МАН: Ерөнхийлөгчийн ГУРВАН ХУУЛЬД тавьсан хоригийг хүлээж авахгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 01 сарын 25

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.01.25/ хуралдлаа. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. 

Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийг томилох эсэх асуудлыг хэлэлцжээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын авлигын эсрэг болон шүүхийн тухай хуульд тавьсан хэсэгчилсэн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж, бүлгийн гишүүдийнхээ байр суурийг нэгтгэжээ. 

Тэрбээр "Намын бүлгийн хурлаар дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэр гаргасан. Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн. Түүнийг 100 хувийн саналаар дэмжлээ. Авлигын эсрэг хуульд хоёр өөрчлөлт орсон. Нэг нь АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгосноор зургаан жилийн хугацаагаар томилдог байсан. Энэ өөрчлөлтөөр Ерөнхий сайд санал болгосноор УИХ томилдог болсон. Энэ заалт дээр Ерөнхийлөгч хориг тавьсан байна. Хоёрт, АТГ-ын дэд даргыг өмнө нь Ерөнхийлөгч санал болгодог байсан. Одоо АТГ-ын дарга өөрөө дэд даргаа санал болгож, УИХ-д оруулж, томилдог болсон юм. Энэхүү хоригийг МАН-ын бүлэг хүлээж авах боломжгүй гэх шийдвэрийг гаргалаа" гэв. 

Түүнчлэн Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хүлээж авах боломжгүй гэж үзжээ. Үүнээс гадна Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуульд хэсэгчилж тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг мөн хүлээж авах боломжгүй гэж үзсэн талаараа мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top