Л.Оюун-Эрдэнэ: Шинэ нисэх буудлыг 7 САРЫН 1-нээс ашиглалтад оруулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 06

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2021.03.06) "Чингис хаан" олон улсын нисэх буудлын нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхаг, Агаарын хөлгийн засвар үйлчилгээний барилга буюу ангар, "Нэг цэгийн үйлчилгээ"-ний барилга, зорчигч үйлчилгээний барилга болон "Аэро сити" төсөлтэй танилцлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд "Монгол Улс тавдугаар сарын 1-нээс агаарын хилээ нээхээр төлөвлөж байгаа. Иймд долдугаар сарын 1-нд шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулахаар байгаа юм. Энэ асуудлыг Япон Улсын талтай ярилцсан. Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах "Чингис Хаан" олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл 85 хувьтай хангагджээ. Үлдсэн бэлтгэл ажлыг яаралтай хангах хэрэгтэй. Албаны хүмүүсийн тайлбарласнаар "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлыг 24 цагийн дотор шинэ нисэх онгоцны буудал руу нүүлгэх боломжтой бөгөөд нислэгийн хуваарь алдагдахгүй" гэдгийг хэллээ.
 

Шинэ нисэх буудлын давуу талууд: Нисэх буудлын аэродромын ашиглалт одоогийн байгаа 73 хувиас 98 хувьд хүрнэ. Агаарын тээвэрлэлтийн дамжин өнгөрөлтийг нэмэгдүүлнэ. Нисэхийн аюулгүй ажиллагааны хангалтыг сайжруулж шинэ нисэх буудал нь агаарын хөлгийн нислэгийн хоёр талын хөөрөлт буулт үйлдэх боломжийг бүрдүүлнэ. Одоогийн нисэх буудлын үйл ажиллагаа, үйлчилгээнд тулгарч байгаа хүндрэлүүдийг олон улсын нисэх буудлуудын хэмжээнд зохион байгуулна.

Агаарын шинэ шугамууд шинээр нээгдэж зорчигчдын урсгал, ачаа эргэлтийн тоо нэмэгдэх таатай боломж бий болно. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын агаарын тээврийн салбарт дөрвөн агаарын тээвэрлэгч компани үйл ажиллагаагаа явуулж байна. Жилд 13,136 нислэг үйлдэн 1.59 сая суудал нийлүүлж 1.14 сая зорчигч тээвэрлэж байна. Статистик мэдээллээр Монгол Улсын хувьд 2019 онд 1.6 сая зорчигч тээвэрлэж байсан бол 2020 онд 440 мянган зорчигч буюу ихэнх нь уул уурхайн салбарынхан байсан.

Мөн 2019 онд ачаа, шуудан 5.7 мянган тонн байсан бол 2020 оны байдлаар 2.7 мянган тонн буюу 52 хувиар буурчээ. Түүнчлэн нислэгийн тоо 151,772 байсан бол 2020 онд 78,725 болж 48.1 хувиар буурсан. Нийт агаарын тээврийн орлого 2020 онд 140 тэрбум төгрөг буюу 71.9 хувиар өмнөх оноосоо буурсан байна. Дэлхийн дахины нөхцөл байдлын тухайд, 2019 онд 4.5 тэрбум хүн агаарын тээврээр зорчиж байсан бол 2020 онд 1.8 тэрбум хүн буюу 60 хувиар буурсан. Ачаа, шуудан 63 сая тонн байсан бол 54 сая болж, 13 хувиар буурчээ. Нислэгийн тоо 38.9 сая байсан бол 2020 онд 16.4 сая нислэг болж, нийтдээ 57-60 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын мэдээллээр хуваарьт нислэг гүйцэтгэгч дотоодын агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг "Чингис хаан" олон улсын нисэх буудалд нүүлгэн шилжүүлэхэд тодорхой санхүүжилт шаардлагатайг хэллээ.

Ерөнхий сайдыг "Чингис хаан" олон улсын нисэх буудалтай танилцах үеэр  мөн "Аэро сити" хотод баригдах спортын цогцолборын бүтээн байгуулалт болон хөрөнгө оруулалтын талаар асуудал хариуцсан мэргэжилтнүүд танилцуулав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.74.138) 2021 оны 03 сарын 07

Энэтхэгээс 1 т хүрэхгүй жинтэй вакцинийг В 767 оор авчирч байх юм . Эрүүл ухаантай хүн ийм ажил хийх үү . Ерөнхий сайд аа........

0  |  0
Сүрхүхийн зөвлөгөө(192.82.77.180) 2021 оны 03 сарын 08

Араа тооцоогүйгээр том том бүлтэрч биднийгээ хэдий болтол хууртана гэж боддог хүүхэд вэ?Үүнийг улс төрд бол нялсын майлаан гэдэг юм

1  |  0
DISCOVERY(202.126.89.67) 2021 оны 03 сарын 08

ЭНЭ БУУДЛЫГ ӨМНӨ НЬ 2 УДАА ТУУЗ ХАЙЧИЛЖ СҮР ДУУЛИАНТАЙ НЭЭЖ БАЙСАН. ОДОО АХИАД СҮР БАДРУУЛАН НЭЭЛТ ХИЙХ ЮМ БАЙНА. ТЭГЭЭД ХЭСЭГ ХУГАЦААНЫ ДАРАА БАС Л НЭЭХ БАЙХ ДАА. МОНГОЛЫН ХИЙДЭГ АЖИЛ НЬ НЭЭЛТ, ГЭХДЭЭ ХҮН ТӨРӨЛХТӨНД ХЭРЭГТЭЙ НЭЭЛТ БИШ ШҮҮ, ТА МИНЬ ЭЭ

3  |  1
Зочин(66.181.184.98) 2021 оны 03 сарын 07

Ярих нэг хэрэг, харж л байя даа, ХYК хуртэл ашиглалтанд оруулж дийлээгуй газар даа, ер нь ашиглалтанд орох найдвар улам л багасаад байх шиг

3  |  1
Top