Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ГҮН СҮНЬШЭН УВДИС ШИДЭЭР ГАО ТАНЖОУГИЙН ГАОЛИГ ЭВДЭХ
ЛИ КҮЙ АСАР ИХ ХУТАГТ ОРЖ ЧАЙЗИНИЙН АМИЙГ АВРАХ
Өгүүлэх нь: Тэндээс Луань Жэньрэнь бодисадва Гүн Сүньшэнд ийн зарлиг болруун: - Эдүгээ чиний урьд сурсан увдис эрдэм чадал нь Гаолитай адилаар барахгүй чи илүү.Тийм боловч багш чинь чамд бас нэгэн увдис зааж өгье хэмээгээд ийн зарлиг болов: - Ү Ли Дяньсин зинва, Таван жинхэнэ тэнгэрийн таван аянганы увидас” хэмээмүй. Чи эдүгээ явж, түүн лүгээ байлдаж, Сүн Жяний амийг аврах зүй. Би чиний хөгшин эхийг асран тэтгэж байсугай. Чи болбоос, мөн тэнгэрээс бууж ирсэн одон тул чамайг энэ удаа илгээсүгэй. Чи энэ увдисыг өөр бусад хүнд зааж өгвөөс хэрхэвч үл болмуй. Хэрвээ үүнээс хагацваас чи амь хорлогдох магадгүй хэмээн увдисыг зааж өгөөд уулнаас буулгаж илгээв. Тэндээс энэ гурав багшдаа мөргөөд, уулнаас бууж өөрийн суух гэртээ ирээд, эмгэн эхдээ энэ учрыг бүрнээ хэлж өөрийн хэрэглэх багажаа авч Арь Сяньшэн хэмээх уулнаас бууж, Гао Тунжоугийн замд орох хэмээн гуч шахам газар явсны хойно Дай Зүн өгүүлрүүн: - Эдүгээ сянь ах, дүү Ли Күйгийн хамтаар аажмаар явж очигтун. Би урьдаар очиж Сүн Жян ахад таныг олж ирсэн мэдээг хүргээд, эргэж таныг тосч авъя хэмээсэнд Гүн Сүньшэн “Мөн чи хурдан явагтун” хэмээгээд Дай Зүн хувилгаан явдлаа гаргаж, нисэх мэт явахыг бүү өгүүлэн өгүүлэх нь: Ли Күйд Дай Зүн бас дахин давтан захив. “Чи энэ Гүн Сүньшэн ахыг сайнаар харгалзагтун. Өчүүхэн төдий гажуу яваваас чамайг урьд адил гянданд хоримуй хэмээгээд явав. Үүнд Ли Күй яахин Луань Жэньрэнийн Сүн Жян д заан өгсөн увдисыг мэдсээр атал аймшиггүй юунд зоргоор явмуй. Тиймийн тул энэ хоёр явж нар орой болсон учирт, нэг хотод архины дяньд буугаад будаа идэж яваад, гурав хоногийн эцэс Ү Ганжэнь хэмээх газар хүрч ирэв.
Тэнд хүрээд үзвээс нэгэн бага хот. Үүнд тэр хоёр нэгэн дяньд бууж, архи ууж заваан хоол идэх хэмээн тэр дяниас “Архи авчрагтун”хэмээсэнд пүүсний тэргүүлэгч өгүүлрүүн: - Манай пүүсэнд архи мах байхаас гадна заваан хоол үгүй. Гагцхүү гадаад зээлд чавга будаагаар хийсэн заваан хоол буй хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Тийм бөгөөс ах та энд архи зооглон хүлээж байгтун. Би очоод худалдан авч ирсүгэй хэмээгээд хэдэн зоос авч зээлэнд очиж чавганы будаа аваад гэдрэг дяньд ирэх хэмээн зээл явж байтал нэг хэсэг хүн цөм “Хэнь хао-үнэхээр сайн” хэмээх үг бархиралдан бүхүйд, Ли Күй энэ ямар учирт олон хүн цуглан энэ мэт бархирмуй. Би очиж үзэх хэмээн бодоод аажмаар очиж үзвээс нэгэн сайн эр бололтой, бие нь долоон чи илүү, нүүр нь хар бөгөөд цоохор хамар дээр нэгэн их нөсөөтэй, гартаа барьсан нь хоёр их манцуур лантуу, хүнд нь гучин хэдэн жин бололтой. Үүнийг Ли Күй үзээд сэтгэл нь хөдөлж, даруй авч явсан чавганы будаагаа өвөрлөж, шууд түүний дэргэд хүрч, түүний барьсан хоёр манцуур лантууг авч үзсэнд, тэр хүн өгүүлрүүн: - Чи ямар газрын хүн, яахин миний наадах лантууг зоргоор авмуй? хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Чиний энэ өчүүхэн наадах лантууг би авч нэг удаа наадваас зохих билээ. Чи биеэ хэдий баатар хэмээн олонд бахдуулан сайшаагдахад, өвгөн эцэг чинь бас нэг эргүүлж мандуулъя хэмээсэн билээ. Чи над өгөх буюу? хэмээхүйд тэр хүн өгүүлрүүн: - Чиний гуйсан ёсоор би чамд өгөх, Чи хэрвээ эргүүлэн эс чадах ба бас үл даах ахул би чамд нэг шагнал өгнө бишүү? хэмээхүйд Ли Күй “За болмуй” хэмээж, түүний хоёр лантууг газраас авч эргүүлсэн нь бууны сум мэт салхи дэгдэх чимээ гаргасанд, олон хүн зэргээр нүд чихээ бөглөн тус тус айж тархав. Үүнд тэр хүн маш гайхан, ийн өгүүлрүүн: - Эрхэм нөхрийн гэр нутаг хаана, өндөр овог алдар хэн, ямар хэргээр энд ирэв? хэмээсэнд Ли Күй хариу өгүүлсэнгүй, түүний өөрийн нэр овог, гэр нутгийг асуусанд, тэр хүн өгүүлрүүн: - Өчүүхэн хүн мөн энэ хотны хүн.
