Түмний хүндлэл савнаасаа бялхаж, ёстой л цалгиж байсан ч улс төр хэмээх бохир тоглоом үе үе бүдгэрүүлэх ч тэрээр Дархан аварга Б.Бат-Эрдэнэ хэвээрээ үлдэнэ.
Манай нэгэн нийтлэлчийн нэрлэснээр “Ярьдаг бөх” маань үндэсний бөхийн түүхнээ Ардын Төрийн баяр наадамд хамгийн олон удаа түрүүлсэн хүнээр тодордог. Тамирчны хувьд бол авч болох хамаг л цол тэмдгийг Ардын гэж нэрлэх Төрөөс авсан. Энэ их хайр хишиг, ард түмний хүндлэл нь түүнийг УИХ-д суулгаад авсан гэдэгтэй хэн маргах билээ.
Мөн ч олон аавын иртэй уртай хүүг халхын дэвжээнд дарж явсан энэ толгой парламентийн дэвжээнд бол дархан аварга биш. “Өсөх идэр”, “улам нэмэх” чимэгтэй л начин гэдэгтэй санал нийлдэг. Начин цолоо таван удаа батласан бөх гэх үү дээ. Тэрээр армид алба хаахаар ирсэн 1983 оноос хойш “Хүч” нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, даргаар ажиллаж байгаад “Аварга” биеийн тамирын сургуулийг байгуулж, дархан аварга Х.Баянмөнхийн “Шонхор” сургуультай нэгэн дэвжээнд авчирсан. Үндэсний бөхийн хувьд дараагийн үедээ халаагаа өгч, харьж ахуй цагтаа их улстөрд хөл тавьсан. Өөрөөр хэлбэл түмний хүндлэл айл гэрийн хоймроос буугаагүй цагт гэсэн үг. Тодруулбал, тэрээр 2004 онд төрөлх нутгаасаа нэр дэвшин өрсөлдөж, Д.Арвин, Н.Ганбямба нарын хамт парламентад ороод ирэв. Үндэсний бөхийн хувьд хуучин кадр, улстөрд бол будаг нь ханхалсан шинэхэн цэрэг учраа олохгүй нэг хэсэг л мунгинасан. Ямар сайндаа л “Хэнтийн гурван тэнэг”, “Ярьдаг бөх” хэмээн олон нэр зүүж байхав дээ.
Одоо бол тэр спорт, улс төр, хувь хүний хувьд ч арвин намтартай түүхэн гэж болохоор хүн. Өөрийнх нь авьяас чадвар, ард түмний хүндлэл түүнийг ийнхүү намтрын зузаан түүхтэй болгож өгсөн. Харин аварга энэ хайр хүндлэлийн хариуд “Цалингаасаа өөр орлогогүй” хэмээн ядуу зүдүүдээ тулж, чуулганы танхим бүү хэл ард олныг хирдхийлгэхэд хүргэсэн. Нутаг зүгт нь бэлчиж байгаа олон мянган малаа яачихсан байх уу. Ядахад малыг нь адуулдаг малчид гайхширлаа бараа биз. Х.Баянмөнхийн “Шонхор”-оос илүү менежменттэй “Аварга” сургуулиа яасан байх уу. Өнөө их ард түмний буян хаачаа вэ гээд олон асуудал ургаж таарна. Ордны гадуур бол түүнийг “буянаа барсан муу шаар” гэж дуудсан байх. Ямартай ч түүний амьдралд УИХ-ын гишүүний цалин дутуу гачуухан хүрэлцдэг бололтой. “Хонь мянга хүрэхээр муулж идэх хонь олдохоо больдог” гэсэн. Тийм зүйл болсон байхыг ч үгүйсгэхгүй. Саяхан даа, хямралтай үед хэмнэлт хийж байна хэмээн унадаг дугуй унахаас эхлээд үзэг балаа сольж, янз бүрийн хэрэглээгээ танах уриалга маягийн зүйлийг хувийн цахимаараа цацаад авсан. Үнэхээр тийм харамч хүн үү, эсвэл улс төрийн шоу байсан эсэхийг мэдэхгүй юм. Эсвэл өнөөх л муйхар улс төрийнх нь нэг байж болох юм. Эх орон, газар шороо гэхээр цаад наадхийг харалгүй муйхарлаад зүтгэчихдэг зантайг нь хэлсэн хэрэг. Тэр үндэсний бөхөд ид үедээ учраа бөхөө баглаж ногтлоод зогсчихно. Ямар нэгэн мэх хийхгүй, муйхарласаар байгаад шахаж татна, давна. Улс төрд энэ араншингаа гаргах нь үнэхээр лайтай.
