Засгийн газраас эдийн засгаа эрчимжүүлэх үүднээс 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийн хүрээнд 500 тэрбум төгрөгийг залуусыг мэргэшүүлэх урамшуулалтай сургалтад зарцуулна гэж мэдэгдэж байлаа. Тэгвэл өчигдөр цахим орчинд “Фитнессээр хичээллэх хоёр сарын төлбөрийг Засгийн газраас дааж, 500 тэрбумыг зарцуулахаар болсон” гэх мэдээлэл цацагдсан юм. Үүнийг дагаад олон нийтийн сүлжээнд шүүмжлэл өрнөсөн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзоригоос тодруулахад “Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрт залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг төсвөөс зарцуулна гэдэг нь худал мэдээлэл. Энэ мөнгийг залуусыг ажлын байранд бэлтгэхэд зарцуулах дунд хугацааны хөтөлбөрт зориулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байгаа болно. Хамгийн гол нь мэргэжил олгох сургалт бөгөөд ажлын байр бий болоход чиглэж байгаа" гэсэн тайлбар өгчээ.
Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн дараах нийгэм, эдийн засгийн амьдралыг хэвийн байдалд оруулахын тулд 10 их наядын төлөвлөгөөг баталж гаргасан. Энэ ажил дотор Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр багтсан. Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих богино хугацааны сургалтыг зохион байгуулахаар бэлтгэж ажлыг хангаж байна. Зөвхөн нэг яамны асуудал биш, салбар дундын зохицуулалтын асуудал. Өнөөдөр хүнсний талон авдаг 43 мянган өрхийн 235 мянган иргэн бий. Энд бүх насны хүмүүс байдаг. Энэ 43 мянган өрх дотор ажил хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлээгүй залуусыг сургалтад хамруулах, нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй нэг сарын сургалт хийе гэх агуулгаар хөтөлбөрөө бэлтгэж байна” гэсэн тайлбар өгсөн байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Наад тэтгэмж халамж энэ тэрээ одоо болио.Хүн өөрөө хөдөлмөрлөх хэрэгтэй.