Л.Оюун-Эрдэнэ: V сарын 1-нээс хилээ нээх төлөвлөгөөтэй байна

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 25

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.02.25/ өглөө 07:40 цагт  аялал жуулчлалын салбарынхантай уулзлаа.

Энэ үеэр “Манай аялал жуулчлалын салбарын хувьд агаарын тээвэр дээр сул. Тасалбарын үнэ, өрсөлдөөн, глобачлал, нээлттэй байдал сул. Мэдээлэл нэгдсэн урсгалд орж чадахгүй байна. Компаниуд өөрсдөө маркетинг хийж, дэлхий дахинд нэгдсэн нэг ойлголт, сурталчилгааг хийж чадахгүй байгаатай холбоотой. Байгалийн нөөцийн хувьд боломжтой ч сурталчилгаа их муу. Дэд бүтэц сул. Орон нутгийн нислэгтэй холбоотой асуудлыг зайлшгүй хийх шаарддагатай. Дэлхийн орнууд буюу Япон, БНХУ, ОХУ, Хятад энэ асуудлууд дээр цогц.

Монгол Улсын аймаг, бүс нутгийн онцлогоор нь асуудлыг авч үзвэл илүү зохимжтойг "Алсын хараа 2050" хөтөлбөрт тусгасан. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийг өвлийн аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний тал руу хөгжүүлэх нь зүйтэй. Хөвсгөл бол байгалийн аялал жуулчлалын бүс, Улаанбаатар хот соёлын аялал жуулчлалын бүс гэдэг байдлаар харах нь зүйтэй юм. Вакцинжуулалт эхэлсэн. Хэрэв дархлаажуулалт амжилттай хэрэгжвэл хилээ нээнэ. Мөн гадаад худалдаа, дипломат уулзалтуудад уян хатан хандах бодлого баримталж байгаа. Тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр судалж байгаа. Гэхдээ энэ нь хоёр зүйлээс шалтгаална. Вирусийн халдвар гэдэг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй учраас дэлхий нийтэд хүндрэл их байна. Бидний өнөөдрийн баримталж буй халдвар хамгааллын дэглэмийг иргэд сайн барьж, вакцинжуулалт тасалдахгүй зохион байгуулж, нийт иргэдийн 50-иас дээш хувийг вакцинжуулах төлөвлөгөөг хийсэн. Маш богино хугацаанд хийнэ.

Бид аялал жуулчлал, хувийн хэвшлээ аль болох хурдан эргэлтэд оруулахын тулд вакцинжуулах ажлыг зохион байгуулж чадвал вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд хил нээлттэй байх асуудлыг тавдугаар сарын 1-нээс өмнө шийдэж чадах байх гэж бодож байна. Гэхдээ шууд амлахад амаргүй. Ингэхийн тулд Засгийн газар чадах чинээгээрээ ажиллана. Нөхцөл байдал, вакцинжуулалтаа дүгнээд тавдугаар сарын 1-нээс хил нээх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна гэдгийг зарлаж байна. Үүнд тулгуурлаад та бүхэн төлөвлөлтөө хийж болно" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top