Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх, тархалтыг багасгах зорилгоор 16 чиглэлээр 515 албан хаагч хяналт шалгалтыг тогтмол хийж гүйцэтгэж байна.
Үүнд: Голомтын эцсийн халдваргүйжүүлэлт, урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуйн шаардлага, дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаа болон вакцины тээвэрлэлт, түгээлт, хязгаарлалт тогтоосон байгууллага, ПГУ-н шинжилгээний сорьц авч байгаа цэгийн үйл ажиллагаа, хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналт, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, хязгаарлалт тогтоогоогүй байгууллага, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, халдвартай хог хаягдлын устгал, эмийн сан, ундны усны чанар, цэвэрлэх байгууламж, батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хяналт, нийтийн тээврийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт зэрэг хамаарна.
1. Голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийн хяналтаар батлагдсан тохиолдлын гэр, ажлын байр, явсан зам мөрийн маршрутыг тогтоон эдгээр объектуудад мэргэжлийн байгууллагуудын хийж байгаа халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа, хэрэглэж байгаа хуурай бодисын чанар, аюулгүй байдал, найруулсан бодисын хлорын идэвхи зэрэгт шинжилгээтэй хяналт хийдэг. 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 2875 объектын нийт 2670611 м.кв талбайд хийгдсэн халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавиад байна.
2. Урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийн хяналтаар нийтийн эзэмшлийн зам талбай, эзэмшил газар, хүүхдийн тоглоомын талбай болон бусад объектуудад халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийж байгаа мэргэжлийн байгууллагын халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа, хэрэглэж байгаа хуурай бодисын чанар, аюулгүй байдал, найруулсан бодисын хлорын идэвхи зэрэгт мөн шинжилгээтэй хяналт хийж байна. Энэхүү шалгалтыг НЗД-ын захирамжийн дагуу хийж гүйцэтгэж байгаа ба 7672 объектын 1589944 м.кв талбай, нийтийн эзэмшлийн 2575702 м.кв талбайд тус тус хийгдсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж, халдваргүйтгэлийэ бодисоос 16 дээж авч лабораторит шинжлүүлсэн.
3. Дархлаажуулалтын үйл ажиллагаанд МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд вакциныг ХӨСҮТ-д байрлах улсын төв агуулахад вакцин ирсэнээс эхлүүлэн дүүрэг бүрт түгээх, цаашлаад өдөр бүр дархлаажуулалтын цэгүүдэд яаралтай тусламжийн үеийн бэлэн байдал, цэгт ажиллаж байгаа хүний нөөцийн чадавхи, цэг дэх эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, вакцины хадгалалтын аюулгүй байдал зэрэгт хяналт шалгалтыг гүйцэтгэж байна. Уг шалгалтыг өдөр бүр хийж байгаа ба дархлаажуулалтын цэгүүдэд давхардсан тоогоор 802 удаа, тээвэрлэлтэд 26 удаа хяналт тавьж ажилласан байна.
4. Хүсний худалдаа, үйлчилгээний байгууллагад үйл ажиллагааг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулсан, үйлчлүүлж байгаа иргэдийн биеийн хэмийг хэмжиж, QR код уншуулсаны дараа объектод нэвтрүүлж байгаа байдал, 2 цаг тутамд агаар сэлгэлт, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийж байгаа эсэх, шаардлагатай тэмдэг тэмдэглэгээг зөв байрлуулсан зэрэгт тогтмол шалгалт хийж байна.
5. Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтаар гүний хяналтын бүсэд ирсэн тээврийн хэрэгслийн жолоочоос тандалт судалгаа авч, тээврийн хэрэгсэлд хийгдэж байгаа халдваргүйжүүлэлтийн чанар, импортийн бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд бичиг баримтын болон лабораторийн шинжилгээтэй хяналтыг хийдэг.
6. Нийслэлд халдвартай хог хаягдлыг устгадаг 2 байгууллага үйл ажиллагаа явуулдаг ба эдгээр байгууллагуудад эрүүл мэндийн байгууллагаас үүсч байгаа халдвартай хог хаягдлаас гадна одоо нэмэгдээд батлагдсан болон сэжигтэй тохиолдолтой холбоотой хог хаягдал устгагдаж байгаа. Иймд энэхүү үйл ажиллагаанд тухайн устгалын байгууллагад очиж хяналт тавин ажилладаг бөгөөд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар 2 албан шаардлага, 3000.0 мян.төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.
7. Батлагдсан болон сэжигтэй тохиолдлын оршуулах үйл ажиллагаанд баримтлах журам Эрүүл мэндийн сайдын А/214 тоот тушаалаар шинэчлэгдэн батлагдсан. Манай байгууллагын хувьд чандарлах, булшлах аргаар оршуулж байгаа цогцостой харьцах хүмүүс хамгаалах хувцас хэрэгслийг бүрэн өмссөн, цогцсыг шингэн нэвчдэггүй уутанд хийн, уутны гадна тал, цогцсыг байршуулж, тавьсан гадаргууг халдваргүйжүүлж буй байдал, нас барсан хүний хувцас, бусад зөөлөн эдлэлийг халдвартай хог хаягдал устах журмын дагуу устгаж байгаа эсэх, цогцсыг оршуулах өдөр хүртэл түр байрлуулсан эмнэлэг, буяны байгууллагат хийж байгаа эцсийн халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа болон халдваргүйжүүлэлтэд хэрэглэж байгаа бодист хяналт тавьж байна. 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийт 72 оршуулах үйл ажиллагаанд хяналт тавьсан.
8. Тусгаарлах байрны хяналтыг тусгаарлан ажиглах зориулалтаар ажиллаж байгаа зочид буудлуудын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зэрэгт тусгай үүргийн нислэгээр ирж байгаа иргэдийг байрлуулахаас өмнө болон байрлуулсанаас 3 хоногийн дараа хяналт тавин ажиллаж байна. Мөн тухайн байруудад батлагдсан тохиолдол илэрсэн тухай бүр голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавьж байна. Одоогоор ашиглаж байгаа 22 тусгаарлах байр байгаа ба давхардсан тоогоор 220 удаа хяналт шалгалт хийн, улсын байцаагчийн 12 албан шаардлага хүргүүлж, 900.0 мян.төгрөгийн торгууль ногдуулж арга хэмжээ авч ажилласан.
9. Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд эмчилгээний чанарын хяналт, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт, эм биобэлдмэлийн хяналтын чиглэлээр шалгаж байгаа бөгөөд давхардсан тоогоор 672 эмнэлэгт хяналт шалгалт хийж, улсын /ахлах/ байцаагчдын хамтарсан 75 албан шаардлага, 9 зөвлөмж хүргүүлж ажилласан.
10. ПГУ-н шинжилгээний сорьц авч байгаа цэгүүдэд ажиллаж байгаа хүний нөөцийн чадавхи, цэг дэх эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, сорьцын хадгалалт, тээвэрлэлтийн аюулгүй байдал зэрэгт хяналт тавин ажиллаж байна. Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээнээс гадна тогтмол хяналт шалгалтыг 2752 удаа хийсэн байна.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Сэтгэгдэл ( 0 )