Энд ойр суумуй хэмээгээд Ли Күйг дагуулан, манай гэрт цай зооглогтун” хэмээн авч гэртээ очвоос, түүний гэрийн үүд цоож цуурга хийж хүнгүй тул, тэр хүн даруй айлын хүнээс түлхүүр авчирч, үүдээ нээсэнд Ли Күй орж үзвээс энэ хүний орон хашаа нь бэх бат, төмөр цутгаж хийсэн тул, Ли Күй дотроо сэтгэрүүн: - Энэ хүн төмөр үйлдэх дархан ажгуу. Харин оруулан авч уулнаа аваачваас төмрийн зүйл хийлгэхэд маш сайн асан. Юу ч болов хэлсүгэй хэмээгээд цай уув. Тэндээс Ли Күй зоримгоор өгүүлрүүн: - Мэргэн дүү чи энд хэдэн хүн гэрт суудаг, нэр овог чинь хэн гэдэг, ямар аж хийж аж төрөн суумуй? хэмээн асуусанд тэр хүн өгүүлрүүн: - Өчүүхэн хүний нэр Тан Лун хэмээдэг. Угаас цэрэг ба төмрийн зэвсэг үйлдэж сурсан билээ. Гагцхүү Янь Аньфү хотод очиж, нэг гяндангийн даргын гарт зарагдан байдаг асан. Гэтэл ашигт шунаж, хүнээс мөнгө хахууль авч ашигласан тул, тэр учир бусдад заалдагдан, харъяат ноёноос буруушаан, намайг хөөж гаргав. Тиймийн тул энэ газар ирж, төмрийн дархан хийж амь зуумуй. Эцэг Тан хэмээх хүн нэлээд хэдүйн бие баржухуй.
Эдүгээ гагцаар сууж, амь зуумуй хэмээсэнд Ли Күй бас өгүүлрүүн: - Би нь Лян Шань Фү уулын Хэй Сюаньфэн хэмээх төмөр үхэр Ли Күй хэмээдэг. Энд ирсэн учир эрхэм дүү лүгээ учрах хэрэг буй тул, тусгайлан ирэв. Эдүгээ чи намайг дагаж Лян Шаньд очиж тэнгэрийн жаргалаар сайн эрс лүгээ хавсран сууж, ах дүү бололцон, нэгэн тушаал хүлээж эрхэм цол олвоос сайнгүй буюу хэмээсэнд Тан Лун өгүүлрүүн: - Эрхэм ахын алдрыг хэдүйн сонссон боловч, ер учрах аргагүй тул эдүгээ хувь зохиолоор учрав. Таны сая хэлснийг даруй хишигт мөргөж дагаваас зохих бөлгөө. Гагцхүү миний нүүр цоохор, биед хар толботой тул хүн бүр жигшмүй. Зарим нэг хүн “Алтан толбот хэмээн цол өгмүй. Иймийн тул эс голвоос би даруй дагаж очих хэмээсэнд Ли Күй маш баярлан, даруй хоёул журмыны ах дүү болов.
Үүнд Тан Лун өгүүлрүүн: - Эдүгээ бид журмын ах дүү бололцсон тул нэгэн ёс гүйцэтгэж архи бариваас зохих тул хоёул архины пүүсэнд очиж архи ууя хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Өчүүхэн ах чинь нэг чухал хэрэг буй. Манай нэг ах энд дяньий пүүсэнд хүлээж баймуй. Тиймийн тул энд удаж болохгүй. Чи бид хоёр эдүгээ явж ах Гүн Сүньшэнгийн дяньд очиж, гурвуул ёс ёсолж гүйцэтгэе хэмээсэнд Тан Лун даруй өөрийн хэрэглэх юмаа авч, гэр орноо орхиж, биед дахин хоёр бага сэлмийг зүүж, Ли Күйг дагаж Ү Гуожоугийн дяньд ирж, Гүн Сүньшэнд учирсанд Гүн Сүньшэн Ли Күйд ийн өгүүлрүүн: - Чи зээлд очиж чавгатай будаа авчрахаар явсан нь одоо яахин ийнхүү удав? хэмээх зэргээр загнасанд Ли Күй Тан Лун лугаа ах дүү болсон учрыг хэлж, Лян Шаньд очихоор дагуулан авчирсныг нэгд нэгнээр хэлсэнд Гүн Сүньшэн маш баярлан: - Тийм бөгөөс эдүгээ бид гурав энд ёс гүйцэтгэж архи ууж, будаа идсэний хойно явсугай хэмээн архины зардасыг дуудаж архи авчруулан будаа халуулж идээд, бие биедээ ёслолцон архи барьж, тэнгэрт мөргөж даруй тэр дяний пүүснээс архины зоос мөнгийн өгөөд Ү Гуожоугаас гарч Гао Танжоу хотын зүг явахдаа Тан Лунд Гүн Сүньшэний Гао Танжоугийн Гаоли лугаа харилцан байлдаж бүхий учрыг хэлэлцэн явтал, хувилгаан явдалт Дай Зүн өмнөөс угтан ирэв.
Үүнд Гүн Сүньшэн Дай Зүнгаас асууруугаад өгүүлрүүн: - Гао Танжоугийн Гаоли эдүгээ байлдах цаг болж хэмээхэд Дай Зүн ёслон өгүүлрүүн: - Гаолигийн сумд харвасан шарх нэгэнт эдгэрч, эдүгээ манай Сүн Жян ахын цэргийн хүрээлэнд өдөр бүр ирж маш довтлон харьмуй хэмээсэнд Гүн Сүньшэн: - Тэр Гаоли тийнхүү маш авирлах нь гэмгүй. Бид түргэн явж очсугай хэмээн хэлэлцэх завсар Ли Күй Тан Лунг Дай Зүнд ёслуулан мөргүүлж, журмын ах дүү болсон учраа хэлж даруй Гао Танжоуд ойр хүрч ирсэнд Люй Фан, Гуо Шэн хоёр зуу шахам цэрэгтэй мөн тэр дөрвийг угтаж зам тохиолдон, цэргээ хоёр хажуугаар жагсуулан Гүн Сүньшэнгийн зүг цөм ёсолж мөргөөд, морин дээр унуулж Гаолигийн учрыг нэг хэсэг хэлэлцсээр Сүн Жян гийн цэргийн хүрээлэнд хүрч ирсэнд, Сүн Жян даруй угтаж гараад Гүн Сүньшэнгийн гараас барьж хүрээлэнгийн дотор оруулж, цацарт залж суугаад, ёслон өгүүлрүүн: - Мэргэн дүү нутагтаа буцаад өдий болтол үл ирэх нь ямар учир? Бид эдүгээ энд ийм зовлон тохиолдож, зальхай хулгай Гаолиг эвдэх хэмээсэн билээ. Гэтэл чөтгөрийн увдис гаргаж, ер үл халдаах тул аргагүй чамайг эргүүлэн авчрав. Эдүгээ бид ямар арга хэрэглэж Гао Танжоуг эвдэх ба Чай Жинь ахыг гяндангаас гаргах зэргийг зөвлөсөнд Гүн Сүньшэн, Ү Шюэжү, Сүн Жян нарын гурван хүн цацартаа сууж байтал, Ли Күй Тан Лунг дагуулан орж Сүн Жян, Ү Шюэжү хоёрт ёс ёслуулан Ү Гуожоугаас олж журмын ах дүү болсон учрыг нэгд нэгнээр хэлсэнд, Сүн Жян, Ү Шюэжү хоёр маш баярлан өгүүлрүүн: - Манай тэнэг дүү Ли Күй бас ийнхүү гавъяа бүтээжүхүй.” Хожим чамд нэгэн их тушаал шагнах буй хэмээсэнд Ли Күй инээмсэглэн, Тан Лунг тэр хоёрт мөргүүлэн ёслуулав.
