Такэши Китано 74 нас хүрлээ буюу түүний амьдралын дүрэм

2021 оны 01 сарын 18

Японы нэрт найруулагч, жүжигчин, Такэши Китано өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байна. Такэши ядуу, гэмт хэргээр дүүрсэн дүүрэгт төрж өссөн бөгөөд багаасаа самурай болохыг хүсэн мөрөөддөг байв. Гэвч тэр алдартай жүжигчин, телевизийн хөтлөгч, найруулагч, жүжигчин болсон билээ. Түүний бүтээлийн ихэнх баатрууд якуза, гэмт хэрэгтнүүд байдаг.

Ингээд алдарт Такэшигийн амьдралын дүрэмтэй танилцая.

Японы нэрт найруулагч, жүжигчин Такэши Китано ядуу, гэмт хэргээр дүүрсэн дүүрэгт төрж өссөн бөгөөд багаасаа самурай болохыг хүсэн мөрөөддөг байв. Ингээд алдарт Такэшигийн амьдралын дүрэмтэй танилцая.

Миний кинонд хэн нэгнийг зодоход үзэгчид өвдөлтийг мэдэрдэг.

Би ямар ч төрөлд багтахгүй кино хиймээр байна. Үзэгчид танхимаас гарч явахдаа юу ярих, бодохоо мэдэхгүй байвал хамгийн сайхан.

Япончууд бидний хувьд аз жаргалтай байна гэдэг аль ч насандаа дуртай ажлаа хийхийг хэлдэг.

Хүүхдүүд аавыгаа харан, амьдралд суралцдаг гэдэг. Харин аав нь өглөө болгон ажилдаа жирийн яваад байдаг бол яах вэ?

Би ертөнцөд мэндэлсэн шигээ л санамсаргүй кино ертөнцөд ирсэн.

Би амьдралаас их зүйл хүлээдэггүй.

Миний аав будагчин байсан. Гэхдээ түүнийг якуза байсан гэж ярьдаг байлаа. Бидний амьдардаг дүүрэгт хөршүүдийн ихэнх нь якуза байсан юм. Тэд нар их сүртэй харагддаг ч хүүхэд бидэнд их сайн байлаа. Мөнгө, амттан өгдөг ч эрхлүүлдэггүй. Хэн нэг нь тамхи татаж, архи ууж байхыг харвал уурлаад зодох үе ч байсан. Якуза нар бидэнд “Хичээлээ тасалж болохгүй, эцэг эхээ хүндэлж бай. Үгүй бол над шиг болно шүү” гэж захьдаг байсан.

Би кинонд тоглож, шоунд оролцож, жүжигчин, зохиолч, найруулагчийн ажил хийж байлаа. Намайг хойч үе минь нэг ч ажилд оргилд нь гарж чадаагүй ч олон юм зэрэг хийж чаддаг хүн байсан гэдгээр минь дурсаасай.

Найруулагчийн замнал минь дараалсан ялагдлуудаа давж гарах явдал байсан.

Саяхан анх хийсэн киногоо үзлээ. Үнэхээр их ичсэн.

Бусад найруулагч, өөр хүний киног үзээд уран бүтээлийн онгод төрж, таашаал авдаггүй. Би өөрийнхөө алдаан дээрээ л суралцдаг.

Би бүх киногоо өөрөө монтажладаг. Зураг авалтын үеэр хэрэггүй мэт санагдсан үзэгдлийг би авдаггүй. Харин дараа нь монтажлаж байхдаа яг тэр кадр хэрэгтэй байсныг ойлгодог. Тэгээд л өөр кадр, үзэгдлийн зураг эвлүүлж ашигладаг.

Өөрийнхөө шинэ санаа, бодлыг бусдад ашиглуулж болохгүй.

Хошин шог бол хүчирхийлэлтэй адилхан зүйл. Аль аль нь гэнэт тохиолдоно. Санамсаргүй гэнэт байх тусмаа үр дүн нь сайн.

Үзэгчдэд мэдрүүлэхийн тулд би хүчирхийлэл, зодооны хэсгийг хамгийн бодит байдлаар авдаг. Би хэзээ ч компьютер тоглоом шиг гар хүрээгүй байхад цус асгарсан үнэмшилгүй зураг авахгүй.

Бид эрх, үүрэг хариуцлагын тэнцвэрийг ойлгохоо больжээ. Одоо бүгд л эрх гээд байхаас биш хэн ч хариуцлага гэж ярихгүй байна.

Орчин үеийн хүмүүс үхэл гэж байхгүй мэт амьдраад сурчихаж. Харин үхэл гэдэг хүссэн хүсээгүй ард чинь байнга дагаж явдаг. Жишээ нь, би үхэлтэй хэзээ ч нүүр тулахад бэлэн.

