Найруулагч Квентин Тарантино бол дэлхийн кино урлагийн нэгэн суутан билээ. Тэр ямар ч төрлөөр кино хийсэн бүгд “Тарантино” гэсэн өвөрмөц тамгатай байдаг. Тийм ээ, Тарантино бол кино урлагийн нэгэн үзэгдэл.
Өнөөдөр 2021 оны гуравдугаар сарын 27-нд тэр 58 нас хүрч байна. Тарантиногийн хувьд дөнгөж 58 нас гэсэн үг. Яагаад гэвэл тэр залуу, эрч хүчтэй, үзэгчдийг дахин дахин баярлуулахад бэлэн хэвээр байна.
Квентин Тарантиногийн төрсөн өдөрт зориулан, түүний шилдэг кинонуудыг танилцуулж байна.
“Reservoir Dogs”
Энэ киноноос Тарантиногийн үе эхэлсэн гэж үздэг. Төгс зохион байгуулсан, төгс төлөвлөгөөтэй гэмт хэрэгт нэг юм болж өгсөнгүй. Энэ кинонд дээрэмчдийн дүр бүтээсэн жүжигчид бүгд их, бага хэмжээгээр шоронд орж байсан хүмүүс юм. Харин "fuck" хэмээх хараал энэ кинонд 252 удаа хэлэгдсэн.
“Django Unchained”
Аюултай гэмт хэрэгтнийг алж, шагнал авдаг алуурчны тухай өгүүлнэ. Цаг хугацаа явсаар түүнд туслагч хэрэгтэй болжээ. Энэ киног үзэгчид төдийгүй мэргэжилтнүүд ч өндөр үнэлж, “Оскар”-ын шагнал хүртсэн. Түүхэн дэх шилдэг 250 киноны жагсаалтад 56 дугаар байр эзэлсэн бүтээл.
“Kill Bill”
Энэ киноны эхний хэсэг маш их амжилт олсон тул жилийн дараа үргэлжлэл нь гарсан. Ума Турман кино үзэгчдийн сэтгэлийг булааж, нэг хэсэг Тарантиногийн нэрийн хуудас болж байлаа.
“The Hateful Eight”
Үзэгч, шинжээчдийн санал зөрдөг ч ямар ч чансаанд дээгүүр байр эзлэдэг нь киноны чанарыг харуулна. Иргэний дайны дараахь Америкт цасан шуурганы үеэр үйл явдал өрнөх тул зураг авалтын талбайг Тарантино маш хүйтэн байлгасан.
“Inglourious Basterds”
Тарантино энэ киноны зохиол дээр бүтэн 10 жил ажиллажээ. Яагаад гэвэл тэр киногоо яаж дуусгахаа сайтар бодож байлаа. Үнэхээр ч төгсгөл нь сайн болсон. Квентин Тарантиногийн шилдэг бүтээлийн нэгд зүй ёсоор багтана. Францад еврей партизанууд герман цэргүүдийг харгисаар хөнөөж байгаа тухай гарна.
“Pulp Fiction”
Энэ бол Тарантиногийн домог болсон кино. Хүн төрөлхтний түүхэн дэх шилдэг киноны нэгд тооцогддог. Тарантиногийн өвөрмөц стиль бүрэн гарсан. Энэ киног, Тарантиног дууриах гэсэн олон найруулагч гарсан ч хэн нь ч чадаагүй.
Сэтгэгдэл ( 0 )