Энэ сул үгийг бүү өгүүлье. Гагцхүү Гао Тунжоуг яахин эвдэх учрыг зөвлөсөнд Сүн Жян өгүүлрүүн: - Эдүгээ цэргээ гурван зам хувааж, гурван этгээдээс орж байлдваас ямар? хэмээсэнд Гүн Сүньшэн өгүүлрүүн: - Тэр зөв. Гагцхүү Ү Шюэжү бид гурав дундад замаар очьё. Баруун замаар Линь Чүн нарын таван жанжин, хэдэн зуун цэрэгтэй очигтун. Зүүн замд Хуа Рүн, Чинь Мин нарын хэдэн жанжин мөн цэргээ авч орогтун хэмээн хэлэлцэн тус тус тогтож, жагсаалаас гарч Гао Танжоуд ирэв. Үүнд Гао Танжоугийн Гаоли зифү хэдүйн энэ учир цэргээ бэлдэн жагсааж, өдөр шөнөгүй цагдан байсан нь, нэг цэргийн хүн орж ийн мэдүүлрүүн: - Эдүгээ Ляншаний урвасан хулгай Сүн Жян нар цэргээ авч хот тойрон ирэв хэмээсэнд даруй хэнгэрэг харангаа дэлдэж, цэргээ жагсааж, туг далбаагаа барьж, бүрээ бишгүүрээ үлээж хотоос гарч ирэв. Үүнд Гаоли гарч ирээд ийн хараан өгүүлрүүн: - Өчүүхэн урвасан хулгай нар эдүгээ үхэх цаг чинь болж, өвсөн намагт сууж өлсгөлөн болсон атал аймшиггүй байлдах хэмээн ирэх нь яахин ийм их зүрх хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Нэг муу өлгийгөөс гараагүй нялх хөвгүүн адил нохойн зулзага эртхэн буруугаа хүлээхгүй, харин биднийг эсэргүүцэн ирэх нь даанч зүрх их хэмээх зэрэг хараалцаж Хуа Рүнг гаргаж, “Энэ нохойн зулзагыг барьж авчрагтун хэмээсэнд Хуа Рүн даруй гарч довтлон очсонд Гаоли бас нэг жанжин гаргав. Түүний нэр нь Шюй Юаньгүй хэмээмүй. Энэ хоёр арван хэдэн удаа зөрөлдөн байлдсан боловч хэн хэнээс хэтрэхгүй тул, Хуа Рүн арга гаргаж морио эргүүлэн өөрийн цэргийн жагсаалд зугтан ирэхэд тэр Шюй Юаньгүн хэмээх жанжин Хуа Рүнгийн хойноос хөөн ирэхэд Хуа Рүн нууц нум сумаа гаргаж, нэг удаа харвасанд Шюй Юаньгүйгийн эгмэн тус оногдож даруй мориноос унаж газар буув.
Үүнийг Гаоли үзээд маш уур нь хүрч даруй өөрийн шидийг гаргах хэмээн гуулин пайзаа гаргаж гурван удаа цохисонд түүний гэрэл нь дээш дэгдэж их шороо салхи мандахуйд, тэнгэрийн нар халхлагдаж юу ч үзэгдэхгүй болсонд Гүн Сүньшэн өврийн дотроос нэг хэсэг боодол гаргаж, тарниа уншин даруй увдисын зүг хаясанд нэгэн алтан гэрэл цацран тэр увдисыг хариулан Гаолигийн бурхан цэргийн жагсаалд очив. Үүнийг олон жанжин цэрэг үзвээс тэр жагсаал доор ирсэн нь цагаан барс, ирвэс, чонын зэрэг араатан маш олон. Үүнд Үүнд Гаолигийн цэрэг маш их сөнөхөөр үл барам тэдгээр барс ирвэсийн хөлд дайрагдсан хүний хүүр, үхсэн морь, шавар мэт болсонд, Гаоли даруй хэнгэргээ дэлдэн цэргээ хураан, хотод зугтан оров. Үүнд Сүн Жян морин дээрээс их дуунаар гурван замын цэргийг хурааж нэгмөсөн болгож, Гаолигийн хотыг эвдэх хэмээсэнд Гүн Сүньшэн хориглон өгүүлрүүн: - Эрхэм ах үүнд бүү яарагтун. Маргааш өдөр болъё хэмээн цэргээ хурааж жагсаалдаа ирж, жанжин цэрэг, морио тоолсонд нэг ч хүн морь гэмтсэнгүй тул Сүн Жян маш баярлан, Гүн Сүньшэнгийн шидийг магтан архи бэлтгэж барив. Бас олон жанжин цэрэгтээ тус тус шагнав.
