Энхбат: Соёлын өвийн үндэсний төвийн шинэ байрыг өндөр хөгжилтэй орны жишгээр барьсан

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 21

Соёлын өвийн үндэсний төв тун удахгүй шинэхэн байрандаа орох гэж байна.  Энэ нь соёлын өвийг хадгалж хамгаалах барилга байшин, сэргээн засварлах боловсронгуй лаборатори нэн шаардлагатай байгаа энэ үед нүдээ олсон бүтээн байгуулалт болсон билээ. Соёлын өвийн төрөл зүйл болон тус төвийн үйл ажиллагаа, хэтийн төлөвийн талаар Тус төвийн захирал Г.Энхбаттай ярилцлаа.


 

-Монгол Улсыг хэмжээнд бүртгэлтэй байгаа соёлын өвийг хэзээнээс эхлээд бүртгэлжүүлж эхэлсэн бэ. Соёлын биет болон биет бус өвийн хичнээн төрөл зүйл байдаг вэ?

-Монгол Улс  өөрийн нутаг дэвсгэр дээр байгаа соёлын өвийг тоолж, бүртгэлжүүлэх ажлыг 1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулсан цаг үеэс хойш тасралтгүй хийж ирсэн байдаг. Хамгийн анх Богд хааны ордонд түүний эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, хээр хөдөө байгаа эртний хот балгадыг бүртгэх, 1940-өөд оны үед археологийн дурсгалын карт бүртгэл хөтлөх гээд шинжлэх ухааны байгууллага энэхүү ажлыг дагнан хийдэг байсан түүхтэй.  1950-60-аад оноос улс, аймаг орон нутгийг судлах кабинет, музей байгуулагдсанаар хуучны эд өлгийн зүйлсийг цуглуулан хадгалах, данслан тоолж бүртгэлжүүлэх ажлыг хийж иржээ. 1995 онд “Түүх, соёлын дургалыг хамгаалах тухай хууль” батлагдаж, анх удаа улсын хэмжээнд соёлын өвийн бүртгэлийн тогтолцоо, соёлын өвийн улсын нэгдсэн  бүртгэл мэдээллийн сан бий болгох ажлыг улс орон даяар хийж эхэлсэн. Энэ зорилгоор Соёлын яамны харьяанд Соёлын өвийн үндэсний төвийг байгуулсан түүхтэй. Соёлын өвийн бүртгэлийн гол зорилго нь  тухайн бүртгэгдсэн соёлын өв ямар нэгэн эрсдэлд ороод алга болох, устах, эвдэрч гэмтэх, мартагдах тохиолдолд түүнийг эрж хайх, сэргээн засварлах, бүтээх, сэргээн амилуулахад шаардлагатай иж бүрэн мэдээллийг агуулсан байх явдал юм.

Соёлын өвийг дотор нь соёлын биет өв, соёлын биет бус гэж хоёр хуваадаг. Соёлын биет өвийг дотор нь түүх, соёлын үл хөдлөх дурсгал, түүх соёлын хөдлөх дургалт зүйл гэж ангилна. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хээр хөдөө орших булш хиргэсүүр, хадны зураг бичээс хүн чулуун дурсгал зэргийг хамаатуулдаг бол түүх, соёлын хөдлөх дургалт зүйлд музейн үзмэр, бурхан шашны эд өлгийн зүйлс, хувь хүний өмчлөл гарт хадгалагдаж буй эртний эдлэл, эд өлгийн зүйлсийг хамаатуулан ойлгож болно. 2021 оны байдлаар улс аймгийн 40 гаруй музей, сумдын орон нутаг судлах 260 гаруй танхим зэрэг байгууллагад 126810 дэсийн 276077 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагдаж байна. Үүнийг төрөлжүүлэн ангилвал 29 хувь нь түүхийн, долоон хувь нь археологийн, 16 хувь нь угсаатны зүйн, 22 хувь нь шашны, 13 хувь нь урлаг уран сайхны, 13 хувь нь байгалийн төрөлд хамаарч байна. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хувьд 9537 дурсгалт газрын 86157  дурсгал бүртгэгдсэн байна. Үүний 70 хувь нь булш оршуулга, 10 хувь нь хадны зураг бичээс, таван хувь нь хөшөө чулуун дурсгал,  гурван хувь нь барилга архитектурын дурсгал, нэг хувь нь чулуун зэвсгийн дурсгалт газар, нэг хувь нь палеонтологийн дурсгалд тус тус хамаардаг. Соёлын биет бус өвийн хувьд Монгол нутагт амьдарч буй үндэстэн, угсаатны нийт 362 өв, үүнийг өвлөн уламжилж байгаа 10495 хүнтэй холбоотой мэдээллийн сан цуглагдсан байна. Соёлын биет бус өвийг дотор нь эх хэл аман уламжлал, ардын язгуур урлаг, ардын гар урлал, уламжлалт баяр наадам, мал маллагаа, байгалийн болон сав шимийг ертөнцийг таних арга ухаан, уламжлалт технологи арга ухаан гэсэн долоон ай савд төрөлжүүлэн хуваадаг.

