Монголын эдийн засаг урьд хожид байгаагүй хүндрэлтэй нүүр тулаад байгаа энэ үед УИХ ажлын байрыг хумих хуулийн төсөл хэлэлцэж эхэлснийг эдийн засагч, судлаачид шүүмжлэх боллоо.
Хамгийн сайн халамж бол ажлын байр гэдгийг КОВИД-19 цар тахлын улмаас хүндрэлд орсон иргэд өнөөдөр яс махандаа шингэтэл ойлгож байгаа. Үүний хамт эдийн засгийн эрх чөлөө, ард иргэдийн амьжиргаа яригдана. Эдгээр асуудал томрохоороо улсын эдийн засгийн тусгаар тогтнолоор хэмжигдэнэ. Гэвч бодит амьдрал дээрх хөрсөндөө бол ажлын байраа хадгалах, цаашид нэмэгдүүлэх талаар тэмцэл Монгол төдий, дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнуудын бодлого тодорхойлогчдын толгойны өвчин болж байгаа. Монголын хувьд 1.2 сая хүн ямар нэг байдлаар ажил хөдөлмөр эрхэлдэг бол хувийн хэвшил нэг сая хүнийг ажлын байраар хангадаг. Төр биш баялаг бүтээгч, хувийн хэвшлүүд энэ орны иргэдийг ажилтай орлоготой байлгадаг гэсэн үг. Харин төр тэдний төлсөн татвараар төрийн цэрэг, цагдаа, эмч гэх мэт 200 мянган албан хаагчийнхаа цалинг тавьж, ахмадуудын тэтгэвэр, хүүхдийн мөнгө олгодог. Ажлын байрыг хадгалах замаар баялгийн тэгш хуваарилалт ийм сувгаар явагддаг гэх энгийн л ойлголт. Тэгэхээр УИХ, төдийгүй Засгийн газрын гишүүдийн одоогийн санаа зовох асуудал бол ажлын байрыг хадгалах явдал. Мэдээж, нэмэгдүүлэх шийдвэрийг алсын хараатай гаргах ёстой.
Гэвч УИХ ажлын байрыг хумих замаар бууруулах муу үр дагавартай шинэчлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн төслөөр дамжуулан, хийхээр хэлэлцэж эхэллээ.
Нуршуу, одоогийн зохицуулалтаа дордуулсан хуулийн төслийг товчхон дүгнэхэд, ажил олгогчдыг хэт өндөр эдийн засгийн ачаалал үүрүүлсэн, олон төрлийн төлбөр хураамжаар татвар дээр нэмэх нь “татвар” гэх байдлаар дарамт үүсгэсэн нь харагдаж байгаа аж. 2018 онд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхгүй хойшлуулсаар өдийг хүрсэн нь ч үүнтэй холбоотой.
Зарим нэг заалтыг дурдвал, хэрвээ ажилтан ажилдаа тэнцэхгүй, мэргэжлийн ур чадваргүй (манайхны хэлдгээр дипломны гол) байлаа. Ажил олгогч түүнийг ажлаас халсан тохиолдолд тэтгэмж өгөх заалт байгаа юм. Хуулийн төслийн 48-р зүйлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг тав хүртэлх сарын цалингаар нэмэгдүүлсэн нь ажил олгогчид санхүү болон татварын дарамтыг үүсгэнэ. Мөн ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан ажилтанд ажиллаагүй хугацаанд олговор олгоно.
Хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй бол бас олговор авна ч гэх мэт ажилтан өөрөө ичмээр заалтууд Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад байна.
Улс татвар маягаар ажил олгогчид нэмж тавих заалтын тухайд Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулахыг оруулж өгчээ. Үүнийг энгийн хүний нүдээр харахад, энэ нь дэвшил боловч бодит байдал дээр түр ажлын байранд ажиллаж байгаа ажилтнууд татвар шимтгэлгүйгээр цалингаа бүтэн авах сонирхолтой байдаг. Ихэнхдээ оюутан, тэтгэврийн насныхан хамаардаг. Тиймээс түр ажилтан Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалд даатгуулах эсэхээ өөрөө сонгох эрхийг олгох байдлаар зохицуулах нь тохиромжтой. Тэгээд ч тэтгэврийн шинэчлэл яригдаж буй энэ цаг үед иргэн даатгал, хураамжийн хэлбэрээ өөрөө сонгох эрхтэй.
