Монголын сор болсон сэхээтнүүд, эрдэмтэн мэргэд, бүтээлч хөдөлмөрөөрөө онцгой амжилтад хүрсэн хүмүүс, Монгол түмнийхээ бахархал болсон эрхмүүдийг "Зиндаа" сэтгүүлийн хоймор "Эрхэм Зиндаа" буланд урин залдаг уламжлалтай. "Зиндаа" сэтгүүлийн "Эрхэм Зиндаа" булангийн №4 дугаарын хүндэт зочноор Монгол Улсын анхны сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, Хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа уригдсан юм.
Өнөөдөр (2021.03.22) Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлын 42 жилийн ой тохиож буй тул 2017 оны энэхүү ярилцлагыг АРХИВААС дахин нийтэлж байна.
-Сансарт ниссэн хүн юу ярих бол гэж уншигчид маань тэсэн ядан хүлээж байгаа. Хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл сансар луу их чиглэсэн байдаг. Сансарт үл тайлагдах оньсого олон бий. Тэр бүхнийг сансарт ниссэн хүн л хардаг байх даа гэж бодно.
-Манайд олон сайхан хүмүүс бий. Тэдэн дотроос Б.Лхагвасүрэн, Н.Жанцанноров хоёрыг их сайхан ухаантай монгол хүмүүс гэж би хүндэлж явдаг юм. Миний найз нар л даа. Жанцанноровоос нэг сэтгүүлч “Аугаа хүн гэж ер нь ямар хүнийг хэлдэг юм бэ?” гэж асуусан байсан. Жааяа ингэж хэлсэн байдаг юм. Өдөр болгон аугаа байж чаддаг тийм хүнийг л аугаа хүн гэж хэлэх байх даа гэж. Ер нь тийм аугаа хүн хэн байна гээд би бодлоо. Тэр хүн бол Л.Түдэв гуай байгаа юм. Танай сэтгүүлд ярилцлага өгсөн байна. Жанцанноров маань бүр анхны дугаарын зочин болжээ. Энэ дугаарын зочин чинь их л энгийн хүн дээ.
-Монголчуудынхаа сайхан түүхийг үлдээхийг л бид зорьж байгаа. “Зиндаа” сэтгүүлд хэн юу ярив? Хэн, хэзээ, юу хэлж байв гэдэг нь түүх болон үлдэнэ шүү дээ.
-Ер нь би өөрийнхөө тухай ярихаас өмнө Хөгнө хан уулаа л үзүүлмээр байгаа юм. Манай тэр уул бол дэндүү гоё. Дэндүү сайхан газар. Тэр уулыг ойлгосон хүн тэр зон олныг ойлгох ёстой, тэнд төрсөн хүнийг ойлгох ёстой гэж би боддог юм. Манай уулын зураг тэр байна /Ажлын өрөөнийхөө ханан дахь зургийг заав/. Энэ ууланд төрсөн хүн, энэ нутагт төрсөн хүн, энэ уулын өнгө төрхөөс манай нутгийн нүүр царай, зон олны ааш араншинг тааж болно доо. Уул ус, нутаг орон шиг хүнд хэрэгтэй, хүнд ойрхон, шүтэж залбирч явах юм өөр байхгүй дээ. Энэ уул бол миний ч түүх, миний өвөг дээдсийн ч түүх юм даа. Энд бичээстэй байгаа бүхнийг тайлж уншиж чадах юм бол өвөг дээдэс минь ийм байж, түүх соёл маань ийм байж, ийм зон олон амьдарч байжээ гэдгийг энэ уулнаас л олоод харчих ёстой. Энд бас миний түүх ч үлдэнэ.
ТӨРСӨН НУТАГ, ХӨГНӨ ХАН УУЛ БАЙЖ БАЙХАД ААВ ЭЭЖ ДЭЭРЭЭ ОЧИЖ БАЙГАА ЮМ ШИГ Л БОЛНО
-Хөгнө хан уул монголчуудын түүхтэй их холбоотой шүү дээ.
-Монголчуудын түүхэнд болсон томоохон үйл явдлуудын ул мөр манай энэ ууланд бий. Миний дуулснаар, манай аав ээжийн өвөг дээдсийн ярьж байснаар бол Хөгнө хан гэдэг нэр сүүлд олдсон нэр. Галдан бошигтын дайны үе, 17-р зууны нэр гэсэн үг л дээ.
-Танай нутагт энэ тухай ямар түүх яригддаг бол?
-Хөгнө хан ууланд Өвгөн хийд гээд уулан дотроо байдаг хийд бий. Одоо ч туурь нь байдаг юм. Өвгөн хийд бол Монгол оронд шашин дэлгэрэх анхны үеийн хийд. 9-10 дугаар зуун руу очно. Нутаг орныхон нь энэ хийдтэйгээ амин холбоотой. Аливаа дайн тулааны үед дарж авахын тулд амин холбоотой юмыг нь л байхгүй болгоно шүү дээ. Тэр үед Галдан бошигт хаан энэ ууланд хийд бий гээд эрж хайж байсан гэдэг. Хийд нь олдохгүй байж. Яагаад олдохгүй байсан гэхээр тэнд байсан лам нар, оршин суугчид нь бүгд нохойныхоо амыг уячихаад, хийдийнхээ алтан ганжирыг эсгий навтсаар боож таглачихаад байсан байгаа юм. Бурхан шүтээнээ ийм удаан баринтигтай байлгаж болохгүй тайлъя, дайны хөл холдоо биз гээд хэд хоногийн дараа навтсаа авчихсан гэдэг. Тэр үед нь Галдан бошигтын цэргүүд урд талынх нь Номгон уулан дээрээс оройн наранд алтан ганжир гялалзахыг харж л дээ. Тэгээд буцаж давхиж ирээд лам нарыг нь барьж аваад хөгнөнд хөгнөж байгаад толгойг нь авчихсан гэдэг. Тэр үеэс хойш одоо нэрлэж байгаа энэ нэрээр нэрлэгдэх болсон түүхтэй гэж ярьдаг юм. Тийм учраас энэ уул бол Чингис хааныг амьдаар нь харсан уул байж таарна. Уул ус гэдэг мөнхийн юм. Энд монголчуудын бүх л түүх шингэж үлдсэн байгаа.
-Үнэхээр тийм.
-Гэтэл өнөөгийн монголчууд маань гэрээ мартаж байна. Ердийн хөсөг гэдгийг мартсан. Тэмээнд ачаалдаг, үхрийг тэргэнд хөллөдөг гээд бүгдийг нь мартаж байна. Энэ бүхэнтэй хамт эдлэл хэрэглэлийг нь мартаж байна. Чөдөр, ногтноос эхлээд гэрийн тавилга хэрэгслийг нэрлэ гэх юм бол тотго, босго, дээвэр, цаваг нь аль вэ, яг нарийн мэдэхгүй. Ерөнхийдөө тооно, унь, хана, хаалга гээд мэдэж байгаа ч нарийн ярих юм бол юу ч мэдэхгүй болох нь ээ. Энэ чинь монголчуудын их олон зууны том соёл шүү дээ. Гэрээ барьж нүүж сууж ирсэн түүх соёл, эдэлж хэрэглэж ирсэн эд зүйлс, ердийн хөсөгний эдлэл хэрэгсэл мартагдаж байна. Үхрийг юугаар хөтөлдөг юм, хөтөлдөг юмыг нь юу гэж нэрлэдэг юм. Одоо бол ногтоор юмуу дээсээр чирнэ л гэж бодож байгаа байх. Гэтэл тэр чинь хамраас нь дөрлөдөг шөрхтэй байсан. Тэрийг мэдэхгүй байна. Жижигхэн юм шиг боловч энэ чинь монголчуудын амьдралдаа хуримтлуулж ирсэн бүх л юм нь. Энэ бүхнээсээ холдчихвол монгол гэдэг юмнаасаа холдоод л явчихаж байгаа юм. Цагаан идээ хэрэглэдэг ёс заншил, монголчуудын хоолны дэглэм тэр хэвээрээ байсан бол бид өдийд мөн ч олон юмнаас хол байх байсан даа.
-Тэр ёстой үнэн.
-Монголчууд сайхан цагаан идээгээ идэж, махнаас нэлээн хол байж, хэтэртлээ их иддэггүй, зөвхөн өөрийн бие организмд хэрэгтэй юмыг нь хэрэглээд явж байсан учраас хэт таргалалт гэж байгаагүй, түүнээс үүдэх өвчин байгаагүй нь ч үүнтэй холбоотой. Ааруул, өрөм, ээзгийгээ идээд, ширдэг хөмөн дээрээ унтаад хүн болсон улсууд бидний үеийнхнээр дуусах нь шиг байна даа. Өнөөдөр надаас хаана төрсөн бэ гэж асуухад би хэлэх сайхан үгтэй. Хөгнө хан уулын Рашаантын бууцанд төрсөн гэж би түүхээ бичнэ. Монголчууд өвгөрөх насныхаа үед унасан бууцан дээрээ очоод нэг хөрвөөчихдөг. Одооны хүүхэд хаана хөрвөөх юм. Нэгдүгээр төрөхийн цементэн шалан дээр хөрвөөх үү? /инээлдэв/
-Ер нь тийм л болчихоод байна.
-Хөгжил дэвшил гэдэг сайн зүйл, сайхан ч зүйл. Гэхдээ нэг сайн юм хажуудаа нэг саар зүйл дагуулж явдгийг бидний түүх, хөгжиж ирсэн замнал харуулж байна. Тийм учраас хүн төрөлхтний хөгжил, тэр дундаа монголчуудын хөгжил урагшилж байгаа ч явж ирсэн замнал их чухал. Монголчууд маань явж ирсэн түүхээ эргэж нэг хараасай, хэн байж байгаад бид өнөөдөр хэн болчихов гэдгээ дүгнэж нэг үзээсэй гэж боддог юм. Миний хувьд бол уул усаа л их боддог доо. Төрсөн нутаг, энэ уул ус шиг ойрхон юм хүнд байхгүй шүү дээ.
-Нутагтаа очих сайхан шүү.
-Нутагтаа очих болгонд их гоё. Аав ээжтэйгээ байхад бүр ч гоё байлаа. Одоо бол дүү нар байна, нутгийн олон байна. Төрсөн нутаг, Хөгнө хан уул байж байхад аав ээж дээрээ очиж байгаа юм шиг л болно шүү дээ.
-Та багадаа малд их ойр өссөн байх, тийм үү?
-Малын дэргэд л өссөн дөө. Өтөг үнэртэж, өглөө үдэшгүй хонь малын майлаан, үхэр тугалын мөөрөөн, адуу малын янцгаан дунд л өсөж торнилоо. Энэ нь бидний сонсдог хөгжим байж дээ. Хөгжим шиг шүү дээ ер нь бол.
-Үнэхээр хөгжим шиг.
-Монгол хүнд л лав тэгж санагдана. Хонь хурга нийлж байгаа дуу чимээ, өтөг бууцны үнэр, үхэр малын үнэр, ялангуяа адууны үнэр. Аа бас гоё. Энэ нутаг усандаа энэ бүхнийг мэдрэх. Тэр байгалийн дуу чимээ. Өглөө үдшийн аялгуу болсон тэр чимээ бол бүр ч сайхан.
"ЭЦГИЙН ҮГ ГЭДЭГ АЙХТАР ҮНЭ ЦЭНЭТЭЙ ОРТОЙ ЗҮЙЛ БАЙДАГ ЮМ БАЙНА" ГЭДГИЙГ ОЙЛГОЖ АВЧ БАЙЛАА
-Биднийг нэг дэх өдрийн өглөө хичээлдээ ирэхэд “Монгол хүн сансарт нислээ” гээд сургуулиар дүүрэн гоё зурагт хуудас наачихсан байж билээ. Хүүхдүүд үдэш бүр л тэнгэр ширтэж “Монголын сансрын нисэгч энэ олон оддын хаана нь нисэж яваа бол оо” гээд хөдлөөд явж байгаа оддыг дагуулж хардаг байлаа. “Сансрын нисэгч Гүррагчаа ямар хүүхэд байсан бол оо” гэж 36 жилийн өмнө манай ангийнхан ярилцдагсан. Та багадаа ер нь ямар хүүхэд байв? Таны бага насны дурсамжаас уншигчидтайгаа хуваалцъя.
-Манай Гурванбулаг сум бол их жижигхэн сум. Дөрвөн жилийн бага сургуультай. Би 1956 онд сургуульд орж 1960 онд төгссөн. Намайг бага сургуулийн сурагч байх үед Монгол оронд нэгдэлжих хөдөлгөөн өрнөлөө. Монголын түүхэнд 1960 онд нэгдэлжих хөдөлгөөн бүрэн төгс ялсан гэж бичдэг. Нэгдэл гэдгийг хөдөө орон нутагт яаж хүлээж авч байсныг би харин сайн мэдэх юм.
-Ямар сонирхолтой юм бэ?
-Монгол хүний аж амьдрал бол хэдэн мал нь л байгаа. Малаа өсгөж бөөцийлж тодорхой тоонд хүргэчихсэн хүн түүнийгээ нэгдэлд өгнө гэдэг бол сэтгэл зүйн хувьд том даваа. Ер нь бол нэгдэлжих хөдөлгөөнөөс нэлээд чаргуулдаж сүүлдэж хойшоо сууж байсан улсууд олон бий. Тийм учраас нэгдэлд оруулахын тулд их л олон арга хэрэглэж байсан гэдэг. Манайд Д.Сүрэнхорлоо гэж хүн байсан. Тэр үед нэгдэлд элсүүлэхийн тулд багийн хурал хийнэ. Багийн хурлаа 4-5 цаг хийгээд, нэг нөхөр л даргаа гээд гар өргөөд хурал даргалж байгаа хүнээс “Би нэг гарч бие засаад ирье” гэхээр зөвшөөрөл өгөхгүй. 3-4 удаа тэгж, сүүлд нь гараа өргөөд болохгүй байна гэнэ. Юу гээд байгаа юм гэсэн чинь, “Дарга аа хүний давсаг хагарахдаа хэр чанга дуугарах бол. Их л чанга дуугарах байх даа” гэж байсан гэдэг. Тэгж хүртэл шахалт үзүүлж нэгдэлд элсүүлсэн түүх байдаг юм даа.
-Б.Цэнддоо нэгдэлжих хөдөлгөөнийг “мочевинтой хувьсгал” гэж бичээд байсан нь үнэний хувьтай юм байна шүү /инээлдэв/.
-Тухайн үед сайн дураараа нэгдэлд элсчихлээ гэж сурталчилж байсан. Гэхдээ хамтын хөдөлмөрийн давуу талыг хөдөөний ард түмэн амссан шүү. Ер нь хүн эхлээд аливаа шинэлэг ажлыг шууд ойлгодоггүй тал бий.
-Танайх хэзээ нэгдэлд элссэн бэ?
-Нэлээд сүүлд элссэн. Манайх баян чинээлэг айл байгаагүй. Гэхдээ л тов хийсэн амьдралтай. Хонь мал хэд байсныг би мэддэггүй юм. Лав л гурван азарга адуутай байсан.
-Та багадаа хурдны морь унадаг байв уу?
-Ямар ч байсан хурдны морь унах насанд хүүхэд нь хүрнэ гэдэг аав ээжийн хувьд бас нэг баярт үйл явдал. Би 7 настайдаа анх хурдны морь унасан юм. Дэндэвийн өсгий цагаан хээр гээд морьтой уралддаг байлаа. Их хурдан, эртэй бяртай, чадал ааг нь багтаж ядсан морь байж дээ. Харин миний морь ам нь дийлдэхгүй. Надтай миний үеийнхэн л уралдана. Тэдэн дотор чинь бас түрүүлмээр санагдана биз дээ.
-Тэгэлгүй яахав.
-Аав “Өсгий цагааны буруу талын ташааг үргэлж дэрлүүлж яв. Тэгэхгүй бол морь чинь хадуураад давхичихна” гэж захидаг байлаа. Үсэргээнд 2-3 уралдсан чинь дандаа л өсгий цагааны ард аман хүзүүнд ирдэг. Түрүүлмээр санагдаад болдоггүй. Гэтэл аавын хэлсэн үг байдаг. Нэг үсэргээнд ер нь түрүүлье гэж бодоод гараанаас нь аваад жолоог нь тавьчихлаа шүү. Миний морь их гараа сайтай. Замын дунд ортол сэнгэнэж явлаа. Замын дундаас л нөгөөх чинь ам нь дийлдэхгүй гэр лүү явчихлаа. Яаж ч болдоггүй, дийлддэггүй. Гэрийнхээ гадаа уяан дээрээ навсага нэвсэг гээд л очлоо. /инээлдэв/.
-Аавдаа загнуулсан уу?
-Муу ээж минь л уйлчихсан бариад авлаа. Аав ч давхиад ирлээ. Ууртай байна аа. Үгэнд орсонгүй гээд. Тэгсэн чинь ээж “Энэ муу алгын чинээ амьтан амиа үрчих гэж явахад чи юунд нь уурладаг юм. Эсэн мэнд яваад ирсэн нь их юм” гэсэн. Гэтэл аав “Үгэнд ороогүйгээс ийм юм болж байгаа юм. Тэрнээс юу гэж хадуурдаг юм” гээд л уурласан. Харин би “Эцгийн үг гэдэг бол айхтар үнэ цэнэтэй, ортой зүйл байдаг юм байна” гэдгийг тэгэхэд ойлгож авч байлаа. Ингэж л гараагаа эхэлсэн дээ.
-Барианд хэзээ оров?
-1960 онд нэгдэлжих хөдөлгөөн ялсан тэр жил би морь унадаг наснаас томдох гэж байсан үе. Тэр жилийн наадамд би зургаан насны морь унасан юм. Даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас, азарга. Хоёр өдрийн наадамд зургаан насны морь унаж уралдана гэдэг чинь амаргүй. Нэг түрүүлээд, гурав дээр хоёр удаа ирээд, бусад нь дөрөв, тавд ирж айрагдсан. Миний унасан соёолон, манай шар халтар үрээ долоо дээр ирж байлаа. Аав бид хоёр уг нь их найдлага тавьж, шар халтар үрээгээ түрүүлнэ гэж бодож байсан юм. Уяаг нь жаахан уртасгаад илүүдүүлчихсэн. Цөмөрнө гэж ярьдаг даа. Дараа жилээс нь манай дүү нар хурдны морь унадаг болсон.
-Морьтой холбоотой өөр ямар сонин дурсамж байдаг вэ?
-Миний хөглөж явсан түүх их бий. Жаран оны намар манай тэндхийн олон хүн хот руу мал туусан юм. Нэгдэлд өгөхөөсөө өмнө зарим нэгийг нь борлуулж байна л даа. Нэлээн олон хонь мал, үхэр, адуу нөгөөдүүлд дайгаад намайг явууллаа. Хотод долоо хонож ирсэн. Шар хөвийн дөрөлжөөр даваад ороод ирсэн чинь гоё гоё байшингууд харагдаж байна аа. Гандан дээр бид нэг өвгөнийд ирж байгаа юм. Тэр өвгөн бол миний багш. Аав ээж минь багад намайг шавь оруулсан юм. Надтай цуг яваа Сүрэнхүү гэдэг хүний ах нь. Лам багшийн эхнэр бол манай аавын өргүүлсэн талынх. Хамт яваа хүнээ бараадаад тэр хоёр дээрээ ирсэн юм. Энэ хавь чинь хөдөө зэлүүд газар байлаа. Гэр хороолол нь сүмийнхээ тэр хавьд. Тасганы овоон дээр гарч л морь малаа хэд хазуулна. Тэмээгээ хөтлөөд морио унаад Сүрэнхүү гуай бид хоёр ирнэ. Нэг өдөр нэлээн суулаа. Гэтэл өвгөн “Чи ингээд сууж бай, би айлаар ороод ирье” гээд нуруугаа үүрээд алхаад явлаа. Намайг сууж байхад мянгын дугуйтай хүн ирсэн юм. Дугуйнаасаа буугаад юм дэвсээд хиам талх гаргаж ирээд идлээ. Дуудаж байна. Яваад очсон чинь надад хиам, талх өгч байна. Их гоё амттай юм. Тэгсэн чинь хотын банди нар ирээд “Морио унуулаач, морь унаж үзмээр байна” гэнээ. Би номхон зээрдээ унууллаа. Нөгөө Сүрэнхүү гуайн морь нэлээн догшин, тарган цатгалан. Ядаж орос эмээлтэй. Гэтэл нөгөөдүүл чинь энэ морио унуулчих л даа гэж гуйгаад болдоггүй. Би “Та нар чадахгүй” гэлээ. Энэ морио унуулах юм бол өгнө шүү гээд дээр үеийн цайны хунзыг бөгжилчихдөг төмрөөр хийсэн шүгэл үзүүлж байна. Үлээхээр шүгэл дуугараад л их гоё.
-Та тэгээд яав?
-Би шүгэлтэй ч болчихдог юмуу, очоод найз нартаа үлээж өгье гэж бодоод морины чөдрийг нь аваад барьж байгаад мордууллаа. Мордоход нь жаахан зайлсан чинь нөгөөх нь давж үсрээд ойччихсон. Морь ч гөлмөө дэрвүүлээд л тэр хойшоо алга боллоо. Гэтэл мянгын дугуйтай ах гүйж ирээд “Ах нь бариад ирье” гээд миний муу зээрд морийг унаад явлаа. Нөгөө хэдэн банди нартайгаа, нэг тэмээтэй, нэг мянгын дугуйтай үлдлээ дээ /инээлдэв/.
Эрхэм нөхөд өө, дэлхийн хүмүүс ээ! Манай гарагийн анхны сансрын нисэгч Юрий Гагарин анх удаа манай гарагийг тойрон ниссэнээс хойш бараг 20 жил өнгөрчээ. Түүнийг нисч байх өдрүүдэд би хүүхэд байсан бөгөөд Монголын жирийн малчны хүү би хэзээ нэгэн цагт сансрын хөлгөөр хөөрч зөвлөлт анд нөхдийнхөө хамт тойрог замын станцад хамтран ажиллана гэж бодоо ч үгүй юм. Монголын анхны Сансрын нисэгч Ж.Гүррагчаа тойрог замын цогцолборын бүхээгээс дэлхийн хүмүүст илгээсэн илгээлтээс... 1981 он
-Нөгөө хүн морь барьж авч чадав уу?
-20-30 минутын дараа нөгөө ах “Морь чинь гүйцэгдсэнгүй. Чиний морь явдаггүй” гэсээр ирлээ. Хүний морь алдчихсан хүн чинь айж эмээж байгаа гэж жигтэйхэн. Нөгөө хэддээ “Сүрэнхүү гэж хүн ирнэ. Ирэхээр нь тэмээг өгөөрэй” гэж захиад мориндоо мордоод явлаа. Далан давхар уруудаад л явахад Баянхошуугаар айл амьтан нэг ч байхгүй. Хамгийн их айлтай нь 500 айл. Тээхийн дэлгүүр, одоогийн 3-4-р хорооллын энэ хавь л даа. Суваг шуудуу ухаж, субботник их хийдэг байсан үе. Ухсан нүхэн дээгүүр хоёр банз тавьчихсан. Түүн дээгүүр нь гарч явсаар одоо бодоход Найрамдал зуслан орсон байгаа юм. Зам дагуу хүн мал тааралдахад нь шүүгээд л явсан. Нар жаргах нь. Би эргээд хот руу явлаа. Гандан дээр ирсэн чинь нөгөө хэд маань хашааныхаа буланд зогсоцгоож байна. Би ч хүний морь алдсан, загнуулна гэж бодож байлаа. Гэтэл “Гэрээ олоод ирдэг сайн хүү” гээд их таатай үг хэлж угтаж байна.
-Тэгээд морио олсон уу?
-Маргааш нь Сүрэнхүү гуай яваад Баянцогт сум орсон байгаа юм. Гэтэл Баянцогт сумын захиргааны уяан дээр алдуул мал гээд бариад уячихсан байсан. Уг нь цулбуураа чирээд л давхисан морь. Цулбуур нь ч тасраагүй байна гээд морио хөтлөөд ирж байсан юм. Энэ түүхийг ярьдгийн учир гэвэл одоо цаг, тэр цагийн ялгааг хэлэх гээд байна. Одоо бол тийм тарган морь эзэнгүй явж байвал ер нь хэцүү. Тэр үед тийм сайхан.
-Та Улаанбаатарт хэр удсан бэ?
-Долоо л хоносон байх. Ээжийн дүү нь манай нэгдлийн машины жолооч байсан юм. Намайг авах гээд ирсэн. Тэгээд шүгэл ч үгүй буцаж байлаа /инээлдэв/. Тэр эрчүүд миний насны л хүмүүс байгаа. Тэдэнтэй уулздаг бол сонин л байна.
БОР МОРИН ДЭЭРЭЭ МОРДООД Л ДАВХИСАН ЧИНЬ НИСЧИХСЭН
-Сайхан түүх байна. Таны удам судар, аав, ээж тань ямар хүмүүс байв?
-Манай аав, ээж хоёр хоёулаа өргөмөл. Хоёулаа өргөмөл гэдэг чинь би их олон өвөөтэй, олон эмээтэй гэсэн үг. Ийм л олон хүний дунд өсөж торнисон айлын том хүү. Тийм учраас олон хүнд өхөөрдүүлсэн, олон хүн бие биенээсээ өмөөрсөн ийм нөхцөлд өссөн. Манай аавын төрүүлсэн аав, ээж нь Архангайн Хашаатынх. Манай өвөө, эмээ хоёр Гурванбулагийнх. Би ээжийнхээ өргөж авсан эцэгтэй их ойр. Өвөө маань хоёр бор морьтой. Их бор, бага бор гэж өөрөө нэрлэдэг. Их бор нь намхан, бага бор нь өндөр. Ийм хоёр хайртай морь нь байх. Манай сум толгойн өвөрт. Өвөөгийнх сумын хойно жалганы хойд энгэр дээр. Тэр зун жалганаас ус гарч хүмүүс рашаан гээд л очиж авдаг байлаа. Тэр усанд ойртож буугаад тэндээ өвөлжсөн юм. Би сургуульдаа явахдаа жалга гараад л жижигхэн хөтөл шиг юм даваад л гүйгээд оччихно.
-Та хэддүгээр ангид байсан юм бэ?
-Дөрөвдүгээр ангид байсан байх. Тэр өвөл бага борыгоо гаднаа байлгаад унадаг байсан юм. 11- 12 сарын үед манайд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирж хонолоо. Завхан явах гэж байгаа гэнэ. Нэг хоноод явлаа. Сар гаруйн дараа буцаж явна гээд ирээд хонолоо. Би сургуульдаа яваад ирсэн чинь гадаа хоёр морь байна. Гэртээ орсон чинь өвөө маань сууж байна. Нөгөө улсууд явчихаа юу гэсэн чинь явсаан гэж байна. Морь мал нь яагаад үлдсэн юм гэсэн чинь нэг л юм хэлж цөхөөд байна аа. Тэгсэн чинь бага бор морийг өгөөд явуулчихжээ. Би жаал цамнаж уйлаад л, яагаад өгч байгаа юм гэж байгаад унтаад өгсөн.
-Тэгээд юу болсон бэ?
-Шөнө зүүдэлж байна аа. Манай сумын төвийн хойд талын Хана гэдэг газар бий. Ханын энгэрт л би дайсантай байлдаад сүйд боллоо. Дайсан ч олуулаа юм. Сүүлдээ би ер нь дийлдлээ, гүйцэгдлээ. Бага бор морь байж байна. Бага бор мориндоо мордоод л давхисан чинь нисчихсэн. Тэр мөн ёстой их тод. Би онгоцонд сууж үзээгүй байсан. Ургах нарны зүг ниссэн чинь ямар гоё юм бэ. Гэрүүд хөмөрсөн шаазан шиг харагдаад л, гол горхи нарийхан, мал сүрэг бэлчээд л их сонин. Би тэр зүүдээ мартдаггүй юм. Хүний зүүд зөн гэж бас байдаг юм болов уу.
-Үнэхээр зөнтэй зүүд байна.
-Өглөө нь өвөө маань “Тэр улсууд очоод л тавьчихна гэсэн. Хавар ногооноор гүйгээд ирнэ биз дээ” гэж байна. Хавар боллоо. Бор морь гүйгээд ирчихжээ. Дахиад хоёр морь дагуулчихсан байна. Таван морьтой болчихлоо. Тийм сонин түүх. Санаанаас гардаггүй юм.
-Та сансрын бэлтгэлийн үеэр сонин содон зүүд зүүдэлсэн үү?
-Би сансарт нисэхийнхээ урьд шөнө зүүдэлж байгаа юм. Миний төрсөн газар Рашаантын бууц гээд их сайхан бууц бий. Урд талд нь Бөмбөгөр толгой гэж байдаг. Тэр толгойн шилээр даваад Сүвээгийн өвөлжөө бий. Хоорондоо километр хагас зайтай. Тэр хооронд би үргэлж гүйж явдаг, миний багын өссөн газар л даа. Би тэр Бөмбөгөр толгой дээр тоглож байна аа. Хэдэн сармагчин байх юм. Нөгөө сармагчингууд чинь нисч буугаад л, хадан дээр үсэрч гараад үсэрч буугаад л. Би тэр хэдэн сармагчинтай тоглолоо гэж зүүдэлсэн юм. Их тод. Өнгөтэй зүүд байсан байх гэж боддог. Тийм сонин хоёр зүүд их тод үлдсэн.
-Сансарт хүн зүүдэлдэг үү?
-Би бол зүүдлээгүй. Гэхдээ зүүдэлдэг хүн байдаг л байх.
-Булганаас манай анхны сансрын нисэгч Гүррагчаа, анхны олимпийн аварга Түвшинбаяр нар төрсөн нь их сонин тохиолдол. Та сансарт нисэхдээ хэдэн настай байв?
-Би 33 насандаа сансарт нисэж байлаа.
-33 насыг онцгой нас гэж дуулсан юм байна. 33-ыг бурханы тоо ч гэж хэлдэг.
-Христос гэгээрэлд хүрч байсан нас гэдэг юм.
-Та зүүдэндээ морьтойгоо ниссэн. Монгол хүн бүр морьтойгоо нисэх мөрөөдөлтэй нь үлгэр домогт ч үлдсэн байдаг. Танд сансрын нисэгч болно гэсэн мөрөөдөл байсан уу?
-1961 онд хүн анх сансарт нисэхэд би тавдугаар ангийн сурагч байлаа. Их сонин хүлээж авч байсан. Хаврын хавсаргатай өдөр. Сургуулийн хашаанд дотуур байрны гэрүүд, дундаа гэрлийн шонтой. Гэрлийн шон дээр цагаан хоолой гэж нэрлэдэг чанга яригчтай. Хаврын салхинд чанга яригчийн дуу нэг холдож, нэг ойртоод л дуулдана. Бөмбөг хөөгөөд хашаан дотор явж байсан чинь “Анхаараарай, анхаарай” гэж байна. Их л чухал юм болох нь гээд бид хэд тойрч зогсоод чагнасан. Хүн сансарт нислээ гээд зарлаж байсан. Бид бол их том үйл явдал болж байна гэж тухайн үед бодоогүй. Онгоц нисээд л байдаг биз дээ гэсэн бодол төрж байгаа юм. Дараа нь багш нарын ярианаас илүү сайн мэдэж авсан. Тэгж л анх сансрын нислэгийн тухай сонсож байлаа. Гэхдээ сансарт нисэх юмсан гэж ердөө бодож байгаагүй. Хэзээ хойно нисэхийн салбар их сонирхолтой санагдах болсон. Ер нь нисэхтэй л амьдралаа холбоно гэсэн бодол төрдөг болсон доо.
-Та дунд сургуулиа төгсөөд ямар мэргэжил сонгож байв?
-Хишиг-Өндөрийн долоон жилийн сургуулийг дүүргээд Булганы 10 жилийн сургуульд орж дунд сургуулиа 1966 онд төгссөн. Би чинь 10 дугаар анги төгсөөд ХААИС-ийн инженер механикийн ангид хуваарь авсан хүн шүү дээ. Жил гаруй сураад цэрэгт татагдаж байсан юм.
-Тийм үү?
-Хүний хувь заяа гэдэг их сонин. Армитай амьдралаа холбосон явдал бол миний их олон юмны эхлэл байсан. Сансарт хүрэх замд бол хамгийн том алхам гэж би боддог. ХААДС-ийг дүүргэлээ гэж бодоход сумандаа инженер механик хийж, нэгдэлд хэдэн трактортой ноцолдож тариан талбай дээр байж байгаад л өдийд нэг тэтгэврийн бор өвгөн сууж байгаа шүү дээ. Сайхан л амьдрал. Гэхдээ энэ том үйл явдалд оролцоод зэвсэгт хүчнийхээ цэрэг армид 40 жил алба хаагаад авдаг цолны оройд нь хүрлээ. Сайхан байхгүй юу. Тийм учраас би зэвсэгт хүчиндээ, Монголын ардын армидаа их хайртай.
-Хайртай байхаас ч аргагүй.
-Залуучуудад “Цэргийн алба хаах нь нэр төрийн хэрэг юм шүү” гэж хэлмээр байдаг юм. Зэвсэгт хүчинд алба хаана гэдэг бол үнэхээр сайхан. Олон сайхан насан туршийн найз нөхөдтэй болно. Миний найз Насредхан Баян-Өлгийд Драмын театрын хөгжимчин байсан юм. Цэрэгт байхдаа домбор тоглоно, чулуу татаж мэргэлнэ. Цэргүүд юу мэргэлүүлдэг байх гэж бодож байна?
-Гэр орноо л асуудаг байх даа.
-Гэр орноо асууна. Хамгийн гол нь “Захиа ирэх нь үү” гэж их асууна.
-Нээрэн тийм юм байна.
-Манай найз сайн дур нь хөдөлвөл “Аа чамд өнөөдөр гурван захиа ирнэ ээ” гэнэ.
-Тэгээд гурван захиа нь ирэх үү?
-Гурван захиа ирэхгүй ээ. /инээлдэв/ Сайхан сайхан.
-Та цэргийн албаа хаана хаасан бэ?
-Цэргийн албаа би Улаанбаатарт хаасан. Цэргийн алба гэдэг чинь эр хүн бол хаах ёстой алба байгаа юм. Цэргийн андууд шиг тийм сайхан анд гэж байдаггүй. Гурван жил хоолоо идсэн ч, унтаж амарсан ч, жагсаал сургуулиа хийсэн ч нэг дор. Хоёрдугаарт цэргийн алба гэдэг бол Баян- Өлгийн, Ховдын, Дорнодын гээд л Монгол орон бараг тэр чигээрээ нэг ангид байдаг байлаа шүү дээ.
-Гурван жилийн цэргийн алба бие болоод сэтгэл зүйн бэлтгэл, мэргэжил боловсрол олгох талаар ч сайн байсан юм шиг санагддаг. Үнэхээр тийм байсан уу?
-Цэргийн алба бол амьдралын маш том их сургууль юм. Цэргийн албанд явсан хүн мэргэжил эзэмшдэг байлаа. Гучаад онд гэхэд цэргийн албанаас очоод төрийн албанд ажилладаг байсан. Гурван жилийн хугацаанд бичиг үсэгтэй, боловсролын чиг хандлагатай болоод харина шүү дээ. Дээр үеийн багш нар цэргийн алба хааж байж л ажил мэргэжлийнхээ гарааг эхэлдэг байсан юм. Би цэрэг нөхдөдөө, цэргийн албандаа их хайртай. Цэрэг бол миний амьдралын зам мөрийг гаргаж өгсөн газар.
-Та аль ангид албаа хаасан бэ?
-Тэр үед радио техникийн ангид цэргийн алба хааж радист гэдэг мэргэжил эзэмшсэн. Морз цохиж мэдээ дамжуулна. 1964 онд анх агаарын довтолгооноос хамгаалах цэрэг гэж бий болсон юм. 1964 оны цэргүүд бол хамгийн доод тал нь аравдугаар анги төгссөн, голдуу их дээд сургуулиудаас татагдсан улсууд. Энэ оны цэргүүдээс манай энэ салбарт их олон дарга нар, нэр төртэй улсууд бий болсон байдаг. Тийм газар гурван жил алба хаалаа. Халагдах цэрэг гэдэг бол халагдахын тухай, орон нутагтаа очих тухай бөөн яриа. Ийм л яриа, халагдах ойртож байх ид сайхан үедээ 1971 оны 2 дугаар сард ЗХУ-ын Киргиз ССР улсын нийслэл Фрунзе хотод Нисэхийн дунд сургуульд сурахаар явж байлаа.
-Тэр үед таныг сургуульд явуулсан цаад бодлого нь юу байсан бол?
-Зөвлөлтийн Батлан хамгаалах яамны сайд манай улсад тухайн үедээ нэлээд шинэ загварын Ми-4 нисдэг тэрэг хоёрыг бэлэглэсэн байлаа. Манайд мэргэжилтэн хэрэгтэй болсон. Би радио тусгай тоноглолын механикаар энэ сургуульд суралцсан юм. Тэр үед 20 гаруй хүн очсон. Биднийг авч явсан дарга нар маань одоо 80 гарчихсан сайхан буурлууд байна. Гурван хөлгийн дарга, гурван хоёрдугаар нисгэгч, борт техникүүд, дөрвөн төрлийн мэргэжлийн механикууд бэлдсэн. Буянт- Ухаад Зэвсэгт хүчний агаарын тээврийг хариуцдаг 109-р анги гэж байсан. Төгсөж ирээд энэ ангидаа богино хугацаагаар ажиллаж байгаад 1972 онд Москвад Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид орж таван жил сурсан.
-Таны мэргэжилд их ойр байсан нь сансрын нислэгийн шалгуурт тэнцэхэд нөлөөлсөн гэж ойлгож болох нь ээ?
-Би сансрын нислэгийн сонгон шалгаруулалтад яагаад тэнцэв гээд эргээд бодоход гуравхан л юм байдаг. Нэгдүгээрт миний мэргэжил нисэх, авиац, сансарт их ойр. Хоёрдугаарт миний их том үзүүлэлт бол Монголын ардын арми. Тийм учраас ардын армийн офицер гэдэг энэ нэр хүнд их чухал үзүүлэлтийн нэг байжээ. Гурав дахь нь би өөрөө залуу, эрүүл чийрэг байсан. Эцэг эх, энэ сайхан хангай маань надад их сайхан эрүүл биеийг заяасанд талархаад баршгүй. Энэ гурван нөхцөл гол юм нь болсон болов уу. Сансрын нислэгийн бэлтгэлд шалгарч, бэлтгэл хийж сансрын хамтарсан нислэгт оролцлоо. Тэр үеэс хойш 36 жил болжээ. 36 жил гэдэг мөн ч амархан өнгөрөх юм даа.
НЭГ Л УДАА УХААН АЛДСАН БОЛ НИСГЭГЧ ХҮН ДАХИН НИСЭХ ЭРХГҮЙ БОЛДОГ
-Интеркосмос хөтөлбөрт манайх хэзээ анх нэгдэн орсон юм бэ?
-Манай улс 1962-1963 оноос эхэлж Интеркосмосд нэгдсэн гэдэг. Хамтын ажиллагаанаас гадна их олон ажил хийгдсэн. Интеркосмос 1, 2, 3 гээд хиймэл дагуулууд хөөргөж, туршилтууд явагдаж байлаа. Тэр ажилд манай эрдэмтэд, мэргэжлийн хүмүүс анхнаас нь оролцсон. 1976 онд энэ хөтөлбөрт оролцогч орнуудын иргэдийг Зөвлөлтийн сансрын хөлгөөр сансарт нисгэх тухай хэлэлцээрт тухайн орнуудын засгийн газрын тэргүүнүүд гарын үсэг зурсан юм.
-1976 онд та хаана байв?
-Тэр үед би Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид сурч байлаа. Бид гурвуулаа байсан юм. Тэр мэдээг сонсоод бид гурав “Манай академиас сансрын нисэгчид төрсөн. Бидний дундаас төрж болох юм. Бид гурвын хэн нэг нь болж таарах вий дээ” гэж өөр өөрийн мэргэжлийг сансарт ойр, би ч байж магадгүй гээд л ярьж байлаа. Алиа хошин яриа шүү дээ. 1977 онд сургуулиа төгсөөд ирэхэд Налайхын 137-р ангид намайг хуваарилсан. Манай эскадриль Миг-17 онгоцтой байсан юм. Бидний төгсөж ирж байгаа мэргэжил бол Миг-21. Яг тэр жил манайх Миг-21 онгоцтой болж инженер техникийн бүрэлдэхүүн, нисгэгчдийг энэ онгоцонд зориулж бэлдэж байсан юм. Гурван залуу инженер мэргэжлийн хүмүүсийг техникийн талаас нь бэлдэх, хичээл ном заах зэргээр бид ингэж Миг-21 онгоцонд шилжих үйл явцад оролцож байсан түүхтэй.
-Тэр үед сансрын нисэгчдийг сонгосон байсан уу?