-Биет бус өвийг тээж буй хөгшчүүд цөөрч байна. Үүнийг өвлөн уламжлуулах талаар ямар бодлого баримталдаг вэ?

-Соёлын биет бус өв нь хүнээс хүнд уламжлан ирдэг хүн, гэр бүл, угсаатны бүлэг, хамт  олонтой  шууд холбогддог онцлог өв юм. Тийм учраас энэ төрлийн өвийг хамгаалахад байгаль орчин, газар нутаг, хүн амын нягтаршил, хотжилт, суурьшил, эрүүл мэнд, нийгмийн нөхцөл байдал гээд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг, олон салбар хамтарч ажиллах шаардлагатай. Ялангуяа өвийг уламжлан авч яваа өндөр настан, хөгшчүүл, хүн цөөрөх тусам энэ төрлийн өв мартагдах, цөөрөх, алга болох үзэгдэл гарч байна гэж үздэг. 1980-аад оны дундуур анх Ардын язгуур урлагийн наадам хэлбэрээр язгуур урлаг, гар урлалын өв соёлоо дээдлэн авч яваа хүнийг олж таньж илрүүлэх, тэднийг дэмжих талаар арга хэмжээ авч эхэлсэн байдаг. 1990-ээд оны сүүл 2015 он хүртэл үе үеийн Засгийн газар, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас монгол цуур, морин хуур, монгол хөөмэй, монгол бүжиг бий биелгээ зэрэг төрөлжсөн хөтөлбөрийг хэрэгжүүлж, үүний үр дүнд эдгээр өвүүдийг сэргээн, өвлөн уламжлагч хүн, шавь нарыг төрүүлж, Монгол Улсаас ЮНЕСКО-гийн өвд 15 өвийг бүртгүүлэн амжилттай ажилласан байдаг.     

2018 оноос эхлэн жил бүр соёлын биет бус өвийг дэлхий дахин, Монгол Улсад өндөр түвшинд сурталчилсан, шавь төрүүлсэн, хадгалж хамгаалах чиглэлээр үр бүтээлтэй ажилласан нэг хүнийг 30 сая төгрөгөөр шагнадаг журмыг Засгийн газраас батлан гурав дахь энэ 2021 онд тодруулахаар Соёлын яам, манай төв хамтран ажиллаж байна. Шинээр байгуулагдсан Соёлын яам энэ төрлийн өв, өвлөн уламжлагч хүнийг хамгаалах, дэмжих, хамтран ажиллах талаар шинэ бодлого үйл ажиллагааг зохион байгуулж байна. Жишээ нь, энэ төрлийн өвийг хамгаалахад тусгайлсан төсөв байдаггүй байсныг  бий болгох, судалгааны байгууллагыг татан оруулж хамтран ажиллах, аймаг орон нутгийн удирдлагыг уриалан чиглүүлэх, 2019 онд батлагдан зогсонги байгаа Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх зэрэг ажлыг дурдаж болно.

-Соёлын өвийг хадгалах, хамгаалах талд шинэ барилга барьж ашиглалтад орж байгаа. Хэрэгцээ шаардлага мэдээж их байсан. Энэ талаар та мэдээлэл өгвөл?