Тэндээс тэр өдөр баяр хийж дуусаад, маргаашийн байлдах учрыг Гүн Сүньшэнгээс асуусанд Гүн Сүньшэн тийнхүү зааж өгүүлрүүн: - Эдүгээ энэ шөнө энэ жагсаалд нэг ч хүн байж болохгүй. Гаоли эдүгээ хотдоо бас хэдэн жанжин, хэдэн мянган цэрэг буй тул эрхгүй хулгаар орж ирмүй. Тиймийн тул бид жанжин цэргээ дөрвөн анги хувааж сэмээр Гаолигийн хотын дөрвөн зүгт бүгшиж нуун байгаад, миний гаргах шидийг үзмэгц цөм хөдлөгтүн. Эс шид үзвээс бүү хөдлөгтүн. Энэ шөнө таван жингийн хойно тэнгэрийн аянга донгодох, цахилгаан цахих тэргүүтнээр шид гаргамуй. Тэр цагт цөм тодорхой үзэж даруй хөдлөгтүн хэмээн дөрвөн зүг цэрэг жанжин хуваан нууж мэдээ гаргасан хойно хотод дөрвөн зүгээс довтлон ирж байлдав. Тэндээс Гаоли мөнхүү шид гаргаж нэгэн сул хул үүрч, тэр хулны дотроос үүл дэгдээх их салхи хөдөлөгөх чулуу мод бэлд хэмээн даруй тарни шившин уншсанд тэр хулны дотроос гарсан шид тэнгэр тул үүл салхин дэгдээсэн. Гүн Сүньшэн өөрийн буу жинг гаргаж тэр үүлийн дээр цахилгаан аянга болж Гаолигийн шидийг даруй дарж, олон цэргийг сүрдүүлэн алаад, үлдсэн нь хорь шахам цэрэг, Гаоли нар үүнийг үзээд амь гарахыг бодож Гао Тунжоу хотноо зугтав.
Үүнд ирвэсийн толгойт Линь Чүн, Хуа Рүн хоёр тэр Гаолигийн хойноос хөөж Гаолиг элдэж, дагуулсан хорь шахам цэргийг хагас хувийг алж, хагас хувийг амьдаар барьж авчрав. Тэндээс Гаоли хувилгаан цэргээ хядагдаж алагдсан тул маш гомдож, эдүгээ би амь гарах аргагүй болов. Хотын айлыг зарлаж хэрмийн дээр харуул тавиад, ойр байх Дун Чанжоу, Жижоу хоёр хотын зифү над лугаа ах дүү хэмээдэг тул тэр хоёрт бичиг илгээж, албаны цэрэг тусалж өршөөхийг гуйваас тэр эрхгүй над амь аврах цэрэг тусалж илгээмүй хэмээн санаж, даруй бичиг бичиж хоёр хотод хүн илгээв. Үүнийг үл өгүүлэх. Өгүүлэх нь, Сүн Жян энэ Гаолиг эдүгээ цэрэггүй болсныг мэдэж, өөрийн цэргээ Гао Тунжоугийн дөрвөн зүг бүслүүлэн байхад, тэр бичиг хүргэсэн хүнийг үзэж барих хэмээсэнд Ү Шюэжү хориглон өгүүлрүүн: - Мэргэн дүү тэднийг бүү баригтун. Би учрыг ухаж мэдэв. Эдүгээ Гаоли цэргээ алдаад өөрийн амь бие сөнөхүйд хүрмэгц Дун Цанжоу, Жижоу хоёр хотын цэрэг гуйхаар явав. Бид үүнд ов гаргаж нэг арга зөлөе. Энэ нь даруй цэрэг гуйх учир. Тиймийн тул Дай Зүн хувилгаан явдалтыг Лян Шаньд довтолгон илгээж, хувилгаан явдлаар хоёр мянган цэрэг дагуулан авчирч Дун Цанжоугийн албаны цэрэг хэмээн, нэг мянган цэрэгт улаан өнгийн дарцаг байгуулж, дарцагны дээр “Дун Цанжоу” хэмээх гурван үсэг бичиж жагсаал байгуулаад, бас нэг мянган цэргийг Жижоугийн цэрэг хэмээн цагаан дарцаг байгуулж, “Жи жоу” хэмээх хоёр үсэг дарцаг дээр бичигтүн.
Түүнээс гадна Лян Шань уулын урвасан хулгай нар лугаа байлдмуй хэмээн хуурмагаар хууран байлдах янз гаргагтун. Тэр тухай Ляншаний цэрэг дарлагдсан мэт болж, дөрвөн зүг зугтах байдал гаргагтун. Энэ хэргийг ийнхүү үйлдвээс Гаолигийн үүрийг ухах байтугай хэрмийг эзэлмүй хэмээсэнд Сүн Жян, Гүн Сүньшэн, олон жанжин нар “Энэ үнэхээр мэргэн арга. Одоо түргэн Дай Зүн явагтун хэмээсэнд Дай Зүн нэгэн цагт Лян Шаньд очиж, цэрэг дагуулан бууж ирээд Гаоли Тангийн өмнө этгээдэд шөнө ирж буув. Үүнд маргааш өглөө нь харуулын цэрэг орж, Гаолид өгүүлрүүн: - Эдүгээ Дун Цанжоу, Жижоу хоёр газрын цэрэг ирж өмнө жагсав. Бас Сүн Жяний цэрэг хөдөлж хотын хойд этгээдээр довтлон ирэв хэмээсэнд Гаоли маш баярлан, хуяг дуулгаа өмсөөд, гарч хэрмийн дээр үзвээс өмнө этгээд улаан цагаан хоёр дарцаг тэр дээр хэдэн үсэг Дун Цанжоу, Жижоу” хэмээх үсэг буй тул, тэд нарыг Сүн Жяний цэрэг лугаа байлдсаныг харваас Сүн Жяний цэрэг дөрвөн зүг худал зугтав. Үүнд Дун Цанжоу, Жижоу хоёрын хуурамч Дай Зүнгийн цэрэг хэнгэргээ дэлдэн цэргээ хураан Гао Танжоуд ирсэнд Гаоли энэ ухааныг яахин мэдмүй.
