Сансрын нисгэгч Ж.Гүррагчаад “Чингис хаан” одон гардууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой өнөөдөр (2021.03.22) тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг сансрын нисгэгч Ж.Гүррагчаад гардууллаа. 

Тэртээ 40 жилийн өмнө “Союз-39” хөлгөөр нисч сансрын физик, технологи, байгаль орчин, эмнэлэг, биологийн 30 орчим туршилт хийн, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж байв. Тодруулбал, 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14:58 минутад Байконуураас ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибеков, БНМАУ-ын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нар “Союз-39” хөлгөөр сансарт хөөрсөн. Хөлгийн баг найман өдөр дэлхийг 124 удаа тойрч 03 дугаар сарын 30-нд эх дэлхийдээ газардаж байжээ. 

Ингэснээр Монгол Улс сансарт техникээ туршсан дэлхийн тав дахь, судалгааны төхөөрөмжөө ашигласан 20 дахь, иргэнээ нисгэсэн 10 дахь орон болсон аж. 

Тэрбээр "Сүүлийн хэдэн өдрүүд сансараа амьсгалсан өдрүүд боллоо. Энэ салбарт ажиллаж байгаа эрдэмтэд хурал хийсэн. Ерөнхий сайд манай салбарын залуучуудыг хүлээн авч уулзлаа. Удахгүй Засгийн газрын дэмжлэгтэйгээр том хэмжээний ажил эхлүүлнэ. Өнөөдөр намайг шагнаж байгаа талархаж байна. Энэ шагнал бол сансарын хамтарсан нислэг үйлдэхэд хичээл зүтгэл гаргасан бүх хүмүүсийн хөдөлмөрийг үнэлсэн үнэлэлт юм. Сансарын хамтарсан нислэгийг бэлтгэх, зохицуулахад оролцсон улсын комиссын үр дүн юм. Хамтарсан нислэг бол Орос анд нөхөдтэй бидний тогтоосон эх найрамдал, хамтын ажиллагааны баяр гэдгийг бодож явах хэрэгтэй" гэлээ. 

Сансарт найм хоног цулуулсан судалгааны дээжийг олон жил судална. Манай н.Ганзориг судалгааны хүрээлэн, лабораторт олон жил үүнийг судалсан. Үүний үр дүнгээр эрдмийн зэрэг цол хамгаалсан. Өнөөдрийн энэ шагнал бол миний найз н.Ганзоригтой холбоотой гэж бодож, баярлаж байна. Бидний араас сайхан залуу үе төрөн гарч байна. 2017 онд "Мазаалай" хиймэл дагуулыг сансарын тойрог замд хөөргөсөн. Анхны алхам бүр хүндтэй, хүнд хэцүү байдгийг бид бүгд мэднэ. Дараагийн ажлууд хийгдэж байна. Өнөөдөр Ерөнхий сайд тэдний юу бодож байгаа сонслоо. "Тэмүүлэл" нэртэй хиймэл дагуул хийх гэж байна. Хүн төрөлхтөн МАРС гараг руу анхаарал хандуулж байна. Манай залуучууд ч "МАРС В" хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Засгийн газар үүнийг тал бүрээс нь дэмжинэ, шахуу төлөвлөгөө гарга гэж үүрэг өгсөн" гэлээ.   

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.89.151.254) 2025 оны 03 сарын 13

Bayar xyrgie ! Nydee olson shagnal bna, ali ert l shagnax estoi baisiin.Xyndetgej yavdag erxem xyn Gyrragchaa guaid xamgiin sain saixniig xysen erooie !

2  |  0
дорж(103.57.95.37) 2025 оны 03 сарын 13

ганзоригт цуг өгөөч малчин гэсэн болоод арын хаалгаар нисэн байхаа жинхэнэ судалаач нь ганзориг шүү дээ ганзориг нь ниссэн бол шинжлэх ухаанд маш их зүйл хийх байсан даа

1  |  0
Zochin(119.40.98.177) 2025 оны 03 сарын 13

Ёстой юу хэлэхэв Яааг болж байна

1  |  0
Top