Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 14

Төрийн албаны зөвлөлийн анхдугаар хуралдаанаар Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг хэлэлцжээ.

Ерөнхий шалгалтыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зохион байгуулсан хэдий ч шинээр болон дахин шалгалт өгөх иргэдийн хүлээлт их байгааг харгалзахын зэрэгцээ журмын дагуу 2021 оны ээлжит ерөнхий шалгалтыг цар тахлын хорио цээрийн дэглэмээс хамааран хэрхэн зохион байгуулах талаар Улсын Онцгой Комисс болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдөн, шалгалтыг 2021 оны нэгдүгээр улиралд багтааж зохион байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг ханган ажиллахаар боллоо.

Өнгөрсөн онд ерөнхий шалгалтыг цахимаар зохион байгуулсан бөгөөд шалгалтад 16.000 гаруй иргэн бүртгүүлсэн бөгөөд 32 хувь нь шалгалтад тэнцэж, төрийн албаны нөөцөд орсон.

Энэ онд мөн шалгалтыг цахимаар зохион байгуулах бөгөөд хорио цээрийн дэглэм, тархалттай холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрлөөс шалтгаалан шалгалтын тов товлогдох юм.

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах албан хаагчид тавих нийтлэг шаардлагыг тодорхойлсон байдаг. Үүнд Монгол Улсын иргэн байх, дээд боловсролтой байх, гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээгүй байх, эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан байх, цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх зэрэг шаардлагууд хамаардаг.

Төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаа албан хаагчдыг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг шаардлагуудыг хангаж байгаа эсэхэд Төрийн албаны зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд хүн нэг бүрээр хяналт шалгалт хийх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах гэж байна. Энэхүү шалгалтаар төрийн жинхэнэ албан хаагчдыг давхар иргэншилтэй эсэх, боловсролын баримт бичиг нь жинхэнэ эсэх, авлига албан тушаалын болон бусад гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан эсэх зэрэг асуудлуудыг шалгаж тогтоох юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top