Иргэнийхээ цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг төрд байхгүй гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 05

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уулзалтаа Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарынхантай хийв. Тэрээр уулзалтынхаа эхэнд тус салбарт баримтлах өөрийн Засгийн газрын бодлогыг үндсэн 6 чиглэлээр явуулах тухайгаа товч танилцуулж, илтгэл тавьсан.

Илтгэлдээ ‘’Шинэчлэлт, өөрчлөлтүүдийг хийнэ. Хийхдээ өмнөх засгийн газруудын сайн, жишээ бодлогуудыг үргэлжлүүлж авч явна. Үүний нэг том зорилт нь цахим шилжилт хийх явдал. Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй. Тиймээс иргэдээ стресс бухимдалгүйгээр өглөө сэрдэг, үндэстнээрээ эрт босож гүйдэг, эрүүл мэнддээ анхаардаг, гар утаснаасаа төрийн үйлчилгээгээ авчихдаг, бусад цагт нь өөрийгөө хөгжүүлдэг болгох ёстой. Энэ бол та бидний үүрэг’’ хэмээн онцолсон.

Уулзалтад Монгол Улсын Засгийн газрын гишүүд, болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны сүлжээ зэрэг төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүд, үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй стартап компаниудын удирдлага, төлөөлөл гээд 40 гаруй хүн оролцсон.

Тус салбарын хувийн хэвшлийн төлөөлөл болсон залуус санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байв. Тэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангах тал дээр бодит үр дүн хомс байсаар ирснийг онцлов. Мөн төртэй хамтарч ажиллахад дамжлага, хүнд сурталтай, үр дүн, орлого ашиг багатай байдаг нь салбарын хэмжээний хөгжлийн чөдөр тушаа болсоор ирсэн гэх хатуухан шүүмжлэлийг ч хэлж байлаа. Харин одоо мэдээлэл, технологийн асуудал хариуцсан яамтай болж, бодлогоор дэмжлэг үзүүлэхээ Ерөнхий сайд биечлэн мэдэгдэж, биднийг сонсож байгаа нь ирээдүйд итгэл төрүүлж байна гэлээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top