Даруй хэрмээс бууж, хэрмийн дөрвөн хаалгыг нээж тэр хоёр мянган цэргийг оруулав. Үүнд Сүн Жян гийн цэрэг дахин ирэхэд Гаоли өөрийн хэдэн цэрэг ба хоёр хотын цэрэг ирсэн хуурамч цэргийн хамт байлдах хэмээн хотоос гарч цэргээ дагуулан очсонд, Сүн Жян цэргээ буруулан зугтсанд Гаоли маш уур нь хүрч хараан, хойноос хөөсөнд Сүн Жян цэргийн дотроос хэдэн жанжин гэнэт гарч угтан байлдсанд, Гаолигийн хойно дагасан цэрэг урваж Гаоли лугаа байлдав. Үүнд Гаоли учрыг нарийнаа мэдээд гагцаар бие гарах газар олдохгүй, арайхийн нэг зай олж зугтан хотдоо орох хэмээсэн билээ. Харин Лян Шань Фү хэмээх үсэг бүхүй дарцгийг хэрэм дээр эргэн тойрон өлгөжүхүй. Иймийн тул хотонд орохыг байж өндөр ууланд орох хэмээн зугтан явтал, өмнөөс нэг хэсэг жанжин гарч алхаар орж ирэв.
Үүнд аргагүй байлдаж байтал хойноос нэхсэн хэдэн жанжин цэрэг ирсэнд маш цухалдан байж, мориноос бууж даруй тарни уншин өөрийн биеийг үүл болгон тэнгэр дээр гарах хэмээн үүлээр явахыг Гүн Сүньшэн даруй тарни уншиж, буу жингаа? тэр үүлний зүг дохисонд тэр үүл дээш дэгдэж, дотор нь байсан Гаоли хэвээр газар унаж ирсэнд Линь Чүн түүний дэргэд очиж их сэлмээ авч толгойгий нь хоёр анги хагалж орхив. Үүнд нэг хүн илгээж Сүн Жян д энэ мэдээг хүргэсэнд, Сүн Жян маш баярлан, даруй Ү Шюэжү, Гүн Сүньшэн тэргүүлэн олон жанжин цэргээ угтаж Гао Танжоу хотноо оруулж, маш их хурим хийж буй агаад басхүү харъяат хотын их бага хэдэн зуун эр эм хүн ба мал тэргүүтнийг ер өчүүхэн төдий хэлмэгдүүлэх хирдхийлгэж үл болох учрыг олон жанжин цэрэгт чангалан тушаагаад, нэгэнтэйгүүр энэ учрыг нээж тунхаг бичиг наалдуулж, цааз тогтоон тушаасан тул хэн аймшиггүй хүнийг хорлох ба юмыг дээрэмдмүй. Тиймийн тул тэр хотын олон эр эм цөм энэ тунхаг бичиг тэргүүтнийг үзэж сонсоод маш баярлан ерөөв.
Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь: Гаолигийн гэрийн ард цөм оргож хагас нь үлдэв. Тэндээс Сүн Жян энэ цаазыг зарлаад эдүгээ Чай Дагуань рэнь, Чай Жинь бас түүний гэрийн эр эм эдүгээ гянданд буй тул түүнийг даруй гаргаж авах хэмээн гяндангийн ойр очиж үзвээс, гяндан сахих дарга цэрэг нэг ч үгүй тул гянданг эвдэж ороод үзвээс, дөч шахам хүн цөм биед дөнгө тушаа, гав тэргүүтнээр агдалсан хүмүүн баймуй. Эд нарыг гяндангаас гаргаж, дөнгийг авч суллан тавиад Сүн Жян асууруун: - Гянданд Чай Жинь хэмээх хүн бас Чай Дагуаньрэнийн гэрийн эр эм хүн хаана баймуй? хэмээсэнд тэдгээр ард өгүүлрүүн: - Чай Дагуаньрэний гэрийн эр эм цөм тэр гянданд буй. Гагцхүү Чай Жинь хэмээх хүнийг гурван өдрийн урьд алах хэмээн гяндангаас гаргасан хэмээсэнд Сүн Жян даруй амаа барьж гаслан өгүүлрүүн: - Хайран хайран. Чай Жинь ахаан амьд авч чадсангүй, Гаоли хулгайд алуулав хэмээн Дагуаньрэний гэрийн хотлоорыг гяндангаас гарган авч их танхим дээр иртэл, Дагуаньрэний гэрийн хүн өгүүлрүүн: - Эдүгээ манай Чай Жинь ахыг алах хэмээсэнд нэгэн гяндангийн дарга түүн лугаа зузаан нөхөрлөснийг санаж, түүнийг лав алав хэмээн хуурч амийг гаргав хэмээн сонслоо.
Эдүгээ Чай Жинь хаана буйг мэдэхгүй хэмээсэнд Сүн Жян, Ү Шюэжү нар маш баярлан: - Тийм бөгөөс тэр даргыг та нар таних буюу? хэмээсэнд тэд нар: - Танимуй хэмээн хэдэн цэрэг дагуулан хотын гадна, дотно эрүүлсэнд тэр дарга лугаа учирч, түүнийг дагуулан их танхим дээр авчирсанд Сүн Жян өгүүлрүүн: - Эдүгээ чи энэ хотын гяндангийн дарга буюу? хэмээсэнд тэр дарга: - Өчүүхэн хүн их дарга мөн хэмээсэнд Сүн Жян : - Чай Жинь ахыг чи таних буюу? хэмээсэнд тэр дарга ийм хэмээн мэдүүлрүүн: - Өчүүхэн хүн Чай Жинь лугаа Цанжоуд байх цагт их танил байх дээр би бас түүний хүчээр нэр олж, эдүгээ энд дарга болов. Чухамхүү Гаолитай ямар өстөй болсныг нарийн мэдэхгүй. Гэнэт гянданд хориод бас түүний ургийн Чай Дагуаньрэнийн гэрийн хотлоорыг мөн гянданд хийв. Эрхэм ноёныг энд морилон ирэх үед Чай Жинь ахыг алах хэмээсэнд, өчүүхэн хүн арга үүсгэж түүнийг “үхэв хэмээн Гаолид айлтгасанд тэр худал хэмээн санаж гянданд орж үзэх хэмээсэнд би түүнийг даруй нэгэн усгүй худагт хийж орхисон билээ. Эдүгээ амьд үхсэнийг мэдэхгүй хэмээсэнд Сүн Жян даруй тэр Линьрэнь хэмээх даргыг дагуулан, олон жанжин нараа дагуулан тэр худаг дээр ирэв.