-Өнөөдрийг хүртэл манай улс соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах лаборатори, урлан, бүртгэн баримтжуулах, соёлын өвийн сургалт зохион байгуулах чиглэлээр төрөлжсөн зориулалтын барилга бариагүй байсан.  Олон мянган жилийн түүхтэй соёлын өвийг бэхжүүлэх, сэргээн засварлах, бүртгэн баримтжуулах, судлах, хамгаалах үйл ажиллагаа явуулахад төрөлжсөн барилга, зориулалтын тоног төхөөрөмж, бодис хэрэглэгдэхүүн, мэрргэжлийн боловсон хүчин л хэрэгтэй.  Ер нь олон улсад өндөр хөгжилтэй улс орон л соёлын өвийг хамгаалах зориулалтын барилга барьсан нь нийтлэг ажиглагддаг. Манай улс энэ жишигтэй хөл нийцүүлж байгаа нь сайшаалтай. Ялангуяа 2020 онд байгуулагдсан Соёлын яам энэ талаар маш их анхаарал хандуулж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. 2008 онд Улаанбаатар хотын Хан уул дүүрэгт нэг га газар олгох, 2010-2012 онд зураг төсвийг зохиох боловсруулах, 2014 оноос барилгын ажлыг эхлүүлээд зогсонги байдалд орсныг 2020 оны долоо, наймдугаар сараас ажлыг идэвхжүүлж 2021 оны нэгдүгээр улиралд тодруулбал Сар шинийн баярын үед ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

-Шинэ барилга баригдсанаар соёлын өвийн хадгалалт хамгаалалтад ямар ахиц дэвшил гарах вэ? 

-Бидэнд дараах ахиц дэвшил, хөгжил шууд гарна. Нэгд,  зарим музей, байгууллагын зориулалтын бус байранд хадгалагдаж байгаа соёлын өвийг харуул хамгаалалт, тусгай орчин бүхий сан хөмрөгийн өрөөнд шилжүүлэн хадгална. Хоёрт, дурсгалын эвдрэл гэмтлийг оношлох, судлах лаборатори ажиллана. Гуравт, музейн үзмэр археологийн олдвор эд зүйлсийг төрөлжүүлэн сэргээн засварлах урлангууд бий болно. Дөрөвт, байгаль дээр хээр хөдөө ил задгай орчинд олон зуун жил байсан эвдэрч гэмтсэн хөшөө чулууг эмчлэх, сэргээн засварлах зорилгоор  түр зөөж тээвэрлэн авчирч жилийн дөрвөн улиралд зориулалтын байранд засаж, буцаан байруулах ажлыг хийнэ. Тавд, соёлын биет бус өвийг өвлөн уламжилж байгаа өвлөн уламжлагч хүмүүс өөрсдийн урын сан, өвийн мэдлэгээ олон нийтэд танилцуулах, сурталчлах тайз театр ажиллах орчин нөхцөл бүрдэнэ. Зургаад, энэ байранд соёлын өвийг судлах, хамгаалах чиглэлээр бүхий л байгууллага, хүмүүс ирж ажиллах таатай орчин бүхий байр, хурлын танхим, өрөө тасалгаагаар хангагдана.

-Олон улсад соёлын өвөө хадгалж хамгаалах тал дээр хэрхэн ажилладаг юм бол. Шинэхэн барилгаа адил төстэй үйл ажиллагаа явуулдаг барилга, байгууллагын стандартын дагуу зохион байгуулж, барьсан байх?

-Түрүүнд би хэлсэн өндөр хөгжилтэй оронд бол ийм төрлийн байгууллага, барилга бий. Бид барилгаа барихын тулд АНУ, Япон, Солонгос, Хятад, Энэтхэг зэрэг оронд очиж судалгаа хийсэн. Одоо өмнө нь хамтарч ажиллаж байсан хамтрагч гадаадын байгууллага болон Соёлын яамаараа дамжуулан гадаад улстай соёлын хамтын ажиллагаа, техникийн хамтын ажиллагаа бий болгохоор ажиллаж байна.   

-Соёлын өвийг судлах, хамгаалах чиглэлээр ажиллах боловсон хүчний нөөц, чадавхи хүрэлцээтэй байна уу. Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах тоног төхөөрөмж, лаборатор хэрхэн ажиллаж ирсэн бэ?