-Биднийг ирэхэд сансарт нисэх дөрвөн хүн сонгогдсон байсан нь Д.Сүрэнхорлоо, С.Шаравсамбуу, П.Эрхэмбаяр, Б.Лхагвасүрэн нар байлаа. 1977 оны 6-7-р сарын үед Интеркосмосын дэд ерөнхийлөгч Б.Петров академич манайд ирсэн юм. Манай шинжлэх ухааны байгууллагууд хамтарсан нислэгт хэрхэн бэлтгэж байгаа явцтай танилцаад, сонгож авсан хүмүүстэй нь уулзаад явсан. Явахдаа “Танай сонгосон улсууд жигд сайхан залуус байна. Болж өгдөгсөн бол дээд мэргэжилтэй хүн л байвал их сайн байгаа юм” гэж хэлсэн байдаг.
-Тэгвэл та дахин сонголтын хэсэгт нь шалгуулсан байх нь ээ?
-Тийм ээ. Манайхан “Дээд мэргэжлийн хүмүүсийн дунд дахин сонголт явуулъя” гэсэн шийдэлд хүрч, хоёр дахь сонголт нь 1000 гаруй залуучуудын дунд их өргөн хүрээнд болж 13 хүнийг сонгож авсан. Ерөнхийдөө “Би тэнцэхгүй байж ч магадгүй” гэж ойлгож байлаа. Ингээд нөгөө 13 залууг Нэгдсэн нэгдүгээр эмнэлэг дээр дуудаж, биднийг хүнтэй уулзахыг хориглоод эмнэлгийн гүнзгийрүүлсэн шинжилгээ хийж эхэллээ. Хүнээс авдаггүй шинжилгээ гэж байдаггүй юм байна. Олон залуучууд хоёр хоноод л найзууд болчихож байгаа юм. Бидний энэ юмыг яадаг юм бол оо гээд ярилцана. Хэдэн цаг болоод л цус, шээс аваад явчихна. Манай Ганзориг: чи бидний оронд нэг нэг туулай байгаа. Тэрийг чинь л тариад байна гэж байгаа юм. Тэр нь ямаршуу янзтай болно, түүгээр л шийдвэр гарна гэж ярина. /инээлдэв/
-Ямар хөгжилтэй юм бэ?
-Бид чинь нэг жижигхэн өрөөнд арван гурвуулаа. Бие засах хоёрхон өрөөтэй. Нэг орой 13 залууд нэг дор клизм тавилаа. Түрүүчийн хоёр нь ороод түгжээд суучихсан. Нөгөөдүүл нь байж ядаж байдаг. Орж гарах газар байхгүй. Цонхоороо гараад л алга болж байгаа юм, өөр яах юм. /инээлдэв/ Тэгээд тэнд байсан улсуудаас Ганзориг, Сайнцог бид гурав сонгогдсон. Нөгөө арвыг тараалаа.
-Гурван л хүн сонгосон юм уу?
-Дөрвүүлээ болсон. Сансрын нислэгт анх сонгогдсон дөрвөн залуугийн нэг болох Сүрэнхорлоо маань Ленинградын иргэний нисэхийн академи дүүргэсэн нисгэгч хүн. Бидэн дотроо цорын ганц МАХН-ын гишүүн. Сонгогдох магадлал өндөртэй гэж бидэнд бодогддог байсан. Бид дөрвийг сайд нарын хоёрдугаар эмнэлэг дээр дахиад л үзлэг шинжилгээнд оруулсан. Дараа нь бид дөрвийг Тэрэлжид аваачлаа. Тэнд биеийн тамирын дасгал сургуулиуд хийлгэсэн. Математик, одон орон заасан. Математикийг доктор Намсрай багш, Одон оронг Баасанжав багш гээд том эрдэмтэд хичээл зааж байлаа. Спортын эмч Тарваа, Лхагваа доктор хоёр бол салахгүй хамт байна. Өглөө ч даралт үзээд, орой ч даралт үзнэ. Бид дөрөв тэнд гүйж харайна, цанаар явна. Тэрэлжийн мөсөн дээр хоккей тоглоно. Хоккейн хэрэгсэл гэж байхгүй. Гутлын тосны төмөр хайрцаг дотор ус хийж хөлдөөхөд яг шайб болно. Тэгээд тахир мод засч өгнө. Ганзориг, Гүррагчаа, Сайнцог, Сүрэнхорлоо буюу Га Гү-гийн баг, Са, Сү-гийн баг гээд л хөлсөө гоожтол хоккей тоглоно. 1978 он гараад Зөвлөлт холбоот улсад /ЗХУ/ явууллаа даа.
-Дөрвүүлэнг нь үү?
-Дөрвүүлэнг нь. Тэнд очоод жинхэнэ техник дээр хийдэг ачаалалтай дасгалуудыг хийлгэсэн. Сүүлчийн дүгнэлтийг гаргах ажил тэнд болсон юм. Бид бол центрифуг, барокамер гэдэг юмыг мэдэхгүй улсууд. Тэр бүгдийг хийлгэсэн. Ер нь хүнд ямар мэдрэмж өгдөг вэ гэхээр яг л далайн давалгаан дээр байгаа юм шиг санагдана. Тэгээд л бөөлжиж эхэлнэ дээ.
-Хэцүү юм байна шүү.
-Сансарт нисэх хүний хувьд тэнцвэрийн эрхтний үйл ажиллагаа маш чухал. Яагаад гэвэл уг эрхтний хямралаас болж бие эвгүйцнэ. Чиг баримжаа алдагдана. Хамгийн гол нь хурдыг мэдрэхгүй болно. Өөр нэг чухал шалгуур нь хүний хэт ачаалал даах чадвар. Центрифуг дотор суулгаад эргүүлчихнэ. Газар дээр ч гэсэн энгийн ойлголт. Хувинтай усыг барьж байгаад эргүүлчихэд төвөөс зугтах хүчний нөлөөгөөр ус гоожихгүй эргээд байдаг шүү дээ. Тэр центрифуг дээр хүнд ачаалал өгөөд хэр их хэмжээний ачаалал дааж байна гэдгийг шалгана. 7-8 G хэмжээний ачаалал өгч байгаа юм. Тийм ачааллыг хэр дааж байна вэ гэдгийг шалгаж урд талд нь монитор зоочихсон, телевизийн камераар хараад байна. Зарим нь ухаан алдчихдаг байхгүй юу.
-Тийм үү?
-Авиацийн дүрэм журамд нэг л удаа ухаан алдсан бол нисгэгч хүн дахин нисэх эрхгүй болдог. Анхны үед бол Оросын их мундаг туршин нисгэгч нар центрифуг дээр очоод ачаалал өгөхөд ухаан алдаад сансар ч байхгүй, нисэх ч байхгүй болж байсан тохиолдол бий. Унасан морь ч үгүй, уулын буга ч үгүй гэж монголчууд ярьдаг шүү дээ. Тийм учраас сүүлдээ мундаг нисгэгчид тийшээ явахаа больсон. Германы нисгэгч центрифугт ухаан алдаад нисэхэд тэнцэхгүй гэсэн бичигтэйгээр буцаж байлаа. Ийм сорилтуудыг даваад бид дөрвөөс гурав нь сансрын нислэгт тэнцлээ гэсэн үнэлгээтэй ирсэн юм. Манай Сайнцог элэгний шинжилгээн дээр юм гарсан байх, багадаа шарлаж байсан юм шиг билээ. Тэр чинь 1978 оны 2 дугаар сар. Бидэн дээр очдог хэдхэн хүн бий. Бусад хүмүүст бол нууц.
-Хүмүүст ер нь тодорхой мэдээлэл байгаагүй шүү дээ.
-Тэр үед чинь одоогийнх шиг эрэн сурвалжлах сэтгүүлзүй гэж байсангүй. Одоо бол яасан их гүйж байгаа бол гэж бодож миний инээд хүрдэг юм /инээв/. Түрүүлээд нэг мэдээ авчих юмсан. Яаж олох вэ, хаагуур нь орох вэ гээд л. Аягүй бол нуулаа гээд л бөөн сенсаац /инээлдэв/.
-Тэр үед бол өөр шүү.
-Тэр үед чинь нууц л гэсэн бол нууц. 2-3-хан хүн л очно. Батлан хамгаалах яамнаас Жадамбаа хурандаа очно. Генерал, сайд Жадамбаа гуай тэр үед хурандаа байсан юм. ШУА талаас Чадраа дэд ерөнхийлөгч. 1978 оны 3 сарын 14-ний өдөр энэ хоёр дарга маань ирлээ. Биднийг Улаанбаатарт аваад ирсэн. Баянгол зочид буудалд байрлууллаа. Тэр өдрөө уулзалтуудад орж, БХЯ дээр очлоо. Дорж сайд хүлээж авлаа. Ганзоригийн маань нэрийг өөрчиллөө. Ганхуяг шүү дээ, уг нь.
-Харин тийм гэсэн.
-Хуяг гэдэг үгийг орос ах нар жаахан эвгүй дууддаг. Тийм учраас Ганзориг болговол яасан юм гээд Дорж сайдын өгсөн нэр. Би ахлах дэслэгч байсан, ахмад цол олголоо. Ганзоригт ч ахмад цол олголоо. Ганаа маань энгийн хүн юм чинь “Би одоо яана аа, хаана нь ёсолдог юм. Ёслох ч яахав гэхэд дүрэм журам нь хаана байна” гэж байлаа /инээлдэв/. Алхам алхмаар цэргийн хүн болсон доо. Одоо хурандаа шүү дээ. Бид хоёрыг Намын төв хороон дээр дуудлаа. Цэдэнбал даргатай уулзсан. Тэнд бид хоёрыг нэг нэг хүн дагачихлаа.
-Хамгаалалтанд авчээ дээ?
-Тийм ээ. Бид хоёр намын гишүүн биш учраас орлогч гишүүд болох боллоо. Би армийн намын байгууллагад өргөдлөө өгөөд намын орлогч гишүүн боллоо. Ганаа маань үндсэн байгууллага ТЭЦ-1 дээрээ очиж намын орлогч гишүүн болсон. Үдээс хойш нь сайдын зөвлөл хүлээж авлаа. Үүдний өрөөнд нь зогсож байсан чинь Сайдын зөвлөлийн гишүүд бидэнтэй гар барьчихаад орлоо. Нэлээн сүүлдэсхийгээд Дорж сайд яваад ирлээ. Надтай гар барьчихаад сайд маань “Хүү минь чи одон медалиа зүүхгүй яагаав?” гэж байна. “Сайдад илтгэе. Надад одон медаль байхгүй ээ” гээд үнэнээ хэллээ. Сайд туслахдаа “50 жилийн ойн медалиудаас үлдсэн үү” гэхэд “Байгаа сайд аа” гэж байна. Хоёрыг аваад ир гээд, Ганзориг бид хоёр нэг нэг медальтай боллоо. Медалийг эгнүүлээд зүүчихдэг байсан юм. Гэтэл 1978 онд зэвсэгт хүчний одон медаль зүүх журамд өөрчлөлт орж кителийн захаа дагуулж зүүдэг боллоо. Ганаа бид хоёр хөхрөлдөөд байгаа юм. Ганц медалийг яаж зүүх вэ, хөндлөн зүүх үү, дагуу зүүх үү гээд. /инээлдэв/
-Гурав дахь хүн маань юу болсон бэ?
-Гурвуулаа сонгогдож ирээд хоёулаа болоход Сүрэнхорлоо маань жаахан гомдолтой байсан. Манай хүн Москвагаас ирэхдээ, “За энэ хоёрын хэн нь надтай явдаг юм бол доо” гээд бодож байсан гэдэг. Өчнөөн олон үзүүлэлтийг зэрэгцүүлж байгаад л бид хоёрыг сонгосон юм билээ. Тэр үед Засгийн газрын том комисс шийдвэр гаргаж байсан юм.
-Засгийн газрын комиссыг хэн толгойлж байсан бол?
-Жалан-Аажав гуай эхлээд толгойлж байсан, дараа нь 1979 онд Адъяа гуай толгойлох болсон. Хамгийн их ачаалал үүрсэн хүн дээ. Сансарт нисгэх, бэлтгэл ажил хийх комисст Төв хорооны нарийн бичгийн дарга нар, хэлтсийн эрхлэгч, засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах, эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсрол гээд шаардлагатай гэсэн бүх улсуудыг оруулсан байлаа. Тэр комисс их ажил хийсэн, мундаг сайн ажилласан. Сансрын нислэгийн үйл ажиллагааг тун гоё сурталчилсан шүү дээ.
-Үнэхээр тийм.
-Орон даяар маш сайн ойлголт, мэдээлэл өгсөн. Мундаг өндөр түвшинд, түргэн шуурхай, цаг хугацаанд нь багтааж хийсэн ажил юм даа.
-Та хоёр гэр бүлтэйгээ хамт Москва явсан биз дээ?
-Эхлээд бид хоёулхнаа явсан. Гэр бүл араас очсон. Биднийг явахын өмнө аав ээжтэй маань уулзуулсан. Ганаагийн аав ээж хоёрыг, манай аав ээж хоёрыг аваад ирчихсэн байсан. Зочид буудалд цуг байж байгаад 3 сарын 18-нд цэргийн баярын өдөр алтан Москваг зорилоо. Оддын хотхонд очиход Зөвлөлтийн сансрын нисэгчид угтаж авсан. Андриан Николаев, Зөвлөлт-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Горбатко нар байна. В.В.Горбатко “Найрамдал хамтын ажиллагаа, аль аль талаа ч бодсон би монголчуудтай хамт сансарт ниснэ ээ” гэж байсан. Би одоо болтол амыг нь асуудаг юм /инээв/.
САНСРЫН НИСЛЭГИЙН БЭЛТГЭЛ БОЛ ТЭР АЯАРАА ШИНЖЛЭХ УХААН
-Та хоёрын бэлтгэл хэзээнээс эхэлсэн бэ?
-Бид хоёр бараг л 3 сарын 19- нөөс дадлагадаа орсон. Сансрын нислэгийн бэлтгэл бол хүнд ажил. Гэхдээ бид залуу байсан. Хоёрдугаарт том даалгавартай гэдгээ ойлгож байгаа учраас хичээнэ.
-Сансрын нислэгийн бэлтгэл ямар байдлаар явагддаг юм бэ?
-Таван орны төлөөлөгчид хамт хичээллэнэ. Тэнд очсоноос хойш бүх л дасгал сургууль, хичээл ном, биеийн тамир графикийн дагуу үргэлжлээд л явсан. Эхлээд сансрын нислэгийн онол үзнэ. Биет Союз хөлөг, Салют станцынхаа талаар системээр нь хуваагаад үзнэ. Бидний үздэг хичээлийг оросоор “Шувууны хэл” гэж нэрлэдэг юм. Хүн ойлгохын аргагүй. Системийн нэрээр л ярина. Яг өөртэй холбоотой хоёр хүн байна. Нэг нь командир, нөгөөх нь инспектор. Инспектор бол тэр багийг дааж авсан хүн. Багш нар өөр өөрийн хичээлийг заагаад, дадлагыг инспекторуудад даатгана.
-Далай тэнгис дээр буух бэлтгэл хийж байв уу?
-Союз хөлгийн буугч аппарат зөвхөн газардаад зогсохгүй усан дээр ч буух боломжтой. Тийм учраас усан дээр буусан тохиолдолд юу хийх вэ гэдэг арга аргачлалыг зааж сургаад дараа нь дасгал хийнэ. Хувцас хунараа сольж буугч аппаратнаасаа усан дотор гарч, буугч аппаратаа орхих ёстой. Манай музейд харсан байх. Буугч аппарат гэдэг чинь нэлээд том.
-Тийм. Гэхдээ дотор нь хоёр хүн яаж багтсан юм бол гэж бодогдсон шүү.
-Хоёр хүн хувцсаа солино. Скафандраа тайлаад усныхаа хувцсыг өмсөнө. Сансрын тойрог замд хийсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнгүүдийг авна. Хувцас хунарыг дүрэм журмаар нь өмсөх ёстой. Буугч аппарат бол зүгээр зогсож байгаа юм биш. Далай давалгаалж байгаа. Энэ их давалгаан дунд бид хоёр цаг хугацаатай уралдаж хувцаслах ёстой. Тодорхой хугацааны дараа буугч аппарат өөрөө усанд живнэ. Түүнээс өмнө амжиж бүгдийг хийх ёстой. Тийм амар ажил биш. Хүнд дасгалуудын нэг нь болсон доо.
-Та усанд сэлж сурсан уу?
-Нохой хамартаа хүрэхээр усч гэдэг шиг живэхгүй байх арга бол болчихож байгаа юм. Эхний 2-3 хоногт их хэцүү байсан. Миний далайн бэлтгэлийн багш Давыдов намайг дагуулаад л усанд орно. Тэгсэн чинь маргааш өглөө нь хоёр гарын булчин нь эрээн болчихсон байна гэнээ. Энэ одоо яагаад ингэчихдэг билээ гээд бодсон чинь “Өө нөгөө Гүр нөхөр чинь л намайг самардаж барьж авсаар байгаад” гэж бодож л дээ /инээлдэв/. Явж байгаад л живэхийн алдад бариад авдаг юм байлгүй. Тэгж хөглөж явлаа. Ер нь тэр бол их сонин нэг хэсэг нь.
Улаан ном гэж бий. “Нестатная ситуация” гэдэг хамгийн чухал ном. Тэр номонд ямар гажиг гэмтэл гарч болох вэ, түүнд нь яаж хариу үйлдэл хийж хамгийн зөв арга хэмжээг авах вэ гэдгийг бичсэн байдаг. Энэ бол толгойд байдаг хамгийн гол мэдээлэл.
-Биеийн тамирын бэлтгэлийг байнга хийнэ биз?
-Оддын хотхоны тэр сайхан ой доторх гүйлтийн маршрутаар гүйнэ. Биеийн тамирын зааланд тоглоно. Цанаар явна. Өглөө эрт босоод гүйлт, дасгал хийнэ. Сансрын нислэгийн бэлтгэл гэдэг бол тэр аяараа шинжлэх ухаан юм байна гэж би ойлгосон. Хүнийг яаж ном журмаа үздэг, сансрын хөлгийг жолооддог аргад сургаж байна. Хүний биеийн бэлтгэлийг өндөр түвшинд хүргэж байна. Тэнцвэрийн эрхтний дасгалууд байнга хийнэ. Том центрифуг дээр эргүүлж биед ачаалал өгнө. Дасгал сургуулилт хийсээр байгаад ганц хөлтэй сандал дээр суугаад тогтох боломжтой болчихдог.
-Тийм үү?
-Ер нь дасгал сургууль ханаад ирсэн үед тийм болно. Хүнийг сэтгэл санааны хувьд бэлдэж байна. Сэтгэлзүйн бэлтгэл бол их мундаг бэлтгэл байдаг юм байна гэж би бодсон. Одоо надаас хүмүүс их асуудаг юм. За ингээд сансарт нисэх гээд сууж байна. Дор чинь 20 сая морь уухилж байна. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн анхааралд орчихсон. Тэр үед их тэвдэж, сандарна биз гээд зарим нь ч янз бүрийн л юм асуудаг /инээв/. Яг тэр үед айж тэвдэж, сандарч, янз бүрийн юм бодох зав чөлөө байгаагүй. Ердийн л бид хоёр өглөө ирээд дасгал сургуулилтаа хийж байгаа юм шиг. Миний чихэнд сонсогдож байгаа, надад команд өгч байгаа хүн нөгөө л 2-3 жил хамт ажилласан инспектор. Хажууд сууж байгаа командир нөгөө л Жанибеков. Харагдаж үзэгдэж байгаа юм өдөр бүр харагдаж үзэгддэг самбар хэрэгсэл байна. Би ерөөсөө хийх ажлын дэс дараалал, шалгах юмнуудаа л бодоод сууж байна уу гэхээс “Одоо яадаг билээ, 20-30 минутын дараа пан хийх гэж байна” гэдэг юм бодоод байх зав гараагүй. Гараагүйн учир нь бэлтгэлдээ байж дээ гэж би боддог. Хүнийг сэтгэлзүйн хувьд тэгж бэлтгэдэг юм байна.
НИСЛЭГ ГЭДЭГ ЧИНЬ ЗҮГЭЭР Л ОНГОЦ ЖОЛООДООД ЯВНА ГЭСЭН ҮГ БИШ
-Үнэхээр сайн бэлтгэж байна шүү.
-Хамгийн гол нь барьж ордог Улаан ном гэж бий. “Нестатная ситуация” гэдэг хамгийн чухал ном. Тэр номонд ямар гажиг гэмтэл гарч болох вэ, түүнд нь яаж хариу үйлдэл хийж хамгийн зөв арга хэмжээг авах вэ гэдгийг бичсэн байдаг. Энэ бол толгойд байдаг хамгийн гол мэдээлэл. Сансарт ямар нэгэн зүйл тохиолдоход цаг хугацаа гэж огт байдаггүй. Удирдлагын төвтэй холбогдож анализ хийгээд арга хэмжээ авч амжихгүй. Тэр болох юм агшин зуурт л болно.
