа эрхэм хүндэт ард иргэд ээ,

Өргөн дэлхийн өнцөг булан бүрд оршин суугаа элэг нэгт Монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, айл өрх бүрд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Улиран одож буй 2020 он Монголчууд бидний хувьд төдийгүй, дэлхий даяар ковид-19 хэмээх цар тахал өвчинтэй нүүр тулан тэмцсэн хүндхэн жил байлаа.

Хэдийгээр байдал хүнд байгаа ч Монголчууд бид эв хамтын хүчээр улс үндэстнийхээ аюулгүй байдал, ард иргэдийнхээ амь насыг сахин хамгаалж, аль болох хохирол багатайгаар энэхүү хүнд үеийг даван туулахын төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар айл өрх, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хэрэглээний цахилгаан, дулаан, уур, ус, хог хаягдлын зардлыг тодорхой хугацаанд төрөөс хариуцаж, нийт 230 гаруй мянган айл өрхийн хэрэглэдэг сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар буурууллаа.

Мөн нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг тэглэх, хөнгөлөх, зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, хүүхдийн болон халамжийн мөнгийг нэмэгдүүлэх зэрэг олон талт арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.

Анх бид Ухань хотоос 31 иргэнээ татан авч байсан тэр цагаас хойш гадаад улс оронд гацаад байсан 28 мянга гаруй иргэнээ эх орондоо тусгай үүргийн нислэгээр татан авлаа.

Алтан гартай эмч сувилагчдынхаа ач буянаар цар тахлын халдвар авсан 584 хүнийг эмчлэн эдгээж чадлаа.

Ирэх онд хийгдэх онцгой чухал ажил бол Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн сайн чанарын вакциныг эх орондоо авч ирж, ард иргэдээ цар тахлаас хамгаалах ажлыг цаг алдалгүй зохион байгуулах явдал юм.

Энэ ажил Монгол Улсын Засгийн газрын онцгой анхаарлын төвд байх болно.

Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж манай ард түмэн ярьдаг билээ.
 


Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Улиран одож буй 2020 онд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 76 мянга гаруй бяцхан үрсээ өлгийдөн авч, Монголчууд бид 3 сая 358 мянгуулаа боллоо.

Малчин түмний маань нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо толгой 71 саяд хүрлээ.

Олон улс дахь манай улсын нэр хүнд сэргэж, Монгол Улс саарал жагсаалтаас хамгийн богино хугацаанд гарсан улс болж чадлаа.

Хүндхэн цаг үеийг туулахад манай ард түмний эв нэгдэл, сэтгэлийн хүч, төр засагтаа үзүүлж буй олон түмний дэмжлэг, бизнес эрхлэгч, хувийн хэвшилийхэний маань хичээл зүтгэл, эх орноо гэсэн сэтгэл онцгой чухал байсныг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Амаргүй бэрх цаг үе тохиолдож байгаа хэдий ч улс орны маань хөгжил дэвшилд амин чухал ач холбогдолтой олон жил яригдсан томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг бид тасралтгүй үргэлжлүүлж байна.

Үүний зэрэгцээ хууль бусаар бусдад алдагдсан Эрдэнэт үйлдвэр, МонголРосЦеветмет, Багануур, Бор-Өндөр, Ноён уул, Асгат, Салхит, Гутайн даваа, Тос Тосон бумбын орд, Хармагтайн орд зэрэг газруудыг төрийн мэдэл, ард түмний өмчлөлд эргүүлэн авлаа.

Монгол Улс түүхэндээ анх удаа Таван Толгой төрийн өмчит компанийн ногдол ашгийг ард иргэддээ хуваариллаа.

Байгалийн баялагтаа эзэн байхын үр шимийг ард түмэн маань хүртэж эхэллээ.

Манай улсын ард иргэд ээ,

Он солигдох энэхүү торгон цаг мөчид дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчид, энхийг сахиулах үйлсэд улсаа төлөөлөн зүтгэж буй эрэлхэг дайчид, хүн ардынхаа амь нас, улс орныхоо аюулгүй байдлын төлөө цар тахалтай тэмцэж буй эмч сувилагч, эмнэлгийн ажилтнууд, цэрэг, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлынхан, утаагүй Улаанбаатарын төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа "Тавантолгой Түлш"-ийн хамт олондоо Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд тусгайлан баяр хүргэж, гүн талархал илэрхийлье.

Ирж буй 2021 онд Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой тохионо. Монголын ард түмний тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн 100 жилийн ойн баяр болно.

Бид хамтдаа нөр их бүтээн байгуулалт, ажил үйлсийг өрнүүлж, хөгжил дэвшлийн шинэ эрин зууны эхлэлийг тавих болно.

Шинэ ондоо иргэн бүр эрүүл энх, аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн байхын ерөөл өргөж, эх орон нэгт ахан дүүс та бүхэндээ Шинэ жилийн баярын мэндийг дахин дэвшүүлье.

Буурал дээдсийн цог хийморь түшиж, Бурхан Халдун уулын ноён оргил Монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай.

Монгол Улсын төлөө зүтгэе.

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн ХҮРЭЛСҮХ

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bnnn(66.181.161.81) 2021 оны 01 сарын 02

neeree l odoogiin baidlaar ene hunees iluu songolt alga. urt udaan hugatsaand togtvortoi ajillaasai.

0  |  0
Зочин(202.9.40.240) 2021 оны 01 сарын 01

xeden sayaar ni tetgewer togtooj olgodogoo bolimoor ymaa adilxan 25s 40n jil ajilsan baigaa shte texed tal xuwi ni 300 g awch baina

1  |  0
Зочин(192.82.73.214) 2021 оны 01 сарын 01

Дэмжинэ ээ, өнөөдөртөө энэ хүнээс илүү сонголт байхгүй, гэхдээ давраад поопроод байлгүй ухаалаг, алсын хараатай /20-40 жил/ байгаарай, хүчтэй өрсөлдөгч байж хүчирхэг нэгэн төрдөгийг бас бүх зүйл цагтай хугацаатайг, хааны алба халаатайг бодож мөнхөд дурсагдах их үйл бүтээгээрэй, нийтлэг эрх ашиг улсын эрх ашиг л байраас намын болон тойрон хүрээлэгчийн эрх ашиг бол 30 р асуудал шүү

0  |  0
И(192.82.74.247) 2021 оны 01 сарын 01

Ерөнхийлөгчийг бодоход хийсэн амжуулсан ажил үнэхээр их байна шүү. Манай ерөнхийлөгч байхгүй мөнгө тараах л юм ярихаас өөр юм хийсэнгүй. Ядахдаа ард түмнээ дандаа өдөөн хатгаж талцуулах юм хэлэх юм

1  |  0
zochin(202.179.27.137) 2021 оны 01 сарын 01

Ajil chiimeer bna ,maanag ESaidaa

0  |  0
Эрдэнэ(66.181.181.198) 2021 оны 01 сарын 01

зайлаа новшоо хэдэн шүлэгчидээр бичүүлсэн юм аа унших аядмаар болчихоод өөрөө хэлж байгаа юм шиг

0  |  1
Zochin(103.212.118.155) 2021 оны 01 сарын 01

Mongol hun bid egel jiriin baiya, dovchighuur bish.

0  |  0
Зочин (66.181.185.31) 2020 оны 12 сарын 31

Сайхан жил ирэх болтугай хамгийн гол евчингуй эруул байцгаая монголынхоо телее ард тумнийхээ телее монголын баялаг эх орон ард тумний болгож энэ хунд хэцуу уед ард тумэндээ зориулж байгаад талархаж байна санасан ажил уйлчилж нь бутэмжтэй эруул энэ байцгаая эвтэй бол хучтэй

0  |  0
иргэн(202.9.46.38) 2020 оны 12 сарын 31

ерөөл бат оршиг ээ. монголчууд мөнх тэнгэрийн хүчин дор тэнгэрийн зарлигаар сайн сайхан, элбэг хангалуун , амар тайван амьдрах болтугай.

0  |  0
РС(202.9.40.190) 2020 оны 12 сарын 31

Ерөөл бат орших болтугай. Мөнх сүмбэр хан бүрэн биеийн Өлзий хутаг орш тугай Монголын ард түмний Буян заяа Өлзий хутаг орш тугай 2021 онд Төгс төгөлдөр ялгуусан эрүүл энхийн ӨЛЗии хутаг орших болттугай.

0  |  0
Top