-2021 оны байдлаар манай төв 35 хүнтэй. Үүнээс сэргээн засварлах чиглэлээр 11 хүн, цаасан болон цахим суурьтай бүртгэн баримтжуулалтын чиглэлээр 15 орчим хүн  ажиллаж байна. Боловсон хүчний хувьд орон тоо маш дутмаг, жишээ нь соёлын өвийг судлах технологич, химич, лаборант, хөшөө чулуу сэргээн засварлагч, арьс, цаас, шавар эдлэл сэргээн засварлагч огт байхгүй, музей судлаач, соёлын өв судлаач зэрэг орон тоо дутмаг. Бидний тооцоогоор ойрын жилүүдэд 20 орчим орон тоо нэн хэрэгцээ шаарлагатай байгаа.

Боловсон хүчний хувьд Япон Улсад модон эдлэлээр докторын зэрэг хамгаалсан, Хятад, Солонгос улсад оёлын өвийн хадгалалт, хамгааалтын чиглэлээр магистр хамгаалсан ажилтнуудыг сүүлийн жилүүдэд авч ажиллуулж байна. Ажилтны дийлэнх нь Соёл урлагийн их сургууль, Дизайн дүрслэх урлагийн их сургууль, Улаанбаатар их сургууль, ШУТИС төгссөн чадварлаг хамт олонтой. Соёлын өвийг баримтжуулах, сэргээн засварлах тоног төхөөрөмжийн хувьд 2010, 2012 оны улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Япон, АНУ-ын соёлын буцалтгүй тусламж, төслөөр сэргээн засварлах зарим нэгэн тоног төхөөрөмжөөр тоноглогдож байсан. Өнөө цагт зарим тоног төхөөрөмж ашиглалтаас гарах, элэгдэж хуучирч байгаа тул шинэчлэх, ялангуяа шинэ байр ашиглалтад орж байгаатай холбогдон чулуун дурсгал оношлох, зөөж тээвэрлэх, сэргээн засварлах зэрэг тусгайлсан тоног төхөөрөмжөөр хангагдах шаардлага хэрэгцээ байгааг хэлэх нь зүйтэй болов уу.

-Байгууллагын алсын хараа, стратеги, төлөвлөгөө ямар байгаа вэ? 

-Манай хамт олон 2015 оноос байгууллагын алсын хараа, стратегийг 2050 он хүртэл боловсруулан баталж, үеийн үеийн соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай уялдуулан ажиллаж ирсэн. Шинээр ашиглалтад орж буй барилга маань ч энтэй бас холбогдоно.  Төлөвлөгөөгөөр бид 2030 он гэхэд байгууллага 60 хүнтэй, үйл ажиллагааны хувьд Монгол Улсын нутаг дэвсгэрт соёлын өвийг хамгаалах чиглэлээр сүлжээ бий болгон, тоног төхөөрөмж, боловсон хүчний чадавхтай, үйл ажиллагаа нь тогтмолжсон тогтвортой байгууллага болсон байна. 2050 он гэхэд олон улс, бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөхүйц Олон улсын хадгалалт хамгаалалтын төв болж, 130 гаруй хүнээр өргөжсөн, Монгол Улсад соёлын өвийг хамгаалах бүсчилсэн таван үндэсний төвийг бий болгосон байна гэж төсөөлж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А.Ариунболд(103.26.194.149) 2021 оны 01 сарын 23

Амжилт хүсье, Өв соёлоо хайрлан хамгаалах нь иргэн бүрийн үүрэг билээ.

0  |  0
А.Цэдэн-Иш(66.181.161.106) 2021 оны 01 сарын 21

Амжилт амжилт амжилт. Сурталчилгаа сайхан болжээ

0  |  0
Нарангэрэл(66.181.161.23) 2021 оны 01 сарын 21

Сайхан байртай болж буйд баяр хүргэж амжилт хүсье ээ

0  |  0
Б.Нямдорж(64.119.25.112) 2021 оны 01 сарын 21

Та бүхэнд ажлын амжилт хүсье.шинэ байртай болсонд баяр хүргэе

0  |  0
Ховд, Ганболд(59.153.113.202) 2021 оны 01 сарын 21

Та бүхэнд баярыг хүргэж, ажлын амжилтыг хүсье\n

0  |  0
Top