Улс төрд Б.Бат-Эрдэнэ аваргын мэх бол газар авахгүй. Улс төрд яг л А.Сүхбатынх шиг уран зальтай барилдаан хэрэгтэй. Нэг мэх хийгээд болохгүй бол өөр хувилбарт шилжих, ахиад дамжих, бүр болохгүй бол гар амраах гээд олон талт хувилбар сонгож байж сая амжилт үзүүлдэг. Ам мэх бол хамгийн үнэ цэнтэй зүйл. Арав гаруй жилийн өмнө Б.Бат-Эрдэнэ аварга барилдаж байхдаа өөрийнхөө л төлөө барилддаг байсан. Харин 2004 оноос хойш тэр ард түмний төлөө барилдах эрхтэй, бас үүрэгтэй болсон. Тиймээс одоо тэр өөрийнхөө төлөө бус ард түмний төлөө уран мэхийг уралдуулан барилдах ёстой. Бүлэг фракцынхаа төлөө ам мэх ч хийх хэрэгтэй. Ядахад хэнтийчүүдийн төлөө барилдах ёстой гэдгээ ойлгох учиртай. Гэтэл тэр өнөөх л зүлэг ногоон дэвжээний барилдааныг парламентын танхимд хийсээр байгаа нь цаашид ард түмэнд таалагдах уу, үгүй юу.
Эх орон газар шороондоо хайргүй хэн байхав. Гэхдээ гаднын хөрөнгө оруулалт хааж боож, улс орны байдлыг царай дартал нь, ард түмнээ ядууртал улс төр хийнэ гэж юу байхав дээ. Өнөөдрийн эдийн засгийн хүнд байдалд Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд ихээхэн нөлөөлснийг дурдах хэрэгтэй. “Урт нэртэй хууль”-иас эхлээд Ашигт малтмалын, Хөрөнгө оруулалтын гээд гаднаас ирэх мөнгөний урсгал хааж бүхий л хуульд кноп дарсан “гавьяатай”. Энэ нь түүний өнөөх л алсыг хардаггүй, зөвхөн өнөө маргаашийн сонгуулиа бодон “газар шороо” хэмээн цээжээ дэлдэсний хор уршиг гэдгийг өдгөө өлсөж буй ард түмэн олж харсан нь дамжиггүй. Эдгээр бүхий л хуулийг эрх зүйн орчинд нь засч сайжруулсан ч гаднын хөрөнгө орж ирээгүй л байна. Үүний гавьяа нь түүнд “Байгаль орчны тэргүүний ажилтан” гэх цол тэмдгийг авчирч өгсөн. Өөрийнх алдар гуншингийн дэргэд бол өчүүхэн зүйл хэдий ч улс төрийн зүгээс ирж байгаа хамгийн том шагнал нь байх, одоохондоо. Гэхдээ зөвхөн Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдээс болоод эдийн засгийн байдал хүндэрсэн биш. Олон нөлөөлөх зүйл байгааг дурдах нь зүйн хэрэг. Тэр жил “Хэрлэн” төсөл хэрэгжихээр зэхэж, хятадаас санхүүжилт авах гэрээ ч хийгдэв. Хэрлэн мөрнийг говь тал руу татаж, ус ундаагаа элбэгшүүлж ан амьтан, байгаль дэлхийгээ аврах тухай төсөл тухай юм. Олон улсад батлагдаж амжилттай хэрэгжиж байсан төсөл юм. Энэ нь аливаа гол мөрний илүүдэл усыг ашигтай газар нь ашиглах ёстойг өгүүлсэн хэрэг. Ингэлээ гээд Б.Бат-Эрдэнэ нарын ярьж байгаа шиг Хэрлэн мөрөн ширгэхгүй. Тусгайлсан усан санд Хэрлэн голоос илүүдэж гарсан ус юүлэгдэж, хуримтлал үүсгээд түүнээсээ говь талыг усжуулах төсөл юм. Аливаа гол мөрөн ай савнаасаа хальж л байдаг жамтай. Хамгийн энгийнээр ойлговол гол мөрөн жилдээ хэчнээн удаа үерлэж савнаасаа хальдаг билээ дээ. Энэ л илүүдлийг говь тал руу татах тухай ажиллагаа юм шүү дээ. Хичнээн хэрэгтэй төсөл байсныг мэргэжилтнүүд өнөөдрийг болтол халаглан дурсдаг. Харин тэрээр энэ үед Хэрлэн мөрний ай сав нутагт төрж өссөн, тэднийг төлөөлж байгаа түшээгийн хувиар санаанд оромгүй олон хувилбар мэх гаргаж байсныг санаж байна.