Үзвээс хав харанхуй, ер хэрхэн дуугаравч чимээгүйд Сүн Жян өгүүлрүүн: - Линьрэнь чи юунд ийнхүү худлаар өгүүлмүй. Энэ дотор буй бөгөөс тэр Чай Жинь ах яахин үл дуу гармуй хэмээсэнд Линьрэнь өгүүлрүүн: - Өчүүхэн хүн лав энэ дотор хийсэн хэмээсэнд Сүн Жян олс авчирч тэр худагт хийж, хэмжээг үзвээс гүн нь найман ян, маш их гүн тул ер орох хүнгүй тул Сүн Жян уйлан өгүүлрүүн: - Эдүгээ Чай ах энэ худагт лав үхсэн байх. Юу ч болов хүн оруулж эрүүлбээс сайн хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Эдүгээ би орж үзэх хэмээсэнд Ү Шюэжү өгүүлрүүн: - Чи орох нь зүй. Угаас чи хийсэн хэрэг тул хэрхэвч чи ормуй хэмээсэнд Сүн Жян, Гүн Сүньшэн нар: - Маш зөв. Ли Күй хүн алсангүй болбоос Чай Жинь ах яахин энд үхэх буюу.
Эдүгээ Зи Шуаньванг энэ худагт оруулан Чай Жинь ах амьд байваас нэн сайн. Хэрвээ үхсэн ахул Ли Күйг хамт нөхөр болгон суулгаваас зохимуй хэмээсэнд Ли Күй маш айн, аргагүй хөмсгөө атируулан тэр худагт орохоор завдав. Тэндээс бүдүүн олс нэг бэх бат сагс авчруулж, сагсны дотор Ли Күйг чармай нүцгэн суулгаад хоёр балт сүхийг нь бариулж худаг дотор илгээв. Тэндээс энэ Ли Күй худагт орж нэлээд тэмтрэн үзвээс ер хүн үгүй, цөм үхсэн хүний хүүр яс гарт нь баригдах тул дотроо ийн сэтгэрүүн: - Эдүгээ миний эцэг эх тэнгэрт ял хийсний харгаагаар би эдүгээ үхсэн хүний хүүрийг гартаа барив. - Энэ Чай Жинь хэмээх хүн энэ худаг дотор байна уу? хэмээн их дуугаар хашхирсанд Чай Жинь тэр үед бага амьсгал бүхий цаг. Хүний юу хэлснийг мэдэх боловч ам нь ангайж чадахгүй, шүд зуурч үг хэлж үл чадмуй. Тиймийн тул Ли Күй бас нэг хэсэг эрж байтал, нэг хүн баригдав. Үүнд Ли Күй өгүүлрүүн: - Чи Чай Жинь ах мөн үү? хэмээсэнд Чай Жинь арайхийн дуу гарч: - мөн хэмээв. Үүнд Ли Күй маш баярлан эдүгээ тэнгэр өршөөж чиний амь мэнд гарах болов. Бид Ляншаний сайн эрс цөм цэргээ авч ирсэн. Эдүгээ худгийн аман дээр буй. Чи эндээ хүлээж байгтун хэмээгээд сагсны дотор Ли Күй сууж олсоо хүчээр хөдөлгөсөнд дээр уясан мэдээний хонх дуу гарч цохисонд, тэр худгийн дотор олсыг дээш татсанд Ли Күй гагцаар гарч ирэв.
Үүнд Сүн Жян өгүүлрүүн: - Чай Жинь ах байна уу? хэмээсэнд Ли Күй: - Баймуй, арайхийн амьдын төдий хэвтэж бөлгөө хэмээсэнд Ү Шюэжү: - Тийм бөгөөс чи Чайзинийг гаргахгүй юунд өөрөө гарч ирэв? хэмээсэнд Ли Күй: - Дахин орохыг байя хэмээхүйд Сүн Жян өгүүлрүүн: - Чи яахин дахин үл ормуй. Чи эрхгүй орж авчрах хэрэгтэй. Үгүй бөгөөс чамд цэргийн цаазаар хүнд ял хиймүй хэмээсэнд Ли Күй амандаа ийн өгүүлрүүн: - Эдүгээ Жижоугийн хоёр замд үхэх шахав. Одоо энд гурван зам болж яахин би орсугай? хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Чи тийнхүү бүү муу санагтун. Бид юунд чамайг худагт хийж алах буюу. Урьд Чай Жинь ахыг гаргасан хойно, дахин чиний биеийг гаргаваас барав хэмээсэнд Ли Күй мөнхүү сагсан дотор сууж Чайзинийн дэргэд очоод Чайзинийг өргөж сагсанд хийж, олсоо хөдөлгөсөнд аман дээр буй Сүн Жян нар татаж Чайзинийг гаргаж авчрав. Үзвээс Чайзинийхоёр нүд нь аньж, гар нь бага хүйтэн, толгойноос цус гарчухуй. Үүнд Чайзиний биеийг Лян Шань уулнаа авч сувилахаар хэлэлцэн тогтож байтал худаг доторхи Ли Күйг мартжухуй.Үүнд Лисин өгүүлрүүн: - Мөнөө гайхал Ли Күй, худгаас авахыг мартав хэмээн дахин сагсаа дотогш оруулж Ли Күйг татаж гаргасанд Ли Күй маш уурлаж өгүүлрүүн: - Та нар над лугаа яахин ийм өс санаж, энэ өмхий худагт өчнөөн удтал суулгав? хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эдүгээ бид нь чухамхүү эрхэм дүүтэйгээ саарах өслөсөн учир үгүй.
