Сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрөлжсөн асрамжийн төв байгуулахаар ярилцжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 19

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүлэх чиглэлийн хүрээнд ХНХЯ, Азийн хөгжлийн банктай хамтран ажиллахаар талууд ярилцжээ.

Азийн хөгжлийн банк 1991 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн түнш  байж, манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжин ажилласаар ирсэн. АХБ нь Үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөх томилолтын хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 18-29-ний өдрүүдэд зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулж, тус банкны 2021-2024 онд манай улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегид багтсан зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төсөл хөтөлбөрүүдийн чиглэлийг зөвшилцөхөөр холбогдох салбарын яам агентлагуудын төлөөлөлтэй уулзаж байгаа.

Үүний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран болон холбогдох асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй  цахимаар уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтаар хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц, хэрэгжилтийн талаар талууд харилцан мэдээлэл солилцсон юм.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Засгийн газраас хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр баримталж буй бодлого, тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулаад энэ хүрээнд яамнаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хууль эрхзүйн шинэчлэлүүдийг онцлон танилцуулав.

Уулзалтын төгсгөлд талууд иргэдэд халамж хүртээхээс илүүтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн халамжийн оновчтой, үр ашигтай бодлогыг хэрэгжүүлэх, сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрөлжсөн асрамжийн төв байгуулах, хөдөлмөр эрхлэлт, ур чадвар хөгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх асуудлыг мэргэжлийн боловсролын салбартай уялдуулан хөгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах, цаашид төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар болов. Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.143.240) 2021 оны 01 сарын 19

Маш зөв сэдэв хөндсөн байна. Манайд энэ чиглэлийн байгууллага байдаггүйгээс болж хөдөлмөрийн насны хүн хөгжлийн бэрхшээлтэй хүнээ харж асарч хөдөлмөр эрхлэх боломжгүй болдог. Ийм асрамжийн газар байгуулагдвал олон хүнд хөдөлмөр эрхэлэх боломж олдоно амьдрал ахуйгаа аваад явахтайгаа болно. Хурдан хийж хэрэгжүүлээрэй.

2  |  0
Top