-Нислэгийн бэлтгэл сургуулилт яаж явагддаг вэ?
-Сансрын нислэгийн бэлтгэлд орсон үеэс эхлээд нислэгийн бэлтгэл тасалдахгүй. Сансрын нисэгчид бүгд ниснэ. Ганаа бид хоёр ч гэсэн гурван жилийн хугацаанд нэлээд олон цагийн нислэгтэй байсан.
-Бие дааж нислэг хийх үү?
-Сансрын нисэгчдийг бие даасан нислэг хийлгэдэггүй. Гагарины ослоос хойш ийм нарийн болсон. Нислэг хийнэ, шүхрийн буулт ч хийнэ, Ил-39 гээд тийрэлтэт онгоцоор нисдэг байлаа.
-Нислэгийн сургуулилт нь илүү хүнд хөтөлбөртэй байх нь ээ?
-Нислэг гэдэг чинь зүгээр л онгоц жолоодоод явна гэсэн үг биш шүү дээ. Хүнийг нусыг нь гоожтол ачааллана. Битүү футлярт хийгээд нэлээн сайн ачааллаар дарна. Хойноос, өмнөөс дарна, бүтэн эргэлт хийнэ. Ямар л бол ямар байрлалаар ниснэ. Гоё ч гэж жигтэйхэн. Ер нь хүний анхаарлыг асар их төвлөрүүлдэг. Графикийн дагуу гоё гоё үзүүлбэр хийх ёстой. Инспектор сууж байгаад энэ бүхнийг шалгана.
-Шүхрээр анх буухад танд ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Хүн бол нэг их сайхан юман дээр дүүжлэгдээд буучихаж байна гэж боддог байх. Ер нь амаргүй шүү. Сэтгэлзүйн хувьд ч амаргүй. Нисдэг тэрэг 600 метрийн өндөрт гараад ирэхэд буух боллоо гээд хаалга онгойлгочихно. Өндөр байшингийн орой дээрээс л үсэрнэ гэж бод.
-Эвгүй юм байна шүү.
-Хэдийгээр ард намайг аврах систем байгаа ч гэсэн энэ рүү унана гэж бодохоор тийм амар биш. Бидэнд хоёр төрлийн шүхэр бий. Нэг нь албадан задаргаатай, нөгөө нь тодорхой өндөрт хүрмэгцээ шүхрээ өөрөө задалдаг. Эхний нислэг бол албадан задаргаатай, бас уяатай. Анхны тэр буулт, ингээд онгоцноос үсэрнэ гэхэд л хэцүү. Дээр том сэнс сак сак хийгээд л. Агаар өөдөөс үлээгээд л, нүх рүү л унах гэж байгаа юм шиг шүү дээ. Үсрэх түлхэх хоёр хамт л явна даа /инээлдэв/. Араас түлхээд л, өөрөө ч үсэрнэ. Тэр хооронд чөлөөт уналт хийх хугацаандаа гар хөлөө зөв байрлуулж явах хэрэгтэй. Буруу байрлуулбал гялс гээд л эргэчихнэ.
-Жингүйдэлд байгаа юм шиг хөдөлгөөн хийж байгаа харагддаг, тийм учиртай байх нь ээ?
-Хөл гарыг их зөв тэнцүүлж ар дахь шүхрээ зөв задлахгүй бол орооцолдоно. Шүхэр задрахаар угз татаад л шүнгэнээд унаж байсан юм чинь зогсчихно. Бид бол газрыг нь зөөллөөд тариан талбай шиг болгочихсон дугуй талбай дээр эхний үед буудаг байлаа.
-Шүхрийн буулт хийхэд хамгийн их нөлөөлдөг зүйл юу байдаг вэ?
-Ер нь олон юм нөлөөлнө. Гол нь хажуугийн салхинаас шалтгаална. Хажуугийн салхитай бол нэлээн хөөгдчихнө. Салхины эсрэг харж шүхрээ тавиад л буух ёстой. Би ерөнхийдөө тэр буултуудыг амжилттай аятайхан буугаад байсан. Ганаа маань буух газраасаа жаахан төөрөөд хуучин аэродром байсан газар баахан хамхуул, нүх болчихсон шалбаагтай газар шал хийгээд нэг удаа бууж байсан. Тэрийгээ л их ярьдаг юм. Манай Кубын нисэгч Арнальдо ойролцоо байгууллагын хогны контейнерын хажууд бараг хогон дотор очоод буучихсан тохиолдол бий. Манай Фаркаш гээд Венгерийн сансрын нисэгч өнгөрсөн жил манайд ирсэн юм. Явж байсан чинь шүхэр нь задрахгүй л байх шиг байна гэнэ. Тэгэхээр нь “За болохоо байлаа” гэж бодоод запасаа татчихсан чинь тэр хооронд шүхэр нь задраад явчихжээ. Тэгээд запас шүхрээ элгэндээ тэвэрч аваад бууж байсан гэж бид хэдэд ярьж инээлдэж байлаа.
-Хоёр шүхэр зэрэг задарвал юу болох вэ?
-Хоёулаа зэрэг задрах юм бол их түвэгтэй. Орооцолдчихдог юм. Ер нь олон сайхан бэлтгэлүүд хийнэ. Энэ хооронд эмнэлгийн үзлэг ч болно. Сард нэг удаа гүнзгийрүүлсэн үзлэгт орно. Бараг өдөр бүр биеийн параметрүүдийг шалгана. Иймэрхүү замаар гурван жилийн бэлтгэл ажлыг хийсэн.
-Бас л олон хүнд сорилтыг давжээ.
-Оддын хотхонд сайхан хүмүүсийн дунд, тэр сайхан орчинд ажиллаж, амьдарч, сурахад их сайхан байсан. Виктор Васильевич Горбатко бидэнд их анхаарал тавина. Манай залуучууд /мои ребята/ гэж биднийг нэрлэнэ. Вьетнамчуудыг бэлтгэл ажилд орон ортол тархи толгойд нь монголчуудтай хамт сансарт ниснэ гэсэн бодол байсан байх. Павел Павлович, Андрей Николаев, Валентина Терешкова, Андрей Быковский гээд тэр хэд маань 40 гарсан, 50 орчим насны л хүмүүс. Монголчуудын хэлдгээр жин тээдэг насан дээрээ байсан. Ид хийж бүтээдэг, гялалзсан сайхан нас шүү дээ. Тэдэнтэй хамтарч ажиллах сайхан завшаан байлаа. 4-5 орны төлөөлөл байгаа учраас баяруудаа хамт тэмдэглэнэ. Анхны сансрын нисэгчдээс Георгий Тимофеевич Береговой сансрын нисэгчдийг бэлтгэх төвийн дарга. Алексей Архипович Леонов Зөвлөлтийн сансрын нисэгчдийн отрядын дарга болсон байсан. Гэхдээ бидэнтэй бол их энгийн, ойр дотно байдаг байлаа.
-Таныг сансарт нисэхийн өмнө ямар нислэгүүд болсон бэ?
-Биднээс түрүүнд ниссэн гурван орон байсан. Чех, Польш, Герман. Энэ гурван орон бол 1976 оны сүүлчээр ирээд бэлтгэлд орчихсон. Шинжилгээ судалгааны ажил, тоног төхөөрөмж, оруулсан хөрөнгө мөнгөөрөө Интеркосмост оруулсан хувь нэмэр нь хамгийн их. Тийм учраас тэр гурвыг түрүүлж нисгээд, дараагийн таван улсыг “За одоо та нөхөд үсгийн дэс дарааллаар нислэгт оролцоно” гэсэн.
-Хамгийн эхэнд Болгар ниссэн байх аа?
-1979 онд Зөвлөлт-Болгарын сансрын хамтарсан нислэг боллоо. Георгий Иванов, Николай Руковишников хоёр Союз-33 хөлгөөр сансарт хөөрсөн юм. Хөлгийн эвдрэлээс болоод тэр нислэг амжилттай болж чадаагүй. Тэр байтугай эргэж ирж чадах нь уу, үгүй юу гэдэг дээрээ тулж байсан.
-Тэгээд юу болсон бэ?
-Дэнсэлсэн нэг шөнийг бид өнгөрөөсөн юм. Буцаад буулгаж ирэх ёстой, сансрын тойрог замын өндрийг намсгаж атмосферийн дээд давхрага руу оруулж ирэх хөдөлгүүр нь ажиллахгүй болсон. Үндсэн хөдөлгүүрт зүгээр нэг гэмтэл биш, жижигхэн тэсрэлт дэлбэрэлттэй гэмтэл гарсан учраас бид их айж байлаа. Хэрэв туслах хөдөлгүүр ажиллахгүй бол тэгээд л дуусаа. Өөр ямар ч арга байхгүй.
-Яах вэ?
-Сансрын тойрог замд үлдэнэ.
-Хэд хонох вэ?
-Цөөхөн хононо. Хэдхэн хоногийн дараа цахилгаан энерги дуусна. Ус, хоол хүнс, тэжээл дуусна. За ер нь тэгээд бүх юм дуусна.
-Ямар том эрсдэл вэ?
-Тийм аюултай нөхцөлд бид нэг шөнийг өнгөрөөсөн. Ер нь сансрын нислэгийн түүхэнд тийм хүнд байдалд орж байсан тохиолдол байхгүй. Тэр л хамгийн хүнд нөхцөл байсан даа.
-Маргааш нь юу болсон бэ?
-Бид бүхний азаар маргааш нь тодорхой цаг хугацааны дараа хөдөлгүүр ажилласан. Тэд буцаж ирсэн. Уг нь Салют-6 станц дээр очихгүй бол тэр нислэг тавьсан зорилтоо хэрэгжүүлэхгүй. Тэнд эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах ёстой. Судалгаа явуулдаг лаборатори, багаж тоног төхөөрөмж нь станц дээр байдаг. Сансрын хөлгүүд бол багийг станцад хүргэж өгөх, буцаад буулгаж ирэх л үүрэгтэй. Тийм учраас манай болгарууд үндсэн үүргээ хэрэгжүүлж чадаагүй. Гэхдээ буцаж бууж ирсэн. Тэр буцаж бууж ирсэн явдал бол бидний хувьд бүх нийтийн баяр байсан.
-Баярлахаас яахав.
-Дараа нь венгерүүд ниссэн. Венгерийн дараа Вьетнам нисэх болсон. Манай Виктор Васильевич Горбатко Венгерийн 2-р багийн дарга байсан учир Вьетнамын үндсэн багийн дарга болсон. Дараа нь Кубын сансрын нисэгч Арнальдо Тамайо Мендес, Юрий Романенко хоёр ниссэн. Манай багийн дарга Владимир Жанибеков Кубын 2-р багийн дарга байж байгаад монголчуудтай нисэх командын үндсэн багийн дарга зүй ёсоороо болж байлаа. Жанибековтой ажиллах завшаан тохиосон нь бидний хувьд том аз байсан. Жанибеков бол тэр үед сансарт нисчихсэн, нарийн мэдрэмжтэй мундаг оператор. Жанибековын гар автоматаас ч илүү. Зураач хүн болоод тэр үү түүний реакц, гар мэдрэмж бол Зөвлөлтийн тухайн үеийн сансрын нисэгчид дундаас хамгийн шилдэг гэдэг нь дараа дараачийн нислэгүүдээс харагдсан.
-Тухайлбал, ямар нислэгт нь илүү тод харагдсан бэ?
-Салют-6, Салют-7 станц нэг хэсэг бүр амьгүй болсон. Газар дэлхийтэй холбоо барихгүй учир байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй. Жанибеков, Виктор Савиных хоёр томилогдож хамгийн хариуцлагатай даалгаврыг авч ажилласан. Станцыг олж залгалт хийсэн явдал бол сансрын судалгааны нэр хүндэд, мөн ЗХУ- ын нэр хүндэд ч хэрэгтэй байсан байх. Зөвхөн гар жолоодлогоор тэр залгалтыг хийж дотор нь ороход цахилгаан энерги нь дуусчихсан байсан. Энэ бол станц доторх бүх тохируулгын багаж, тоног төхөөрөмж ажиллахгүй, дулааны режим алдагдана гэсэн үг. Хүв хүйтэн юман дотор тэр хоёр орж зангилааг нь олж засварласан. Гэрэл гэгээтэй, дулаантай болгосон. Манай нислэгийн дараах гурав дахь нислэгээр Зөвлөлт-Францын хамтарсан нислэгт, мөн Светлана Савицкаятай нислэг хийсэн. Сансрын тойрог замд задгай сансарт гагнуур хийсэн. Жанибеков сансарт таван удаа ниссэн хүн шүү дээ. Тухайн үед Зөвлөлтийн сансрын нисэгчдээс таван удаа ниссэн өөр хүн байгаагүй. ЗХУ- ын хоёр удаагийн баатар болоход хөшөөг нь босгодог. Их гоё хөшөө нь Ташкентид бий.
НАДААС БОЛООД 3 САРЫН 22 ХОЙШЛОХ ВИЙ ГЭХЭЭС Л БИ ИХ АЙЖ БАЙСАН
-Сонирхолтой түүх байна. Үнэхээр мундаг хүн юм.
-Ийм хүн манай хөлгийн дарга болсон. Хоёрдугаар багийн даргаар Владимир Афанасьевич Ляхов томилогдсон. 1981 оны 3 сарын 22-нд сансрын нислэг болох нь тодорхой болсон.
-Сансарт нисэхийн өмнө байдал ямар байв?
-Бидний бэлтгэл сургуулилт ид явагдаж байлаа. 1980 оны 12 дугаар сард эмнэлгийн үзлэг болсон юм. Миний эгэм дээр нэг жижигхэн бондгор юм гарчихсан байсан. Би өөрөө бол ач холбогдол өгөөгүй. Эмнэлгийн үзлэгээр орсон чинь эмч үзэж байснаа дарж үзээд, барьж үзээд, дараа нь ерөнхий эмч үзлээ. Сансрын нислэг болоход үндсэндээ гурван сар л үлдчихсэн байсан. Гүнзгийрүүлсэн шинжилгээ хийхгүй бол болохоо байлаа гэж байна. Буртенкогийн эмнэлэг бол зэвсэгт хүчний хамгийн том эмнэлэг. Тэнд шинжилгээ хийх боллоо. 12 сарын 29-нд би эмнэлэгт хэвтээд байтал аппарат хэрэгслээ гаргаад дээж авах юм боллоо. Ер нь бамбай булчирхайн рак байна гэж үзэж байсан. Нотлохын тулд дээж авах ёстой. Их бүдүүн зүүгээр хатгасан чинь год гээд л хий нь гараад ирсэн. Тэгсэн чинь их тайвширч байна аа. Тэгээд ямар ч аюулгүй гэсэн. Үүнийг аваад хаяна, 20 минут л болно. Однозначная киста гэлээ. Үүний шалтгааныг би бодож бодож сүүлд нь олсон юм.
-Шалтгаан нь юу байсан бэ?
-1978 оны 2 сард биднийг Москвад аваачаад бүх төрлийн шинжилгээ хийхэд бөөр харахад тодруулж өгдөг учраас судсаар иодтой уусмал хийсэн юм. Тариаг нь хийж дуусаагүй байхад л миний нүүр минчийж улайгаад байсан. Тэр үед би “Сансрын нислэг бол өнгөрлөө. Одоо буцдаг ажилдаа бэлтгэх хэрэгтэй болж дээ” гэж бодож байлаа. Манай нөхдүүд зүгээр ээ, айгаад байх юм байхгүй. Ер нь бол иодон уусмал өөрт чинь таардаггүй юм байна” гэсэн. Тариагаа дуусгалгүй зүүгээ аваад, нэгэнт тариа хийчихсэн учираас бөөрний шинжилгээгээ өгөөд л дууссан юм. Тэр эх үүсвэр явсаар байгаад миний бамбай булчирхайг өвчлөхөд хүргэсэн байх гэж би бодсон. Тэгээд өрөөсөн талын бамбай булчирхайг авах хагалгаанд орох боллоо.
-Сансрын нислэг болоход гуравхан сар үлдээд байхад хагалгаанд орсон хэрэг үү?
-Дахиад л сэтгэл санаагаар унаж байгаа юм. Гуравхан сарын дараа сансрын нислэг болох гэж байдаг. Нэгдүгээр багийн бүрэлдэхүүнд орсон байдаг. Бусад орнууд ээлж дарааллаараа нисээд байдаг. Монгол ниснэ гээд бүгд хүлээж байгаа. Ийм хүнд нөхцөлд намайг хагалгаанд орууллаа даа. Эмч нар бол “Айж эмээх юм байхгүй. Энэ бол хүнд хагалгаа биш” гэдэг. Тэгээд 12 сарын 30-нд шинэ жил болох гэж байхад намайг эмнэлгийн урт коридороор тэргэн дээр түрээд явж байлаа.
-Хагалгаа амжилттай болсон уу?
-ЗХУ-ын гавьяат эмч Николай Александрович Гулятин гэдэг хүн лазерын мэс засал хийсэн юм. Хагалгааны дараа нэг өдөр стерильный тасагт нь байлаа. Хоёр дахь хоногтоо тасагтаа ирсэн. Нэг маск шиг марль зүүчихсэн, боолт ч алга. Бас гуурстай, гардаг шингэнийг нь хийдэг ууттай. Өвдөж байгаа юм алга. Сөхөөд харсан чинь хутганы үзүүрээр зүссэн юм шиг хүрэн сорви нь жаахан нөжрөөд хатуурчихсан. Оёогүй. Маргааш нь шинэ оны эхний өдөр.
-Сансарт нисэх шинэ оноо эмнэлэгт угтаж байжээ, сонин байна шүү.
-Хагалгаа хийсний дөрөв дэх өдрөөс нь хичээл эхэлсэн. Манай командир, инспектор хоёр ирээд хичээл сургуулийг графикийн дагуу хийж, долоо хоноод л эмнэлгээс гарч тэр өдрөө хичээлдээ орсон. Хагалгаа хийснээс хойш 12 дахь хоног дээр нь хамгийн том шалгалтаа өгч байлаа. Өдөржингөө хөлгийн бүхээгт. Тэр хугацаанд нестатный ситуацийг өчнөөнөөр нь оруулж ирнэ. Хөдөлгүүр ажиллахаа байлаа л гэнэ, хөдөлгүүрийн даралт алга боллоо л гэнэ. Тэр тохиолдолд юу хийх ёстой, тэр бүхнийг хийнэ. Эцсийн шалгалт авч байгаа юм. Тэр шалгалтаа амжилттай давчихсан. Өдөр бүр л энэ нислэг өнгөрлөө гэж бодогдоно. “За яахав би бол тэртээ тэргүй өнгөрсөн. Гэтэл нөгөө Ганааг маань дублергүйгээр сансрын буудал руу явуулна гэж байхгүй. Заавал орлон нисэх баг байх ёстой. Гэтэл надаас болоод 3 сарын 22 хойшлох вий” гэхээс л би их айж байсан. Хөлгийн дарга “Чи ердөө айж зовох юм байхгүй. Хийдэг юмаа хийгээд хоёулаа шалгалтаа өгөөд, хийх ёстой ажлаа цаг хугацаандаа хийнэ ээ” гэдэг. Худлаа даа, намайг тайвшруулж байгаа юм гэж дотроо бодоод байгаа юм /инээв/. Алтан гартай эмч нарын буян, зөвлөлтийн шинжлэх ухааны тэр сайхан ололт, шинэ багаж төхөөрөмж дээр хийсэн хагалгаа шарх сорвигүй эдгэдэг юм билээ. Тэгээд хугацаандаа сансарт ниссэн.
-Гайхалтай.
-Магадгүй, шинжлэх ухаан талаасаа сонин байсан байж болох гэж би дараа нь боддог юм. Ер нь бамбай булчирхайг нь авчихсан хүн ямаршуу байдалтай тэр сансрын нөхцөлд байх нь вэ. Ачааллыг яаж давдаг юм гэдгийг харахад бол эмнэлэг биологи талаасаа нэг туршилт байсан байх.
ЭНЭ БҮХЭН ЭРГЭЖ БУЦААХ АРГАГҮЙ ҮЙЛ ЯВЦ БОЛООД ХУВИРЧИХДАГ УЧРААС ЮУ Ч БОЛЛОО ГЭСЭН ХӨӨРӨХӨӨС ӨӨР АРГА БАЙХГҮЙ
-Бэлтгэл сургуулилтын үед амрах зав ер нь олдох уу?