Нэг ч хүн хэзээ төрөх, хэзээ үхэх ёстойгоо өөрөө шийдэж чадахгүй.

1994 онд осолд ороход эмч нар намайг азаар амьд үлдсэн гэж хэлсэн. Би хоёр жил эмчлүүлж байж хөл дээрээ боссон. Дараа нь “Аймшигт явдлын дараа хүмүүс гэнэт гэгээрч, агуу хүн болдог талаар олон яриа байдаг. Надад сайхан боломж олдлоо” гэж бодоод зураг зурж эхэлсэн. Харамсалтай нь ямар ч гэгээрэл надтай учраагүй. Зураг маань хөгийн юм байлаа.

Би уламжлалыг хүндэлдэг. Гэхдээ өөрчлөх цаг ирсэн бол бид уламжлалыг өөрчлөх эрхтэй.

Би нэг ч энэтхэг кино үзээгүй.

Намайг Японы соёлын элчин төлөөлөгч гэх юм. Үнэндээ би бол элчин биш тагнуул юм.

Үхэл гэж юу болохыг тодорхойлсныхоо дараа л амьдрал гэж юу болохыг ойлгоно.

Хонконг кино бол амьдралаас тасархай, ер нь бүжигтэй төстэй гээд хэлчихэд болно.

Хошин шогийн жүжигчид хүмүүсийг юу ч хамаагүй хийж, инээлгэх ёстой. Тэд хүн төрөлхтөн, гэрбүлийн үнэт зүйл гэж яриад эхлэх тэр үеэсээ хошин шогийн жүжигчин биш болдог.

Би телевизийн хөтлөгч, ном бичиж, зураг зурдаг. Кино бол миний энэ бүх авьаясыг нэгтгэх арга хэрэгсэл юм.

Телевизийн ажил надад кино бүтээхэд шаардлагатай мөнгө, алдар нэр хүнд авчирдаг. Хэрэв би зөвхөн кино найруулагч байсан бол идэх хоолгүй байх байлаа.

Японы үзэгчдэд сайн жүжигчин гэж хүлээн зөвшөөрөгдөхийн тулд би бүтэн арван жил алуурчин, хүчирхийлэгчийн дүр бүтээсэн.

Олон хүн надаас кинон дээр минь гардаг хүчирхийллийн талаар асуудаг. Би хүчирхийллийг бусад найруулагчаас өөрөөр үзүүлдэг. Миний хүчирхийлэл илүү өвтгөдөг. Хүмүүс хүчирхийлэл бол тоглоом биш, маш их өвддөг гэдгийг ойлгох ёстой.

Аз жаргал хөрөнгө мөнгөтэй огт хамаагүй гэдэгт би итгэдэг.

Зохиолоо бичиж эхлэх үед миний толгойд кино бэлэн болсон байдаг.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол(64.119.17.126) 2021 оны 01 сарын 19

үхсэн япон

0  |  0
бор(66.181.190.31) 2021 оны 01 сарын 18

14 тэрбум доллар гараад байхад сохор зоосны ашиггүй шалгах хянах ч эрхгүй ХАРИЙН ДЭЭРЧИДЭД дарлагдаад сууж байдаг чинь АУГАА ИХ ЭЗЭН ЧИНГИСИЙН мах цусны тасархай гэжүү ... МОНГОЛЧУУДАА ... бүх ард иргэд ерөнхийлөгчөөс эхлээд бүх нам эвсэл хөдөлгөөн нэгдэж эх орноо харийн луйварчидын савраас аварч хамгаалахгүй бол хожим харамсаад ч барахгүй эмгэнэлт гаслант хувь заяа хүлээж БАЙНА УХААРЧ СЭХЭЭРЦГЭЭ ... ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ ... БОСЦГООЁ ... ЭНЭ САЙХАН ОРОН ЗҮГЭЭР БИДЭНД ИРЭЭГҮЙ ЭЦЭГ ӨВГӨДИЙН МИНЬ МАХ ЦУСААР ЗОЛИН БИДЭНД ИРСЭНГ ИНГЭЖ ХАРЖ СУУГААД АЛДАХ ГЭЖҮҮ ... ХОЙЧ ҮР АЧДАА ЧИЧЛҮҮЛЭХ НҮГЭЛ БҮҮ ХИЙ

0  |  0
D(64.119.26.9) 2021 оны 01 сарын 18

Сохор самурайг мундаг тоглосон шүү...

0  |  0
АРД(202.9.46.202) 2021 оны 01 сарын 18

Япон хүнд 74 нас залуу нас Монгол хүнд бол өндөр талдаа нас...

1  |  0
100(202.9.46.151) 2021 оны 01 сарын 18

mundag sh uu

0  |  0
Top