Гагцхүү Чай Жинь ахтайгаа олон жил учраагүй дээр ийм эрэмдэг болсон тул, бид уйлах нь уйлж алан салан байсаар чиний биеийг гаргаж авахыг мартав. Эдүгээ дүү бүү тийнхүү их хилэгнэн загнагтун хэмээсэнд Ли Күй даруй инээн өгүүлрүүн: - Эдүгээ бид цөм учрав. Үүнд юу санах буюу. Лян Шаньдаа буцах цаг болов хэмээсэнд Сүн Жян тэр хотоос олсон эд эдлэл зүйл, алт мөнгө тэргүүтэн бүгд хорь гаруй тэргэнд юм ачиж, Чай Жинь ахын хамтаар хүргүүлэхээр Ли Күй, Лисин хоёрыг тэргүүлэн явуулав. Тэндээс Сүн Жян нар олон цэргээ авч Гао Танжоугийн Гаолигийн гэр орныг Линьрэнь хэмээх даргад шагнаад Гао Танжоугийн дарга болгон суулгав. Гаолигийн гэр хотлоорыг бариулж хүй тэмтрэн алав. Бас харъяат хотын их бага олон хүнд ер гэм хор хийсэнгүй тул, тэдгээр тус тус баярлалцан, Сүн Жянийг үдэж хотоос гаргаж, архи будаа бэлэг болгон мөнгө барив. Чай Дагуаньрэний гэрийн хотлоорыг тэргэнд суулгаж, хойно Бай Шэн нарын гурван хүнээр харгалзуулан цөм Лян Шань ууландаа буцаж ирээд, Чаогайд учирч нэг нэгнээр тоочин хэлсэнд маш баярлан, Журмын их танхим дээр цугларан шинэ олсон Чай Жинь ах, Тан Лун хоёрыг Чаогайд ёслуулан ах дүү бололцож, их хурим хийхээр үхэр, хонь, гахай, нугас, тахиа зэргийг алж, аливаа нарийн жимс ногоог бэлтгэж гурван өдөр маш их найрлан сууж, Чайзинийн биеийг эмчээр сувилуулан эдгээлгэв. Үүнийг үл өгүүлмүү.
Өгүүлэх нь: Дун Цанжоу, Жижоу хоёрт албаны ба цэрэг гуйхаар илгээсэн нь яахин ийм амар завдаж ирмүй. Нэгэнт энэ завсар Гао Танжоуг бүрэлгэж идээд Лян Шаньд буцсан тул хоёр газрын цэрэг энэ мэдээг сонсоод даруй уг хотдоо буцаж эл учрыг тус тус зифүдээ мэдүүлсэнд харъяат хоёр хотын ноён энэ учрыг тоочин гаргаж, Дунжин хотноо бичиг мэдүүлж, тэндээс Гао Танжоугаас зугтан гарсан хүн нар цөм Дунжинд эл учрыг Гаолигийн эцэг Гао Тайвэйд мэдүүлсэнд Гао Тайвэй учрыг сонсоод айлтгах эвхмэл бичиж эзэнд өргөх хэмээн засаад, төрийн хувцсаа өмсч, эзний яаманд бараалхаж хонх цохихыг хүлээв. Удсангүй таван жин цохиж, олон төрийн сайд хэрэг айлтгах хэмээн цугларан байтал, гэнэт мэдээний хонх цохисонд Гао Тайвэй тэргүүлэн эзний ордны өмнө хүрвээс олон жанжин цэрэг хоёр талаар жагсан баймуй. Үүнд дээд зарлиг буулгасан нь “Олон сайд онц хэрэг буй болбоос тухай тухай учраа бие биесээр бараалж айлтгагтун. Хэрвээ айлтгах хэрэг үгүй болбоос буцагтун хэмээн зарлиг буулгасанд Гао Тайвэй: - Айлтгах чухал хэрэг буй хэмээн гагцаар бараалхав.
Үзвээс эзэн гэгээн нь есөн алтан лууны өндөр тавцан дээр заларчухуй. Хоёр талд нь дөрвөн их шадар сайд бараа болмуй. Үүнд Гао Дайюй сөгдөж ийн мэдүүлрүүн: - Боол би сонсвоос Лян Шань Фү хэмээх ууланд урвасан хулгай жар гаруй газар газрын муу хулгай нар цугларч, шударга сайдыг дарлах ба хот хэрмийг эвдэх, журамтныг алах, эд мөнгийг булаах зэргээр үл барам, мөнөөхөн Жижоу, Зижоу хоёр хотын хоёр ноёныг алаад хэрмийг булааж, басхүү Ү Вэйжүн хэмээх их цэргийн хүрээлэнг эвдэж, захирсан ноёныг түмэн анги огтчиж алав.”гэх зээг мэдүүлэн, ирсэн бичгийг боолчууд эвхмэл бичиг өргөж нэгэнт айлтгасан бөлгөө. Эдүгээ Гао Танжоу хотыг дээрэмдэж, Гаолиг алж бүхүй юмыг булаан аваачив хэмээн тэр хотоос зугтан ирсэн маш олон хүн манай Дунжинд ирэв.
Үүнд зүй нь Улсын эзэн та эрхгүй олон албат иргэнээ өршөөж, тэр Лян Шань уулын урвасан хулгай нарыг эс үгүй болговоос эцэст олон боолчуудаа барст үнэг тавьж өгөх лугаа адил болох боловуу хэмээн айлтгасанд эзэн гэгээн маш их цочиж, ийн зарлиг болруун: - Учрыг мэдэв. Одоо сайд чи биеэр явж, их цэргийг дураар хөдөлгөж тэр зальхай хулгай нарыг арилгаж, газар орныг төвшитгөвөөс зохимуй хэмээн зарлиг буусанд сайд Гао Тайвэй дахин ийн айлтгаруун: - Өчүүхэн сайд би санаваас энэ Лян Шаньд их цэрэг хөдөлгөх юу.
Манай Рү Нинжоу хэмээх хотод тулгар төр байгуулснаас нааш эзэн хаан ба их төрд гавъяа байгуулж, зүтгэл их өргөж явсан Ху Яньзанийн ач үр Хү Яньжуо хэмээх нэгэн сайн эр. Үүний сурсан цэргийн эрдэм маш хэцүү. Түмэн эр лугаа эсэргүүцэн чадмуй. Боол санаваас түүний биеийг зарлигаар зарлаж авчраад тушааваас тэр үл очих хэмээн чадахгүй хэмээсэнд эзэн хаан эрхэн бичгийн яамны сайдад даруй түргэн тушааж, өдөр шөнөгүй довтлон бичиг биеэр хүнд өгч, Рү Нинжоуд очих харъяат хотын зифүд тушааж: - Хү Яньжуог авчруулагтун. Ирсний хойно надад дахин айлтгагтун хэмээн зарлиг буулгасанд олон сайд цөм эзний ордноос гарч тус тусдаа гэртээ харив. Энэ зүйлийг бүү өгүүл.
