Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг II улирлаас барьж эхэлнэ

2021 оны 04 сарын 07

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2021.04.07) боллоо.


 

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг хоёрдугаар улирлаас барьж эхэлнэ

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /Салбар төмөр зам, ачих байгууламж/-ийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг нь боловсруулан баталгаажуулж, хоёрдугаар улиралд багтаан барьж эхэлнэ. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил нэвтрэх цэг, шилжүүлэн ачих байгууламж барих талаар хятадын талтай энэ сард харилцан тохиролцох, боомттой холбоотой асуудлыг “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т энэ онд нэмэлтээр тусгахыг холбогдох сайд нарт даалгав. 

 

Протез, ортопедийн болон тусгай хэрэгсэл үйлдвэрлэхийг дэмжинэ

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Дэл Оюу Дөл” компанийн “Эрхэм чанар” протезийн үйлдвэрт тодорхой хэмжээний хөрөнгийг эргэн төлөх нөхцөлтэй олгохоор болов. “Эрхэм чанар” үйлдвэр нь олон улсын жишиг, стандартад нийцсэн протезийн үйлдвэр, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээний сувиллын газартай. Өвчин эмгэг, гэмтэл бэртлээс үүссэн үр дагаврыг арилгах, сэргээн засах, хөдөлгөөн сайжруулах, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, протез, ортопедийн хэрэгсэлд дасган сургах зэрэг үйлчилгээ үзүүлдэг.

Сүүлийн гурван жилд 3,000 гаруй хүнийг дээд, доод мөчний бүх төрлийн хиймэл эрхтэн, согог засах гутал, хөл, гарын чиг, таяг, сонсголын аппарат болон бусад туслах хэрэгсэлтэй болгосон байна. Санхүүгийн хүнд байдалд орсон  үйлдвэртэй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр танилцаж, бодлогоор дэмжихээ илэрхийлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байсан юм. Дээрх асуудлыг өнөөдөр дахин хэлэлцэн шаардагдах хөрөнгийг гаргахаар шийдвэрлэв.

 

Хүн ам жилд дунджаар 2.2 хувиар өсч байна

2020 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын дүн гарсан байна. Хүн ам 3 сая 296 мянга 866, өрхийн тоо 897 мянга 427 болжээ. Энэ нь 2010 оны улсын тооллогоос хойш хүн ам жилд дунджаар 2.2 хувиар өссөн гэсэн үг юм. Нийт хүн амын 31.5 хувь нь 0-14, 64.4 хувь нь 15-64, 4.1 хувь нь 65, түүнээс дээш насныхан байна. 106.4 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь нийт хүн амын 3.3 хувь. 770.9 мянган сууцанд 897.4 мянган өрх амьдардаг. Суурин хүн амын 87.8 хувь нь гар утастай, 64.7 хувь нь интернэт хэрэглэдэг. Ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 9.9 хувьтай  байгаа бөгөөд Дорнод аймагт хамгийн өндөр буюу 20.8, Баян-Өлгий аймагт 15.2, Улаанбаатар хотод 14.5 хувьтай гэсэн дүн гарчээ.  

Товч мэдээ
 

  • 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нийслэлд 36 мянга 412, орон нутагт 50 мянга 371 иргэнийг дархлаажуулснаар улсын хэмжээнд нийт 466 мянга 946 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.
     
  • 2021 оны 04 дүгээр сарын 06-ны байдлаар улсын хэмжээнд 99 тусгаарлах байранд 3,794 хүн байна. Байруудад онцгой байдлын 170, цагдаагийн 201, эрүүл мэндийн 314, нийт 685 алба хаагч, ажилтан ажиллаж байна.
     
  • Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 346.2 тэрбум төгрөгийг 5,129 зээлдэгч, үүнээс 772 аж ахуйн нэгж, 4,357 иргэнд олгоод байна. Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн хүрээнд 216.2 тэрбум төгрөгийг 1,455 зээлдэгч, үүнээс 1,101 аж ахуйн нэгж, 354 иргэнд олгосон. 2,547 зээлдэгч 190.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top