Тэгвэл амьдралд нийцээгүй заалтуудын тухайд, нийтээр амрах баярын өдөр “Нийтээр амрах баярын өдөр долоо хоногийн амралтын өдөр таарвал дараагийн ажлын өдөр нөхөж амраана” гэдгийг хатуу хуульчлах нь. Гэтэл уул уурхай, барилга улирлын онцлогтой салбарт энэ заалт хэрхэн хэрэгжих нь эргэлзээтэй. Компаниуд хуулийн дагуу ажилтнаа амраана гээд үйл ажиллагаа зогсоож цаг алдах эсэх нь ойлгомжгүй. Түүнчлэн уул уурхай, барилга зэрэг онцлог салбаруудын хөдөлмөрийн харилцааг тусгайлсан зохицуулах заалтуудын дунд жасаагаар ажиллуулах асуудлыг хөндсөн байгаа. Уул уурхайн олборлох, боловсруулах салбарын жасаагаар ажиллах хугацааг 14/14 болгох, 20/10-г Хамтын гэрээгээр шийдвэрлэнэ гэсэн нь ажлын нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолгүй. Ажилтны цалин буурахаас гадна ажил олгогчид Нийгмийн даатгал, Хувь хүний орлогын албан татвар зэрэг татварын дарамт нэмэгдүүлэх сул талтай. Хуулийн төслөөр бол тус салбарынхан 3-4 ээлжтэй болох хэрэгтэй. Гэтэл ийм хэмжээний хүний нөөц энэ салбарт байхгүй. Одоо ч инженер, техникийн ажилчид нь хүрэлцдэггүй. Ерөнхийдөө уул уурхайн салбараар амьжиргаагаа залгуудаг олон мянган залуусын хоёр дахь урт нэртэй хууль мэдлэхээр дуншиж буйг эсэргүүцэж эхэлсэн.
Энэ мэт өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд, ажлын бүтээмжийг улам төгөлдөршүүлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд доголдол үүсгэх заалтууд болон байгаа. Ялангуяа, жижиг, дунд ажилчдынхаа хүчээр хөл дээрээ өндийх гэж буй аж ахуйн нэгжүүдэд төлбөр, хураамж хэлбэрээр нэмэгдүүлсэн “татвар”-ууд улам дарамт болох эрсдэлтэй. Томоохон компаниудын хувьд ч ажлын байраа нэмэгдүүлэх бус ажилчдынхаа тоог бууруулах зүг рүү хөтлөх нь дамжиггүй. Банкны өдөр хүүтэй зээл, олон төрлийн татвар хураамжаараа дүнгэн данган төлдөг ажил олгогчид дахин олон хүн цалинжуулж, санхүүгийн олон дарамт үүрэхийг хүссэхгүй. Хүсээд ч өнөөгийн нөхцөлд дийлэхгүй, санхүүгийн хувьд боломжгүй. Үндсэндээ Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын 80 гаруй хувиар ажил олгогчид үүрэг хариуцлага, санхүүгийн болон бусад дарамт болохуйц 119 заалт нэмэгдүүлсэн. Харин ажилтны хүлээх үүргийг 9 орчим заалт байгаа юм.
Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүдийн зүгээс “Нэг ч хүн цалинлуулж үзээгүй нөхөд хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийг зохиожээ” хэмээн дүгнэж байгаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Хүндэтгэн үзэх гэж нөхцөл тавилгүйгээр шууд цалингаа цагт нь тавиагүй бол торгоно гээд орчихсон байна. Өнөөдөр ажил олгогчид ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, өндөр хүүтэй зээл авахаас эхлээд тодорхой бэрхшээл туулж байгаа” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Энэ хууль гарвал аж ахуйн нэгж эрхэлж байснаас хөлсний ажилчин болсон нь дээр юм байна. Ажил хийлгэхгүй юм байна. Цалин олгоогүй бол, илүү цаг ажиллуулсан бол, баярын өдөр ажиллуулсан бол торгоно гэж байна. Дээр нь цалин хөлсний тодорхойлолт гаргаж өгөөгүй бол торгоно. Үйлдвэрчний эвлэлд элсэх эсэхэд саах болсон бол торгоно гэнэ. Дэвтэрт нь бичилт