Х.Болорчулуун гишүүн байнгын хороог хуралдуулах санал гаргав

Т.Давааням | Zindaa.mn
2021 оны 02 сарын 24

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл өчигдөр (2021.02.23) хуралдлаа. Хурлаар чуулганы завсарлагааны хугацаан дахь Байнгын хороод, Ажлын хэсгүүдийн үйл ажиллагаа, ойрын үед анхаарах асуудал, чиглэлийн талаар санал солилцов.

Энэ үеэр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр энэ ажлын хэсгийг ахалж байгаа бөгөөд Ажлын хэсгийн хүрээнд 7 Дэд ажлын хэсэг байгуулж, нарийн бичгийн дарга нарыг томилон ажиллуулж байгаа талаар мэдээлэл өглөө.

Дараа нь УИХ-ын намрын чуулганаар баталсан Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах талаарх асуудлаар санал солилцлоо. Уг хууль ирэх гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх билээ. Тиймээс хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ямар асуудалд анхаарах талаар судалгаа дүгнэлт гаргаж, Хууль зүйн байнгын хороог хуралдуулах, эсэх асуудлыг шийдье гэдгээ тус Байнгын хорооны дарга С.Бямбацогт илэрхийллээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун Байнгын хороог ойрын үед буюу энэ долоо хоногт багтаан хуралдуулах шаардлагатай байгаа гэлээ. Байнгын хорооны хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тайланг сонсох, хаврын тариалалтад бэлтгэх асуудлыг хэлэлцэх шаардлагатай байгааг тэрбээр онцлов. Энэ жилийн хувьд улаан буудайн үр дутагдалтай, хүнсний ногооны үрийг бэлтгэх, хангах асуудлыг ч анхаарах нь чухал байгаа тул гуравдугаар сарын 15-нд эхлэх хаврын чуулганыг хүлээлгүй, наана нь асуудлаа ярилцах зайлшгүй шаардлага үүсэж байгааг тэрбээр тэмдэглэлээ.    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top