Netflix-ийн Хатан хаан Аня Тейлор-Жой 25 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 17

2020 оны намар дэлхий дахин гэнэт шатрын талаар ярьж, бичиж эхэлсэн юм. Яагаад гэдэг нь тодорхой. Дэлхийн олон оронд энэ үеэр "Бэрсийн нүүдэл" (The Queen's Gambit) хэмээх кино үзэгчдийг цэнхэр дэлгэцний өмнө уяад байлаа. Гүүгл системд “шатар тоглож сурах” гэсэн үг хайлтын чансааг тэргүүлж, eBay-гийн судалгаагаар шатрын худалдан авалт 250 хувь нэмэгджээ. Chess.com сайтаар шатар тоглогчдын тоо тав дахин нэмэгдсэн нь ч энэ киноны нөлөө байв.

"Бэрсийн нүүдэл" бол Netflix-ийн түүхэн дэх хамгийн амжилттай мини цувралын төсөл байлаа. Энэ киноны гол дүрийг бүтээсэн Аня Тейлор-Жой өнөөдөр 25 нас хүрч байна.

Аня Майамид төрсөн, зургаан хүүхэдтэй айлын отгон хүүхэд. Түүний ер бусын өвөрмөц төрх бол олон үндэстний цустай нь холбоотой. Ээж нь англи, испани удамтай бол аав нь шотланд, аргентин цустай. Тэдний гэр бүл Аргентинд амьдарч байгаад Аняг 6 настай байхад Лондонд нүүн иржээ. Алдарт Лондон охинд огт таалагдсангүй, Аня уурлаж, англи хэлний хичээл хийхгүй эсэргүүцэл зарлаж байсан удаатай.

“Аргентинд мод ургамалтай, сайхан ногоон. Манайх адуу малтай байлаа. Харин Лондон нэл цемент болсон том хот. Англи хэл ч мэдэхгүй” гэж Аня дурсан ярьж байв.

Аня хоёр жилийн дараа Харри Поттерийн номын ачаар англи хэл сурсан. Гэсэн ч ганцаардсан хэвээр. Харин энэ үед кино түүний амьдралд орж ирсэн юм. 16 настай байхад нь түүнийг моделийн агентлагийн мэргэжилтэн гудамжинд олж харжээ. Модельд тохирохооргүй 169 см нуруутай намхан охин. Гэвч Кейт Моссыг анх загварын тавцанд аваачиж байсан Сара Дукасын нүд алдсангүй. Маргааш нь л Аня Storm хэмээх том агентлагтай гэрээ байгуулаад зогсож байв. Удалгүй өөрийн менежертэй болж, киноны дүр шалгаруултад орж эхэлжээ.

18 настайдаа Аня Роберт Эггерсийн "Шулам” аймшгийн киноны гол дүрийг бүтээсэн нь түүний анхны дүр байв. Мянга гаруй жүжигчнээс түүнийг сонгосон юм. “Шулам” кино маш их амжилт олсон. Найруулагч Роберт Эггерс Sundance наадмын шилдэг найруулагч болсон бол Аня Gotham Awards-ийн Шилдэг шинэ жүжигчний шагнал хүртжээ.

Хэвлэл мэдээллээр түүнийг ирээдүйтэй, авьяаслаг жүжигчин гэж нэрлэн, урилга ар араасаа шил даран ирж байв. Хэд хэдэн аймшгийн кинонд дараалан тоглосны дараа түүнийг “Хашгаралтын хатан хаан” гэж нэрлэдэг болсон байлаа. 2017 оны Канны кино наадмаар Chopard тусгай шагнал хүртлээ. Харин Аня аймшгийн төрлөөс гарахыг л хүсэж байв.

Азаар Marvel-ийн супер баатар, Эмма киноны Эмма Вудхаус гэсэн сонгодог дүр бүтээснээр тэр аймшгийн төрлөөс ангижирч чадсан юм. The Sun-д ярилцлага өгөхдөө Аня “Би өөрийгөө хөөрхөн гэж боддоггүй. Заримдаа ийм царайтай байж яагаад кинонд тоглоод байна вэ гэж боддог байсан” гэж ярьж байв. Харин найруулагч нарт өвөрмөц төрхтэй Аня тун таалагддаг байв.

Найруулагч Скотт Фрэнкийн “Бэрсийн нүүдэл” кинонд Аня шатрын суутан охин Бет Хармоны дүрийг бүтээсэн. Асрах байранд өссөн охин манаачтай нөхөрлөснийхөө ачаар шатар сурч, эрчүүдийн спорт гэгддэг байсан энэ төрөлд маш том амжилт гаргах болно. Суу ухаан, хүнд хэцүү бага нас, сэтгэлийн хямрал гэх мэт олон төрхтэй Хармоны дүрийг гаргахад Анягийн авьаяс чадвар шинээр нээгдэн гарсан юм.

Тейлор-Жой ямар нэг дүрд онцгойлон бэлтгэдэггүй гэж ярьдаг байсан ч энэ удаад сайн бэлтгэхээс өөр аргагүй байв. Шатар огт мэддэгүй байсан тул мэргэжлийн тамирчдаар хичээл заалгалаа. Шатрын тухай ном уншиж, мэдлэгээ тэлжээ. Багадаа балетаар хичээллэдэг байсан нь ч тус болж, Аня өөрийн өвөрмөц маягаар шатрын нүүдэл хийж байв. Маш хурдан нүүх ч уян налархай. Зөвлөхөөр ажилласан мэргэжлийн шатарчин Аня шиг нүүдэг шатарчин урьд өмнө харж байгаагүй ч охинд үнэхээр сайхан зохиж байна гэж хэлж байв. Мэдээж энэ кинонд дан ганц шатар гараад байхгүй. 1960-аад оны бүсгүй гэхэд киноны гол баатар нийгмийн урсгалыг даган амьдрахгүй. Тэр юу хийхээ өөрөө шийдэж, мөрөөдлөө биелүүлэхээр өөрийн замаар л явдаг.

“Бэрсийн нүүдэл” киноны дараа Аня кино од болсон. Энэ жил түүний гол дүрийг бүтээсэн Last Night in Soho триллер киноны нээлт болно. Мөн The Northman кинонд Николь Кидман, Александр Скарсгард, Уиллем Дефо, Итан Хоук, Бьорк нарын алдартнуудтай хамт тоглосон. Саяхан тэр Mad Max киноны шинэ ангид Шарлиз Тероны баатар Фуриосагийн залуу цагийн дүрийг бүтээх болсноо зарласан.

Аня Тейлор-Жой хувийн амьдралаа дэлгээд байдаггүй. Зарим хэвлэлд түүнийг гэрэл зурагчин Бен Сидтэй үерхдэг гэж бичсэн байсан. Өмнө нь Ирландын жүжигчин Оуэн Мэкентэй сүй тавьсныхаа дараа салсан гэнэ.

Шүтээн нь жүжигчин Тильда Суинтон. Аня мюзиклд тоглохыг хүсдэг. Хүмүүсийн өмнө дуулахаас ичдэг ч хөгжмийн кинонд тоглож, энэ айдсаа даван гарах хүсэлтэй.

2016 онд GTA, Sam Bruno-гийн клипт тоглосон.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.131.243.186) 2021 оны 04 сарын 19

192.82.67.163 эргүү дагз

0  |  0
Bab(192.82.67.163) 2021 оны 04 сарын 18

Al n goyo bgaa daa

1  |  0
Top