Цар тахалтай тэмцэхэд зориулж 5.9 тэрбум төгрөг баталлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 25

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2021.03.25) ээлжит бусаар хуралдлаа. 

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хурлаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй шуурхай хариу арга хэмжээний талаар танилцуулж, халдварын тархалт нэмэгдэж, дархлаажуулалтыг эрчимжүүлж байгаатай холбогдон гарч буй нэмэлт зардлын төсвийн төсөл, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дахин нэг сараар сунгах тогтоолын төслийг тус тус хэлэлцүүлэн батлуулав.

Коронавируст халдварын цар тахалтай тэмцэхэд зориулсан 5.9 тэрбум төгрөгийн нэмэлт зардлыг шийдвэрлэв

Уг нэмэлт төсвөөс гэрийн хяналт, тандалт хийх үйл ажиллагаанд дайчлагдан оролцож буй 773 резидент эмч, 227 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг 23 хоног дайчлан ажиллуулахад шаардагдах эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун, хоол, бичиг хэрэг, ариутгал халдваргүйтлийн бодисоор хангах зэрэг нийт зардалд 3.9 тэрбум төгрөг, дотоодын хавьтлын улмаас тусгаарлагдсан иргэдийн тусгаарлах байр хоолны зардалд 874 сая төгрөг,  нийслэлийн 84 дархлаажуулалтын цэг дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн хувийн хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйтгэлийн бодист 50 сая төгрөг, БНХАУ-аас цар тахлын эсрэг вакцин тээвэрлэн авч ирэх тээвэрлэлтийн зардалд 276 сая төгрөг нийт 5.9 тэрбум төгрөгийг зардал шаардлагатай гэв. Үүнээс 3.9 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, 2 тэрбум төгрөгийн зардлыг Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцаас гаргахаар шийдвэрлэж, Шадар сайд болон Сангийн сайд нарт зөвшөөрчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.94.117) 2025 оны 03 сарын 13

Дээгүүр хийсээд алга болох блгүй. Өвдсөн хүмүүсийг гэрт нь тусгаарлаад цаанаа хөсүтэд хэвтсэн гээд урсгаад аваад явах блгүй

1  |  0
Top