-Шилжин суурьших иргэд өмнөх хаягаасаа хасуулах шаардлагагүй-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоох” тухай заасны дагуу энэ сарын 10-наас шилжилт хөдөлгөөнийг улс даяар түр зогсоох билээ. Шилжилт хөдөлгөөн сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс хэвийн үргэлжлэх юм. Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-ний хооронд 11800 гаруй шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийсэн байна. Тодруулбал, орон нутгаас нийслэлд 6300 гаруй, нийслэлээс орон нутагт 2500 орчим, харин орон нутаг хооронд буюу аймгаас аймагт 3000 гаруй шилжилт хөдөлгөөний бүртгэл явуулжээ. Улсын бүртгэлийн багц хууль хэрэгжихээс өмнө иргэн нэг хаягаас нөгөө хаягт шилжихдээ заавал тухайн оршин сууж байсан хаягнаас хасалт хийлгэж, очсон газраа дахин бүртгүүлдэг байсан. Тэгвэл шинэ хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор иргэд зөвхөн шилжин очиж буй сум, хорооныхоо улсын бүртгэгчид хандаж шилжих болжээ.
Тухайн хаяг дээр 180 хоног буюу түүнээс дээш хугацаагаар байнга оршин суух хүсэлтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд, иргэний үнэмлэх, 16 нас хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээ, оршин суух хаягаа нотлох баримт бичиг, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлсэн тэмдэглэгээ хийлгэсэн цэргийн үүрэгтний үнэмлэх болон бүртгэлийн хураамжийг дансанд байршуулах ёстой аж. Оршин суух хаягаа нотлох баримт бичигт “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ. Нотариатаар гэрчлүүлсэн түрээсийн эсвэл захиалгын гэрээ. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч эсвэл эзэмшигчийн бичгээр гаргасан оршин суулгах тухай зөвшөөрөл” гэсэн дөрвөн төрлийн баримт бичгээс аль нэгийг нь бүрдүүлнэ.
Шилжих суурьших хөдөлгөөний бүртгэл хот дотор 1500 төгрөг, хөдөө орон нутгаас хотод шилжин суурьших бол 5000 төгрөгийн хураамжтай гэнэ. Иргэд баримт бичгээ бүрдүүлээд өөрийн биеэр очиж өргөдөл бичсэнээр тухайн сум, хороонд шилжин суурьших хүсэлтийг улсын бүртгэгч баримт бичиг хүлээж авснаас гурав хоногт багтаан шийдвэрлүүлэх үүрэгтэй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )