Ш.Адьшаа: Шүүхийн тухай хууль үзэл баримтлалгүй болж, өргөн барьснаасаа нь 80 хувь өөрчлөгдсөн

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 13


УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр (2021.01.13) Шүүхийн тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Шүүхийн тухай хуулийг УИХ-аар батлах гэж байгаа талаар дурдаад, батлагдаж буй уг хуулийн төсөлд хэд хэдэн ноцтой зөрчил байгааг онцлон дурдлаа. 

Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх ноцтой зөрчигдөж, шударга шүүхээр шүүгдэх, Улсын дээд шүүхэд давж заалдах эрх ноцтой зөрчигдөх нөхцөл үүслээ. Шүүхийн энэ хуулиар бүх хэрэг маргааныг анхан болон давж заалдах журмаар эцэслэн шийдвэрлэдэг тогтолцоо бий болгож байгаа нь дээд шүүхийг нь онолын шүүх байна гэдэг нэрийдлийн доор иргэний давж заалдах эрхийг байхгүй болголоо. Тус хуулийн 25.7.5 -ын а, б, в хэсэгт энэ талаар тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянан шийдвэрлэх талаар л заасан байна. 

aАвлига албан тушаалын гэмт хэрэг, оффшоор бүсэд хөрөнгө байршуулах, мөнгө угаах, уул уурхай байгалийн баялаг ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх мэт ноцтой гэмт хэргүүдийг дээд шүүхийн хяналтгүйгээр шийдвэрлэх боломжийг энэ хуулиар нээлттэй болгож байна. Үүнийг эрх баригчдын өөрсдийнхөө гэмт хэргийг хаацайлж ард түмнийг хохироох зорилгоор хийсэн хуулийн төсөл гэж үзэж байна. 

Монгол Улсын төрийн тогтолцооны тэнцвэр алдагдаж, шүүх засаглал бүхлээрээ хууль тогтоох байгууллагын хараат байдалд орж, олонхийг бүрдүүлж байгаа улс төрийн намаас шууд хамааралтай болох нөхцөлийг энэ хууль бий болгож төслийг өнөөдөр батлах гэж байна. Шүүхийн Ерөнхий зөвлөл, сахилгын хороо гэдэг үндсэн хуулийн бүтцийн байгууллагыг хууль тогтоох эрх мэдэл, бүхий УИХ-ын мэдэлд авч байна. Хуулийн төслийн 78.2 т УИХ-ын даргын захирамжаар байгуулж УИХ-ын гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулахаар заасан байна. 

Засгийн газраас дөрөвдүгээр сард өргөн барьсан Шүүхийн хуулийн төслийг ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр 80 хувь өөрчилж, зарим зүйл заалтыг ажлын хэсэг дээр дэмжигдээгүй саналыг дэмжигдсэн хэмээн оруулж ирсэн нь хууль дээдлэх ёсыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа талаараа байр сууриа илэрхийллээ.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(202.9.46.246) 2021 оны 01 сарын 13

Гаалиас төрсөн тэрбумтан Адьшаа авилгыг зүүдэндээ ч өгч, авч чаддаг хосгүй авъяастай, төрмөл хүн. Түүний үгээр хуулиа өөрчилбөл хүн бүхэн авилгад төгс суралцаж, тэрбумтан болцгоох нигууртай.

1  |  0
Top