Эндээс харвал улс төрд ч уран барилдаан гаргаж мэдэхээр байсан даа. Даанч хэрэгтэй цагт, хэрэгтэй зүйлд үгүй юм. Дархан аварга маань дөнгөж улс төрийн амтанд орж байсан үе учраас ийнхүү Хэрлэн мөрнөөр барьцаалан хэнтийчүүдээс санал цуглуулах сонгуулийн ажлаа хийсэн нь төслийг зогсоосон хэрэг. Мөн чанартаа тэр говь нутгийг усжуулж, улмаар цөлжилт гээд олон зүйлээс хамгаалах байсан төслийг ийнхүү зогсоож чадсан. Үүгээрээ тэр говь талын нутаг зон, амьтан ургамалд нүгэл үйлдсэн нэгэн ч гэж болохоор. Уг нь тэр нүгэл үйлдэхээргүй улаан буддист хүн. Гэсэн хэдий ч шаргал ордныг орхиж боломгүй санагдсан учраас өнөөх амьтны амь хороож болохгүй, ард олныг ангааж цангааж болохгүй гэсэн буддын сургаалиасаа зөрсөн удаатай. Улс төр гэдэг зүйл ямар ч сүсэгтнийг ийнхүү өөртөө татаж өвдөг сөхрүүлж чаддаг гайхамшигтай зүйл. 1990 онд Цагдаагийн академийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн учраас 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хороог даргалав. Өнөөх л үнэ цэнтэй орд газруудын гэрээг эсэргүүцэх ажлаа хангалттай хийж, иргэний нийгмийн байгууллагуудтай ч хамтарсан. Энэ нь Байнгын хорооны дарга иргэний нийгмийн байгууллагуудтай хамгийн урт удаан хамтран ажилласан түүх болов уу.
Өнгөрөгч 2012 оны сонгуулиар МАН хөдөө гадаагүй ялагдал хүлээж, бүсээ чангалах маягтай 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан. Нэр дэвшигчдийн марафон жилийн өмнөөс яригдаж, эцэст нь МАН-аас Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр тогтсон. Тухайн үед МАН-д түүнээс өөр сонгуульдах шаанстай хүн байгаагүй. МАН-ын Бага хурлын өмнө хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаас МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нарын дөрвөн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд нам дотроо сойсон. Ингээд удтал сунжирсан хурлаас Б.Бат-Эрдэнэ өрсөлдөхөөр тодорч байлаа. Есхөн саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх олж авлаа гэж байсан.
Чухам яагаад аваргыг сонгох болов гэдэг нь өдгөө ч том сэдвийн хүрээнд сөхөгдөж болохоор. Туршлагатай улстөрчид гэж болох дээрх гурван нөхрийн хувьд аль аль талаасаа санал цуглуулахгүй гэж МАН-ын тооцсон нь туйлын зөв болсон. Аанай л тэд бөх гишүүнийнхээ нэр хүндийг түшиглэж найдвар тавьсан нь энэ. Санасныг бодоход тэр чамгүй оноо цуглуулсан. МАН-аас өөр нам байсан бол өөрөөсөө тодруулсан Ерөнхийлөгчтэй болох байсан. Өрсөлдөгч АН-ын МАН-ыг харлуулах төлөвлөгөө үнэндээ сайн байсан. МАН-ын хэвлэлийн баг ч ажиллаж чадаагүй. Түүнээс үндэсний бөхийн дархан аварга бол ялалт байгуулчих байлаа. Нөгөө талаар тухайн цагтаа үндэсний хэмжээний баатар болчихсон Н.Энхбаяртай ноцоод ялчихсан туршлагтай Ц.Элбэгдоржийн улс төрийн заль ч дархан аваргад ахадсан зүйл байгаа биз ээ. Тэгээд ч улс төрд бол Ц.Элбэгдорж түүний үндэсний бөхийн цол чимэгтэй дүйхүйц цолтой нэгэн. Үнэн барилдсан эсэхэд л зарим наадамд эргэлзээ төрүүлдгийг эс тооцвол. Аваргыг бодвол ам мэхэнд гаргууд гээд олон талаар түүнээс давуу.