-Бид хоёр Хар далай дээр хоёр зун, нутагтаа нэг зун амарсан. Сансарт нисэхийн өмнө 3 сарын 18-ны өдөр Монголын ардын армийн 60 жилийн ойг тэмдэглэсэн юм. Манай сансрын гараа болох 3 сарын 22-ны өдөрт зориулсан “Апогей” гээд А.Леоновын гаргасан гоё сонин бий. Тэр сонин маань одоо Түүхийн музейд байгаа.
-Яг сансарт нисэхийн өмнө ямар бэлтгэл хийдэг вэ?
-Ер нь нисэхээс өмнө сансрын гараануудыг үзүүлдэг. Биднийг Зөвлөлт-Кубын сансрын хамтарсан нислэгийн гараан дээр аваачиж үзүүлсэн. Ганаа бид хоёр хоёулаа явсан. Шөнийн гараа. Гаднаас нь харахад их сүрдмээр. Тэр их дуу чимээ, гэрэл гэгээ, газрын доргио чичиргээ. Үнэхээр нэг том юм болж байгаа нь гар, хөл, чих, хараа, амьсгал бүх юмаар мэдрэгдэнэ. Казакстаны өргөн тал нутагт түмэн шувуу байж таараа. Шөнө дуу чимээ болоод гэрэл гэгээ гарахаар сандарсан шувуудыг харахад бас их сонин. Нэг сонин юм нь бол найз Тамайо Мендес, хажууханд зогсож өчнөөн жил цуг байсан нөхөр маань гэнэтхэн дээшээ ганц улаан цэг болоод л яваад өгөхөөр их сонин. Явж явж, нүргэлж нүргэлж л хэдхээн минутын дараа нэг улаан цэг. Дуу чимээ нь алсраад л үнэхээр нэг хол яваад өгч байгаа юм даа. Машин хөдөллөө гэдгийг харсаар байтал Шар хөвийн дөрөлж давж байна гээд л мэддэг. Гэтэл бараг минут хүрэхгүй хугацаанд цэг болоод алга болчихоор ямар сонин гэж бодно. Надад бол тийм сэтгэгдэл төрж байсан. Хүн нь нэг л өөр болчихож байгаа юм шиг. Төрөл арилжина гэж хэлэхэд хаашаа юм. Ямар ч байсан биднээс өөр болчихлоо гэдэг нь мэдрэгдээд их сонин. Хайрламаар ч юм шиг, эсвэл харамсмаар ч юм шиг сонин мэдрэмж төрж байсан. Дараа нь манай нислэг болох гээд Байконурт очиж байгаа юм. Ингээд сансарт нисэх өдөр боллоо.
-Тэр өдөр яг юу болсон бэ?
-Сансрын хөлгийн бүхээгт хоёр цагийн өмнө ороод суусан. Тэр хооронд хөлгийн бүхээг, бүхээгийн системийг шалгана. Дэлхийн бөмбөрцгийг тойруулаад хуурай газарт өчнөөн олон пункт байна. Түүнээс гадна далай тэнгис дээр олон хөлөг онгоцнууд сансрын нислэгийн холбоог хангах гээд байж байгаа. Тэдний бэлэн байдлыг шалгаад, хамгийн гол нь хөлгийн бүхээгт зөөгч пуужингийнхаа системүүдийг бүгдийг нь шалгадаг цаг хугацаа байгаа юм. Хөлгийн дарга, борт инженер хоёр бэлтгэлээ хийнэ. Бэлтгэлийн гол санааг өнөөдөр харж байхад тэр үеийн үзэл сурталд нэлээн баригдмал. Ард түмэндээ хандсан үг хэлнэ. Нам, ард түмнийхээ даалгасан энэ даалгаврыг биелүүлэхийн төлөө бүх хүч чадал, авьяас билгээ дайчилна гэсэн агуулгатай. Ингээд 30 минутын бэлэн байдал, 20, 15, 10 минутын бэлэн байдал. Энэ бүхэн эргэж буцааж болохгүй тийм үйл явц болоод хувирчихдаг учраас тодорхой хугацааны дараа юу ч боллоо гэсэн хөөрөхөөс л өөр арга байхгүй.
-Ёстой тийм байх.
-Юуг ч эргээд зогсоох боломжгүй. Команд, программ бүгд явчихсан. Минутын бэлэн байдал бий болсон үеэс тоолоод эхэлдэг. 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, Старт гээд сансрын хөлөг гараанд гарчихна. Сансрын хөлөг гараанд гарна гэдэг бол гадна талд байгаа хүнд их сонин сайхан, аугаа сэтгэгдэл төрүүлдэг. Яагаад гэвэл гарч байгаа дуу авиа, гэрэл гэгээ хүнийг бүр дотор сэтгэлээс нь базаж дуу алдахаар.
-Харин дотор нь сууж байгаа хүний хувьд ямар байх вэ?
-Сууж байгаа хүний хувьд дасгал сургууль хийдэг дэг жаяг, журмаараа явж байгаа боловч жинхэнэ бодит нислэг гэдэг өөр. Дасгал сургуулийн үед бол нислэгийн дуу чимээ, эффектийг өгч чадахаас биш ачааллыг өгч чаддаггүй. Нислэгийн үед бүгд бий болдог. Хурд аваад хурдсаад ирэхээр хэт ачаалал үүснэ. Хэт ачаалал гэдэг маань богино хугацаанд өгч байгаа хурдатгалын улмаас үүсч байгаа ачаалал шүү дээ. Хэт ачаалал үүсэхийн зэрэгцээ тэр чимээ, доргио, шуугиан бол яг өөрт мэдрэгдэнэ. Хөлгийн бүхээг дэх үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэдэг илтгэлийг бид цаг тухайд нь хийж явдаг. Тодорхой параметр хэмжигдэхүүнүүд, хөдөлгүүрийн даралт, түлшний даралт хэд байгааг газар дээр мэдэж байгаа ч гэсэн бид илтгэнэ. Эхлээд нэгдүгээр угсраагаас сална. Үүнээс сална гэдэг бол нөгөө хэт ачаалал намсхийж зогсоно гэсэн үг. Тэгээд л хоёрдугаар угсраа хөдөлгүүр залгагдахтай зэрэг дахиад л өгсөж эхэлнэ. Ийм байдлаар гурван удаа хэт ачаалал үүсч дуусаад тойрог замд гардаг. Зөөгч пуужингийн бусад хэсгүүд хөлөгт ойртоод л байгаа гэсэн үг. Анхны угсраа бол тээр доор 30-40 метрийн цаана байсан. Хажуугийн дөрвөн блок салаад явж байгаа. Дуу авиа нь нэг их чанга мэдрэгдэхгүй. Хоёрдугаар угсраа арай илүү ойртоод ирсэн учраас нэлээн чанга. Гуравдугаар угсраа бол бүр чанга. Надад яг мэдэгдсэн юм юу гэхээр, хүнийг банзан дээр хүлж суулгачихаад банзыг нь сүхээр балбавал ямар доргио чимээ үүсэх вэ яг л түүн шиг.
-Үнэхээр тэгж санагдсан гэж үү?
-Тийм. Тархин дундуур, банзан дундуур балт сүхээр балбаад авч байгаа юм шиг л санагдсан. Тэгээд сүүлчийн угсраа салж байгаа нь тэр. Нөгөө их ачаалал юу ч үгүй болж нам болоод яг тэр мөчөөс эхлээд л агшин зуурт жингүйдэлд орж байгаа юм. Түүнээс цааш сансрын тойрог замд байх бүх хугацаанд жингүйдэлд байна.
Минутын бэлэн байдал бий болсон үеэс тоолоод эхэлдэг. 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, Старт гээд сансрын хөлөг гараанд гарчихна.
-Жингүйдэлд орохоор хамгийн түрүүнд юу мэдрэгдэх вэ?
-Хэдийгээр хүн даруулгатай, уяатай байгаа ч гэсэн жингүйдлийн байдалд ормогц гар бол хөвөөд хөндийрөөд ирж байгаа юм. Хэрэв хүн уяагүй, даруулгагүй байсан бол суудал дээрээ зүгээр л хөвчихмөөр. Хөнгөхөн юм шиг сэтгэгдэл эхлээд төрнө. Тэгээд л минутын дараа толгой руу цус сэлбэгдэж ирээд л толгой дүүрч эхэлнэ дээ. Яагаад гэвэл зүрх газар дээр ажилладаг зарчмаараа ажиллана. Бид хаана байна гэдгийг зүрх мэдрэхгүй. Тийм учраас хүний биеийн дээд хэсэг болох тархи толгой руу хүний цусыг шахаж байгаа юм. Түүнээс болоод толгойгоо доош нь харуулаад дүүжилчихсэн юм шиг л байдалд орно. Таазнаас хөлөөрөө дүүжлэгдээд доош харсан хүн ямар байх вэ, яг л тийм болно.
-Амаргүй юм байна шүү.
-Буцаж бууж ирэн иртэл ийм л байдалтай байна. Удаан хугацаагаар ийм байдалд байхад хөл рүү очих цусан хангамж багасна. Хүн өөрөө босоо байрлалын амьтан учраас хөл рүү цус газрын татах хүчний үйлчлэлээр өөрөө хүрчихдэг. Үүний эсрэг, зүрх газрын татах хүчийг эсэргүүцэж дээшээ илүү их хүчээр шахдаг. Зүрх энэ зарчмаараа ажиллаж байгаа учраас тархи толгой пэмбийдэг, улайдаг, жаахан хавдчихсан ч юм шиг болдог. Ингээд сансрын тойрог замд гарчихлаа. Сансрын тойрог замд гарсны дараа хийх ажил их бий. Хоёулаа скафандртайгаа байгаа. Скафандр бол бин битүү резинэн хувцас.
-Тийм үү?
-Тийм учраас ийм хувцсанд хүн удаан байхад их түвэгтэй. Хүний биеэс гарч байгаа чийг хуримтлагдаад норж эхэлнэ. Гэхдээ гурван цаг орчим энэ хувцастайгаа байх учиртай. Газар дээр хөөрөхөөсөө хоёр цагийн өмнө өмссөн. Дахиад сансрын тойрог замд хоёр тойрог, өөрөөр хэлбэл нийтдээ таван цаг шахам энэ хувцастайгаа байна. Хоёр тойргийн хугацаанд олон хөлөг онгоцнууд, дайрч гарч байгаа удирдах төвүүд бүгдээрээ хэмжилт хийж хөлөг тодорхой өндөртөө гарч, тодорхой хурдаа авч чадаж уу, бусад бүх параметр, зүг чиг олох багаж хэрэгслүүд хэвийн ажиллаж байна уу, хөдөлгүүрийн даралт хэвийн үү гээд бүгдийг нь хэмжиж үзэж тогтоодог.
Ж.ГҮРРАГЧАА: САНСАРТ ЖИН БАЙХГҮЙ Ч МАСС ГЭДЭГ ОЙЛГОЛТ ХЭВЭЭРЭЭ
Союз-39 хөлгийн багийхан газардсаны дараа 1981.03.30
-Яагаад заавал хоёр тойрог нисдэг юм бэ?
-Энэ хоёр тойргийн хугацаанд бүх үзүүлэлтийг бүгдийг нь хэмжинэ. Сансрын хөлөг гарах ёстой өндөртөө гарч, авах ёстой хурдаа авч, хөлгийн бүхээгийн системүүд хэвийн ажиллаж байна гэдгийг тогтоосны дараа, тойрог замдаа орчихжээ гэдэг ойлголтыг хаа хаанаа аваад дараа нь скафандраа тайлдаг. Хэрэв ямар нэгэн юм болохгүй бол буцаж бууж ирэх арга хэмжээ л авна, тийм биз.
-Скафандртай байгаа шалтгаан нь тэр байх нь ээ?
- Яг тийм. Тойрог замдаа хүрсэн байна гэж үзсэний дараа газрын командаар хувцас хунараа тайлдаг. Хөлөг гурван тасалгаатай. Амралтын тасалгаа гэж бөөрөнхий юм байна. Ард нь бидний буугч аппарат байна. Түүний ард тоног төхөөрөмжийн агааргүй тасалгаа бий. Урд талд нь бин битүү байдал хангагдсан хүн амьдрах тасалгаа байгаа. Тэр өрөө рүүгээ шилжиж ороод хувцас хунараа тайлна. Скафандраа хатаадаг сэнсэнд холбоно. Хувцас хунар, дотуур хувцсаа ч тайлах ёстой. Шинэ дотуур хувцас өмсөж, нислэгийн ердийн хувцсаа өмсөөд дараа дараагийнхаа ажилдаа орно. Цагаан комбинзон өмсөх үү? Нислэгийн хувцас бол цэнхэр хувцас бий. Тэр хувцастайгаа үйл ажиллагаа явуулна. Энэ байна /Сансарт өмссөн хувцсаа үзүүлэв/.
-Ямар сонин юм бэ? Материал нь даавуу юу?
-Материал нь даавуундуу.
-Цагаан комбинзонтой л төсөөлөөд байсан чинь цэнхэр юм байна. Тэр үед манайд өнгөт зурагт байсан биш дээ /инээлдэв/. Одоо санахад цэнхэр хувцастай зураг байдаг шүү дээ.
-Цагаан комбинзон чинь үндсэндээ скафандр шүү дээ. Ер нь цагаан, цэнхэр, ягаан ийм л гурван өнгийн хувцас байдаг. Ягаан нь буцаж бууж ирсний дараа холоос илрүүлэхийн тулд далай тэнгис дээр буусан тохиолдолд өмсдөг.
-Дараагийн ажил нь юу байсан бэ?
-Тойрог замд ороод хөлгийнхөө бүх үзүүлэлтүүдийг шалгасны дараа амралтын жаахан хугацаа бидэнд өгдөг. Хоол ундаа идэх, биеэ засах, олон төрлийн хуурай нойтон салфеткаар нүүр гараа угаах боломжтой. Тэгээд л программын дагуу ажиллана. Гэхдээ тодорхой хугацааны дараа унтаж амарна.
-Жингүйдлийн нөхцөлд хүн яаж унтдаг юм бэ?
-Амралтынхаа тасалгаанд унтлагын уутанд ороод унтчихна.
-Маргааш нь шууд судалгааны ажилдаа орсон уу?
-Маргааш өдөр бол хамгийн хариуцлагатай. Яагаад гэхээр станцыг олж залгалт хийх хэрэгтэй. Тийм учраас газрын командаар үйл ажиллагаа явуулж 2-3 маневр хийнэ. Хэдийгээр бид Салют станц нисэж байгаа нэг хавтгай дээр эргэж байгаа ч бид доод талд нь, станц дээд талд нь байгаа. Тийм учраас хоорондоо өчнөөн мянган км-ийн зайтай. Хөлөг, станц хоёр яг ижил 8 км/сек хурдтай, гэхдээ нэг нь богино радиусаар, нөгөө нь өргөн радиусаар явж байгаа учраас доор явж байгаа нь түргэн гүйцэх боломжтой. Ийм замаар дөхөж очдог. Дөхөж очсоны дараа маневруудаа хийгээд тойрог замынхаа өндрийг өндөрсгөнө. Станц 400 км өндөрт байгаа бол бид 300 орчим км өндөрт. Тэр өндрөө нөхөж бараг ойролцоо очдог. Ингээд хоёр маневр хийсний дараа хөлөг, станц хоёр их ойрхон очиж нэг өндөрт гараад ирнэ. Ойрхон гэдэг маань 10-20 км гэсэн үг.
-Энэ нь сансрын хувьд ойрхон зай гэсэн үг үү?
-Ижил хурданд бол ойрхон зай. Дараа нь холбох автомат систем ажиллаж бие биенээ хайгаад олдог. Хөлөг, станц хоёр ойртоход хөлгийн хөдөлгүүр ажиллана. Идэвхтэй хэсэг нь хөлөг. Идэвхгүй хэсэг нь Салют станц. Станц хөлөг ирж байгаа тэр тал руу холбох зангилгаагаа харуулах үүрэгтэй. Бүр ойртоод ирэхэд антеннууд бие биенээ чиглээд ажиллана. Станцын таг бол хөндий юүлүүр шиг, 80 см диаметртэй. Бид штангаараа энэ конус дотор цохих ёстой. Ингээд конус дотор багтааж цохиход гулгаад эцсийн цэгт очиход нь барьж аваад түгжчихнэ. Штанг механикаар ажиллаж татаад эхэлдэг. Эрэг шиг л юм даа. Хөлөг станц хоёр ойртож олон нүхнүүд рүү зүүнүүд нь яг бие биенээ олж орох ёстой. Залгалт хийсний дараа энэ хоёр кольцон дээр бие биенээ бариад авдаг дөрвөн том механизм бий. Тэд бие биенээ барьж аваад чангалчихна. Энэ хоёр хавтгайн хооронд хоёр давхар резинэн цагариган бүстэй. Ингээд резин тавиад шахчихад агаар алдахгүй бин битүү болно.
-Хаалгаар орж гараад байгаа харагддаг. Тэр хаалга яаж бий болох вэ?
-Бин битүү болоод хоёр дахь механик холбоо үүссэний дараа анхны механик холбоо тасарчихдаг. Хаалга яаж үүсэх вэ гэхээр конустай тал нь станцынхаа талаас, бидний штангтай хэсэгт хөлгийн амралтын тасалгаан дотор эргээд хоёр тийш нь болгочиход энэ хооронд нүх гарч хөлгөөс станц руу зорчдог коридор бий болно. Энэ хоорондох бин битүү байдлыг шалгаад, хөлөг станц хоёрын хооронд даралтыг яг ижил болгоод олон удаа шалгалт хийсний дараа люкүүдээ нээж газрын командаар нөгөө станцдаа зочин баг очдог. Бэлгээ бариад, тугаа мандуулаад л бид хоёр очсон доо.
-Бичлэг нь зурагтаар гарч байсан шүү.
-Ингээд дөрвүүлээ болоод ажиллаж эхэлсэн. Долоо хоногийн хугацаанд гурван төрлийн гэж болох туршилтуудыг хийсэн. Нэг дэх нь физик техник, техник технологийн Алтай-1, Алтай- 2, Эрдэнэт туршилтууд. Нөгөө нь эмнэлэг биологийн туршилт. Хүний бие организм дээр буюу сансрын нисэгчдийн бие дээр хийдэг туршилт гэж ойлгож болно. Биоритм, цусны эргэлт, мэдрэхүй гээд олон юм бий. Гурав дахь хэсэг нь байгаль, тандан судалгааны ажил. Бид нийт 30 орчим нэр төрлийн туршилтыг хийсэн. Мөн сурвалжлага, телевизийн нэвтрүүлэг хийх, мэндчилгээ дэвшүүлэх гээд олон ажил байсан. Хүүхэд багачууддаа зориулсан “Боролдойн цаг” гээд хөөрхөн нэвтрүүлэг бид явуулсан. Тэр үед ардын хувьсгалын партизан 45 хүн байсан юм. Тэдний захиа даалгаврыг авч явсан. Найрамдал, хамтын ажиллагаатай холбоотой Алтанбулагийн шороо, Халх голын шорооны дээж авч явсан. Нэгэнт Монгол Улсаа төлөөлөөд сансрын тойрог замд гарсных дэлхийн хүн ардад хандаж мэдэгдэл хийсэн. Ингээд Владимир Коваленок, Виктор Савиных нартай бид хамтарч ажиллаад 3 дугаар сарын 30-ны өдөр буцаж эх дэлхийдээ бууж ирсэн.
МАНАЙХАН БИД ХОЁРЫГ МОНГОЛ ХҮНИЙ ЁСООР ХАДАГ СҮҮТЭЙ УГТАЖ БАЙЛАА
-Казахстанд газардсан. Газардахад яг ямар байв?
-Буцаад буугаад ирэхэд Казахстаны уудам талд Жесказган хотоос 130 км-ийн зайд цэлийсэн талд буусан. Сансрын хөлөг маань их том шүхэртэй доошилж бууж ирдэг. Хажуугийн салхитай байсан болохоор жаахан хөөгдсөн маягтай л буусан. Хөдөлгүүрүүд ажиллаж байгаа нь мэдэгдсэн. Газардлаа гэдэг нь ч мэдэгдсэн. Газардсаны дараагаар газар дээгүүр өнхрөөд л алга болсон. Агаар дүүрэн 1000 м.кв шүхэр унтартлаа бас хугацаа орно. Буугч аппаратны хажуу талд сэртгэр юм бий. Туслах шүхэрний таг байгаа юм. Дараа нь харж байхад газрыг онги онги татчихсан байсан. Хажуугаараа ч, толгойгоороо ч өнхөрсөн байдаг. Тэгээд хажуу тал дээрээ тогтчихсон. Би дээд талд нь, командир доод талд нь. Бие биендээ баяр хүргээд байж байтал хайгуулын улс ирээд тогшиж, бид дотроос нь дохиогоо өгөөд л буулгаад авчихаж байгаа юм.
Манай гараг үлэмжийн сайхан юм. Бид түүний дээгүүр асар хурдтай нисэн өнгөрч байгаа учир хоногийн дотор үүрийн шаргал туяаг 16 удаа угтаж, үдэж байна. Энэ өндрөөс улс орнууд төдийгүй бүхэл тивүүд харагдаж Ази тивийн төвд оршдог манай орноос асар холын тив тивийн ард түмэн, бүх улс орнууд орчлонгийн уудамд асар хурдтай дүүлэн нисэх сансрын хөлөг шиг нэгэн гарагийн эзэд билээ. Тиймийн учир газар дэлхийгээ онцгойлон хайрлаж, энх тайван, амар амгалан амьдралыг эрхэмлэх ёстой. Монголын анхны Сансрын нисэгч Ж.Гүррагчаа тойрог замын цогцолборын бүхээгээс дэлхийн хүмүүст илгээсэн илгээлтээс... 1981 он
-Манай монголчууд та хоёрыг хэрхэн угтаж авсан бэ?
-Эхлээд эрэл хайгуулынхан, дараа нь сэтгүүлчид ирсэн. За тэгээд манай Монголын төлөөлөгчид ирж байгаа юм. Тэр үед бид хоёр гараад сандал дээр суучихсан байсан. Нисдэг тэргээр ирээд гараад гүйцгээж байна аа. Хамгийн түрүүнд л камер барьсан хүмүүс, сэтгүүлчид, бас дарга удирдлагууд явж байна. Угтаж авсан улсуудын дотор Намын төв хорооны үзэл суртлын хэлтсийн дарга Түмэндэлгэр гуай, Чадраа гуай хоёр байсан. Харсан чинь сумын наадамд морио уралдуулсан уяачид шиг л гүйж явна. Гүйж явах хоорондоо л морь нь түрүүлээд нэг их баярлаж байгаа хүн байдаг шүү дээ. Яг л түүн шиг. Хөөе нөгөө аяга хаана байна, сүү хаана байна, хадаг хаана байна гээд л. /инээлдэв/ Ингээд л гүйчихсэн хурдалж ирлээ. Хадаг, дүүрэн сүүтэй аягатай барьсан чинь манай Жан зогсоолоо. Эмнэлгийнхэн ч “Хүүе болохгүй. Элдэв бусын юм идэж ууж болохгүй” гэлээ. Гэхдээ л манайхан бид хоёрыг монгол хүний ёсоор хадаг сүүтэй угтсан даа. Тэнд бас нэг бэлгэ дэмбэрэлтэй юм болсон. Монголчуудын газрын их баялаг Эрдэнэтийн зэс, таны сансарт нисээд бууж ирсэн Казакстаны их тал газрын баялаг Жесказганы зэс гээд зэсийн хавтан барьчихсан угтаж байсан. Ганзориг маань ирээд нисдэг тэргээр Жесказган дээр очоод, тэндээ баярын арга хэмжээ болж онгоцонд суугаад Ленинск хот руу явсан.
-Танд тэр үед юу хамгийн их бодогдож байв?
-Ер нь хүн орчиндоо амархан дасдаг. Хөл бол хэдэн цагийн дараа чадал орж байгаа юм. Гэхдээ л яг өдөр тутмын гүйж харайдаг шиг биш. Тэнхээ жаахан муутай. Нэг бодогдоод байсан юм юу гэхээр онгоцонд сууж байсан ч гэсэн сандлаасаа түлхчихэд л хөвчихөж болмоор санагдаад л...
-Газар дээр буучихсан хойноо юу?
-Би бүр хоёр хоногийн дараа Байконурын зочид буудлын коридороор явж байхад хүртэл тэгж бодогдоод байсан. Бие жигтэйхэн хөнгөхөн сайхан. Жаахан түлхчихэд л би ингэж алхаж гишгэж явалгүйгээр тэнд хүрчихмээр ч юм шиг.
-Жингүйдлээс шууд газрын татах хүч рүү орж ирэхэд танд юу мэдрэгдсэн бэ?
-Жингүйдлээс газрын татах хүч рүү ороод ирэхэд бол газар дээр явахад нэлээн төвөгтэй болчихдог. Долоо хоног гэдэг урт хугацаа биш. Гэхдээ тэр хугацаанд хүний бие организм тэр нөхцөлдөө дасчихсан байдаг. Харин газрын татах хүч бол асар их хүчээр дээрээс дараад байгаа юм шиг, эсвэл нэг их том ачаа үүрчихсэн ч юм шиг тийм мэдрэмж төрүүлсэн. Хөл долоо хоногийн турш цусан хангамж муутай байсан учир явах чадвар нэлээн муу. Хоёрдугаарт хөлийн явдаг практик үйл ажиллагаа гэдэг зүйл сансарт бол байхгүй байлаа.
-Жингүйдлийн орчинд яаж явах вэ?
-Жингүйдлийн орчинд нэг цэгээс нөгөө цэгт очихын тулд эсрэг талынхаа хана руу жаахан түлхчихэд л аяндаа хөвөөд нөгөө талдаа очно шүү дээ. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй юм. Хэдийгээр сансарт жин гэдэг ойлголт байхгүй боловч масс гэдэг ойлголт хэвээрээ. Тийм учраас би асар хүчтэй түлхээд нөгөө хананд очоод цохих юм бол яаж өвдөж хавдах вэ, тэр бүхэн яг бодитоороо болно.
-Тийм ч амархан биш юм байна.
-Хүн бодохдоо нэгэнт жингүй юм чинь тэнд очоод бараг ямар ч юм үүсэхгүй гэж боддог. Тийм биш. Масс гэдэг зүйл байгаа учраас тэр хүчийг тааруулах хэрэгтэй. Одоо бол сансрын хөлөг нэг их том биш байна. Ирээдүйд миний энэ албан өрөө шиг хөлөг бий болдог юм бол, хэрвээ би хүчээ тааруулалгүй эндээс түлхээд дунд хавьд нь зогсчих юм бол надад ер нь хөдөлгөөний эх үүсвэр гэж байхгүй болно. Хэчнээн явах гээд ч нөгөө тийшээ хөдөлж чадахгүй. Надад түлхэх хүч хэрэгтэй. Тийм учраас тэр хүчээ ч гэсэн тааруулж сурдаг учиртай байдаг.
-Та жингүйдлийн орчинд чүдэнз зурж үзэв үү?
-Чүдэнз зурж байгаагүй. Гэхдээ яаж асахыг бол мэднэ.
-Яаж асах вэ?
-Анхны сансрын нисэгчдээс сургуулийн хүүхэд асуусан гэдэг шүү дээ, энэ асуултыг. Жингүйдлийн орчинд чүдэнз зурвал дөл нь ямар байх вэ гэвэл модныхоо үзүүр дээр бөмбөг шиг зүйл байх ёстой.
-Сансрын уудамд хөлөг юугаар ажиллаж явах вэ?
-Сансрын хөлөг өөрөө л явж байдаг юм. Тийм л энерги инерцийг сансрын хөлөгт өгч байна. Тэнд саад болох юм байхгүй. Тийм учраас өөрөө л шидсэн чулуу шиг дэлхийг тойроод эргээд байна. Нэмж хөдөлгүүр ажиллах шаардлага байхгүй. Хөдөлгүүр бол буцаж бууж ирэх, заллага жолоодлого хийх, ориентаци хийхийн тулд хэрэгтэй. Тийм учраас онгоц шиг хөдөлгүүрээ ажиллуулна гэсэн зүйл байхгүй.
-Тэрийг л гайхаад байгаа юм.
-Сансрын хөлгийн хурданд үйлчилгээ үзүүлэх юм байхгүй. Чулуу шидчихлээ гэхэд дэлхийн татах хүч доош нь татаад ирнэ. Агаарын үрэлтийн хүч үрж дээш явуулахгүй саад болно. Тэнд чинь тийм үйлчлэх хүчнүүд байхгүй учраас жингүйдэл гэдэг юманд орчихдог нь тэр юм. Ямар ч саад хийх юм байхгүй учраас анхны авсан тэр хурдаараа явна. Анх дэлхийгээс гарахдаа 20 сая морины хүчтэй хөдөлгүүр 9 минутад дэлхий орчмын тойрог замд оруулсны дараа 8 км/ сек хурдтай явна. Ер нь гайхаж биширмээр юм бол хүний оюун ухаан шүү дээ.
“УЯХАН ЗАМБА ТИВ” ГЭДЭГ ҮГИЙГ САНСРААС ҮЗСЭН ХҮН Л ХЭЛМЭЭР ЮМ ГЭЖ БОДОГДСОН
-Сансар огторгуй ер нь ямар харагддаг юм бэ?
-Сансарт чинь хараад байхаар юм байхгүй. Хамгийн гол нь манай эх дэлхий. Эх дэлхий сансраас яаж харагдах вэ гэдэг л гол нь. Сансрыг өөрийг нь харна гэх юм бол өдөр бол хав харанхуй. Үнэн хэрэг дээрээ нөгөө тийшээ харах юм бол дэлхийн бөмбөрцөг өөрийнхөө өнгөөр харагдаж байгаа. Бусад нь бол харанхуй хөх юм л байгаа шүү дээ. Яагаад гэхээр нарны гэрлийг барьж ойлгох, нүдэнд үзэгдэхээр болгох юм байхгүй. Ерөнхийдөө юу гэж ойлгох вэ гэхээр, гүн шөнө гэрэл тусгалаа гэхэд ялаа нисээд өнгөрөхөд л харагдана. Түүн шиг л бид сансрын хөлөг, хиймэл дагуул явж байна гэж харж байгаа нь түүнд ойсон гэрлийг нь харж байна гэсэн үг. Тийм учраас гэрэл ойгоогүй хэсэгт бол харанхуй.
-Нарны аймгийн есөн гараг ялгарч харагдах уу?
-Бодитой гэрэл ойлгож байгаа юмнууд харагдана. Миний хардаг од бол нар шүү дээ. Сар бол шөнийн цагаар л харагдана. Бид ялгаж чаддаг болчихсон байгаа учраас Буд гараг тийм одны ордонд байна гээд ялгана. Гэхдээ холынхыг нь харахгүй. Манай дэлхийтэй ойрын гурван гараг буюу Нар, Сар, Дэлхий, Марс, Юпитер, Сатурн гарагууд бараг од шиг л харагдана.
-Сансраас эх дэлхийгээ харахад танд юу бодогдож байв?
-Сансраас манай дэлхий үнэхээр сайхан харагдана. Монгол хүний хувьд миний уулга алдаж анхны бодсон бодол бол уяхан цэнхэр замбуулин, уяхан замба тив гэж манай эцэг өвгөд яаж ингэж нэрлэв ээ. Яагаад? Үнэхээр тэндээс харсан хүн л тэгж хэлэхээр тийм яргуй шиг сайхан зөөлөн цэнхэр гараг байж байгаа. Дэлхийн бөмбөрцөг маань тийм гоё өнгөтэй харагддаг. Би тэр үед бодож байсан. Энэ тухай олон ч дахин ярьсан. Үнэхээр уяхан замба тив гэдэг энэ үг хүний санаа сэтгэлд бууж ирэхээр тийм тохиолдол тэндээс харахад л төрмөөр юм даа гэж. Олон зууны өмнөөс манай ухаалаг монголчууд уяхан замба тив гэж нэрлээд дуулж ирсэн шүү дээ.
Сансрын хамтарсан нислэгийн 30 жилийн ойгоор уг нислэгт үлэмж хувь нэмэр оруулсан хүмүүст Алтан гэрэгэ бүтээж дурсгал болгосон байна. Мөн сансарт авч явсан Эв модны бэлгэдлийг урлаж "Астро" парк дахь Сансар судлалын музейд байрлуулжээ.
-Өвөг дээдэс маань сансраас эх дэлхийгээ харж байсан юм биш байгаа гэж бодогдож байна шүү.
-Үнэхээр тийм харагддаг. Тойрог замд байхад бид анд нөхдөө монгол идээ ундаагаараа дайлсан. Борцтой цай, чацарганатай сүү, Монгол орныхоо дуу хуур, хөгжим бүжгийнхээ дээжийг тэнд үзүүлж байлаа. Норовбанзад гуайн дуулсан “Уяхан замба тивийн наран” сансрын уудамд хангинаж байлаа шүү дээ.
-Сайхан байна шүү.
-Эв модны наадам билэгдсэн тэмдэг бидэнд өгч явуулсан юм. Эв модны Зөвлөлтийн хэсгийг Салют станц руу түрүүлж явсан баг аваад явсан. Дараа нь бид хоёр Монголын далбаатай хэсгийг нь авч очоод сансарт эвлүүлсэн. Хоёрдугаарт манайхан үзэл сурталд баригдаад хийж чадаагүй нэг юм байдаг. Тэр нь Алтан гэрэгэ.
-Тийм үү?
-Алтан гэрэгэ авч явах талаар манайхан нэлээн хөөцөлдсөн боловч сүүлдээ үзэл суртлын асуудал гараад авч явж чадаагүй. Зөвлөлтийн тал бол 13-р зууны үеийн үйл явдалд нэг их таатай ханддаг байгаагүй л дээ. Бид чинь эзэн Чингисийнхээ нэрийг ч нэрлэж чаддаггүй байлаа шүү дээ. Тийм үе байсан учраас энэ нь агаарт үлдчихсэн юм. Сансарт Алтан гэрэгэ хүргэх нь ард түмний маань чин хүсэл байсан гэдэгт би огт эргэлздэггүй. Тийм учраас үүнийг амилуулахсан, хүмүүсийн хүсэл тэмүүлэл ийм байсан гэдгийг үзүүлэхсэн гэж боддог юм. Одоо цагт байсан бол хамгийн түрүүнд л Алтан гэрэгэ авч явах байлаа.
-Сансраас дэлхийг харахад Монгол ялгарч харагдах уу? /инээв/
-Сансраас харахад бол хил хязгаар гэж байхгүй шүү дээ. Хүн бодохдоо Монгол Улсыг Гүрбазарын хэлдэгчлэн дэлгэсэн тэрлэг шиг юм байж байгаа гэж төсөөлдөг юм. Сансраас харахад бол хуурай газар, далай тэнгис л ялгарч харагдана. Ер нь Монгол Улсыг таньж мэдэх хэд хэдэн ориентир бий. Байгал нуур өнгөрвөл манай нутаг руу орно. Баруун талаар орж ирэх юм бол Увс нуур. Хоёрхон минутын нислэг шүү дээ.
-Монголын нутаг дээгүүр хоёрхон минут л нисдэг гэж үү?
-Тийм ээ. Мориор давхиад баршгүй өргөн уудам нутагтай гэдэг маань сансрын хөлгөөр бол хоёр минутын л нислэг. Монголын Алтайн нуруу, Хөвсгөл, Хэнтийн уул харагдана. Томоохон нуурууд болох Увс, Буйр харагдана. Хөлгийн бүхээг дотор глобус байдаг. Яг явж байгаа газрыг глобус эргээд 90 км-ийн нарийвчлалтай гаргана. Тэндээс ялгаж харж болохоор юм гэвэл томоохон хэмжээний уул нурууд, том нуурууд. Шөнийн цагаар бол газар дээр байгаа гэрэлтэй юмнууд л харагдана. Манай дээр бол цөөхөн бүдэгхэн гэрэл бий дээ.
-Хоёр гуравхан хот шүү дээ.
-Дархан, Эрдэнэт, Улаанбаатар харагдана. Бид Улаанбаатарын агаарын бохирдлыг тодорхойлох гэж 3 дугаар сарын 26-нд “Улаанбаатар” гэдэг туршилт хийсэн юм. Миний хөтөлбөрт ч байсан. Агаарын бохирдлын хэмжээ ямар байгааг хэмжихийн тулд 26-ны шөнө Улаанбаатар хотыг гэрэлтүүлж өгсөн. Зайсан зэрэг хотын гол хэсгүүдээр гэрэл асааж Зөвлөлтийн цэргийн ангийн том прожекторууд тусгаад Болгарын Спектр-15 багажаар хотын агаарын бохирдлыг тодорхойлсон. Тэр үед бохирдлын хэмжээ өндөр боловч талбай нь дөрвөн уулынхаа дунд өчүүхэн бага байсан. Одоо бол өөр тоо гарна л даа.
ЭНЭ ҮЙЛ ЯВДАЛ МОНГОЛ УЛСЫН ТҮҮХЭНД ХЭЗЭЭ Ч МАРТАГДАХГҮЙ
-Сансрын нислэгийн ажилд их олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байх даа?
-Ер нь сансрын нислэг гэдэг бол нэг л хүн сансарт нисээд алдар нэр нь түгсэн болохоос биш үнэн хэрэг дээрээ өчнөөн олон хүний хөдөлмөр зүтгэл ордог юм. Эрдэм шинжилгээний ажлын хөтөлбөрийг нь гаргах гэж манай ШУА, Сансар судлалын тасаг, энэ олон хүрээлэнгүүд бүгдээрээ ажилласан. Зураг хөрөг зурж гаргах, сурталчлах ажилд бол манай Монголын зураачдын холбоо, тэр тусмаа Ардын зураач Гомбосүрэн гуай бүх юмыг нь хийсэн. Ардын зураач Балбарын Гомбосүрэн гуай бол гайхалтай нарийн зураач. Тэр үед итгэл хүлээсэн хүмүүсийн нэг байж эмблемээс эхлээд зүүдэг, барьдаг юм бүгдийг хийж байсан. Тэр ч байтугай Сансар чихэр, Болор архи гэх мэтийн зураг загваруудыг хийсэн. Ийм улсуудын хөдөлмөр зүтгэл их бий. Мөн үг бичихээс эхлээд хөтөлбөр гаргахад Намын төв хорооныхон, ер нь их олон хүний хөдөлмөр орсон юм шүү дээ. Сансрын хамтарсан нислэгийг сурталчлах ажлыг бол манай орон үлгэр жишээ зохион байгуулсан. Хүн болгонд хүргэж чадсан, тийм биз.
-Ёстой тийм шүү.
-“Ажил болгоныг ингэж хийдэг бол бүтэхгүй ажил гэж яаж байх вэ” гэж хүмүүс ярьж байсан гэдэг. Тийм их зүтгэл гаргаж, төрөөс өндөр түвшинд анхаарал тавьсан даа. Үнэхээр хүмүүсийн сэтгэлд хүрсэн ажил болсон. Сансрын нислэгийн бэлтгэл эхэлж байсан тэр үеэс хойш бараг 40-өөд жил өнгөрсөн байна. Хүүхэд багачууд мэдэхгүй байх нь аргагүй шүү дээ. Өдөр болгон энэ тухай яриад байгаа биш. Гэхдээ энэ үйл явдал Монгол Улсын түүхэнд хэзээ ч мартагдахгүй. Түүхэнд бол нэг тодорхой хуудас үлдэнэ ээ.
-Та өөрөөрөө бахархдаг уу?
-Монгол Улсын түүхэнд, монголчуудын түүхэнд үлдэх том үйл явдал болсон. Ийм үйл явдалд оролцсоноороо би их бахархаж явдаг.
-Сансрын нислэгийн дараа Улаанбаатарт ирэхэд том үйл явдал болсон шүү.
-Бид 1981 оны 5 сарын 5-ны өдөр Улаанбаатар хотдоо ирсэн. Улаанбаатарт яаж баяр баясгалантай хүмүүс сэтгэл догдлон угтаж авсныг тэр үеийн хүмүүс андахгүй. Тэр үеийн сургуулийн хүүхдүүд бол онцгой сайн мэднэ. Манай төвийн захирал Георгий Береговой, сансрын нисэгч, дайны баатар, хурандаа генерал хүн биднийг ахалж ирсэн. Жанибеков, Ганзориг, Интеркосмосын хариуцлагатай албан тушаалтнууд ирсэн. Монгол орон маань жигтэйхэн сайхан хүлээж авсан. Энд байх тэр богино хугацаандаа олон газраар явсан. 5 сарын 9-ний өдөр Халхын голд шороо авсан газраа очоод Дархан хот, Эрдэнэт хот, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт очиж том аялал хийгээд буцсан. 5 сарын 13-нд буюу Жанибековын төрсөн өдөр миний төрсөн нутаг Булган аймгийн Гурванбулаг суманд очсон. Сумын төвөөс урагш Бүрдний энгэр гэдэг газар гэр барьчихсан байсан. Нутгийн ард түмэн тэр толгойг Сансар толгой гэж нэрлэсэн түүхтэй.
-Одоо ч тийм нэртэй хэвээрээ юу?