хийгээгүй бол торгоно, томилолтоор ажиллуулсан бол торгоно, барьцаа шаардсан бол торгоно. Өөр ажилд шилжүүлсэн бол торгоно. Ийм 24 заалттай. Аливаа ажил олгож байгаа хүн чинь маш их эрсдэл үүрч тэр ажлыг хийдэг. Ажлын байрыг хязгаарласан ийм хууль байж болох юм уу. Ажил хийлгэхэд их л хэцүү болох нь дээ” гэсэн. Мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Энэ хуулийг хэлэлцэж эхэлсэнтэй зэрэгцээд аж ахуйн нэгж эрхлэгчдээс “Та нар гаргах гэж байгаа хуулиа үзсэн үү” гэж асуух боллоо. Ажил олгогчийн үүрэг нь маш их, ажилд орж байгаа хүмүүсийн үүрэг маш багатай ийм хууль байна л даа. Ийм хууль хийгээд цаашдаа компаниудаа дампууруулах юм уу. Өнөөдөр компаниуд эдийн засгийн хямралд өртөөд арга ядаж байна. Ийм цагаа олоогүй хуулийг хэлэлцэх гэж байгаад үнэхээр харамсаж байна. Энэ хуулийнхаа талаар ажил олгогч нарыг цуглуулаад тэр сонсголоо хийж болдоггүй юм уу. Ажил олгогчид чинь нэг талаас мөнгө зээлж олно, компани байгуулна, олон хүн ажилд авна. Ажилд авч байгаа хүмүүс нь болох, болохгүй хүмүүс байна. Одоо хэн ч компани байгуулж, ажил олгохыг хүсэхгүй юм байна. Банк санхүү эрхлээд мөнгө хүүлээд сууж байх нь хамаагүй дээр болох нь. Бүгд төр рүү орох гээд зүтгээд байгаа чинь ажил олгогч нараа дарамталсны хар гай шүү дээ. Одоо ажил олгогч нарыг дарамталж байгаа газар мундахгүй байгаа” гэж хуулийг эсэргүүцсэн.
Ажил олгогчдын түвшинд ийм эсэргүүцэлтэй тулгарч буй Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийг УИХ-ын нэр бүхий гишүүд батлуулахаар лобби хийж явна. Монголчуудын орлогыг боомилох зорилготой хуулийн төслийг хэн ямар зорилгоор захиалсан гэдэг сонин байна. Бүр далд агуулгаараа бол монгол хүнийг хөдөлмөрлүүлэхгүй, халамжаар угжих бодол зөвхөн харь элгийн хүнд л төрнө.
Сэтгэгдэл ( 12 )
ер нь бол дэмжиж байна. ДАВАРСАН ХУВИЙН Хэвшилийнхэн ХУВЬ хүнийг ХЭЗЭЭ бодож байлаа да. Нэг иргэдээ дэмжсэн хууль гархад зөв.
тасархай
BI NUHURTUIGUUU 14 BISN 7 HONOGT NEG YYLZAH HYYLI HEREGTEI BN. DELGERSUREN MINII NUHRIIG SUULIIN 5 JIL 35 HONOG ZARIMDAA 45 HONOG GERT NI IRUULDEGGUI. HARIMAAR BH GEHEER NI TEGBEL BURMUSUN YABAAARAI GEJ DARAMTALDAG. ENE BOLOH UU
MANAI GOBIALTAIGAAS GISNUUN ENHAMGALANGAAS IIM CANAAG AJILCHIN BIDNII ESREG GARGASAND ICHIJ BH. TA MYYHAI HARAGDAJ BH SNUU. BIDNIIG DEMJINE GEED SAYAHAN SANAL GYIGAAD YABJ BAISANDAA
baahan arin haalgani ah duu tanil tal buun yadargaa yuuch hiihgui yuuch medehgui davartsan,tiimerhuu het gegeereed zuvhun nom ailddag ajil hiideggui humuus heregguiee
нэг хүн цалинжуулж үзээгүй хоосон толгоитой гишүүд ийм хууль баталж болохгүй шдээ
нэг хүн цалинжуулж үзээгүй хоосон толгоитой гишүүд ийм хууль баталж болохгүй
Нэг хүн цалинжуулж үзээгүй цагаан гартнууд ийм хууль баталж болохгүй
Нэг хүн ч цалинжуулна гэдэг асар хүнд шүү дээ. их хурлын цагаан гартнууд юу ч ойлгохгүй балай хууль хэлэлцэж бх юм.
za ene sayd ni gej yamar manuukhay baynaa ?
amraal untaal, mungu nehej ideel baijil bhaas, uls hugjih ni uuruu medej dee
нийтээр амрах амралтын өдөр хэрэв баярын өдөр таарвал дараагийн 1 дэх өдөр рүү нь шилжүүлж амраадаг олон улсын жишиг бий