МЭНДЧИЛГЭЭ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 18

Та бүхэнд "Монгол цэргийн өдөр", Орчин цагийн зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монголчууд мянган мянганаар хэлэлцэх төр улсын их түүхийг бүтээсэн ард түмэн билээ. Хүннү тэргүүт эртний төрт улсууд, Их эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улс, түүнээс улбаалсан хүчирхэг төрт улсуудын түүх; Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, Халхын голын болон Чөлөөлөх дайны ялалт зэрэг бол Монголын цэрэг, армийн бахархам түүх төдийгүй судлан таньж, суралцан хөгжих их судар юм.

Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх энэ ариун үйл хэрэгт миний хоёр өвөө гар бие оролцсон байдаг нь манай гэр бүлийн нандин бас бахархам түүх билээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчин, цэрэг эрс маань улс орноо батлан хамгаалах нэн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг амжилттай гүйцэтгэж, эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцнаа дуурьсган эх дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоох үйлсэд эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадвараа гайхуулан ажиллаж буйг баярын энэ өдөр бахархаж тэмдэглэж байна. Амжилтаа ахиулж, орчин үеийн шилдэг арми болж хөгжихийн төлөө судалгаанд суурилсан шинэчлэл өөрчлөлтийг зоримог хийнэ гэдэгт итгэж байна.

Монгол Улсын Их хурлаас баталсан "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичигт "Монгол Улс мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж бэхжүүлнэ" гэсэн бодлогыг тодорхойлсон нь Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх төрийн шинэ бодлого, түүнийг шинэчлэн бэхжүүлэх эдүгээ цагийн дунд хугацааны стратегийн зорилт болж байгаа юм. Цаашид Үндсэн хуулийн өөрчлөлт, эрх зүйн шинэ орчны хүрээнд улс орны батлан хамгаалах чадамж, аюулгүй байдлын баталгааг нэмэгдүүлэх, төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааг боловсронгуй болгох, албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр батлан хамгаалах салбарынхантай хамтарч, хичээн ажиллах болно.

Монгол цэргийн зориг тэмүүлэл ирмүүн, золбоо хийморь өөдөө байх болтугай!

УИХ-ын гишүүн Чинбатын УНДРАМ 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top