Дашрамд дурдахад, Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдахад нэг жил гаруйн хугацаанд Батлан хамгаалахын сайдад залраад авсан. Энэ үеэр хээрийн сургуулилт хийж байсан нөхөд амиа алдахаас эхлээд чамгүй хэл ам дэгдсэн ч мань эр ямартай ч Засгийн газар танхимаараа унатал гүрийсээр байгаад тахимаа өгсөн хүн. Нэгэн цагт үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээ, их спортын талбарт ялалтын уухай давалгаалуулж явсан нэрт тамирчин маань өнөөдөр “Ярьдаг бөх” хэмээн улстөрч болжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
Ai huurhii
Ярихаасаа илүү хиймээр юм даа.Эсвэл чаддаг юмаа хий.Залуучуудаас булаасан ХӨДӨЛМӨР нийгэмлэгээ буцааж өг .Шуналын тулам
Ner ni er ni onoson l baina sh dee uchnuun bolobsroltoi zaluust zam mur haalttai sportiinhand neelttei baih ni zub vv
ЭНЭ БИЧИЖ БАЙГАА ХҮН ӨӨРИЙГӨӨ ХИЧЭЭ. ЕР НЬ АЛИВАА ХҮНИЙ ТУХАЙ БИЧИХДЭЭ ЯЛАНГУЯА ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДАХ АСУУДЛУУДАА ТУХАЙН ХҮНЭЭС ЗААВАЛ ӨӨРӨӨ АСУУЖ ЯМАР УЧИРТАЙГ НЬ СОНСОХ ЁСТОЙ. ЯАГААД ГЭВЭЛ ӨӨРӨӨ ХЭН НЬ Ч МЭДЭГДЭХГҮЙ ХҮМҮҮС ЭНД ТЭНДЭХИЙН ЯРИАНД АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ ТҮҮНИЙГ ИЛ ХЭЛЛЭЭ Ч ЯАГААД ИНГЭЖ ХЭЛЭХ БОЛСНОО ТОВЧ Ч БОЛОВ ХЭЛЖ БАЙВАЛ ТУН ЗҮГЭЭР ШҮҮ.\nАЛИВАА ХҮНИЙ ӨӨРИЙНХ НЬ ХУВИЙН БОЛОН БИЗНЕСИЙН ЭРХ АШИГ ХОХИРЧ БУЙ МЭТ САНАГДАНГУУТ МУУЛААД ЭХЛЭХ НЬ ЗӨВ БИШ. АЛИВАА ЮМ БИЧДЭГ ХҮН ӨӨРӨӨ ЭЛДВЭЭР ХЭЛҮҮЛЖ БУЙ ХҮНИЙХЭЭ ОРОНД ӨӨРИЙГӨӨ НЭГ ТАВЬЖ ҮЗЭЖ СУРАХАД ТУН ГЭМГҮЙ ШҮҮ- ДУРААРАА ЧАЛЧИГЧ ” ӨДРИЙН СОНИН”
Нэртэй тамирчдаар парламентийн суудлаа бөглүүлж байдаг улс монголоос өөр байхгүй. Улс ч гэж лээ маш муу менежменттэй нэг дунд зэргийн компанирхуу юм уу даа миний Монгол. Одоо компаний удирдлагуудыг солих цаг болсон. Коммунистуудаас салах цаг болсон.
Удахгүй ярьдаг морь болно доо чи.