БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан үүрэгт ажлаа хүлээн авлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 30

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газарт Боловсрол, шинжлэх ухааны сайдаар УИХ-ын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан ажиллахаар болж, өнөөдөр Засгийн газрын гишүүний тангаргаа өргөж, захирамжаа гардан авав. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүрэлцэн ирж, шинэ сайдад төрийн тамга гардуулах ёслолд оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинжлэх ухааны нээлтийг эдийн засагжуулахын тулд нэгдсэн кластер хэлбэрт оруулж, салбарт дорвитой ахиц гаргах хэрэгтэй байна. Боловсролын салбар дэлхийд өрсөлдөх чадвартай байх ёстой. Улсын Их Хуралд гурван удаа сонгогдож, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай түшээг салбарын сайдаар томиллоо. Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон өөрчлөлтийг гаргана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Монгол Улсынхаа боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн төлөө салбарын яамны хамт олонтойгоо нэг баг болж ажиллана” гэсэн бол Сайд асан Л.Цэдэвсүрэн нийгмийн хамгийн оюунлаг, гэгээлэг салбарын сайдаар томилогдсонд баяр хүргэе гээд салбарт хийгдэж буй шинэчлэлүүдийг үргэлжүүлэхийг хүслээ.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
1992 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль
1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль
2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч
1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч
2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.5.206.6) 2021 оны 01 сарын 30

Шинэ сайдад баяр хүогэж амжилт хүсье. Монгол улс цөөн хүн амтай. Хүмүүн нь оюуны потенциал өндөртэй нэг хүн гадны 10 хүнтэй тэнцэх ачаа даах шаардлагатай онцлогтой. Тиймээс боловсролын салбар маш чухал. Зарим хүмүүс хүүхдэд хэрэггүй баахан мэдлэг чихэж дарамт учрууллаа гэдэг нь дээрх онцлогтой холбоотойгоор зайлшгүй юмаа. 80-аад оны боловсрол өндөр түвшинд байсан учраас Японы их сургуулийн багшийг ядуу Монголын ядруу дунд сургуулийн багш ичээж явсан түүх байдаг юм шүү. Гэтэл өнөөгийн боловсролд хүүхдийн ачааллыг хөнгөлж байна гэх нэрээр чанарыг муутгаж байгаа шүү

2  |  0
Top