-Өнгөрсөн жил Сансрын хамтарсан нислэгийн 35 жилийн ойгоор надтай хамт Жуковскийн нэрэмжит агаарын цэргийн академи төгссөн хүмүүс /37 монгол хүн төгссөн/, сурч байгаа залуучууд санаачлаад энэ толгойг Сансар ухаа гэж нэрлээд “Эх дэлхийгээ хайрлаж яваарай” гэсэн сайхан үгтэй, нөгөө талд нь Жуковскийн нэрэмжит агаарын цэргийн академи төгсөгчдийн санаачилгаар бүтээлээ гэсэн бичигтэй гэрэлт хөшөө босгосон. Сансрын нислэгийн ажил төрөл хийхэд, ой тэмдэглэхэд тусалдаг өчнөөн хүн бий. Сансрын нисэгчийн шалгаруулалтанд сонгогдсон 13 залуу, манай академи төгссөн залуучууд их идэвхтэй оролцдог. Сүүлийн үед нэлээд хүчтэй дэмжлэг үзүүлэх гэж байгаа хэсэг бүлэг хүмүүс бий болсон. Тэр нь 1981-3-22-ны өдөр төрсөн хүүхдүүд.
-Яг тэгнэ шүү дээ.
-Тэд одоо 36 насанд хүрч байна. 1981-3-22-нд Монгол оронд нийтдээ 206 хүүхэд төрсөн байдаг юм. 37 нь эрэгтэй, 109 нь эмэгтэй хүүхэд.
-Ямар сонин тоо вэ?
-Тэдний 16 нь Гүррагчаа нэртэй. Улаанбаатарт 76 хүүхэд төрсөн. 3 сарын 22-ны өдөр бол тэдний төрсөн өдөр. Хоёрдугаарт сансрын нислэгийн өдөр болдог. Энэ хүүхдүүд бүх арга хэмжээнд, бас 35 жилийн ойд оролцсон. Энэ жил бид хөшөө босгосон газартаа мод суулгана гэж ярьж байгаа. Дуудахад бэлэн байдаг ийм хүч надад байна аа.
-Сайхан байна шүү. Сансар гэдэг нэртэй хүн ч олон байгаа даа?
-Гүррагчаагаас гадна Сансар, Сансармаа, Жанибеков, Жангүрням гэж нэртэй хүүхэд ч бий. Жанибеков, Гүррагчаа, тэгээд ням гараг байсан учир Жангүрням гэж л дээ. Сансар, Сансармаа нар бүр ч олон. Гүррагчаа гээд залуу дуулаад л байдаг. Аягүй бол тэр үеийн л хүүхэд байх даа гэж би бодож байгаа юм.
-Танай нутагт Сансар гэдэг ургийн овог байдаг гэж дуулсан юм байна.
-Сансар гэдэг овгийг авах нь зүйтэй гэж надад хүмүүс хэлж зөвлөж байсан. Монголчуудын 90 хувь нь Боржигон овогтой болсон. Бүгдээрээ л Чингис хааны хамаатан, Алтан ургийн улсууд юм шиг байгаа юм/инээлдэв/. Бас өвөг эцгээрээ голдуу нэрлэсэн улсууд ч бий. Би эхлээд Сансар гэдэг овог авсан. Нэг харсан чинь их дэлгэрэнгүй болоод, миний дүү нар бүгд л Сансар овгийнхон болоод явчихсан. Тэгэхээр нь би энэ овог надаас эхлээсэй гэж бодоод Хиад Сансар болгосон. Хиад Сансар овогтой хүн өнөөдөр зургаа байна. Миний хоёр хүү, би, миний ач нар гурван хүн бий. Энэ овог ингээд цаашаа явах учиртай байх аа гэж боддог.
-Ганзоригийнхоо талаар та юу хэлэх вэ?
-Ганзоригийн маань талаар сайхан бүлээн дулаан дурсамж үлдээсэй гэж би бодож явдаг. Бид хоёр бол сансрын их ажлаар халуун залуу насандаа уулзсан хоёр. Бараг 40 жил салалгүй хамт явж байна. Анх 1977 оны 10 сард л уулзаж байлаа. 40 жил бид хоёр үндсэндээ зам муруйсангүй. Ам ч муруйсангүй. Ингэж явсан хоёр андууд. Бид бие биенийхээ дэмжлэгээр л өдий хүрсэн. Ганзориг маань сэтгэл санааны ямар их тэвчээр хатуужил гаргаж, надад яаж үлгэр дуурайл болж байсныг нь дурдахад л хангалттай гэж болно. Ийм тэвчээр хатуужилтай залуу байсан. Бидний үр хүүхэд нүдэн дээр маань өслөө. Бид хоёр ямар ч хамаатан саднаас илүү ойр дотно найзууд. Энэ бол амьдрал бидэнд хайрласан, бурхан бидэнд хайрласан, бурхан биднийг холбосон ийм л найзууд байгаа юм. Өнөөдөр үр хүүхэд маань өсч өндийгөөд сайн сайхан явцгааж байна. Хэн хэн нь давгүй ээ л гэж хэлэхээр байгаа. Би хаа явсан газраа халуун дулаан үг хэлж, тэр сэтгэлээ ард түмэндээ ойлгуулж байхсан гэж боддог юм.
-Та ном бичиж байгаа юу?
-Бичиж байгаа.
Монголын анхны, Дэлхийн 101 дэх сансрын нисгэгч, БНМАУ, ЗХУ-ын баатар, Хошууч генерал Ж.Гүррагчаагийн гэр бүл
-Таны хүүхдүүд ямар мэргэжил эзэмшив. Мэргэжлийг тань залгамжилсан хүүхэд байна уу?
-Байна аа, байна. Би хоёр хүүтэй хүн шүү дээ. Манай том хүү Иргэний нисэхийн ерөнхий газарт ажиллаж байгаа. Нисэхийн салбарт 10 гаруй жил ажилласан. Миний хоёр хүү боломжийн боловсрол эзэмшсэн. Том хүү орос, англи, солонгос хэлтэй. Миний бага хүү орос, англи, япон хэлтэй. Японд цэргийн академи дүүргэсэн. Миний мөрөөр явж байгаа цэргийн хүн. Москва хотод цэргийн атташегийн туслах гэдэг албанд өнгөрсөн намар томилогдсон. Манайх гурван хөөрхөн ачтай. Хоёр охин, нэг хүү. Миний том ач охин энэ жил сургуульд орсон. Хоёр дахь нь өнөө өглөө цэцэрлэгт явсан. Баахан хэрэг мандуулсан байх гэж би бодож байна. /инээлдэв/. Ер нь мандуулж чадахаар хүн байгаа юм. Бага нь нэг настай жаахан хүү байна. Амьдралд гэрэл гэгээ оруулдаг юм бол хүний ач нар байдаг юм байна. Ер нь өөрийнхөө хүүхдээс ч илүү хайрладаг байх. Манай Ганзориг надаас түрүүлээд ачтай болсон юм. Тэгээд л бүр жигтэйхэн юм болоод байхад нь шоолоод, би бол ингэхгүй гэдэг байсан. Тэгэхэд Ганаа маань “Чи өөрөө мэднэ ээ” гэж байсан. Амьдрал дээр тэр нь надад ирсэн. Одоо намайг хараад дооглодог юм /инээв/.
-Та хүүхдүүдээ жаахан байхад тэр болгон хамт байх боломжгүй байсан байх?
-Тэгсэн дээ. Ажил алба, цэргийн алба гээд. Хүүхдүүд маань цэцэрлэг, сургуулийн л хүмүүжлээр хүмүүжсэн. Манай том хүү бүр багаасаа Оддын хотхонд цэцэрлэгт явж байсан. Хүүхдүүд маань орос цэцэрлэг, орос сургууль гээд нэг тийм орос хүмүүжилтэй болсон. Тэрний буруу ч гэж байхгүй.
-Таны эхнэр л ар амьдралаа хариуцаж явжээ дээ?
-Ёстой л хамаг юмыг нуруун дээрээ үүрч байсан. Гэр орны ажил гэдгийг би мэддэггүй юм. Одоо ингээд бодож байхад, би ер нь гэртээ юу хийж байсан юм, гэр орондоо яаж тусалж байсан юм гэхэд надад бол тун бага зүйл санаанд орж байгаа юм даа.
ЦЭДЭНБАЛ ДАРГА АЖЛЫН ДАРАА ӨРӨӨНДӨӨ ДУУДААД “ИНГЭЖ АЖИЛЛАДАГ ЮМ” ГЭЖ ЗААЖ ӨГЧ БАЙЛАА
-Төр засгийн ажил руу ороод явж байхад танд ямар санагдаж байсан бэ?
-Ерөөсөө бараг юу ч мэдэхгүй хүн их өндөр албан тушаалд очсон доо. Намын төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгч гэдэг бол их олон шат дамжлага дамжиж байж очдог алба. Гэтэл ер нь хүн командалж үзээгүй шахам хүн чинь гэнэтхэн том дарга болно гэдэг бол тухайн үедээ асар их итгэл найдварыг хүлээлгэсэндээ л байсан. Сайн хамт олон, сайхан хүмүүстэй энэ албаныхаа гарааг эхэлсэн. Манай хэлтсийн эрхлэгч хурандаа генерал Батаа гэж хүн байлаа. Тэр үеийн Намын төв хорооны боловсон хүчнүүд гэдэг чинь ажил амьдралын асар их туршлагатай. Өнөөдрийнх шиг улс төрийн нам ялсан гээд жагсаал цуглаанд оролцож явсан хүн дарга болчихдог үе байгаагүй.
-Үнэхээр тийм дээ...
-Намын төв хороонд ажиллана гэдэг бол тийм амархан байгаагүй. Намайг юм сураасай гэж тэр улсууд бүгд л бодож байсан шиг байгаа юм. Эргэн тойрон бүгд дэмжиж туслахыг л боддог. Тэр байтугай Цэдэнбал дарга ажлын дараа дуудаад надад “Ингэж ажилладаг юм” гэж зааж, ярьж өгч байлаа.
-Мундаг байна шүү?
-Батаа дарга бид хоёрыг Цэдэнбал дарга өрөөндөө дуудаж оруулаад, цэргийн анги дээр очвол ийм юмыг нь үзэж цэргийн хүүхдүүдийн амьдрал ахуйг сайн харж бай. Ард түмний дунд бол ийм юм үзэж бай. Би чамд жишээ болгоод 1953 оны нэг дэвтэр үзүүлье гээд өгсөн /арын нь өрөөнд өчнөөн л тэмдэглэлийн дэвтрүүд байх шиг байгаа юм/. 12 хуудастай сурагч дэвтэр дээр Дундговь аймагт ажилласан тухай тэмдэглэл байсан нь “Тийм улсуудтай уулзлаа. Дэлгүүр хоршоонд байгаа юм, ард түмний амьдралд хэрэгтэй юу дутагдаж байна, юу байхгүй байна” гээд бүгдийг биччихсэн байлаа. Тэр дэвтрээ үзүүлээд “Юмыг сайн тэмдэглэж авч бай. Ер нь тэмдэглэл зайлшгүй хэрэгтэй болдог. Сүүлд эргээд харсан ч, бас чи албаны хүн өчнөөн олон үүрэг даалгавар хүнд өгнө. Үүрэг даалгавар өгчихөөд биелэлтийг нь заавал үзэж бай. Тэгэхгүй бол үүрэг даалгавар өгөхийн хэрэг байхгүй. Тодорхой хугацааны дараа үзэж үр дүнг нь харж бай” гээд олон юм хэлж өгсөн. Батаа гуай бол надад үргэлж л тусална. Бодвол Цэдэнбал даргын “Их сайн сургаарай” гэсэн үүрэг байсан байх. Намайг монгол бичигт сургах гэж их оролдсон юм. Үүрэг даалгавраа цаасан дээр монгол бичгээр бичээд тавьчихна. Би нөгөөхийг нь ойлгохгүй. Төв хороонд монгол бичиг мэддэг улсууд байсан боловч тэр үед цөөрчихсөн байлаа. Рэнцэн гуай дээр нөгөө бичгээ бариад л очно. Аргагүйн эрхэнд оролдож эхэлж байгаа юм. Харамсалтай нь Батаа гуайтай даанч богино хугацаанд хамт ажилласан. 1981 оны 11 сард таалал төгссөн юм. Удаахан шиг ажилласан бол надад их түшиг тулгуур болж олон юманд сургах байсан даа.
-Та Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан байх аа?
-Хоёр жилийн дараа Батлан хамгаалахад туслах нийгэмлэгт /БХТН/ очиж ажилласан. Нийгэмлэгийн дарга Жамьян генерал гэж ёстой нэг мундаг хүн байсан. Хүмүүс бүгд ажлаа тэгж хийдэг бол төрийн ажил хийдэгдэнэ огт гэж байхгүй. Жамьян гуай бол асар шаргуу. Нэг тушаал гаргахад өчнөөн юм үзэж байж тушаалыг нь гаргана. Хууль зүйд нийцүүлнэ. Дээр нь ажил хийвэл дуустал ч гэдэг юмуу үг биччихнэ. Тэр нь нөгөө тушаалынхаа утга агуулгад яг нийцнэ. Бараг бүх юмыг гараараа бичиж хийнэ. Жамьян гуай халууцаж үзээгүй гэж байгаа юм. Өрөө нь жигтэйхэн халуун, тэгсэн мөртөө шинелээ нөмрөөд л сууж байна. Жамьян гуай ургацын комиссын дарга байсан юм. Уаз-469 машин чинь агааржуулалтгүй. Жолооч нь Шарав гуай гээд ахлагч байсан. Тэр хүн бол зуухан дотор явж байгаа юм шиг л явдаг байсан байх гэж би боддог юм. Тэгээд Жамьян гуайгаас нэг удаа “Та ер нь халууцдаг уу” гэсэн чинь “Вьетнам чинь халуун юм шиг байна лээ шүү” гэж хэлсэн. /инээлдэв/
-Вьетнам руу явсан байна даа.
Олон удаа явсан. Намайг бол Сансрын хүү гэж нэрлэнэ, тэгж дуудна. Тийм сайхан улсуудтай би ажиллаж байсан даа. Жамьян гуай маань их сайхан урт насалсан. БХТН-ийн үндэс суурь, баазыг мундаг тавьсан хүн. Би бол бэлэн юман дээр л очсон. БХТН нь олон нийтийн статустай боловч цэргийн байгууллага байсан юм. Цэрэг армид жолооч нар, мэргэн буучид, шүхэрчид төлөвлөгөөний дагуу бэлтгэж өгдөг байлаа. Тэнд 1990 он хүртэл ажилласан.
САНСАРТ ХҮНЭЭ ИЛГЭЭСЭН ДЭЛХИЙН 10 ДАХЬ ОРОН БОЛСНЫ ЦААНА НАЙРАМДАЛ ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОРОС ХҮНИЙ СЭТГЭЛ БИЙ
-1990 оноос хойш?
-Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн төв зөвлөлийн даргын албыг 1990 онд авсан. Тэр үеэс өмнө МЗНН-ийн дарга гэдэг бол дандаа том дарга нар байдаг байлаа. УТТ-ны гишүүн, НТХ-ны нарийн бичгийн дарга Гомбожав гуай, Намсрай гуай, Дүгэрсүрэн гуай, Ширэндэв гуай нар. Тэр бүхний эцэст тийм өндөр албагүй хүн би хүлээж авсан даа.
-МЗНН-ийг та харилцаа ид муудаж байх үед удирдаж байжээ дээ?
-90-ээд он бол их хэцүү үе байсан. Хүмүүсийн сэтгэл санааг зовоосон зүйл ч нэлээн гарч байсан. Харилцаанд сэтгэл зовсон улсууд ч зөндөө ирдэг байлаа. Бид ахмадуудыгаа энэ бүхэнд нэлээн сайн оролцуулж үгийг нь сонсъё гээд МЗНН дотроо ахмадын байгууллага байгуулж байсан. Ялангуяа Оросын барилгын байгууллагад ажиллаж байсан манай ахмад ажилчдын сэтгэл санаа нэлээн хүнд байлаа. Хамт ажиллаж байсан нөхрөө ингэсхийгээд л явуулчихлаа шүү дээ гээд л ярьдаг. “Яв даа” гэж хэлэхэд царай зүсийг нь харж байсан, өчнөөн жил барилга байшин бариад хамт ажиллаж байсан улсууд шүү дээ.
-Оросын цэргийн ангиудыг гэнэт гаргаж байсныг л сайн мэдэх юм байна.
-Цэргийн улсууд бол тушаалаар явж байгаа. Энгийн улсуудын хувьд манайхан үнэхээр хөнгөдсөн. Үнэхээр түргэдсэн. Өчнөөн жил амьдарсан дулаан гэр орондоо байсан хүмүүс чинь хилийн цаана гараад л палатка майханд өвөлжсөн шүү дээ. Тэр үеийн үйл явдлын талаар засаг төрийг тэргүүлж байсан улсууд зөвтгөж ярьж л байдаг юм. Үнэхээр тийм юм даа гэж ойлгогдохооргүй. Ямар ч шалтгаан ярилаа гэсэн хүний хувьд ойлгоход хэцүү, тийм биз.
-Хэцүү...
-Тэр улсууд Монголын төсвөөс идэж байгаа биш. Бидэнд л ашигтай байсан шүү дээ. Хэрвээ барилгачдаа жил ажиллуулчихсан бол спорт комплексийг бариад дуусгачих байсан.
-Тэр үеэс эхлээд л Орос, Монголын харилцаа холдож эхэлсэн байх даа?
-Үнэн. Сэтгэл хөрвөл хөрөхөөр юм болсон. Бас нэг хэцүү юм нь ЗХУ маань үндсэндээ задарсан. 1992 онд ЗХУ-ыг задарсны дараа бид зохион байгуулалтаа өөрчлөх шаардлагатай болсон. Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудтай найрамдах Монголын эвлэл гэж байгуулсан. Тэр эвлэл нь дотроо улс орнуудын найрамдлын нийгэмлэгийг багтаасан. Орос, Белорусь, Украйн, Казах, Киргиз, Таджик гээд тус тусад нь Монголын нийгэмлэгүүдийг байгуулж, дээр нь шүхэр байгууллага үүсгэсэн. Энэ байгууллагууд одоо хүртэл байгаа.
-Уламжлалт харилцаагаа авч үлдэх сонирхол аль аль талд нь байгаа л даа.
-Монголтой хамтын ажиллагаатай байх сонирхол ихэнх улсад нь байгаа. Одоо Евроазийн хамтын ажиллагааны нийгэмлэг гэж байна. Энэ бол үндсэндээ тэр орнуудыг багтааж байгаа. Эвлэл дотроо бол Монгол- Оросын найрамдлын нийгэмлэг хамгийн хүчтэй, хамгийн том нийгэмлэг. Бид явуулж ирсэн хамтын ажиллагааныхаа холбоог таслаагүй. Найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийг өнөө хүртэл тэмдэглэж байгаа. Өнгөрсөн жилээс энэ хамтын ажиллагаа, харилцаанд хүмүүс сэтгэл зовж эхэллээ. ОХУ Монголоос эдийн засгийн сонирхлоо татаж байна. Эрдэнэтээ худалдчихлаа. Монросцветметээ худалдчихсан. Одоо байгаа нь ганцхан төмөр зам. Саяхан манай төр засгийн удирдлагууд ОХУ-д очлоо. ОХУ- ын дээд удирдлагуудын зүгээс юу гэж хэлэв. Монголчууд та нар сахилгагүй, хариуцлагагүй, хэлсэн үгэндээ хүрдэггүй. Ийм харилцаан дээр ингэж хэлнэ гэж байдаггүй л байхгүй юу.
-Тийм байх шүү
-Дээд түвшинд яагаад ингэж хэлэх болов? Үүнд хүмүүс сэтгэл зовж байна. Манай нийгэмлэгийн удирдах зөвлөлийн хурал дээр ард түмэндээ хандсан мэдэгдэл гаргавал яасан юм гэсэн санал хүртэл гарч байна. Бид яаж энэ харилцаа, хамтын ажиллагааг сэргээж сайжруулах вэ? Нийгэмлэг маань ямар тус хүргэх вэ гэдгийг ярилцлаа. Бид чинь төр засагтайгаа зөвшилцмөөр байна. Тэдний үг, санааг нь бас сонсмоор байна. Нөгөө талаас ОХУ-ын ЭСЯ-ны удирдлагуудтай санаа бодлоо солилцмоор байна. Тэгж байж шийд гаргахгүй бол энэ чинь эмзэг асуудал. Гэхдээ тухайн төр засаг, удирдлага нь шийдвэр гаргаж алхмууд хийх учраас өнөөдөр Монголыг тойрсон бодлого зөндөө л явагдаж байна.
-Бид Оростой харилцаагаа сайжруулж илүү ойртохын тулд яах хэрэгтэй гэж та бодож байна вэ?
-Ер нь харилцаа, хамтын ажиллагаа гээд яриад байгаа маань өнгөн талын өрмөн хэсэг нь юм л даа. Түүний доод талын суурь хэсэг бол их бат аа. Орос, монгол хүмүүсийн хооронд тавигдсан нөхөрлөл, найрамдал, халуун харилцаа их бат бэх суурьтай. Бүр Эв модны наадмаас эхлэлтэй. Цагийн аясаар л үзэгдэх өнгөн дээрээ өөр өөр болж харагдаад байна. Бид нар хоёр хөршөө ярихгүй гурав дахь хөрш гэж их ярьж байгаа. Гэтэл Монгол орныг өнөөдрийн хэмжээнд хүргэсэн юм бол энэ хамтын ажиллагаа шүү дээ. Дэлхийн улс орнуудтай сайн харилцаатай байлгүй яахав. Гэхдээ бид энэ хоёр хөршөө давж хаашаа ч явж чадахгүй. Энэ хоёр чинь хоёр талд байгаа. Нэгнийх нь дээгүүр, эсвэл доогуур нь гараад явчихна гэсэн ойлголт байхгүй. Заавал л дайрч гарна.
-Орос, Хятад хоёртой баланстай байхын тулд бид яах нь зөв юм бол? Ийм байж чадвал бид амьдрах гээд байна шүү дээ.
-Ер нь тэгж байж л тусгаар тогтнолоо хамгаалж үлдэнэ дээ гэж би боддог. Монгол Улсын тусгаар тогтнол Орос-Хятадын харилцааны тэмцэл дээр тогтож ирсэн. Түүх нь ийм. Энэ харилцаа бол Монгол Улсын өнөө маргааштай заавал холбогддог. Орос-Хятадын харилцаа сайжирч байгаа. Гэхдээ Монгол Улсыг их тойрч байна. Гаазын хоолой, бусад юмнууд нь тойроод л явчихлаа.
-Жишээ нь, гаазын хоолой Монголоор явсан бол гээд бодохоор асуудал үүсэх байсан юм шиг санагддаг юм, бэлчээрээс эхлээд л?
-Гайгүй. Төмөр замаас илүү асуудал гарахгүй. Төмөр зам газар дээгүүр явдаг бол гаазын хоолой газар доогуур явчихна. Тэр нь монголчуудад хэрэгтэй. Хүн ам олонтой газар дайрахдаа гааз өгчихнө. Улаанбаатар гэхэд утаа униараасаа салж болно шүү дээ. Бид хэрвээ гаазтай байсан бол энэ асуудлыг их хялбар шийдэх учиртай даа. Хурдны замууд яваад өгөх нь шиг байна. Тухайн төр засгаас явуулж байсан бодлогын алдаа гэж бас байгаа л даа.
-Сансрын нислэгт гэхэд л ЗХУ- ын тус үнэлж баршгүй их шүү дээ?
-Тэр чинь сайн андтай нөхөрлөсний ач.
-Монгол ганцаараа бол сансарт нисэхээргүй байсан, тийм биз?
-Мөн ч болоогүй дээ /инээв/. Тийм хэмжээнд туслаад, эцэст нь сансарт нисгээд, сансарт хүнээ илгээсэн дэлхийн 10 дахь орон болсны цаана найрамдал хамтын ажиллагаа, орос хүний сэтгэл бий.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа. 2000-2004 он.
ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧДААРАА БИД БАХАРХАХ ЁСТОЙ
-Та Батлан хамгаалахын сайд байсан хүн. Цэрэг армийнхаа талаар өөрийн бодлоос хуваалцана уу.
-Би 1968 оны цэрэг. 2008 онд тэтгэвэрт гартлаа би цэргийн хүн байсан. Цэрэг армидаа би өнөөдөр ч хайртай байдаг. Цэргийн бараг бүх цолыг зүүсэн. Хоёрхон цол зүүгээгүй. Ахлах байлдагч, хошууч байгаагүй /инээв/. Би ахмад цолтой Байконурт байхад манай БХЯ- ны сайд, хурандаа генерал Авхиа гуай дэд хурандаа цол шагналаа гэж Улсын комиссын хурал дээр хэлсэн. Тэгээд хурандаа цолыг алгасч генерал цолтон болсон. Ер нь бол миний амьдралд болсон эерэг, сайн сайхан бүхэн цэргийн амьдралтай холбоотой, Монголын ардын армитай холбоотой. Армидаа миний хийж бүтээсэн, өгсөн юм нэг их биш байж мэднэ. Гэхдээ зэвсэгт хүчний төлөөлөгч, Монголын ардын армийн офицер сансарт ниссэн явдал бол манай ардын армийн бие бүрэлдэхүүн, зэвсэгт хүчний хамт олондоо сайхан л дуулдаж байсан байх гэж боддог юм.
-Өнөөдөр манай цэрэг армийнхан Энхийг сахиулах хүчин дотроо манлайлдаг гэж би ойлгодог. Энэ ажлыг анх эхлүүлэхэд таны оруулсан хувь нэмэр их шүү дээ?
-Ер нь жаахан онгирвол би тэрийг ярьдаг юм. 2000-2004 онд би Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд байсан. Энэ үед Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай хууль эрх зүйн үндэс нь тавигдсан. Цэрэг цагдаагийн албан хаагчдыг олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулах тухай хууль гэж гарсан. Энэ хуулийн үндсэн дээр 2002 онд ажиглагчаа илгээж, 2003 онд анхны цэргийн багаа илгээж байлаа. Өнөөдөр бид том том бүрэлдэхүүнээрээ зургаан сарын хугацаатай энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа. Манай залуучууд тэр албаа үнэхээр нэр төртэй хаадаг. Чих халууцуулсан юм байхгүй.
-Бүр бахархмаар гэж болно. Аргагүй Чингисийн цэргүүд юм байна гэж хэлэгддэг гэж байгаа.
-Ерөөсөө үлгэр жишээ болдог. 2000 оны түвшинд цэрэг арми ер нь хэрэгтэй юмуу, хэнд хэрэгтэй юм, хэнтэй байлдах гээд байгаа юм. Ямар буу зэвсэгтэй юм гэж ард түмэн асуудаг байлаа. Цэрэг армид янз бүрийн дэглэлт гээд юм байсан. Харин энхийг сахиулах ажиллагаанд манай зэвсэгт хүчний төлөөлөл оролцсон явдал бол армийн нэр хүндийг ард түмнийхээ дунд төдийгүй олон улсын хэмжээнд өргөж чадсан. Өнөөдөр хэн ч цэрэг, зэвсэгт хүчин юу хийдэг юм, яах гэж байгаа юм гэж асуухаа больсон. Зэвсэгт хүчний дотоод зохион байгуулалт, хяналт шалгалт сайжирсан. Өнөөдөр цэргийн албыг ганцхан жилээр хааж байна. ОУ-ын энхийг сахиулах ажиллагаа бол манай зэвсэгт хүчинд ихээхэн эергээр нөлөөлсөн. Одоо энэ рүү явах гээд тэмүүлцгээж байна шүү дээ.
-Анхны багаа энхийг сахиулах ажиллагаанд илгээхэд танд юу бодогдож байв?
-Эхлээд бол эрсдэлтэй байсан. Бид айж л байсан. Ирак гэдэг чинь үнэхээр буцалсан гал шиг юм байлаа. Тэр рүү хүүхдүүдээ явуулна гэдэг чинь их хэцүү. Юу л болох бол, яадаг бол гээд. Манай залуучууд үнэхээр сайхан ажилласан. Бараг баатар цол өгмөөр ч ажилласан. Өчнөөн олон нөхдийнхөө амь насыг аварч, халдлагыг зогсоож ирсэн. Цэргийн албан хаагчдаараа бид бахархах ёстой юм.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Гүррагчаа. 2004-2008 он.
ЭНЭ ҮНДСЭН ХУУЛЬ, ЭНЭ ТОГТОЛЦОО ХАТУУ ЦАГИЙГ ДАВАХАД ИХ ХЭРЭГ БОЛСОН ЮМ ШҮҮ
-Та Монгол Улсынхаа хууль тогтоох байгууллагад олон жил, бүр социализмын үеэс ажилласан. 90-ээд оны өөрчлөлт шинэчлэлтийн дараа ажиллахад ямар байв?
-Би АИХ-ын депутатыг их олон жил хийсэн хүн. 1990 онд ардчилсан тогтолцоонд орсон анхны сонгуулийн нутаг дэвсгэрийн комиссын даргаар ажиллаж байлаа. Би бас гавьяатай үйлс бүтээсэн гэж боддог юм шүү /инээв/. АИХ-ын 430 депутатыг сонгох сонгуулийг удирдсан. Энэ бол онцгой сонгууль. Урьдны сонгуулиуд чинь гоё дээлээ өмсөөд, сайхан морио унаж очоод саналаа өгчихдөг баяр наадам байсан. Гэтэл энд өрсөлдөөн гараад ирсэн. Манай танай болсон, бие биенээ харддаг сэрддэг, бас олон улсын ажиглагчид гээд нөхдүүд ирчихсэн ямар л муу юм болоод явчихав гээд байдаг ийм хэцүү үе. Сонгуулийн комиссын гишүүд маань Хувьсгалт намын нэг хэсэг нь байна, нөгөө Ардчилсан залуучууд бол их омогтой байсан цаг. Улс төрийн товчоог буулгаад авчихсан, санаснаа хийнэ гэдэг үе нь байлаа.
Үндсэн хуулийг энэ 25 жилийн хамгийн том ажил гэж хэлэхэд буруудахгүй...
-Үнэхээр тийм үе байсан. Тэр үед сонгуулийн нутаг дэвсгэрийн комиссыг та удирдаж байсан нь хүмүүст зөв зүйтэй ажил болно гэдэг итгэлийг төрүүлж байсан юм шүү.
-“Энэ ажлыг сайхан сонгууль болгоод өнгөрөөчих ёстой, эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй байх хэрэгтэй. Тэр комиссын дарга нь бол” гэж Очирбат ерөнхийлөгч намайг шахаж шамдуулаад, зарлиг гаргаж батлаад томилсон. Надад өмөг түшиг болж байсан сайхан улсууд олон байсан. Тухайлбал Хурматбек гуай. Бек захирлыг залуучуудтай ярихад үгийг нь сонсоно. Зохиолч Маам гуай их ухаантай хүн. Учир зүйг нь сайхан олно. Манай залуучууд омогтой давхиад ороод ирнэ. Дорлигжав ирнэ. Дугаар хорооны иргэн гээд Бат- Үүл ороод ирнэ. Ярьж байгаад бие биенээ ойлголцоод л явдаг байсан. Сонгууль дуусахад ямар нэгэн будлиан гараагүй. Ганц нэг тойрог дээр дахин сонгууль явуулсан. Гэхдээ цөөхөн. Тэр жил анх Үндсэн хуулийг баталсан юм. Үндсэн хуулийг энэ 25 жилийн хамгийн том ажил гэж хэлэхэд буруудахгүй байх. Өнөөдөр хэдийгээр өөрчлөх заалтууд байгаа тухай яригддаг ч гэсэн энэ Үндсэн хууль, энэ тогтолцоо хатуу цагийг давахад их хэрэг болсон юм шүү.
-Парламентын тогтолцоотой байсан нь зөвдсөн гэсэн үг үү?
-Парламентын энэ тогтолцоо бол зөв байсан. Ерөнхийлөгчийн тогтолцоотой бол ажиллахад хэцүү байхаар цаг үе байлаа. Ер нь парламентын тогтолцооны ачаар л бид энэ бүхний ард гарч чадсан юм шүү дээ.
-Дараа дараагийн парламентын сонгуулийг өмнөхтэйгээ харьцуулж хэрхэн дүгнэж байв?
-Сонгууль гэдэг бол их түвэгтэй ажил. Би 1996 оны сонгуульд нутгаасаа нэр дэвшиж байлаа. Ер нь аливаа юм чинь нэг эргэчихээрээ ямар ч байгаад нэмэргүй, эргэлт буцалтгүй болчихдог. 1996 онд бол энэ залуучуудыг үзье гэсэн сэтгэлгээ их хүчтэй байсан. Бүр илт давамгай байсан. Дараа нь 2000 оны сонгуульд эд нар ч явахгүй юм байна, Хувьсгалт намдаа өгье гээд ханарсан. Ингээд нэг эргэчихсэн юманд бол хэн ч байгаад нэмэргүй л юм билээ. 1996 онд яг л тийм байсан. Энэ 2016 оны сонгуулийг хар. Би олимпийн аварга Түвшинбаярыг их өрөвддөг юм. Түвшинбаярт би хэлж л байсан. “Миний дүү сайхан бүтэн нэртэй явъя гэвэл улс төрөөс хол байгаарай. Энэ чинь хүн сонирхоод байхаар ажил биш шүү. Чамд бүх юм байна. Улс төртэй, улс төргүй бүгд байна” гэж хэлж байлаа. Хайран сайхан залуу. Энэ жил хаана ч байгаад нэмэргүй байхад ийм юм хийсэн.
-2004 оны сонгуулиар та УИХ- ын гишүүнээр сонгогдсон шүү дээ.
-Сонгууль гэдэг бол хувь хүний хувьд их том сургууль юм. Дээр нь Улсын Их Хуралд байнга сууж байгаа хүн бол улс эх орныхоо төлөө гэсэн бодолтой хүн байх учиртай. Одоо чинь өөр бодолтой улсууд төрд ороод ирэх юм байна шүү дээ. Тийм улсууд дутагдал их гаргаж золиос нь ард түмэн болох юм. Сонгуулийн үр дүн шүү дээ, энэ их өр гэдэг чинь. Үүнээс гарах, сэхээнд орох гэж нэлээн юм болно доо. Одоо бид өрийг өрөөр төлж байна. Энэ чинь юу гэсэн үг вэ? Юм бүтээж мөнгө олж байж уг нь төлөх учиртай биз дээ.
ОДОО БОЛ МӨНГӨӨР Л ЯРИНА, “ЗА МИНИЙ МОРИНД СУНДАЛЧИХ” ГЭХГҮЙ
-Та сансар судлалын ажилд ойр байдаг хүний хувьд манай залуучууд сансарт хөл тавих ямар алхам хийж байгааг сайн мэдэж байгаа байх?
-Сансарт хиймэл дагуул хөөргөх гээд манайхан бэлтгэж байгаа шүү дээ. Тэр хиймэл дагуул бол 10х10 см хэмжээтэй. Хиймэл дагуулыг бүтээхэд монгол залуучуудын оюуны чадавхийг ашигласан, оролцсон юм бий. Энэ хиймэл дагуулыг тойрог замд гаргана. Хэд хэдэн орон хамтарч өөр өөрийн жижиг хиймэл дагуулаа Японы зөөгч пуужингаар тойрог замд гаргаж Олон улсын сансрын станц дээр байрлуулахаар бэлтгэж байна. 5 сарын 22-нд.
-Одоо энэ 5 сарын 22-нд нисэх юм уу?
-Өмнө нь сансарт нисчих байх. Станцын бүхээгт байж байгаад дараа нь жинхэнэ тойрог замд гаргаад шидэх нь бол 5 сарын 22-нд. Төр засгаас бас дэмжлэг үзүүлсэн. Бага ч үгүй хөрөнгө мөнгө гарч байгаа. Нэгэнт хиймэл дагуул тойрог замд гаргаж байгаа юм чинь газрын удирдлагын станц байгуулах ёстой. Үүнийг Их сургуульдаа л байгуулах байх. МУИС-ийн багш нар гол түүчээ нь болоод Монголын нэрийг гаргасан бас нэг үйл явдал болно оо. Анхны хиймэл дагуул шүү дээ. Түүнээс гадна өөрийн гэсэн холбооны хиймэл дагуултай болох шаардлагатай. Тэр бол том асуудал. Бид өөрсдийн холбооны хэрэгцээг өөрийн хиймэл дагуулаар хангадаг болчихвол хиймэл дагуулын сувгийн түрээсэнд өгдөг ихээхэн хэмжээний мөнгө хэмнэгдэнэ.
-Бид хиймэл дагуулын түрээсэнд хэр их мөнгө төлдөг юм бэ?
-Би яг тоог нь хэлж мэдэхгүй байна. Нэлээд хэмжээний валют зарцуулж байгаа байх. Хиймэл дагуултай болохын тулд олон жилийн хүчин чармайлт шаардагдана. Өөрсдийн хиймэл дагуултай болчихвол 5-6 жилийн дараагаас ашигтай ажиллаж эхэлнэ. Тэр ч байтугай өөрийн хэрэглээнээс илүү гарсан зарим сувгуудыг түрээслэх боломж бүрдэнэ.
-Тэгвэл монголчууд маань хэдэн жилийн дараа ахиц дэвшил гаргахаар алхам хийгээд л явж байгаа юм байна, тийм үү?
-Тийм ээ. Н.Алтанхуягийн засгийн газрын үед энэ хиймэл дагуулыг бүтээх үндэсний зөвлөл гэж байгуулаад багагүй ажил хийсэн. Харамсалтай нь дараагийн засгийн газар гарч ирээд хийсэн юмнуудыг нь байхгүй болгоод эхлэх юм. Бас ч гэж багагүй хөрөнгө зарсан юм билээ. ТЭЗҮ-г нь японуудаар гаргуулаад, гэрээ хэлцэл, нааш цааш явсан зардал овоо л юм болсон байсан. Уг нь энэ ажлыг үргэлжлүүлээд аваад явах ёстой юм. Уламжлал гэдэг юмыг алдагдуулж түрүүчийн хийсэн ажлыг орхиод байхаар утга авцалдаа муутай болоод байх юм. Сансрын аливаа хөтөлбөрийг урт хугацааны бодлогоор л хэрэгжүүлнэ шүү дээ.
-Сансарт ниснэ гэдэг ойлголтын тухайд хоёр янзын тодорхойлолт яригддаг. Нэг нь дэлхийг тойрч нисэхийг сансарт ниссэн гэж үзнэ, нөгөө нь газрын гадаргаас 72-80 км-ээс дээш хөөрсөн тохиолдолд сансарт ниссэн гэж үзнэ гэдэг. Оросуудын болон НАСА-гийн тодорхойлолт юм шиг байгаа юм. Үүнийг тайлбарлаж өгнө үү?
-72-80 км-ээс дээш гэдэг чинь баллистический спуск /Дээшээ гарчихаад буцаад буугаад ирдэг/-ийг хэлж байгаа юм. Үүнийг сансрын нислэг гэж тооцохоо больсон. Хэрвээ баллистический спускийг тооцох юм бол 100 гаруй км өндөрт гараад буцаад буусан Алан Шепард гэдэг хүн Гагаринаас өмнө түрүүлж ниссэн болж хувирна. Сансрын нислэг гэж юуг хэлэх вэ гэвэл сансрын тойрог замд ороод дэлхийн бөмбөрцгийг ядаж нэг удаа тойрсон энэ нислэгийг сансрын нислэг гэж нэрлэнэ. Тэр нислэгт оролцсон хүнийг сансрын нисэгч гэж нэрлэнэ гэж тогтсон байгаа. Ийм олон улсын дүрэм журам бий.
-Ихэнх хүмүүс бурхан тэр дээр байгаа гэж ойлгодог. Сансрын нисэгчдээс бурхан байна уу гэж их асуудаг байх даа?
-Энэ асуултад нэгэн хошин яриагаар хариулъя. Юрий Гагарин сансарт нисээд иржээ. Онгоцоор нисгэж ирээд л задгай машинаар угтаж аваад Кремльд дайллага цайллага болжээ. Никита Сергеевич Хрущев Гагариныг хүнээс зайдуу дуудаад асуусан гэнэ. “Юра, чи надад яг үнэнийг хэлээч, бурхан байна уу?” гэхэд нь “Бурхан байна аа” гэжээ. Никита Сергеевич “Би мэдсэн юмаа. Гэхдээ хэнд ч битгий хэлээрэй” гэсэн байна. Дараа нь Гагарин Ватиканд очиход Ромын пап дайллага цайллага хийгээд бас асуусан байна. “Хүү минь бурхан байна уу?” гэсэн чинь, “Гэгээнтэн минь бурхан байхгүй байна аа” гэж л дээ. “Би мэдсэн юмаа. Хэнд ч битгий хэлээрэй” гэсэн гэдэг /инээлдэв/.
-Монголоос дараагийн хүн хэзээ сансарт нисэх бол?
-Улс төр, эдийн засгийн байдал нөлөөлнө биз дээ. Одоо бол мөнгөөр л ярина, “За миний моринд сундалчих” гэхгүй.
-Нээрэн л моринд нь сундлаад сансарт ниссэн дээ...
-Одоо тийм найз олдох уу....
АРХИВ: 2017 оны дөрөвдүгээр сар.
Эх сурвалж: "Зиндаа” сэтгүүл, №4 /504/
Сэтгэгдэл ( 18 )