Өгүүлэх нь: Энэ Хү Яньжуо хэмээх хүн энгийн өдөр гэртээ цэргийн сургууль хийж байх бөгөөд Дунжингээс зарлигийн бичиг залсан хүн Нинжоугийн яамны гадаа ирж үүд сахисан хүнд өгүүлрүүн: - Би нь Дунжин хотоос танай ноён тушаах зарлигийн бичиг нэгэн зүйл, басхүү энэ хотын Хү Яньжуод тушаах зарлигийн бичиг нэгэн зүйл. Эдүгээ та нар орж ноёндоо энэ учрыг айлтгагтун хэмээсэнд хаалга сахигчид гүйн орж энэ учрыг хэлсэнд, ноён санд мэнд жинст малгай, бүст хүрмээ өмсч Хү Яньжуог дуудуулж, хоёул хамтаар яамнаас гарч, зарлигийн бичгийг угтан залж аваад, өндөр ширээн дээр тавьж гурван гурав есөнтаа мөргөж нээн үзвээс Лян Шань Фү ууланд урвасан хулгай Чао, Сүн хоёр овгийн, бүгд жаран хэдэн хулгай нарыг цэрэглэн очиж арилгахад Ху Яньжоуг тусгайлан зарж илгээх тул, даруй хоёул ирж, Гао Тайвэйд хавсран төрд гавъяа байгуулсугай хэмээн зарлиг буусан бичиг. Үүнд арга буюу Хү Яньжуо даруй хуяг дуулгаа өмсч гартаа барих зэвсгээ авч хурдан салхи мэт морио унаж, Зи яаманд хүрч ирэв. Тэндээс тэр зарлигийн бичиг хүргэж ирсэн хүний хамт будаа идээд өдөр шөнөгүй довтлон явж Дунжин хотноо ирэв. Тэндээс энэ Гао Тайвэй чухам яахин Ляншаний урвасан хулгай Сүн, Чао хоёрыг барих ба алах зэргийг өдөр шөнийн бодлого болж байтал, гэнэт хаалга сахисан хүн орж мэдүүлрүүн: - Эдүгээ зарлигаар дуудсан Хү Яньжуо ирэв. Гадаад үүдэнд хүлээж баймуй”хэмээсэнд Гао Тайвэй даруй угтаж оруулаад үзвээс үнэн жавхлантай, гайхамшиг баатар сүртэй тул маш баярлан байсанд, Хү Яньжуо ёслон амар эрж сөгдсөнд Гао Тайвэй дээш босгож ийн өгүүлрүүн: - Эрхэм дүү миний хамт, Лян Шань ууланд элсэж урвасан хулгайг алах ба барихаар хаан зарлиг буулгав.
Энэ учрыг аажмаар хэлэлцье. Хол газраас өдөр шөнөгүй довтолгон явж зүдэрсэн тул, биеэ алжааж амраад маргааш эзэн хаанд бараалхасугай хэмээсэнд Хү Яньжуо хуяг дуулгаа тайлж тавиад, цай ууж будаа идээд тэндээ хонож, маргааш нь Гао Тайвэйгийн хамт эзэн хаанаа бараалхсанд эзэн хаан тэр Хү Яньжуог үзвээс, үнэхээр төрд зүтгэл хийх сайн эр мөн хэмээн сайшаан мэдэж, нэг чухал сайн морь шагнаж хайрлав. Энэ морины өнгө нь хав хар бэх лугаа адил, дөрвөн туурай нь цав цагаан, нэг өдөр явах нь мянган газар явж чадах тийм нэгэн эрдэм чадал нь төгссөн морь тул, Хү Яньжуо даруй сөгдөн мөргөж зарлиг хүлээв. Тэндээс хаан зарлиг буулгасан нь: - Хү Яньжуо чиний эцэг Ху Янзаниас эдүгээ хүртэл төрд гавъяа зүтгэл их байгуулж явсан учирт, одоо чиний гайхамшиг эрдэм чадлыг олон сайд баталж мэдүүлсэн тул, тусгай чадал эрдэм бүхүй морь шагнав.
Чи төрд тусалж гавъяа бүтээж явахыг хичээгтүн. Хожим чамд их хэргэм өгч шагнахыг би мэдсүгэй хэмээсэнд Хү Яньжуо зарлиг хүлээж мөргөөд Гао Тайвэйгийн гэрт харьж ирэв. Үүнд энэ хоёр Ляншаний урвасан хулгай Сүн,Чай хоёр овгийн олон жанжин нарыг яахин барих явдлыг зөвлөсөнд Хү Яньжуо өгүүлрүүн: - Мунхаг дүү энэ Ляншаний олон хулгай нарын учрыг цөм сонссон. Үүнд хөнгөнөөр үзэж болохгүй. Тэдний дотор шид сурсан ба бас баатар хүчтэй хүн маш олон. Түүний тэдгээрийн хэрэглэх зэвсэг маш чухал тул, бид хоёр хичнээн мянга түмэн цэрэг авч очвоос тусгүй болох болов уу. Иймийн тул мунхаг дүүгийн санаанд бас хоёр сайн эр буй. Сайн эр тэр хоёрыг жанжин болгон авч яваваас мөн хүчин чадал их билээ. Иймийн тул боол би баталж айлтгах хэцүү хэмээсэнд Гао Тайвэй өгүүлрүүн: - Мэргэн дүү үүнд хэцүү хэмээн бэрхшээх юун. Тэр хоёрын нэр овог хэн, хаана суудаг? хэмээсэнд Хү Яньжуо батлан айлтгав: - Энэ үг учир буй. Үлгэрлэвээс Лян Шань уулын Вань Зычэн хэмээх хотод дахин хувилгаан цэргийн жанжин нэмэгдэж, сургууль хийх,“Жү Юй Тан” хэмээх их журмын танхимд сайн эрийн нэрсийг тэмдэглэх, харъяат уулын сул цэрэгт албаны цэрэг нэмж маш олон болох хэмээх лугаа адил болмуй.
Хү Яньжуо, Гао Тайвэйд баталж айлтгах хоёр хүн хэн хэмээх нэртэй, хаана суудгийг хойд бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )