УИХ-ын гишүүн Д.Очирбатыг хотынхон андахгүй. Түүнийг “Чингэлтэй”-н хэмээн “овоглох” болсоор удаж байна. Хааяа УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан дээр нийгмийн халамжийн тухай хуулийг өөрчлөх талаар ярихаас өөр гавьтай зүйл хийдэггүй гэх шүүмж ч түүн рүү чиглээд нэлээд хугацаа өнгөрчээ. УИХ-ын Нийгмийн бодлого хариуцсан байнгын хороог толгойлж буй тул энэ талынхаа зүйлийг илүү түлхүү ярих нь зүйн хэрэг биз. Мөн Чингэлтэйн иргэдээ ч харж хандах нь түүний хувьд хамгийн чухал ажил болов уу. Эндээс УИХ-д сонгогдсон болохоор иргэд рүүгээ анхаарахгүй бол ирэх сонгуульд нэр дэвших эрхгүй болж таарна. Харин иргэдээ анхаарч байгаа нь энэ гээд ”хувийн”-хаа амралтын газарт хэсэг хэсгээр нь урьж аваачаад найрлуулж, наадуулах нь өнөө цагт тийм ч тохиромжтой зүйл биш болов уу. Нөгөө л санал худалдан авалтын хэлбэр болох биз. Гэхдээ тэр иймэрхүү аргаа зөвтгөж зүтгээд байдаг бололтой. Саяхан Чингэлтэй дүүргийнхээ хэсгийн ахлагч нарыг өөрийнхөө байгуулсан ахмад настангуудын амралтын газарт аваачжээ. Тэгээд бяцхан цай сүү болж, найрлах үеэрээ “Та нарыг манай нам ажилтай болгосон” ухааны юм ярьсан байна. Хэсгийн ахлагч нар ч дор бүрдээ “Нээрээ тийм шүү” гэсэн шиг түүнд алга ташин баяр хүргэсэн юм байх. Харин Д.Очирбатын ийнхүү хэсгийн ахлагч нартаа тал засах боломжийг нээсэн санхүүгийн эх үүсвэрийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хууль бус гэж үзжээ. Нийслэлийн төсөвт энэ жил нийтдээ иймэрхүү арга хэмжээ, ялангуяа хороо, хэсгийг дарга нарыг урамшуулахад зориулж гурван тэрбум төгрөг суулгаж өгсөн юм байна. Үүнийг Д.Очирбат гишүүн өөрийн овсгоо, лоббигоор шийдүүлсэн хэмээн С.Эрдэнэ “нотолжээ”. Ингээд С.Эрдэнэ Д.Очирбатаас гурван тэрбумын “ял тулгах” асуулга тавихаар болоод байгаа гэнэ.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )